Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00511

 

Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01359 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 374 дүгээр магадлалтай,

Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй,

“Скайтел” ХХК-д холбогдох,

Ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын санд хийсэн өөрчлөлтүүдийг хүчингүйд тооцуулах үндсэн,

Цалинд илүү олгосон 24.063.087 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, Ө.Жамбалсүрэн, Ч.Нямцоож, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Баясмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  би “Скайтел” ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын  албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажилдаа очиход гүйцэтгэх захирал Д.Болорын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б-282 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаалыг танилцуулсан бөгөөд ямар ч мэдэгдэл өгөөгүй, мэдэгдэлд гарын үсэг зуруулаагүй. Ажилдаа ирэхэд ажлаас халах тушаал гарган танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчиж ажлаас халсныг зөвшөөрөхгүй.  Иймд ажлаас халсан тушаал хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

Ажлаас халсны дараа “Скайтел” ХХК нь миний нийгмийн даатгалын 2014 оноос хойш бичилтэд цалин хөлсийг бууруулан бичилт хийн нийгмийн даатгалын газарт хүсэлт гарган өөрчлөлт оруулжээ. Миний бие цалин хөлс авч байсан, хуульд заасны дагуу нийгмийн даатгалаа төлж байсан атал ажил олгогч шүүхэд хөдөлмөрийн маргаан гаргасан үндэслэлээр шүүхэд ирүүлж байсан тайлбарынхаа дагуу ажил тасалж байсан гэсэн үндэслэлээр нийгмийн даатгалд өөрчлөлт оруулж байгаа нь үндэслэлгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө бууруулах гэсэн оролдлого гэж үзэж байна. Хариуцагч өөрсдийн үзэмжээр 2014 оноос хойш ажил тасалсан гэж үзэж цалин хөлсийг буруу олгож байсан мэтээр нийгмийн даатгалд хүсэлт гаргасан нь буруу тул нийгмийн даатгалд хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Баясмаа нь ажиллах хугацаандаа байнга ажлаас хоцрох, мөн  ажил таслах тохиолдол олон байсан. Тэр болгонд цалин хөлсийг нь бүтэн бодож өгдөг байсан. Түүнчлэн 2014, 2015 оны жилийн ажлын тайлангаа захирлуудын тайлангийн хуралд гаргаж танилцуулаагүй. Дотоод аудитын алба татан буугдах тухай орон тоо хасагдах болсон шийдвэр гарсныг 2016.04.01-ний өдөр гүйцэтгэх захирал Д.Болор дуудаж уулзаад ажлын байрны санал тавихад цаашид ажиллахгүй, харин тэтгэмж авах сонирхолтой байгаагаа илэрхийлж харилцан тохиролцсон. Үүний баталгаа нь өөрөө зөвшөөрөөд тойрох хуудсаа зуруулж дуусаад Санхүү бүртгэлийн албанаас тэтгэмж авсан. Мөн нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтэй байна гээд хүний нөөцийн мэргэжилтэн болон захирлын туслахаас холбогдох бичиг баримтыг авч явсан байдаг. Ингээд мэдэгдэх хуудсыг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14:40 минутад гардан аваад гарын үсгээ зураагүй тул  2016 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 9:30 минутад захиргаа хүний нөөцийн албаны захирлыг эзгүй хойгуур ширээн дээр нь мэдэгдэх хуудсыг тавьсан бөгөөд нэхэмжлэлдээ мэдэгдээгүй гэнэт нэг өдөр ажлаас халсан гэж худал хэлжээ. Гүйцэтгэх захирлын Б-282 тоот тушаал хуулийн дагуу гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан заалтыг зөрчөөгүй. Ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх ёстой, мэдэгдсэн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь "04 дүгээр сарын 08 өдөр мэдэгдлийг чинь ширээн дээр чинь орхисон шүү" гэж мессеж үлдээсэн байдаг. Мэдэгдэх хуудсыг 04 дүгээр сарын эхээр өгсөн гэдгийг гэрчүүд хэлдэг, мөн тухайн үед Баясмаагаас явуулсан мессеж нотолдог. Ажлаас халагдах тухай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан бөгөөд тушаалын үндэслэлд 131 дүгээр зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Баясмааг жирэмсэн болсныг мэдмэгцээ ажил олгогч, ажилтныг ажлаас халж байна. Жирэмсэн болсон учраас ажлаас халагдахгүй тулд энэ баталгаа орж ирсэн болохоос биш жирэмсэн болсон нь мэдэхгүй тохиолдолд хэрэглэгдэх боломжгүй. Ажлаас халах тушаал гарахаас буюу 04 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнө жирэмсэн байсан шүү гэдгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нийгмийн даатгалын дэвтэрт хувь этгээд өөрчлөлт оруулдаггүй. Нийгмийн даатгалын дэвтэрт зөвхөн Захиргааны байгууллага болон Нийгмийн даатгалын байгууллага өөрчлөлт оруулдаг. Хариуцагч этгээдэд хамааралгүй шаардлага гаргаж байна. "Скайтел" ХХК нийгмийн даатгалын дэвтэрт өөрчлөлт оруулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Баясмаа нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай компанид ажилд орсон. Ажлын цаг ашиглалт сайжруулах тухай А-95 тоот тушаалыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ба уг тушаалын 1.с-д хуруу уншуулаагүй бол ажил тасалснаар тооцох талаар заасан. Тус компанийн нийт ажилтнуудын цаг ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд Г.Баясмаа 2015.01.02-ны өдрөөс 2016.04.30-ны хооронд нийтдээ 2664 цаг ажиллах ёстой ч чөлөөтэй, ээлжийн амралттай, өвчтэй гэх шалтгаанаар бүрэн ажлаагүй ч нийтдээ 63.723.182 төгрөгийн цалин авсан бөгөөд дурдсан хугацаанд 1112 цаг ажилласан ч 2400 цаг ажилласнаар тооцуулан цалин авсан. Ажлаагүй цагийн цалинг буцаан төлүүлж, компанийг хохиролгүй болгох зорилгоор ажилтнуудын ажлын цаг ашиглалттай холбоотой гарсан зөрчлийг арилгах арга хэмжээг авах тухай А528 тоот тушаалыг 2016 оны 5 дугаар сарын 6-нд гаргаж Нийгмийн даатгал руу албан бичиг явуулсан ба түүний авах ёстой байсан цалин нь 36.370.522 төгрөг байх тул зохих өөрчлөлтийг Нийгмийн даатгалын мэдээллийн санд оруулсан. Иймд Г.Баясмаад илүү олгосон цалин болох 24 063 087 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа дүрэм журмын дагуу цалин хөлсөө авч ажилласан, компанийн болон хувийн сургалтуудад ажил олгогчоос зөвшөөрөл авч сургалтад сууж байсан болно. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил бүртгэлийн хуудас болон сахилгын шийтгэл ногдуулж байгаагүй. Хариуцагч эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм уу, ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т  129.2 дах хэсэгт зааснаас бусад тохиолдолд 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргана гэж заасан.  Хариуцагч  хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан эсэх талаар баримт хэрэгт байхгүй. Г.Баясмааг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хяналт шалгалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 181/ШШ2016/01356 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Баясмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Скайтел ХХК-нд холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын санд хийсэн өөрчлөлтийг хүчингүйд тооцуулах, хариуцагч Скайтел ХХК-иас нэхэмжлэгч Г.Баясмаад холбогдох илүү цалин хөлс авч байсан 24.063.087 төгрөг гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилсан төлсөн 278.265 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 374 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01359 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн Б-282 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Баясмааг “Скайтел” ХХК-ийн Дотоод аудитын албаны ахлах аудиторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23.127.366 төгрөгийг хариуцагч “Скайтел” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Баясмаад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх нийгмийн даатгалын мэдээллийн санд хийгдсэн өөрчлөлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Баясмаагаас илүү авч байсан цалин хөлсний зөрүүд 24.063.087 төгрөг гаргуулах тухай “Скайтел” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж тус тус өөрчилж “үлдээж” гэсний дараа улсын тэмдэгтийн хураамжид 273.586 төгрөгийг хариуцагч “Скайтел” ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 374 дүгээр магадлалыг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гардан авч, судалж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх: “...ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биөлүүлээгүй, ажилтан жирэмсэн болохыг анхаараагүй зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5., 100 дугаар зүйлийн 100.1.-д заасан шаардлагыг зөрчсөн...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв...” гэсэн дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хяналтын журмаар гаргаж буй гомдлын үндэслэл тус бүрийг тодруулбал,

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “...орон тоо хасагдсан,...;” тухайд: “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны А/273 дугаар тушаалаар “...тус компанийн Дотоод аудитын албаны чиг үүргийг Санхүү бүртгэлийн албанд шилжүүлэх, ажилтнуудын ажлын ачааллын жигд бус байдлыг нягтаршуулах, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын бүтээмжийг сайжруулах, зардлыг бууруулах зорилгоор...2016.05.01-ний өдрөөс эхлэн Дотоод аудитын албыг Санхүү бүртгэлийн албатай нэгтгэн тус албаны чиг үүргийг Санхүү бүртгэлийн алба...”-д шилжүүлж шийдвэрлэсэн.

Дээрх орон тоо хассан үйл явц нь компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.1.2.1.-т заасан “Компанийн...батлагдсан бүтцийн дагуу...хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах асуудлыг Гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ.” мөн журмын 6.2.1.1.3,-т заасан “...албан тушаалын орон тоог...цөөрүүлэх”, Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.12,-т заасан “...орон тоо хасах, ажлын байр цөөрүүлэх эрхтэй” гэх ажил олгогчид олгогдсон эрхийн хүрээнд хийгдсэн болно. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, талуудын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-д тус тус зааснаар ажил олгогчид Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх олгогдсон болно.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5. дахь хэсэгт заасныг зөрчөөгүй тухайд: Маргаан бүхий гүйцэтгэх захирлын 2016 оны Б/282 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэмж олгох тухай” тушаал гаргахаас өмнө нэхэмжлэгчид түүний ажиллаж байсан орон тоо хасагдсан талаар удаа дараа мэдэгдэж, өөрийнх нь хүсэлтээр түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 4 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгосон. Энэ нь нотлох баримтаар тогтоогддог.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1. дэх хэсэгг заасныг зөрчөөгүй тухайд:

“Өөжинмед” ХХК-ийн 2016 оны 16/64 тоот “Г.Баясмаа нь 2015.02.14-ний өдрөөс эхлэн эмчлүүлж 2016.04.14-ний шинжилгээгээр жирэмсэн болсон нь батлагдсан. Уг тодорхойлолтоос нэхэмжлэгч яг хэзээ жирэмсэн болсон, халагдах үедээ жирэмсний хэдэн сартай, хоногтой байсан нь тодорхой харагддаггүй.

Түүнчлэн “...ажилгүй байсан 7 сар 18 хоногийн цалинтай тэнцэх олговорт 23.127.366 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.” гэх тооцоолол нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааг хэзээнээс хэзээг хүртэл тооцож байгаа, уг ажилгүй байсан хугацааны цалингаас нэхэмжлэгчид хариуцагчаас 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгосон “Ажлаас халагдсаны тэтгэмж” болох 12.905.209,05 төгрөгийг хасаж тооцож буй эсэх нь тодорхойгүй байна.

ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.3., 6.5., 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 107 дугаар зүйлийн 107.2. дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох, холбогдох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй билээ. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 374 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01359 дүгээр шийдвэрийг хэвээр үлээж өгнө үү.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.  

Нэхэмжлэгч Г.Баясмаа нь хариуцагч “Скайтел” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “...тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын мэдээллийн санд хийсэн өөрчлөлтүүдийг хүчингүй болгох” тухай шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа орон тоо хасагдсан гэсэн тайлбар гаргаж, маргасан ба цалинд илүү олгосон  24.063.087 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

“Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр Б-282 дугаар тушаал гаргаж, Г.Баясмааг ахлах аудиторын ажлаас чөлөөлөхдөө орон тоо хасагдсан гэсэн үндэслэл заасан байна. 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

“Скайтел” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.1.2.1-т “компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг ТУЗ-с батлах ба батлагдсан бүтцийн дагуу ажилтан сонгон шалгаруулах, ажилд томилох, өөрчлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах асуудлыг  гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ” гэжээ /хэргийн 203 дугаар тал/.

Компанийн дотоод аудитын алба, ахлах аудиторын ажлын байр, орон тоог хассан ТУЗ-ийн шийдвэр гарсан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Гүйцэтгэх захирал өөрт олгогдсон эрхийг хэрэгжүүлэхдээ компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн дотоод журамд заасан компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, шийдвэрлэх асуудлын хүрээг тодорхойлж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, давж заалдах шатны шүүх нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дунджаар тооцож ажилгүй байсан 7 сар 18 хоногийн олговорт 23.127.366 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 374 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 273.587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ