Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 181/2021/03396/И |
Дугаар | 210/МА2022/01321 |
Огноо | 2022-07-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2022/01321
Л.Х-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00934 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Х-ийн хариуцагч Н.Э-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.Э 20,000,000 төгрөг 20 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдэн авч, зээлийн гэрээг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн. Н.Э нь зээл төлөх хугацаа болмогц утсаа авахгүй, холбогдохоо больсон. Өнөөдрийг хүртэл зээлээс төлөөгүй. Зээлийн гэрээний 3.7-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж заасан. Н.Эыг эрэн сурвалжлуулж оршин суух хаягийг нь тогтоосон. Иймд Н.Эаас зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Л.Хгаас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөг зээлж авсан, 20,000,000 төгрөг аваагүй. Л.Х 15,000,000 төгрөг өгөөд 20,000,000 төгрөг болгож авна, 20,000,000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ байгуулж 20,000,000 төгрөг шилжүүлнэ, мөнгө орохоор 5,000,000 төгрөгийг буцаагаад бэлнээр өг, хугацаа хэтэрвэл алданги тооцно гэсэн шаардлага тавьсан. Мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул аргагүй эрхэнд зөвшөөрсөн. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дансанд 20,000,000 төгрөг орсон. 15,000,000 төгрөгийг хүнд шилжүүлж, 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Хүннү Моллын гадаа эхнэрээ машиндаа үлдээгээд мөнгө өгөхөөр ороход Л.Х найз Ч.О-гаа хамт байсан. Л.Хд 5,000,000 төгрөг бэлнээр өгөхөд хажууд нь Ч.О сууж байсан. Л.Хд 15,000,000 төгрөгийг алдангийн 7,500,000 төгрөгийн хамт нийт 22,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин буцааж өгсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцуулна. Нэхэмжлэлийн шаардлагаас 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Э-аас 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Х-д олгож, нэхэмжлэгч Л.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Н.Э-аас 307,950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж Л.Х-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
4.1. Л.Х-тай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөг зээлдэн авсан. Тухайн үед 15,000,000 төгрөг хэрэгтэй байсан. Л.Х-гын ажил дээр очиж 15,000,000 төгрөг зээлүүлээч гэхэд “75,000,000 төгрөг аваад 20,000,000 төгрөг болгож өгвөл өг, тэгъе гэвэл би 5,000,000 төгрөгөө нэмж бичээд 20,000,000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ хийгээд 20,000,000 төгрөгийг шилжүүлнэ, чи мөнгө оронгуут буцаагаад 5,000,000 төгрөгийг гаргаад надад бэлэн өг, тэгээд дараа нь 15,000,000 төгрөгөө өгөөрэй, хугацаа хэтэрвэл алданги тооцно” гэсэн шаардлага тавьсан. Мөнгө яаралтай хэрэгтэй байсан тул аргагүй эрхэнд зөвшөөрсөн. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Л.Х-тай нотариат дээр 20,000,000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээгээ байгуулж, нотариат мөнгөө шилжүүл гэхэд нь интернэт банкаар банк хооронд Голомт банкны данс руу 20,000,000 төгрөгийг “Эркад Х-гаас” гэх утгаар шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11.37 минутанд Н.Эын дансанд 20,000,000 төгрөг орж ирснээс 15,000,000 төгрөгийг хүнд шилжүүлж, үлдсэн 5,000,000 төгрөгийг 13.47 минутанд данснаасаа бэлнээр авч Л.Хтай түүний 99117222 дугаарын утас руу өөрийн 90096989 дугаарын утаснаас залгаж ярихад Хүннү моллд байна 5,000,000 төгрөгөө бэлнээр аваад ир гэсэн. Ингээд Н.Э нь эхнэрийн хамт очсон. Хүннү моллын гадаа очоод эхнэр нь машиндаа үлдээд өөрөө мөнгийг оруулж өгөхөд Л.Х найз Ч.О-гаа хамт хоол идээд сууж байсан. 5,000,000 төгрөгийг Л.Хд бэлнээр өгөхөд хажууд нь Ч.О хараад сууж байсан. Энэ бүгдийг Н.Эрдэнбатын эхнэр Д.А мэдэж байсан тул Ч.О, Д. нарыг гэрчээр асуулгасан. Гэрч Д.А “намайг Л.Хд 5,000,000 төгрөг өгөхөөр аваад орсон, гарч ирэхдээ мөнгөө өгчихлөө гээд мөнгөгүй гарч ирсэн” болохыг гэрчилсэн, гэрч Ч.О Л.Хтай багын найз, одоо түүнтэй хамт ажилладаг түүнээс цалин авдаг гэдгээ мэдүүлснээс гадна тухайн үед Н.Э-ыг Л.Хтай Хүннү молл дээр ирж уулзаад төд удалгүй гараад явсан болохыг гэрчилсэн. Р.О нь багын найзынхаа талд мөнгө өгөхийг хараагүй гэж мэдүүлсэн. Тэрээр тухайн өдрийн өглөө нотариат дээр гэрээ хийх үед Л.Х-ийн машиныг бариад түүнтэй хамт ирсэн бөгөөд өдөржин хамт явж байсан. Шүүхэд гаргасан хариу тайлбартаа дээрх үйл баримтыг нэг бүрчлэн нотолсон гэж үзэж байна. Тухайн үед Л.Хтай утсаар ярьсан ярианы түүхээр Н.Эын дансанд мөнгө орж ирснээс хойш удаа дараа Л.Х руу залгасан нь харагдах бөгөөд Л.Хтай тохирсоны дагуу 20,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг буцааж өгөхийн тулд байгаа газрыг нь асууж Хүннү молл дээр очиж уулзсан үйл баримт, мөн 5,000,000 төгрөг бэлнээр авч ороод, Л.Хд өгчихөөд гарч ирсэн гэх гэрч Д.Ангарантуяа, бид хоёрын араас Хүннү молл дээр ирж уулзаад хоол идэлгүй буцаад гарсан гэх гэрч Ч.О-ьн мэдүүлгүүдээр нотлогдсоор байхад 5,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэх үйл баримт нотлогдоогүй гэж үзсэнд гомдолтой байна. 5,000,000 төгрөг буцааж өгөөгүй байсан бол өгсөн гэж маргах шаардлагагүй. Н.Э нь бусдыг гүтгэсэн хэрэгт, гэрч Д.А худал мэдүүлэг өгсөн болно. 15,000,000 төгрөгийг хэрэглэсэн тул төлөхийг зөвшөөрч байна. Хугацаа хэтрүүлсэн нь үнэн учраас 15,000,000 төгрөгийн алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн үнийн дүнгээс 7,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Л.Х нь гэрээ байгуулсан өдөр 20,000,000 төгрөгийг Н.Э-ын Голомт банкны дансанд шилжүүлсэн. Уг мөнгөнөөс буцаагаад 5,000,000 төгрөг өгсөн, өгөөгүй гэдэгт маргадаг. Гэрч Б.А, Ч.О нар мөнгө аваад гарсан, нэг нь мөнгө өгсөн болохыг огт хараагүй. Тухайн үед Хүннү Моллд уулзаад Л.Х мөнгө аваагүй. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж 20,000,000 төгрөг өгсөн боловч хариуцагч буцааж төлөөгүй. 5,000,000 төгрөг өгсөн гэх тайлбараа нотлоогүй. Иймд хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч Н.Э-д холбогдуулан зээл 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 22,500,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4. Хариуцагч Н.Э 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Л.Хтай 20,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдэн авах, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх тухай зээлийн гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчийн “ХБ” ХХК дахь дансанд шилжүүлэн өгчээ. /хх5/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй, гэрээнд заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байна.
Хариуцагчийн “дансанд нь шилжүүлэн өгсөн 20,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, бодитоор 15,000,000 төгрөг авсан” гэх тайлбарыг гэрч Д.А, Ч.О нарын мэдүүлэг хангалттай нотлохгүй байна.
Хэрэгт авагдсан хариуцагчийн Голомт банкны дансны хуулгаас харахад 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийн орлого орж, мөн өдөр 15,000,000 төгрөгийг “Н-нд шилжүүлэг” гэх утгаар зарлага, 5,000,000 төгрөг зарлага гэх утгаар гарсан байна. Хариуцагч “5,000,000 төгрөгийг бэлнээр авч, нэхэмжлэгчид өгсөн, үүнийг Д.А, Ч.О нар нотолно” гэдэг. /хх 47-51/
Гэрч Д.А “... бид 2 машинтайгаа Хүннү молл дээр очиж 5,000,000 төгрөгийг АТМ-ээс аваад Н.Э Л.Хд оруулж өгсөн, гарч ирэхдээ Ч.О цуг сууж байна мөнгөө өгчихлөө гэж хэлсэн, Л.Хг Хүннү моллд сууж байхыг нүдээрээ хараагүй ..,” гэж, гэрч Ч.О “... Хүннү моллд хоол идээд сууж байхад Н.Э орж ирсэн, Н.Э Л.Хд мөнгө төгрөг өгч байхыг хараагүй ..,” гэж мэдүүлсэн байна. /хх84-86/
Мөн зохигчдын 90096989, 99117222 дугаарын утасны ярианы лавлагаа хариуцагчийг нэхэмжлэгчид 5,000,000 төгрөг өгсөн гэдгийг нотлохгүй. Хариуцагч нь дээрхээс өөрөөр татгалзлаа нотолсон баримтыг ирүүлээгүй. /хх66/
Талуудын байгуулсан гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан ба нэхэмжлэгч алдангид 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00934 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ