Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 144/ШШ2025/00095   

 

 

 

 

 

 

 

 

 

     2025             04               08                                                144/ШШ2025/00095                                    

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.************* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ************* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***************** холбогдох,

 

Санхүү, хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, үр дүнгийн урамшуулалт цалинд 21.000.000 төгрөг, илүү 45 цагийн цалин хөлсөнд 1.342.329,55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлсөнд 1.750.000 төгрөг, нийт 24.092.329,60 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд бүгд 48.731.819 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******/цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.*******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.*******нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний бие **************нь *******ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай 5/64 дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т хөрөнгө оруулалт, төлөвлөлт судалгааны хэлтсийн хөрөнгө оруулалтын судалгааны ажилтны албан тушаалд хоёр сарын туршилтын хугацаагаар томилогдон ажилласан. Дээрх туршилтын хугацаа дуусгавар болж *******ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Туршилтын хугацааг дуусгавар болгож, ажилд томилох тухай *******дүгээр тушаалаар мөн албан тушаалаар үндсэн ажилтнаар томилогдсон болно.

*******ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн *******дүгээр тушаалаар тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор томилогдон *******ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/41 тушаал гарах хүртэл ажилласан. Иргэн миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил удаа дараа гаргасан гэж заасан нь огт үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна.

Учир нь би тус компанид ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д заасныг зөрчиж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй удаа нэг ч байхгүй, мөн ажлын хариуцлага алдсан алдаа дутагдал гаргаж байгаагүй атал огт гаргаагүй алдаа дутагдлыг удаа дараа гаргасан мэтээр тушаалд дурдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонд гомдол гаргаж, үндсэн ажилдаа эргүүлэн томилуулахаар тохиролцоонд хүрэх хүсэлтийг үүгээр илэрхийлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний тус компанид ажиллах хугацаанд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ нэг ч удаа авахуулж байгаагүй байдал нь миний алдаа дутагдал гаргаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил гаргаж байгаагүй гэдгийг нотлохоос гадна *******ХК-ийн гүйцэтгэх захирлын Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/41 тушаал нь хууль бус, үндэслэлгүй гэдгийг давхар батална.

Иймд Б.*******миний биеийг *******ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газар-т ахлах нягтлан бодогчоор эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны албан тушаалын цалинг бодож олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг *******ХК-ийн гүйцэтгэх захиралд тус тус даалгаж өгнө үү.

“*******” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан ашгаас ажилчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшуулалт цалинг олгохоор шийдвэрлэсэн боловч Б.*******миний биеийг шүүхэд гомдол гаргасан гэдэг шалтгаанаар надад урамшуулалт цалин болох 21.000.000 төгрөгийг олгоогүй нь хууль бус бөгөөд шударга ёс, тэгш байдлын зарчимд харшилна гэж үзэж байна.

2023 оны 11-р сард нийт 87 цаг илүү цагаар ажилласнаас 42 цагийн хөлс олгож үлдсэн 45 цагийн 1.342.329,55 төгрөгийг олгоогүй бөгөөд “*******” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал С.*******миний илүү цагийг баталсан боловч тус компанийн ерөнхий нягтлан бодогч П.*******42 цагийн илүү хөлс бодоод үлдэгдэл 45 цагийн хасаж олгосон.

Мөн ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлс (0.5 хувиар тооцсон) 1.750.000 төгрөгийг мөн хууль бусаар олгоогүй болно.

Иймд үр дүнгийн урамшуулалт цалинд 21.000.000 төгрөг, илүү 45 цагийн цалин хөлсөнд 1.342.329,55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлсөнд 1.750.000 төгрөг, нийт 24.092.329,60 төгрөгийг гаргуулж өгнө үү.

“*******” ХК-аас ажлаас халагдсан 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 06 дуаар сарын 30 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэг сард 3.500.000 төгрөг, нийт 7.750.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 40 хувиар цалин нэмсэн бөгөөд нэг сард 4.900.000 төгрөг, нийт 40.981.819 төгрөг, ажилгүй байсан нийт цалин 48.731.819 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.*******“*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний Б/41 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Санхүү хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан Б.*******Хөдөлмөрийн гэрээний 6.2.7 дахь хэсэгт заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон байгаа. Энэ нь дараах нотлох баримт, үйл баримтаар батлагдаж байгаа. “*******” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.*******болон Б.*******нарын хооронд и мэйлээр үүрэг даалгавар удаа дараа өгсөн байдаг. Хугацааг нь тодруулаад хэлэх юм бол 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 56 минутад 2022 оны жилийн эцсийн тайлан, тодруулгыг бүрэн ирүүлнэ үү, эдгээр ажлын гүйцэтгэл дутуу байгааг гүйцэтгэнэ үү гэсэн агуулга бүхий мэйлээр үүрэг өгсөн байдаг. Мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 08 минутад 2022 оны санхүүгийн тайлан болон бусад холбогдох баримтыг өнөөдөртөө багтаан хүлээлгэн өгөхийг гүйцэтгэх захирал үүрэг болгож, үүнийг ерөнхий нягтлан бодогч П.*******нь давхар үүрэг болгож мэйлээр үүрэгжүүлсэн байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 19 минутад 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн нэр төрлийн тайлант данс, нэр төрөл тус бүрээр гарган ирүүлэх гэсэн үүрэг даалгаврыг удаа дараа и-мэйлээр харилцан өгсөн байдаг. Б.*******нь эдгээр үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд нь биелүүлдэггүй, хариу үйлдэл ирүүлээгүй байсан. Мөн *******ерөнхий нягтлангаас гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд асууж тодруулсан байдаг. Гэрчээр *******нь мэдүүлэхдээ Б.*******нь үүрэг даалгавар биелүүлж байгаагүй, энэ хүний хийж байгаа санхүүгийн ажлаас нь шалтгаалаад манайх 2023 оны санхүүгийн тайланг сөрөг дүгнэлттэй гарсан энэ үзүүлэлтэд Б.*******-ынажилласан үр дүнгийн үйл явц нь нөлөөлсөн байдаг. Ер нь үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг байдлаар гэрчийн мэдүүлэг өгч байсан. Б.*******шүүх хуралдааны явцад хоёроос гурван удаа шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Нэмэгдүүлсэн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг саналаа хэлж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.*******шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч Б.*******-ын үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасанчлан хөдөлмөрийн гэрээнд байгаа ноцтой зөрчлийг зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д тодорхой зааж өгсөн, энэ зөрчлийг Б.*******гаргасан, тодруулбал ажлын байрны тодорхойлолтоор шууд удирдах албан тушаалтан гүйцэтгэх захирал мөн ерөнхий нягтлан бодогч байна гэж заасан байгаа. Гэтэл ерөнхий нягтлан бодогчоос удаа дараа өгсөн буюу 2023 оны 12 сарын 23-наас 2024 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд удаа дараа ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхээр үүрэг даалгавар өгсөн боловч огт хариу өгөөгүй, тухайн ажил үүргийг огт гүйцэтгээгүй байдаг. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д тусгайлан заасан буюу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг заагдсан хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй, удаа дараа зөрчил гаргасан гэдэг ноцтой зөрчлийг гаргасан байгаа. Удирдах албан тушаалтнууд бол чи энэ ажил үүргээ гүйцэтгээч, аудит орох гээд байна, санхүүгийн тайлангаа гаргаач гэдэг байдлаар удаа дараа хандсан, гэхдээ энэ үүргээ биелүүлээгүй байдаг. Ийм учраас Санхүү хөрөнгө оруулалтын газраас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захиргаа удирдлагын газарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Энэ хүн ажил үүргээ гүйцэтгэхгүй байна, ийм зөрчил болоод байна гэдэг саналыг өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Эдгээр баримтууд нь гэрч Алтанзаяагийн мэдүүлэг мөн албан эрхийнхээ хүрээнд ажил үүргийн даалгавар өгсөн байдлаас тодорхой харагддаг байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд 2023 онд байгууллага ашигтай ажилласнаар 2024 онд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 21 сая төгрөг өгнө гэж ярьдаг. Гэтэл урамшуулалт цалин авах үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт Б.*******-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийг санаачилгаар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цуцлагдсан байдаг. Үүн дээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул урамшууллыг нөхөн олгох үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа. Хоёрт хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан ажилтанд урамшуулал олгох хууль зүйн үндэслэл байхгүй, байгууллагын дотоод журамд зөрчил гаргаагүй ажилтанд урамшууллын тогтолцоо үйлчилдэг тохиолдолд зөрчил гаргасан ажилтанд үйлчлэхгүй гэж үзэж байна. Дараагийн үндэслэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т эрхээ зөрчигдсөний мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх байгууллага буюу хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо, хөдөлмөрийн маргаан таслах комисс эдгээр байгууллагуудад хууль журмын дагуу хандалгүйгээр шууд шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна гэж үзэж байна. Илүү цагийн хөлс олгоогүй тухайд мөн адил Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасны дагуу эдгээр байгууллагад хандаагүй буюу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаагүй байна гэж үзэж байна. Илүү цагийн хөлс олгох тухай баримт дээр цэнхэр бал болон хар балаар бичсэн байдаг. 42 цагаар илүү цагаар ажилласан гэж *******олгохыг зөвшөөрсөн байдаг. Гэтэл яг хажууд нь цэнхэр балаар *******өөрөө бичсэн буюу 87 цагийг өөрөө бичсэн гэдгээ өмнөх шүүх хуралдаан дээр ч гэсэн ярьдаг. Цэнхэр балаар бичсэн бичгийг Б.*******-ын бичиг гэж ярьдаг. Тэгэхээр нийтдээ 42 цагийг олгох нь үндэслэлтэй гэж компанийн үзсэн байдаг. Хэрвээ илүү цаг олгогдоогүй гэж үзсэн бол тухайн үед илүү цаг олгогдоогүй байна гээд тухайн үедээ хандах боломж нь байсан. Тэгэхээр энэ хэрэг дээр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй гэж цалин хөлсийг шаардсан байдаг. Ээлжийн амралтын хувьд олгосон байгаа, мөн адил хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан ажлаас гарснаас хойш дөрвөн сарын дотор хандах боломжтой байсан. Ээлжийн амралтыг олгоогүй тэр цагаас нь хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороогоор урьдчилан шийдвэрлүүлэхээр хандах бүрэн боломжтой байсан гэж харж байна. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Намайг ажлаас халагдсанаас хойш цалин хөлс нэмэгдсэн байна, би хэрвээ ажиллаж байсан бол энэ цалин хөлсийг бүтнээр нь авах боломжтой гэдэг тайлбарыг өгдөг, энэ бол үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Б.*******-тай2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ ахлах нягтлан бодогчийн албан тушаал дээр байгуулагдсан. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ дээр үндсэн цалингийн үнэлгээг 3,500,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Уг гэрээ 2024 оны 02 сарын 14-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан 49.1.3-д цалин хөлсний хэмжээ хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл байна гээд талууд харилцан тохиролцож гэрээн дээр тусгасан байгаа. Үүн дээр цалин хөлсийг 40 хувиар нэмэгдсэн үнийн дүнгээр Б.*******-тай бол тусдаа харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, тохиролцоог огт хийгээгүй байгаа. Гэтэл нэхэмжлэгч маань ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг огт тохиролцоогүй буюу цалин хөлсний хэмжээгээр нэмэгдүүлэн нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж харж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасан байгаа ажилгүй байсан хугацааны цалин бол өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлого байж ажил олгогчид нөхөн олгоно гэж заасан байгаа. Хэрвээ өмнө нь ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдол байгаа. Тэгэхээр өмнө нь авч байсан цалингаас бодно гэж тодорхой заасан. Мөн Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох дүрэм байгаа. Энэ дүрмийн 2.3-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор олгохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Мөн 2.3.5-д урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор байхаар тусгайлан заасан. Нэхэмжлэгч Б.*******-ын цалин хөлсийг тооцохоор бол хөдөлмөрийн гэрээ цуцлагдахаас өмнөх гурван сарын цалин хөлснөөс сарын дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу хийж, тооцох нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2024 оны 07 дугаар сараас хойш цалин нэмэгдсэн эсэх асуудал энд хамааралгүй, ирээдүйд авах ёстой байсан цалингаасаа тооцож цалин хөлсөө тооцож нэхэмжлэл гаргана гэдэг үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас: “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1-151 дугаартай тодорхойлолт, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0140 дугаартай итгэмжлэл, “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тухай тушаал, “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн *******дугаартай “Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” тушаал, “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *******дугаартай “Туршилтын хугацааг дуусгавар болгож ажилд томилох тухай” тушаал, “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугар сарын 09-ний өдрийн *******дугаартай “Б.*******томилох тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ,  иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэмэгдүүлсэн  шаардлага, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” зэргийг хавсарган ирүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-12, 13, 14, 100-101, 120-121, 123 дахь тал/

 

Хариуцагч талаас: “*******” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хөдөлмөрийн гэрээ, “*******” ХК-ийн ахлах нягтлан бодогчийн ажлын байр албан тушаалын тодорхойлолт, “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/79 дугаартай “Журам батлах тухай” тушаал, хөдөлмөрийн дотоод журам,  цахим хаягаар харилцсан баримтууд, Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан, Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн тайлан,  дотоод үнэ шилжилтийн тайлан, Агаарын бохирдлын төлбөрийн тайлан,  Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 295 дугаартай дүгнэлт, өмгөөлөгчөөр оролцох тухай мэдэгдэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,  “*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай “Урамшуулал олгох тухай” тогтоол, “*******” ХК-ийн ажилчдын илүү цагаар ажилласан хөлс олгох хуудас, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргах тухай урьдчилан мэдэгдсэн уулзалтын тэмдэглэл, “*******” ХК-ийн дотоод албан бичиг,  “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Журам батлах тухай” тушаал, цалин хөлсний журам, цахим хаягаар харилцсан баримтууд, *******цалин олгосон дүн” зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 23, 26-28, 33-35, 36-40, 41, 42-58, 59-62, 63-65, 66-68, 69-72, 73-89, 90-91, 105, 106-109, 124, 125-126,131-133, 135, 136-139, 140, 141-143, 144-147, 149 дэх тал/  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.*******нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан Санхүү хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, үр дүнгийн урамшуулалт цалинд 21.000.000 төгрөг, илүү 45 цагийн цалин хөлсөнд 1.342.329,55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлсөнд 1.750.000 төгрөг, нийт 24.092.329,60 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд бүгд 48.731.819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

1. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, “*******” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын тухайд:

 

Б.*******нь “*******” ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба үүнээс хойш 19 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргад, Засаг даргаас ирүүлсэн хариуг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дараа  буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гомдлоо гаргасан болох нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1-151 дугаартай албан бичиг, нэхэмжлэлд дарагдсан дардасаар тус тус тогтоогдож, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.8-т заасныг тус тус зөрчөөгүй байна.

 

Б.*******нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс “*******” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газарт хөрөнгө оруулалт, төлөвлөлт судалгааны хэлтсийн хөрөнгө оруулалтын судалгааны ажилтны албан тушаалд туршилын 2 сарын хугацаагаар, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс Санхүү, хөрөнгө оруулалтын газарт хөрөнгө оруулалт, төлөвлөлт судалгааны хэлтсийн хөрөнгө оруулалтын судалгааны ажилтнаар, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс Санхүү, хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байх ба тус компанийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 6, 7, 8, 9, 10-12, 33-35, 36-40 дэх тал/

 

Хариуцагч “*******” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/14 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох” тухай тушаалд: “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/79 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг, Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан “Ёс зүйн дүрэм”-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг”-ийг тус тус үндэслэсэн, мөн тушаалд: “...Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах нягтлан бодогч **************нь ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 6.2.7 дахь хэсэгт заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил удаа дараа гаргасан тул 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг цуцалсугай...” гэж дурджээ. /хавтас хэргийн 6 дахь тал/

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “...

Б.*******нь “*******” ХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.*******болон Б.*******нарын хооронд и мэйлээр үүрэг даалгавар удаа дараа өгсөн байдаг. Хугацааг нь тодруулаад хэлэх юм бол 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 56 минутад 2022 оны жилийн эцсийн тайлан, тодруулгыг бүрэн ирүүлнэ үү, эдгээр ажлын гүйцэтгэл дутуу байгааг гүйцэтгэнэ үү гэсэн агуулга бүхий мэйлээр үүрэг өгсөн байдаг. Мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 08 минутад 2022 оны санхүүгийн тайлан болон бусад холбогдох баримтыг өнөөдөртөө багтаан хүлээлгэн өгөхийг гүйцэтгэх захирал үүрэг болгож, үүнийг ерөнхий нягтлан бодогч П.*******нь давхар үүрэг болгож мэйлээр үүрэгжүүлсэн байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цаг 19 минутад 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн нэр төрлийн тайлант данс, нэр төрөл тус бүрээр гарган ирүүлэх гэсэн үүрэг даалгаврыг удаа дараа и-мэйлээр харилцан өгсөн байдаг. Б.*******нь эдгээр үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд нь биелүүлдэггүй, хариу үйлдэл ирүүлээгүй нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.7-д тодорхой зааж өгсөн ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

Ажил олгогчоос ажилтантай 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.7-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан” гэж зааж, ажилтны гаргасан энэ үйлдлийг ноцтой зөрчил гэж үзэхээр хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь хэсэгт заажээ. /хавтас хэргийн 10-13 дахь тал/

 

Гэвч ажил олгогч “*******” ХК-ийн Гүйцэтгэх захирал нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б/41 дугаартай тушаал гаргахдаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа үндэслэл, холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул уг тушаалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэх үндэслэлгүй тул “*******” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******урьд эрхэлж байсан “*******” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газарт ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

 

2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулалт цалинд 21.000.000 төгрөг, илүү 45 цагийн цалин хөлсөнд 1.342.329,55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлсөнд 1.750.000 төгрөг, нийт 24.092.329,60 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд бүгд 48.731.819 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

Шүүхэд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, үр дүнгийн урамшуулалт цалинд 21.000.000 төгрөг, илүү 45 цагийн цалин хөлсөнд 1.342.329,55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлсөнд 1.750.000 төгрөг, нийт 24.092.329,60 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд бүгд 48.731.819 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

 

Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон учир ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэж тооцно.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тус шүүхийн шийдвэр гарсан буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход ажлын 285 хоног байна. (2024.02 сард ажлын 11, 2024.03 сард ажлын 20, амралтын 1, 2024.04 сард ажлын 22, 2024.05 сард ажлын 22 хоног, амралтын 1, 2024.06 сард ажлын 19, амралтын 1, 2024.07 сард ажлын 19, амралтын 4, 2024.08 сард ажлын 22, 2024.09 сард ажлын 21, 2024.10 сард ажлын 23, 2024.11 сард ажлын 20, амралтын 1, 2024.12 сард ажлын 22, 2025.01 сард ажлын 22, амралтын 1, 2025.02 сард ажлын 20, 2025.03 сард ажлын 16, амралтын 4, 2025.04 сард ажлын 6 хоног гэж тооцсон)

 

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн Б.*******-ын сүүлийн 3 сар болох 2024 оны 01, 2023 оны 12 сар, 2023 оны 11 дүгээр сарын цалингийн дундажаар 1 сарын цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтооход (5.082.000+5.692.000+6.004.500=16.778.500 төгрөг):3 сар=5.592.833 төгрөг, нэг сарын ажлын өдрийг 21 хоногоор тооцоход 1 ажлын өдрийн цалин 266.325 төгрөг, үүнийг ажилгүй байсан хугацаа болох 285 хоногоор тооцоход нийт 75.902.625 төгрөг болж байгаа хэдий ч шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг дараахь байдлаар тооцсон.

 

Нэхэмжлэгч нь 2025.03.13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...“*******” ХК-аас ажлаас халагдсан 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 06 дуаар сарын 30 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэг сард 3.500.000 төгрөг, нийт 7.750.000 төгрөг, 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 40 хувиар цалин нэмсэн бөгөөд нэг сард 4.900.000 төгрөг, нийт 40.981.819 төгрөг, ажилгүй байсан нийт цалин 48.731.819 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нь: “2024.02.14-2025.03.10-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нэхэмжилсэн 48.731.819 төгрөгөөр, 2025.03.10-2025.04.08-ны өдөр хүртэлх ажлын 20 хоногийг хуулинд заасан дээр дурдсан аргачлалаар тооцож 5.326.500 төгрөг (ажлын нэг өдрийн цалинг 266.325*20 хоног=нийт 5.326.500)-өөр тус тус тооцож, нийт 54.058.319 төгрөгийг хариуцагч “*******” ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулж, нэхэмжлэгч Б.*******олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхэд нэхэмжлэгч нь “үр дүнгийн урамшуулалт цалинд 21.000.000 төгрөг гаргуулах” тухай шаардлага гаргасан ба хавтас хэрэгт “*******” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.04.22-ны өдрийн 02 дугаартай “Урамшуулал олгох” тухай тогтоол авагдсан байгаа хэдий ч уг тогтоолд: “...мөнгөн урамшууллыг компанийн Цалин урамшуулалын журмын дагуу олгох...тогтоолын дагуу урьдчилан тогтоосон урамшууллыг хасч олгохоор” заасан байх ба урьдчилан тогтоосон урамшуулал нь хэд болох, тэрийг хэрхэн тооцох, урамшуулалыг хэрхэн тооцдог болох нь тодорхойгүй, үүнийгээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй,

Нэхэмжлэгч нь “Илүү 45 цагийн цалин хөлсөнд 1.342.329,55 төгрөг гаргуулах” тухай шаардлага гаргасан ба илүү 45 цаг ажилласан болохоо бичгийн нотлох баримтаар нотлоогүй,

Нэхэмжлэгч нь “Ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлсөнд 1.750.000 төгрөг гаргуулах” тухай шаардлага гаргасан ба хавтас хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 226 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай мэдэгдэл, мэдэгдэлд: “**************нь 2023 оны ээлжийн амралтыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал 20 өдрөөр олгов” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь мэдэгдэлд зааснаар ээлжийн амралтаа биеэр эдлээгүй гэдгээ бичгийн нотлох баримтаар тус тус нотлоогүй,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /хавтас хэргийн 124, 126 дахь тал/

 

3. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй.”, 43.2.7.-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж тус тус заасан.

 

Иймээс нэхэмжлэгч Б.*******-ын цалин хөлстэй тэнцэх олговор 54.058.319 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч “*******” ХК-д даалгаж байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 750.222 (70.200+278.412+401.610) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 498,442 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан “*******” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******урьд эрхэлж байсан “*******” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 54.058.319 төгрөгийг хариуцагч “*******” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.*******олгохоор, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үр дүнгийн урамшуулалт цалинд 21.000.000 төгрөг, илүү 45 цагийн цалин хөлсөнд 1.342.329,55 төгрөг, ээлжийн амралтаа биеэр эдлүүлээгүйн цалин хөлсөнд 1.750.000 төгрөг, нийт 24.092.329,60 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 54.058.319  төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч “*******” ХК-д даалгасугай.   

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 750.222 (70.200+278.412+401.610) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 498.442 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДАВААНАРАН