Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 430

 

Э.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр, С.Санжаажамц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж, түүний өмгөөлөгч Л.Батаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 480 дугаар магадлалтай, Э.Т-т холбогдох 1910001310358 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Тунбаяр, С.Санжаажамц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Э.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Э.Т-г хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Тунбаяр, Ц.Ганчимэг, С.Санжаажамц нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Т гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч байна. Миний үйлдсэн гэх энэ гэмт хэрэгт учир шалтгаан, цаг хугацаа, нөхцөл байдлууд зэрэг эргэлзээ төрүүлэхээр олон асуудлууд байгаа. Шаардлагатай олон нотлох баримт, дүгнэлтүүд дутуу байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд зөвхөн над руу анхаарлаа хандуулж нэг талыг баримталсан. Би өөрийн эцгийг яасан гэж үхүүлье, амь насыг нь хөнөөе гэж бодох билээ. Миний бие гэрчээр татагдан мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөв ярьсан. Тухайн үед миний ухаан санаа, сэтгэл зүй маш хүнд тогтворгүй байсан. Хэрэг болсон өдөр намайг байрнаас гараад автобусны буудал орж жижиг машинд сууж явсан эсэхийг тодруулаагүй. Камерын бичлэгийг үзээгүй. Талийгаач гэрээсээ хэдэн цагт гарч явсан, ямар дэлгүүр рүү орж гарсан зэрэг нь тодорхойгүй. Талийгаачид анхны тусламж үзүүлсэн түргэний эмчээс мэдүүлэг аваагүй. Шинжээч эмчийн дүгнэлт зөрүүтэй. Хохирогчийн овог, нэрийг сольсон. Хагалгаа хийсэн эмч, эмчилгээ хариуцсан эмч нараас мэдүүлэг аваагүй. Хохирогч тухайн өдөр гар утастай байсан бөгөөд хэрэг болсны дараа түүний биед үзлэг хийхэд гар утас нь байгаагүй. Хохирогчийн явсан зам маршрутыг нягтлаагүй. Талийгаачийн авсан гэмтэл хэзээ үүссэн болохыг нягтлаагүй. Эдгээр арга хэмжээнүүдийг авалгүйгээр миний эрх зүйн байдлыг дордуулсан. Би эхээс хоёулаа бөгөөд айлын том хүү. Бидний харилцаа сайн... Тиймээс ар гэрийн нөхцөл байдал болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан хоёр шатны шүүхийн шийдвэрийг эргэн харахыг чин сэтгэлээсээ хүсье” гэжээ.

 

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач миний аав нь гэрийнхээ подваль руу ордог шатны ирмэг дээр нилээн согтуу сууж байгаад шатны уруу өнхөрсөн байгаа юм. Түүнийг нь харсан эмэгтэй хүн байдаг... энэ хэргийг таамаглалаар нэг талыг баримтлан, мөрдөн байцаах үйл ажиллагааг санаатай зогсоож, гэмт хэргийн ул мөрийг цагдаа болон хүчний байгууллагаар далайлган арилгасан. Шинжээч томилуулах талаар удаа дараа ар гэрээс нь болон өмгөөлөгчдөөс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүйн зэрэгцээ хүний амь эрсэдсэн байхад ямар учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилохоос татгалзсан нь ойлгомжгүй. Яллах дүгнэлт, тогтоол, магадлалд тусгагдсан бүрэлдэхүүнгүй ажлын туршлага багатай шинжээч эмч М.З гэгч ганц хүний дүгнэлтэнд тулгуурласан. Шинжээчийн дүгнэлт, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош хоорондоо зөрүүтэй, өөрийн гаргасан алдаатай оношоо батлахын тулд дээрх дүгнэлтээ олон удаа давтан тэмдэглүүлж, бусдад итгэл үнэмшлийг төрүүлэхүйц улайран зүтгэж байна. Миний аав Жамбал овогтой Э /эр.57/ байтал Жадамба овогтой Э /эр.56/ гэдэг хүний шинжилгээ байдаг. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношид “Зүүн хөмсөгт шарх, Зүүн нүдний дээд зовхинд цус хуралт” гэснийг “Баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт” болгон тайлбарлан, уг дүгнэлтийг дагаж анхны гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсийн давтан өгсөн мэдүүлгүүд өөрчлөгдсөн. Хайрт аавын минь үхлийн шалтгааныг цагдаа болон прокурорын байгууллага залхуу, хойрго хандан бүрэн шалгаагүй. Хамгийн наад зах нь явсан замын маршрутыг болон камерын бичлэгийг нь шалгаагүй. Гэрээсээ ажил хүртэлх зам нь бүрэн камержсан. Мөн тал шил архитай орж ирсэн гэх боловч хаанаас авсан, хэнтэй уусныг нь шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байтал хэргийн бүрдүүлбэр дутуу, өвчтөний түүх шинжээч эмчийн дүгнэлт эргэлзээтэй, гар утас алга болсон, талийгаач тал шил архитай цэцэрлэгт ирсэн байх бөгөөд уг архийг хаанаас авч тал хүртэл нь уучихаад ирсэн зэргийг огт шалгаагүй байхад түүний хүүг нь буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нэг бүрчлэн тогтоогоогүй байхад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаах шатанд буцааж, дахин шалгаж нягталж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шинжээчийн дүгнэлт болон Гэмтэл согог өвчин судлалын үндэсний төвийн өвчтөний түүх дээр Жамбалын Э, Жадамбын Э гэсэн хүний асуудал бий. Мөн шинжээчийн дүгнэлт болон өвчтөний түүх дээр бичигдсэн гэмтэл нь ноцтой зөрүүтэй байдлыг шалгаж тогтоогоогүй. Талийгаачийн гар утсыг шүүлгэснээр хамгийн сүүлд хэнтэй утсаар ярьсан болох нь тогтоогдоно. Мөн талийгаачийн цэцэрлэг рүү авч орсон тал архины талыг хаана уусан болохыг тогтоогоогүй Талийгаач эмнэлгийн тусламж авсны дараа 36 цагийн дараа нас барсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн учир шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэсэн байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Гэрч А.Б анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч цэцэрлэг дотор байхдаа унасан талаар мэдүүлсэн даруйд шинжээч эмчээс гэмтэл авах боломжтой эсэхийг асуухад хоёр утгатай хариулт өгсөн. Иймд хэрэгт авагдсан баримтад үндэслэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах зорилгоор хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон учир ашиг сонирхлын зөрчил гардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах саналтай байна. Хохирогч гэрээсээ гарсны дараа дэлгүүр орсон байдаг бөгөөд зам тааралдсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй зөрчил байна” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх Э.Т-т холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлэгдсэн нотлох баримтыг үндэслэж хянан шийдвэрлэсэн. Э.Т нь төрсөн эцэг Ж.Э-н нүүрэн тус газарт цохиж учруулсан гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед шүүгдэгч амь хохирогчийн нүүрэн тус газарт цохисон үйл баримт тогтоогдсон. “2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 258 дугаартай дүгнэлт нь Жамбалын Э-гийнх бөгөөд түүний гавлын ясыг нээхээс өмнө нүүрний гэрэл зургийг бэхжүүлсэн. Тухайн хэргийг өөр этгээд үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлт үнэн зөв” гэх дүгнэлт үндэслэлтэй. Шүүх Э.Т-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Тунбаяр, С.Санжаажамц, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Э.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв

 

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 60/2 дугаар байрны 00 тоотод байх гэртээ өөрийн төрсөн эцэг Ж.Э-тай маргалдаж, улмаас түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон, энэ үед авсан гэмтлийн улмаас Ж.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө нас барсан талаарх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоожээ.

 

Гэвч гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн хохирогчид халдах үеийн сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн дамжмал эсвэл шууд хэлбэр, сэдэлт, шалтгааныг ялган тогтоож, учруулсан хор уршигтай хэрхэн холбогдож байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоох байтал гэмт хэргийн улмаас бий болсон эцсийн үр дагавар шүүгдэгчийн хүсэл, зоригийн шууд илэрхийлэл гэж хандаж хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх шалтгаан болсон байна гэж үзэхээр байна.

 

“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан хандлага буюу бодит санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож, дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох ёстой.

 

Тухайлбал, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч энэ үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг.

 

Энэ гэмт хэргийн тухайд Э.Т нь хохирогчийн үйлдлийн улмаас өөрт нь аюултай нөхцөл байдал тулгараагүй боловч хохирогчийн зүй бус үйлдлээс зайлсхийж, холдуулах зорилгоор нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсны улмаас хохирогчид хүнд гэмтэл үүсч Гэмтэл согогийн Үндэсний төвд мэс засал хийлгэн эмчлүүлж байгаад 2 хоногийн дараа тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Амь хохирогчийг түлхсэн Э.Т-н үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч харин өөрөөсөө холдуулахаар нүүрэн тус газарт нь цохихдоо талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

 

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 258 дугаартай, хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон задлан шинжилгээний дүгнэлт нь Жамбалын Э-гийнх бөгөөд энэ талаар дүгнэлтэд зааж нүүрний гэрэл зургийг бэхжүүлсэн байна. Хэргийн газрын үзлэгт Гэмтлийн эмнэлэг дэх “Эрхэс-10” цагдаагийн постноос цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийг дурдахдаа Жадамба овогтой Э бусдад зодуулсан байдалтай ирсэн гэж ташаарсан нь хохирогчийн цогцос андуурагдан шинжилгээ хийгдсэн байж болзошгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамцын гаргасан хэргийг анхан шатны шүүхэд буцаалгах агуулга бүхий гомдол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж-н хэргийг прокурорт буцаалгах тухай гомдлуудыг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч С.Тунбаяр нарын гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 480 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Шүүгдэгч Э.Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.”

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т оногдуулсан 6 /зургаа/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Санжаажамц, С.Тунбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Т-н гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН