Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 950

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт Э*******гийн М*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, 

-урьд авч байсан ТТ-15-5 шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, албан тушаал үндэслэлгүй өөрчилснөөс буурсан цалинг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхээр хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар тооцон гаргуулан олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.О*******, Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Э.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Э.М******* миний бие цагдаагийн байгууллагад тасралтгүй 21 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд өөрийн амь биеийг үл хайрлан өргөсөн тангарагтаа үнэнчээр албан үүргээ гүйцэтгэн, мэдлэг чадвараа байнга дээшлүүлж өнөөдрийг хүрсэн билээ. 

Миний бие нь Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлыг хангах газрын Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтэст ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар ажлын байр өөрчилөн албан тушаал бууруулан Эрүүгийн цагдаагийн газрын 6 дугаар хэлтэст ахлах төлөөлөгчөөр томилсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Төрийн албан хаагчийн 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэх үйл ажиллагааг Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Б******* 2016 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр дүгнэхдээ Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолд заасан аргачлалыг баримтлалгүй хийж гүйцэтгэсэн ажлыг нийлбэр дүнгээр 69.5 оноотой дүгнэн гэрээний биелэлтийг дүгнэсэн үнэлгээг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх саналдаа “ажлын байр өөрчлөх” тухай тусгасан байсан. Үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдалтай миний бие танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ танилцсан гарын үсгийн доод хэсгийн зайнд бичиж тэмдэглэсэн.

Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн аллбаны салбар зөвлөлд хандан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй тухай” гомдлыг гаргасан. Гэтэл уг гомдлыг шийдвэрлээгүй байхад хууль бусаар дүгнэсэн 69.5 гэсэн үнэлгээг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн б/43 дугаар тушаалаар ажлын байрыг үндэслэлгүйгээр өөрчилсөн. 

Иргэн Э.М******* надад Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөлөлийн гишүүн, Цагдаагийн хурандаа Б.*******гийн гарын үсэг бүхий “таны гаргасан гомдол төрийн албаны салбар зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн болно.

Миний бие гомдлын хариуг аваад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн б/43 дугаар тушаалаар ажлын байр, албан тушаал өөрчлөгдөхөөс өмнө урьд ажиллаж байсан албан тушаалд ТТ-15-5 шатлалаар холбогдох суутгал суутгагдан гар дээрээ 1.642.032 /нэг сая зургаан зуун дөчин хоёр мянга гучин хоёр/ төгрөгийн цалин авч байсан.

Гэтэл ажлын байр өөрчлөгдсний дараа ТТ-12-5 шатлалаар зохих суутгал суутгагдан сард 1.181.394 төгрөгийн цалин авч байгаа бөгөөд цалингийн зөрүү 1 сар тутам 273,878 төгрөгөөр багассан байна. 

Иймд “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн б/43 дугаарын тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, урьд авч байсан ТТ-15-5 шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж албан тушаал үндэслэлгүй өөрчилснөөс бууурсан зөрүү цалинг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхээр хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар тооцон гаргуулан олгуулахыг даалгаж өгнө үү.” гэв. 

Хоёр. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“...Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа-жолооч цагдаагийн ахлах ахлагч Т-нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад хутгалуулсан асуудалд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын Аюулгүй байдал, Төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Б*******аас мөн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.М*******т болсон явдлыг газар дээр нь очиж шалган, дүнг танилцуулах үүргийг өгчээ.

Тухайн хэрэг дээр шалгалтын ажиллагаа явуулж дүнг танилцуулах талаар удирдлагаас өгсөн үүргийг цагдаагийн хошууч Э.М******* биелүүлээгүй, хэргийн газарт очиж ажиллаагүй байна. 

Дээрх асуудалд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс албаны шалгалт явуулахад цагдаагийн хошууч Э.М******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.1.5-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. 

Мөн шалгалтын үеэр цагдаагийн хошууч Э.М*******ийн хариуцсан ажилд хэсэгчилэн шалгалт хийж, “Байгууллагын дотоод аюулгүй байдалд учирч болох эрсдлийн үнэлгээ хийх, “байгууллагын аюулгүй байдлын хувийн хэрэг нээх”, “байгууллагын аюулгүй байдлын талаарх Мэдээллийн цахим сан бүрдүүлэх”, “улсын хэмжээнд барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах ажлын зохион байгуулах” ...зэрэг ажлуудын гүйцэтгэлийг шалгахад хариуцсан ажлаа “дутагдалтай” гүйцэтгэж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж байгаа талаар дүгнэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасан бөгөөд “Төрийн албаны тухайн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.” гэж заасан.

Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын гуравт “Ажлын байрны тодорхойлолтыг хэрэглэх чиглэл”-ийг заасан бөгөөд уг хэсгийн 4-т “Албан тушаал дэвшүүлэх, бууруулах зэрэг хүний нөөцийн удирдлагын зарим арга хэмжээ авах. Ажлын байрны тодорхойлолт нь дор дурдсан хууль тогтоомж, эрх зүйн актад заасны дагуу ажилтныг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, ...үндэслэл болно. Тухайлбал: а/ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн боловсруулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд тулгуурлан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19.2-т заасан ёсоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, ...албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.”,

б/ Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д заасан ёсоор “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болно.” гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, ...албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан. 

Э.М*******ийн 2015 онд менежертэй байгуулсан үр дүнгийн дагуу түүний үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд 69,5 /D/ буюу “дутагдалтай” дүгнэгдсэн. Э.М*******ийн ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн бөгөөд 2015 онд менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэхэд “дутагдалтай” дүгнэгдсэн тул захиргааны санаачилгаар түүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгчөөр томилсон. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д зааснаар Э.М*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/43 дугаар тушаал  нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4,  Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 2, Хууль зүйн сайдын 2015 оны А/64 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын хоёрдугаар бүлгийн 2.3.2, 2.8-д заасан заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.М*******ийг албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагчийн ажлаас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс Эрүүгийн цагдаагийн газарт Эрэн сурвалжлах хэлтсийн ахлах төлөөлөгчөөр томилохоор шийдвэрлэжээ. 

Тодруулбал, хариуцагчийн 2016 оны Б/43 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно.”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.” гэсэн заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.М*******ийг албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Учир нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах бүрэн эрхтэй боловч гагцхүү хууль тогтоомжид заасан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөнө.

 Гэтэл маргаан бүхий 2016 оны Б/43 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг хууль зүйн үндэслэл болголгүй нэхэмжлэгч Э.М*******ийг албан тушаал бууруулсан нь хууль бус байна.

Түүнчлэн нэгд, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн  тайлбараар  “...Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа-жолооч цагдаагийн ахлах ахлагч Т-нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдад хутгалуулсан асуудалд ...удирдлагаас өгсөн үүргийг цагдаагийн хошууч Э.М******* биелүүлээгүй, хэргийн газарт очиж ажиллаагүй, ...Э.М******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.5-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон, … хариуцсан ажлаа “дутагдалтай” гүйцэтгэж, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж байгаа ...”;

хоёрт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “...албаны шалгалтын дүнд дурдагдсан  ажлын байрны зорилго,  зорилтыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Зөвлөлийн хуралд танилцагдаж ажлын байрыг бууруулан  шийдвэрлэсэн, ...үр дүнгийн гэрээтэй холбоотой зүйл яригдаагүй.”,  “...Цагдаагийн ерөнхий газрын дарга нь менежер биш хэлтсийн дарга нь оноо өгсөн. Газрын дарга албажуулснаар хүчин төгөлдөр байгаа боловч гэрээ дүгнэх үйл явц нь хууль дүрмийн дагуу явагдсан гэж үзэж байгаа”, “...хариуцлага ногдуулах хугацаа дуусах гээд байсан” гэсэн тайлбаруудаас тус тус дүгнэхэд нэхэмжлэгч Э.М*******т дээр дурдсан зөрчилд нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргаас:

-2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/650 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж, үүний дараа маргаан бүхий захиргааны акт болох

-2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар албан тушаал бууруулан шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Учир нь Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Албаны шалгалт явуулсан дүнгийн танилцуулгад “...цагдаагийн хошууч Э.М*******ийн гаргасан зөрчилд ...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 13 дугаар зүйлийн 13.18 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар 20.0 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасны дагуу албан тушаалаас нь бууруулах ” гэсэн саналыг гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. 

Мөн нэхэмжлэгч Э.М******* нь “...Үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдалтай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдлыг гаргасан, уг гомдлыг шийдвэрлээгүй байхад хууль бусаар дүгнэсэн 69.5 гэсэн үнэлгээг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар ажлын байрыг үндэслэлгүйгээр өөрчилсөн” гэж, хариуцагч “...үр дүнгийн гэрээг дүгнэхэд “дутагдалтай” дүгнэгдсэн тул захиргааны санаачлагаар 2016 оны Б/43 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгчөөр томилсон” гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:

-Үр дүнгийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан боловч тус өдөр нэхэмжлэгч Э.М******* өвчтэй байсан тул дүгнэгдээгүй , харин ажилд орсны дараа 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ /69.5 оноо/-тэй танилцаж, гаргасан үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа талаар тэмдэглэж , холбогдох газар нь нэхэмжлэгч гомдол гаргасан  болох нь тогтоогдсон, талууд эдгээр үйл баримттай маргаагүй болно.

Харин Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ.”, 6.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй холбоотой санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ.”, 8.2-т “Гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн ...албан тушаал бууруулах, ...холбогдсон маргааныг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу хянан шийдвэрлэнэ.”  гэсэн заалтуудыг тус тус зөрчиж гаргасан үнэлгээ байхад хариуцагч маргаан бүхий Б/43 дугаар тушаал гаргасан нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

нэгд, Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа И.Б*******аас тус газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Н*******д “...Тухайн үед ямар шалтгааны улмаас доогуур үнэлгээ өгөх болсон, түүнтэй ярилцлага хийсэн талаар тэмдэглэл үйлдэгдээгүй байх тул тогтоох боломжгүй байна.”, “Э.М******* нь...үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудасны ерөнхий оноог хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гарын үсэг зурсан байна.” гэх “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг ;

хоёрт,  нэхэмжлэгч Э.М*******ийн Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудаст Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Б******* гэрээний биелэлтэд 69.5 гэсэн үнэлгээг өгсөн гарын үсэг хэзээ зурсан огноо бичигдээгүй, түүний дараагийн шатны дарга болох Дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ц.Ням-Очир 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурсан, харин нэхэмжлэгч үнэлгээтэй танилцсан гарын үсгийг 2015  оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус гарын үсэг зурсан  баримтаар;

гуравт, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын Зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч Э.М*******ийг албан тушаал бууруулах асуудлыг хэлэлцэх үед нэхэмжлэгчийн тус хуралдаанд гаргасан тайлбартай холбогдуулан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын “...Та надад өргөдөл  ирүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцээд хариу өгөх болно. ” гэсэн тайлбарыг хэлсэн боловч уг гомдолд хуульд заасны дагуу албан ёсны хариу өгөлгүй шууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж Б/43 дугаар тушаалыг тус өдөр гаргасан нь хууль бус байна. 

 Хоёр. “ТТ-15-5 шатлалаар урьд авч байсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, албан тушаал үндэслэлгүй өөрчилснөөс буурсан цалинг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхээр хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар тооцон гаргуулан олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Э.М*******ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/43 дугаар тушаалаар 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь бууруулж Эрэн сурвалжлах хэлтсийн ахлах төлөөлөгчөөр томилсон нь хууль бус болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хууль зүйн үндэслэлгүй болох нь нэгэнт тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн албан тушаал буурсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговор болох 1.637.370 /нэг сая зургаан зуун гучин долоо мянга гурван зуун дал/ төгрөгийг Э.М*******т олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

    Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.М*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/43 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.М*******ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан албан тушаал буурсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговор болох  1.637.370 /нэг сая зургаан зуун гучин долоо мянга гурван зуун дал/ төгрөгийг Э.М*******т олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ӨЛЗИЙСАЙХАН