Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 126

 

П.Ц-ийн нэхэмжлэлтэй, Төв

аймгийн Зуунмод сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, эгүүлэн тогтоолгох хүртэл ажилгүй байсан хугацааны авах ёстой цалинг нөхөн олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх,

Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2019/0019 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 625 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч П.Ц-, түүний өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.19-ний өдрийн 123/ШШ2019/0019 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3, 39 дүгээр зүйлийн 39.6, Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Ц-ээс “Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдөр /2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр/-ийг хүртэл ажлын 147 хоногийн нийт 8.486.163 төгрөгийн цалин нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” гэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 625 дугаар магадлалаар: Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2019/0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч П.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны болон давж заалдах шатны шүүх захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч. хууль буруу хэрэглэснээс гаргасан шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн заалтад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

4. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг” гэж хуульчилсан. Гэтэл шүүхээс уг заалтын “төрийн албанаас чөлөөлсөн” гэсэн ойлголтод П.Ц-ийн үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр хамаарагдахаар байна гэж үзэж байгаа нь гомдолтой байна.

5. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай Засаг даргын захирамж нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр гарсан бөгөөд Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь 2018 оны 09 дүгээр сарын 04, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрүүдэд “Удирдах ажилтны сул орон тооны сонгон шалгаруулалтын зар”-аар “Зуунмод сумын ЗДТГ-ын даргын ажлын байр”-ыг зарласан. Цаг хугацааны хувьд ийнхүү сонгон шалгаруулалт зарлах үед тухайн ажлын байр сулраагүй байсан тул энэ нь дээрх хууль /төрийн албанаас чөлөөлсөн гэх/-ийн заалтад нийцэхгүй байгаа юм. Төв аймаг дахь Төрийн албаны салбарт нөхцөл байдлын талаар өргөдөл гаргасан боловч, хариу аваагүй байх хугацаанд сонгон шалгаруулалт зохион байгуулсан байсныг шүүх анхаарч үзсэнгүй.

6. Хариуцагч нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тоот тогтоолыг үндэслэн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах талаараа Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд уламжилсан. Ийнхүү мэдэгснийхээ дараа мөн л Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 тоот тогтоолыг үндэслэн Зуунмод сумын Засаг дарга нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “П.Ц-ийг эгүүлэн томилох тухай” Б/03 тоот захирамж гарган нэхэмжлэгчийг Зуунмод сумын ЗДТГ-ын даргын ажилд эгүүлэн томилсон. Үүнтэй холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “П.Ц-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/02 тоот захирамжаа хүчингүй болгосон. Эдгээрээс үзэхэд Засаг дарга нь Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг баримталж эхлээд орлон гүйцэтгэгчээр томилоод “сул орон тоо” байгаа учраас сонгон шалгаруулалт явуулах тухай хүсэлтээ Төв аймгийн салбар зөвлөлд уламжилсныхаа дараа нь П.Ц-ийг ажилд нь “эгүүлэн томилсон” захирамж гаргаснаараа “сул орон тоо байгаа” гэдгийг үгүйсгэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад хоёр шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй Засаг даргын хүчингүй болгосон 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 тоот захирамжийг үндэслэн дүгнэлт хийж байгаа нь хэт нэг талыг баримталж Төрийн албаны тухай хуульд заасан “Төрийн албанаас чөлөөлсөн” гэсэн ойлголтод П.Ц-ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр хамаарагдахаар байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

7. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай маргаан бүхий актын үндэслэл болсон хуулийн заалт, эрхийн актуудад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг бүрдүүлж буй гэх агуулгатай хууль зүйн үндэслэл байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч маргаан бүхий актыг хууль ёсны, зорилгодоо нийцсэн гэж үзсэнд үндэслэлгүй. Иймд дээр дурдагдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

9. Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоол, Төв аймаг дахь төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг тус тус баримтлан Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц-ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгчээс “... ажлын байр сулраагүй байхад сонгон шалгаруулалт зарласан, ...шүүхийн шийдвэрээр намайг эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон,... хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “...Улсын дээд шүүхийн 99 дүгээр тогтоолыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулсан, ...П.Ц- оролцох эрх нээлттэй байхад оролцоогүй, ...төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь аймаг дахь Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Г.Батжаргалыг уг албан тушаалд томилсон нь ... хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

10. Маргаан бүхий актын үндэслэл болсон Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 99 дүгээр тогтоолд “... цаашид хариуцагч нь Төв аймаг дахь төрийн албаны Зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 44 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхдээ маргаж буй ажлын байранд томилогдох этгээдийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамд нийцүүлэн сонгон шалгаруулж, томилоход шүүхийн энэ тогтоол саад болохгүйг тэмдэглэж байна” гэж дүгнэсэн, Төв аймаг дахь төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор “... П.Ц- нь төрийн жинхэнэ албан хаагч тул Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилон ажиллуулах боломжтой гэж дүгнэсэн нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14.а заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр тус Салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосноос үзвэл, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон буюу “... сонгон шалгаруулалт зарлах ёсгүй, эсхүл ёстой эсэх, ... маргаан бүхий ажлын байранд сул орон тоо гараагүй” гэх үйл баримтыг энэ хэргийн хувьд дахин дүгнэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасанд нийцэхгүй бөгөөд мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч,... шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” юм.

11. Түүнчлэн, хариуцагч Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга нь Улсын дээд шүүхийн 2018 оны 99 дүгээр тогтоолыг биелүүлж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар П.Ц-ийг эрхэлж байсан ажилд буюу Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилсноор, уг тогтоолд заасан “...маргаж буй ажлын байранд томилогдох этгээдийг холбогдох хууль, журамд нийцүүлэн явуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд томилох” хариуцагчийн бүрэн эрхийг үгүйсгэхгүй, нэхэмжлэгчийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн Төв аймаг дахь төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолыг “хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон тус Салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоол хүчинтэй хэвээр байна.

12. Үүний зэрэгцээ, хариуцагчийн захиалгаар зарлаж, Төв аймаг дахь төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сард зохион байгуулж явуулсан “...сумын Засаг даргын Тамгын газрын дарга”-ын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч өөрөө оролцоогүй, тус сонгон шалгаруулалтанд орж, тэнцсэн гуравдагч этгээд Г.Батжаргалыг “томилуулах”-аар тус Салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор нэрийг нь дэвшүүлснээр маргаан бүхий албан тушаалаас П.Ц-ийг чөлөөлж шийдвэрлэхдээ хариуцагч нь, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж заасныг баримталсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

13. Тодруулбал, нэхэмжлэгч П.Ц-ийг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохдоо Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасныг зөрчсөн болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон, иймээс “сул орон” гарсан гэж үзэх талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

14. Мөн, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар П.Ц-ийг “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу шалгаруулт явуулах хүртэл” гэж түр томилж, уг тушаалыг хүчинтэй байх хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05/317 дугаартай албан бичгээр “сонгон шалгаруулалт”-ын захиалгыг Төв аймаг дахь төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хүргүүлсэн хэдий ч тухайн ажлын байранд “сонгон шалгаруулалтгүй”-ээр томилогдсон этгээд ажиллаж, “маргаан”-тай албан тушаал болохыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон энэ тохиолдолд “түр”-ээр гэж томилсон /хүчингүй болсон/ тушаал нь аливаа үр дагавар үүсгэхгүй юм.

15. Иймээс, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... ажлын байр сулраагүй байхад төрийн албанаас чөлөөлсөн, ... Засаг даргын хүчингүй болгосон 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг үндэслэн дүгнэсэн нь учир дутагдалтай” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

16. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Ц-ийн хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2019/0019 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 625 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                         Ч.ТУНГАЛАГ