Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0504

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0504

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Л.У нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд Ш.Э нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч гаргасан давж заалдах гомдлоор, Л.У нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Л.У 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоолгох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Дундговь аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 16-р зүйлийн 16.2, 16.2.3, 17-р зүйлийн 17.2, Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22-р зүйлийн 22.1, 22.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23-р зүйлийн 23.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ч холбогдох “нэр дэвшигчийг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Л.У 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан удирдах ажилтны буюу Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор нөөцийн жагсаалтад бүртгэгдэж, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Л.У нэрийг дэвшүүлж, дээрх албан тушаалд томилуулах санал, дүгнэлт, шийдвэрийг томилох эрх бүхий албан тушаалтанд уламжлахыг салбар зөвлөлийн ажлын албанд даалгасны дагуу Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр албан бичгийг Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд хүргүүлсэн байдаг. Энэхүү албан бичигт “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Л овогтой У аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр томилуулахаар нэрийг нь дэвшүүлснийг санал, дүгнэлтийн хамт хүргүүлж байна. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авч Авлигатай тэмцэх газраар дүгнэлт гаргуулан, уг дүгнэлт болон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, Төрийн албаны салбар зөвлөлийн дээрх тогтоолыг тус тус үндэслэн томилж, шийдвэрийн хуулбарыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны дотор салбар зөвлөлд ирүүлэхийг…” даалгасан байдаг.

Гэтэл Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгч, дарга нь Л.У хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хянуулаагүй, тухайн албан тушаалд Л.У томилоогүй бөгөөд томилохоос татгалзсан эсэх талаар шийдвэр гаргаагүй байсан тул 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Л.У тус албан тушаалд томилох эсэх асуудлыг огт шийдвэрлээгүй бус харин шийдвэрлэж татгалзсан хариу гаргасан гэж үзэх ба энэхүү татгалзсан хариуг нэхэмжлэлийн шаардлага болгоогүй, гагцхүү хариу өгөхгүй, томилохгүй байгааг илт хууль бусад тооцуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, Л.У нэрийг Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшүүлэх тухай 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр албан бичгийг хүргүүлснээр тус Хурлаас 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 31 дүгээр албан бичгээр томилох боломжгүй гэснийг буруутгах үндэслэлгүй…” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс Л.У тус албан тушаалд томилох эсэх асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд огт шийдвэрлээгүй гэж үзэж байна. Үүнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад байгаа. Гэтэл Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Н.Ч 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Л.У томилохоос татгалзах” 31 дүгээр албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлсэн бөгөөд энэхүү албан бичгийг хүргүүлэхээсээ өмнө хурлын дарга Н.Ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авч Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй байж ийнхүү татгалзсан албан бичгийг хүргүүлсэн нь хуульд нийцээгүй.

Иймээс Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар албан бичгээр шаардлага хүргүүлсэн бөгөөд үүнээс хойш 2017 оны 10 дугаар сард Л.У хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бөглүүлэн авсан гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Мөн анхан шүүхээс “…2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр томилох боломжгүйг мэдэгдсэнийг буруутгах боломжгүй…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэхүү татгалзал нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй тул Л.У томилохоос татгалзсан татгалзал гэж үзэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасан бүрэн эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд огт хэрэгжүүлээгүй, шийдвэрлүүлээгүй эс үйлдэхүй байна гэж үзэж байна.

Хэрэв иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсан бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурна” гэж заасны дагуу Л.Уранбилэгийг томилох эсэх асуудлаар Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэж тогтоол гаргасан асуудал байдаггүй, хавтаст хэрэгт хэлэлцсэн талаар нотлох баримтыг ирүүлээгүй. “Эс үйлдэхүй” гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Иргэнээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилсан. Л.У Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох эсэх асуудлаа хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэдгийг дараах байдлаар үзэж байна.

Үүнд Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр албан бичигт “...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулаад хариуг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүл” гэсэн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг зохих байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.

Гэтэл Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Н.Ч нь Л.У нэрийг дэвшүүлсэн Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 41 дүгээр тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр албан бичгийг хүлээн авснаасаа хойш ажлын 7 өдрийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй байдаг. Захиргааны хэргийн шүүхийн тэргүүн зэргийн чиг үүрэг нь захиргааны болзошгүй “дур зорог”-ын үйл ажиллагаанаас иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал юм. Гэтэл Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Н.Ч хууль, журамд заасан хугацаа ерөөсөө үйлчилдэггүй, хуулийн хугацаанд асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлэдэггүй, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй, өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддаг дур зоргын асуудал харагдаж байгаа. Үүнийг шүүхээс өөгшүүлэн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Л.У хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасан хугацаанд Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй. Л.У хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 2017 оны 10 дугаар сард бөглүүлэн авсан бөгөөд тухайн мэдүүлгийг тус газарт хувь хүнээр явуулсан гэж шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдээс тайлбарладаг бөгөөд “…тэр хүн нь аваачиж өгөөгүй байсан тул ахиад явуулсан…” гэдэг боловч үүнийг нотолж чадаагүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй. Гуравдагч этгээд Ш.Э “...хувь хүнээр явуулсан боловч өгөөгүй байсан тул би ахиад явуулсан…” гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан. Гэтэл Л.У хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нэг л хувь бичиж өгсөн бөгөөд хэрэв ахиж явуулсан бол хэн бичиж өгсөн болох, цаашлаад үнэн зөв мэдүүлэг явуулсан эсэх нь эргэлзээтэй.

Өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасныг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Авлигатай тэмцэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлыг хянасан тухай” 05/3336 дугаар дүгнэлт ирснээр уг албан тушаалд томилох эсэх асуудлыг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж томилох боломжгүйг Салбар зөвлөлд ирүүлснийг ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон тул уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн Л.У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллуулахаас татгалзан хариуг хүргүүлсэн нь ...заасныг үндэслэн буруутгах боломжгүй гэсэн үндэслэл,

Түүнчлэн тус Хурлын Тэргүүлэгчдээс 2 удаа хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй гэж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс тайлбарладаг бөгөөд Л.У тус албан тушаалд томилох эсэх асуудлыг олонхоор хэлэлцэнэ, хурлын чөлөөт цагт тэргүүлэгчид ажиллах эрх зүйн зохицуулалттай байх тул Л.У тус албан тушаалд томилох эсэх асуудлыг огт шийдвэрлээгүй бус харин шийдвэрлэж татгалзсан хариу гаргасан гэж үзэх ба энэхүү татгалзсан хариуг нэхэмжлэлийн шаардлага болгоогүй” гэж тус тус дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж хэлэлцсэн гэдэг тэмдэглэлийг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд энэхүү хуралд ардчилсан намын 4 төлөөлөгч суусан байдаг. Бусад төлөөлөгч нарт хурлын товыг мэдэгдээгүй гэдгээ шүүх хуралдааны дээр хариуцагч болон гуравдагч этгээд тайлбарладаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “…иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд ямар эрх зүйн акт гардаг вэ? гэхэд хариуцагч Н.Ч “...манайх тэмдэглэлээрээ асуудлаа шийдвэрлээд явдаг, тогтоол гардаггүй” гэж хариулсан. /Энэ талаар мөн л шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй/

Гэтэл Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурна” гэж заасан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гараагүй гэдэг нь Н.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт зөвхөн хурлын тэмдэглэлийг л ирүүлсэн байдал зэргээр нотлогддог. Шүүхээс “...Л.У тус албан тушаалд томилох эсэх асуудлыг огт шийдвэрлээгүй бус харин шийдвэрлэж татгалзсан хариу гаргасан, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй” гэж дүгнэсэн. Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж томилох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бол тогтоол гаргах ёстой. Хурлын тэмдэглэл нь эрх зүйн акт биш, нотлох баримт гэж үзэхгүй байгаа бөгөөд тогтоол гаргаагүй байхад бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломжгүй.

Тэмдэглэл бол маргаан бүхий эрх зүйн акт биш. Тэмдэглэлээр татгалзсан асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд энэ талаар гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзнэ. Томилохоос татгалзсан талаар нэхэмжлэгч Л.У мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зүйл байдаггүй. Хэрэв Л.У томилохоос татгалзсан бол Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах ёстой. Гэтэл хариуцагчаас ийм ажиллагаа явуулаагүй. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар захирамжаар Ш.Э гуравдагч этгээдээр татсан. Ш.Э нь шаардлага гаргаагүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж үзэхгүй. Гуравдагч этгээд Ш.Э “...Би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаа тул Л.У гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргахаас татгалзаж байна” гэсэн тайлбарыг хавтаст хэргийн 82 дугаар талд ирүүлсэн нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд биш гэдгээ тодорхойлж байна.

Мөн энэхүү тайлбар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтээ бичгээр гаргана” гэж заасан бөгөөд гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа тайлбар гаргахаас татгалзаж байна гэдгээ бичгээр ирүүлсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцсэн гэж ойлгоно.

Гэтэл шүүхээс гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг талыг барьж явуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна. Үүнд шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд Ш.Э мэдэгдээгүй байж /хэрэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудас байхгүй/ 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутад эхлэх байсан шүүх хуралдааныг Ш.Э утсаар дуудаж, заавал шүүх хуралдаанд оролцуулах гэж хүлээн байж 09 цаг 30 минутын үед эхлүүлж, шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлээгүй нь хуралдааны тэмдэглэлээс харагдана. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчсөн, нэг талыг барьсан гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасан. Ш.Э бол бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд биш. Гэтэл шүүх хуралдаан дээр даргалагчаас “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна уу” гэсэн асуулт асууж тайлбар авсан /шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар талд/, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Э бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эдлэх эрх, үүргийг эдлүүлж, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ч асуусан асуулт бүрт гуравдагч этгээд Ш.Э тайлбар авч, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг хольж, сольж оролцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг бичсэн бөгөөд шүүхэд бичгээр гаргасан тайлбарын агуулгыг огт бичээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээд Ш.Э эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж бие даасан шаардлага гэж үзээд байгаа юм уу, эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гэж үзээд байгаа нь тодорхойгүй, шаардлагыг хангасан, хангаагүй талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрт бичээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн болон шүүмжлэлийн шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гуравдагч этгээдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн байр сууринаас оролцуулахыг сануулсан тайлбар хийсэн бөгөөд энэ талаарх үйл явц шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй зөрчил гаргасан.

Иймээс хэргийг бүхэлд нь хянан үзэж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т “хуульд тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл садангийн хүн нь тухайн ажлын албан нэгжид хамт ажиллахаар бол авч ажиллуулахыг хориглоно” гэснээс үзэхэд нэхэмжлэгч Л.У хэдийгээр Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн ч түүний төрсөн ээж О.О нь Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч байх тул нэг нь нөгөөдөө шууд захирагдах албан тушаалд ээж, охин хоёрыг хамт ажиллуулж болохгүй.

Хэдийгээр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн ээж О.О Хурлын Тэргүүлэгчээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх боловч одоог хүртэл түүнийг чөлөөлөөгүй болох нь Тэргүүлэгчдийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар албан бичиг болон нэхэмжлэгч, хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.У давж заалдах гомдолдоо хариуцагчийг “…Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101 дүгээр албан бичгийг биелүүлээгүй…” гэж буруутгадаг ч энэ нь Л.У шууд томилох агуулгатай бус харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6 дахь хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авч, Авлигатай тэмцэх газраар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр томилохыг хүссэн байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлийн 351.6 дахь хэсэгт зааснаар “Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй…”, гэвч энэ тохиолдолд Хурлын нарийн бичгийн даргыг томилох эсэхийг хариуцагч дангаараа бус Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай.

Бодит байдалд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ч нэхэмжлэгч Л.У томилох эсэхийг Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэлгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дүгээр албан бичгээр дангаараа шийдвэрлэж, томилох боломжгүйгээ Салбар зөвлөлд илэрхийлсэн нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй боловч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ээж О.О иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээс чөлөөлөгдөөгүй байхад түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилох боломжгүй.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас хариуцагчид хүргүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 05/3336 дугаар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” албан хариунд “…Л.У томилох тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 зөрчигдөхөөс гадна цаашид албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасан “хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байх тул уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй” гэснээс үзэхэд ч Л.У томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, томилохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.

Харин шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгчийг Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрт гомдол гаргаагүй, мөн хариуцагчийн томилохоос татгалзсан хариуг нэхэмжлэлийн шаардлагаа болгоогүй” гэж дүгнэсэн нь хэрэгт ямар хамааралтай болох, чухам ямар үндэслэлээр ийнхүү дүгнэх болсон нь ойлгомжгүй байгааг тэмдэглээд, гуравдагч этгээд Ш.Э шүүх хуралдаанд оролцуулахын тулд хуралдаан товлосон цагтаа эхлээгүйг, хуралдаан даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой эсэх талаар гуравдагч этгээдээс асуусныг, мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг бичсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд тооцогдохгүй.

Шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах хууль хэрэглээний өөрчлөлтийн тухайд удирдлага болгосон хуулийн нэр болон зүйлийг, мөн нэхэмжлэгчийн томилогдохыг хүссэн албан тушаалын нэрийг алдаатай бичсэн, зарим хуулийн зохицуулалт энэхүү маргаанд төдийлөн хамааралгүй, хамаарал бүхий хуулийг баримтлаагүй байгааг зөвтгөв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, 351 дүгээр зүйлийн 351.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Л.У гаргасан “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ч холбогдох “нэр дэвшигчийг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН