| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0088/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э
Хохирогч Н.Ч
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3–т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Д аймгийн С суманд ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдрах, Д аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Ш овогт Б.Д-д холбогдох эрүүгийн 1182.0000.69.0076 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд авагдсанаар /
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.13-д “Хөдөлгөөний дараалал энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хаоже маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж Т.Б-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би мөрдөн байцаалтын явцад болсон асуудлыг үнэнээр нь бүгдийг мэдүүлсэн байгаа. Тухайн үед талийгаач бид 2 хоёулаа их зөөлхөн явж байгаад мөргөлдсөн. Би ийм явдал болсонд харамсаж байна. Ч эгчээсээ шүүхийн өмнө уучлалт гуйж байна, намайг уучлаарай. Талийгаачийн оршуулгын эмчилгээний зардалд 1,962,300 төгрөг, оршуулгын зардалд 7,050,000 төгрөг төлсөн. Сая хурлаас өмнө тооцоо хийхэд оршуулгын зардалд 118,405 төгрөгийн зөрүү гарч байна, би мөнгийг шүүх хурлаас гараад дансаар нь шилжүүлж өгнө, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг учрыг ойлгосон ” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Энэ хүнд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Д болон түүний ар гэрээс талийгаачийг амьд сэрүүн байхад эмчилгээний зардалд мөнгө төгрөг өгсөн нь үнэн. Эмчилгээний зардалд төлсөн төлбөрийг оршуулгын зардалд тооцохгүй бөгөөд оршуулгын зардалд 7,168,405 төгрөг гарснаас Д 7,050,000 төгрөг төлсөн. Одоо 118,405 төгрөгийг нэхэмжилж байна, хурлын дараа төлнө гэж байгааг ойлголоо. Манай талийгаач нилээд хэдэн жилийн өмнө мотоцикльтой осолд орж тархи, нугасандаа гэмтэл авч эмчилгээ хийлгэж байсан.гэхдээ тухайн үед бол хөдөлгөөн болон биеийн байдал сайн байсан “ гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 8-12/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-15/
Амь хохирогч Т.Б-н 2018 оны 03 сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “2018 оны 03 сарын 16-ны 17 цагийн орчим Haojue маркын улсын дугааргүй мотоциклийг жолоодоод Ө сум 4-р багт гэрийнхээ хашаанаас гараад ертөнцийн зүгээр урагшаа явж хашааны хойд талд хашааны булангаас зүүн гар талаас мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркын автомашиныг хараад 2-р араандаа хийгээд зогссон. Тэгсэн нөгөө саарал өнгийн приус-20 маркын автомашин ирээд миний мотоциклийг мөргөж би мотоциклийнхоо баруун гар тал руу унасан ба намайг приусны жолооч эмнэлэг рүү аваад явсан. Духан дээр халцарсан бөгсөн бие мэдээгүй байгаа, 2 гар мэдээгүй, явж чадахгүй хэвтээ байдалтай биеийн байдал муу байна. Би нуруу нугасны өвчтэй байсан 1996 онд мотоциклиос ойчиж нуруу нугасны өвчтэй болсон. Би 10-20 км цагийн хурдтай явж байсан. Гомдол санал алгадаа. Намайг хамгийн гол нь сайн эмчлүүлээд хөл дээр минь босгоод өгвөл гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/
Хохирогч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Талийгаач нөхөр маань гэртээ эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг бөгөөд 2018 оны 03 сарын 16-ны өглөө 09-10 цагийн хооронд ганцаараа мотоцикльтойгоо аргалд яваад 2-3 удаа яваад 2,3 шуудай аргал авч ирж гадаа асгачихаад тэгээд гэртээ байж байгаад 16 цаг өнгөрөөгөөд “Би нэг гарчихаад ирье” гэж хэлээд мотоциклио асаагаад гэрийн гаднаас хөдөлсөн. Энэ үед манай 4 настай ач хүү өвөөгийн араас гарч харъя гэхлээр нь би өвөө чинь яваад өгсөн гэсэн чинь гаръя, гаръя гээд байхаар нь ач хүүгээ дагуулаад гадаа гараад ирсэн чинь гэрийн урдхан шиг Б-н мотоциклийг утасны мод түшүүлчихсэн байхаар нь урд айлын А гэх эмэгтэй харагдахаар нь Б ах чинь яасан юм бэ? гэсэн чинь А надад хэлэхдээ Б ахыг машин шүргээд эмнэлэг аваад явчихлаа шүү дээ гэхлээр сумын эмнэлэг дээр очсон чинь түргэн тусламжийн өрөөнд хэвтүүлчихсэн дусал , тариа залгачихсан, мөргөсөн гэх машины жолооч Д мөн манай сумын засаг даргын эхнэр ирчихсэн байсан. Тэгээд нөхөр Б-тэй уулзаад “яасан бэ?” гэсэн чинь намайг машин шүргээд уначихлаа 2 гар хөл мэдээ алгаа дух халцарсан ухаан санаа бол зүгээр байна гэж байсан. Тэгээд тэр оройдоо С сумруу эмнэлэг рүү авч явах Д-н талаас унаа гаргаж өгөөд Сайншанд руу явахаар болцгоогоод Сайншанд руу очиход цаг 21 цаг болж байсан байх. Д, Засаг даргын эхнэр, сумын эмч А, миний бие, талийгаач бид нэг машинд суугаад Сайншандад очоод аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлээд 2 хоноод 3 дахь хоногоосоо Улаанбаатар явъя гээд Д-н хамт ГССҮТ-д шилжүүлэн эмчлүүлж байгаад 3 дахь хоног дээрээ нуруу нугасны хагалгаанд ороод хагалгаа амжилттай гарч ирээд сэхээний тасагт хэвтэж байгаад 8 дахь хоног дээрээ буюу 2018 оны 03 сарын 27-ны өдөр нас барсан. Түүнийг нуруу нугасандаа их гэмтэл авсан байна гэж байсан. Тэрээр урьд өмнө нь буюу 1996 онд байх мотоцикльтой явж байгаад ойчоод Сайншандад нуруу нугасны ус авахуулаад эмчилгээ хийлгэж байгаад нуруу нь далийгаад бороолж эдгэрсэн юм, өөр архаг хууч өвчин бол байгаагүй, энд тэнд өвдлөө ч гэдэггүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/
Иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн үед талийгаачийн буяны ажилд оролцоод Ө суманд байсан юм буяны ажилд оролцсон хүмүүс буцах үед Д нь миний машиныг жолоодоод явсны дараа 30-40 минутын дараа осол аваар болсон гэж сонсоод эмнэлэг дээр яваад очсон чинь мотоциклынх нь жолооч дусал залгуулчихсан байсан мотоциклийн жолоочийг Сайншанд руу авч явах болоод М-н эмнэлгийн машиныг гуйж аваад Д, түүний эхнэр миний бие талийгаач Б-н эхнэр хүү хоёр нь, мөн сумын эмч А бид Сайншандруу авч явсан юм...2017 оны 09 сард Б ХХК ББСБ-аас 3 сая төгрөг зээлээд, зээлийн барьцаанд тавьсан байгаа, сарын төлөлтийг хийгээд явдаг. Машины урд талын гупер хэсэгт бага зэрэг цоорч гэмтсэн, улсын дугаар нь мурийсан байсан, хохирлын үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/
Б ХХК ББСБ-ын салбарын захирал Ц.Х-н “ Б.Н нь Т.Приус маркийн автомашин барьцаалсан зээл авсан ба 2018 оны 07 сарын 25-нд үүрэг дуусгавар болсон. Өөрийн нэр дээр шилжүүлэх бичиг авсан болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 48/
Насанд хүрээгүй гэрч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Өргөн сумын төвд би өөрийн төрсөн ах Д, Б хоёртойгоо хамт буяны ажилд оролцоод буцах гэж байгаа хүмүүсийг гаргаж өгөх гээд Приус маркийн авто машинтай Д ах машин бариад урд талын суудал дээр Б ах суугаад би арын суудал дээр ганцаараа суугаад хүмүүсээ гаргаж өгчихөөд буцаад ертөнцийн зүгээр баруун зүгт гэр хорооллын гудамжаар явж байсан чинь хойд зүгээс мотоцикльтой хүн гарч ирэх үед Д ах тормозоо гишгээд машинаа зогсоосон чинь нөгөө мотоцикльтой хүн муриганаж ирээд машины урд талаас нь мөргөөд машины урд талыг налаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 03 сарын 11-ний өдөр аав маань нас бараад 16-ны өдөр буяны ажлаа гаргасан юм. Буяны ажилд оролцсон хүмүүс буцах болоод орой 17-18 цагийн үед байсан байх Приус 20 маркийн автомашинтай миний төрсөн ах Д нь уг машиныг жолоодоод би урд талын суудал дээр ар талын суудал дээр дүү Г ганцаараа сууж явсан. Хүмүүс гаргаж өгчихөөд малчины байр гэдэг зүүн гэр хорооллын гудамжаар ертөнцийн зүгээр баруун зүгт явж байсан чинь хойд талаас талийгаач Б ах ганцаараа мотоцикль уначихсан гараад ирсэн тэгээд бие биенээ гэнэт харсан байх Д ах Б-г урдуураа өнгөрөөх гээд зогссон чинь Б ах машины урдуур орж ирээд мөргөөд газар унасан, бид машинаасаа буугаад очтол Б нь мотоциклиосоо хагас унасан байдалтай байсан тэрээр хэлэхдээ ах нь дүү нартаа гай боллоо, гай боллоо гээд байсан, тэгээд ахынх нь хөл гар мэдээ орохгүй байна гээд байсан Д ах түүнийг өргөж машинд суулгаад би мотоциклийг нь босгоод тавьсан, Б нь урд өмнө нь осол аваарт орж байсан ах нь яг түүн шигээ боллоо зүүн гар зүүн хөл мэдээ орохгүй байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/
Гэрч Б.Б мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “ Тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад эмнэлэг дээр тус сумын иргэн Т.Б гэх хүн мотоцикльтой явж байгаад машинтай мөргөлдсөн гээд ирсэн. Тухайн хүний биеийн байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, эрүүл, нуруу, хоёр хөл хөдлөх чадвар муутай, асуусан зүйлд хариулах чадвартай, духны зүүн хэсэгт 2х3 см хэмжээтэй халцарсан шархтай байсан. Тухайн хүн миний толгой өвдөж гүнзгий амьсгалж болохгүй байна гэж хэлж байсан. Тухайн хүнд өвчин намдаах, тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван хөөх, хүчил төрөгч эмчилгээ зэрэг эмчилгээнүүдийг хийсэн. Сайншанд сумын эмнэлэгт хүргэж өгөх шаардлагатай байсан. Тухайн үед манай эмнэлгийн Ариунаа эмч аваад явсан. Тухайн хүний биеийн байдал дунд зэрэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад мотоциклиос унасан хүн ирсэн гэж манай ээлжинд гарч байсан сувилагч Т.А миний гар утас руу залгаж хэлэхээр нь эмнэлэг дээр ирэхэд тус сумын иргэн Т.Б гэх хүн ирсэн байсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд Б.Б эмч ирсэн тухайн хүнд өвчин намдаах булчин сулруулах үйлчилгээтэй “Баралгин” гэх тариа хийсэн талаар ярьсан. Тэгээд би Б-с өөрөөс нь биеийн байдал ямар байна, хаагуур чинь өвдөж байна гэж асуухад миний биеийн байдал гайгүй, зүүн хөл хөдлөхгүй мэдээгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед Б.Б эмч миний өмнө ирээд Б-н биеийн байдлыг үзээд хүзүүнд нь бэхэлгээ хийсэн байсан. Тэгээд тухайн үед эмчилгээ хийгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөх шаардлагатай гэж үзээд би эмнэлэгт хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэх /хх-ийн 36/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр Өргөн сумын 4 дүгээр багт урд талаасаа 2 дахь эгнээний эхний өөрийн хашаан дотор 17 цагийн үед түлээ хагалаад байж байтал манай хашааны хойд талын замаар талийгаач Б өөрийн хашаанаас мотоцикльтой гарч ирээд урагшаа явж байхад манай хашааны зүүн талын замнаас саарал өнгийн Приус-20 маркийн машин гарч ирээд мотоцикльтой мөргөлдөж мотоцикльтой хүн нь баруун тийшээ унах үед машин дотроос 4 хүн бууж ирээд талийгаач Б гэх хүнийг машины ард талын хаалгаар оруулаад сумын эмнэлэг рүү аваад явсан. Тухайн газар мотоциклийг босгож данхраадаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/
2018 оны 04 сарын 07-ны өдрийн цагдаагийн дэслэгч О.Ө “1. Хаожуй /Haojue/ маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл / мотоцикль/-ийн жолооч Т.Б нь Му-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй байна.
2. Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь МУ-ын ЗХД-ын 7.13 Хөдөлгөөний дараалал энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй.
3. Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч МУ-ын ЗХД-ийн холбогдох заалтыг зөрчсөнөөс болж тухайн тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй” гэсэн 06 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/
Прокурорын 2018 оны 07 сарын 22-ны өдрийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 5/09 дугаар тогтоол /хх-ийн 44/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Л-н 2018 оны 03 сарын 23-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн “2018.03.16 Давааням” гэж хаягласан 4 мл орчим цусыг хуруу шилэнд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “2018.03.16 Д" гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэсэн 3473 тоот дүгнэлт /хх-ийн 65/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Л-н 2018 оны 03 сарын 23-ны өдрийн “ 1. Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэж хаягласан 4 мл орчим цусыг хуруу шилэнд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “ Б” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэсэн 3474 тоот дүгнэлт /хх-ийн 69/
Цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 74/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г-н 2018 оны 04 сарын 11-ний өдрийн “ 1. Талийгаачид нугасны хүзүүний хэсгийн няцралт тогоогдлоо.
2.Хүзүүний нугасны няцрал нь мохоо зүйлээр буюу хүзүү хэт гэдийх нугалах, доргих үед үүснэ.
3. Шинжилгээгээр хүзүүний хоёроос тав дугаар нугаламын яс хугарах /спондилоз/ өвчтэй байсан байна.
4. Талийгаач нь хүзүүний нугас няцарснаас уушги хавагнаж үхэлд хүргэжээ. ” гэсэн 786 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-85/
Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 101/
Хохирогч Н.Ч-н Х банк дахь дансанд шүүгдэгч Д-с 6,000,000 төгрөг хохиролд шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 113/
Хохирогч Н.Ч-с хэрэгт хавсаргасан хохирлын баримтууд /хх-ийн 125-142/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.13-д “Хөдөлгөөний дараалал энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хаоже маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийг жолоодон явсан Т.Б-н амь насыг хохироосон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д-н дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, амь хохирогч Т.Б-н 2018 оны 03 сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30/, Н.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Г, Б.Б, Б.Б, А.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 8-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-15/, 2018 оны 07 сарын 07-ны өдрийн цагдаагийн дэслэгч О.Ө-н “ шүүгдэгч Б.Д-н замын хөдөлгөөний дүрмийн 7.13-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан” үндэслэлийг тогтоосон 06 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Г-н 2018 оны 04 сарын 11-ний өдрийн талийгаач Б.Б-н үхлийн шалтгааныг тогтоосон 786 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-85/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Ч нь талийгаач Б.Б-г амьд сэрүүн байхад шүүгдэгч Б.Д-с эмчилгээний зардалд төлсөн төлбөрийг оршуулгын зардалд тооцохгүй бөгөөд оршуулгын зардалд 7,168,405 төгрөг гарсанаас Д 7,050,000 төгрөг төлсөн. Одоо 118,405 төгрөгийг нэхэмжилж байна, хурлын дараа төлнө гэж байгааг ойлголоо гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг болно.
Шүүгдэгч Б.Д-н хувьд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,050,000 төгрөгийг төлсөн нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд оршуулгын зардлаас үлдэх 118,405 төгрөгийг шүүх хурлын дараа төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-с 118,405 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ч-т олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн талаар өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-т шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана заасан хэдий байгаа боловч шүүхээс Эрүүгийн хуулийн 1.3-т заасан “ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимыг баримталсан болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэх саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял оногдуулах нийтлэг журам бөгөөд шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зүйлд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч Б.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлоос 7,050,00 төгрөгийг төлсөн, үлдэх 118,405 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт прокурорын 2018 оны 07 сарын 22-ны өдрийн 5/09 дугаар тогтоолоор /хх-ийн 44/ битүүмжлэгдсэн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч Б.Н-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овогт Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Д-д 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-с оршуулгын зардалд 118,405 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Чулуунчимэгт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт прокурорын 2018 оны 07 сарын 22-ны өдрийн 5/09 дугаар тогтоолоор /хх-ийн 44/ битүүмжлэгдсэн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч Б.Н-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц