| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0074/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Н.Б, Н.М, Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Д аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Д аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 07 сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 5 сар 18 хоногийн ялыг биечлэн эдэлж, 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 06 сар 12 хоногийг тэнсэн сулласан, 2016 оны 10 сарын 03-ны өдөр суллагдсан Б овогт Н.Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Д аймгийн С сумын 1 дүгээр багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урд нь Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 03 сар 10 хоногийг тэнсэн сулласан Ө овогт Н.М,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын З багийн харъяат, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Д аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, УБТЗ-н С дахь Замын ... ангийн ... дугаар хэсэгт ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Д аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 сарын 10-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2,200,000 төгрөгийн торгор ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 сарын 09-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Б овогт Н.Х нарт холбогдох эрүүгийн 182.0000.680048 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Н.Б, Н.М нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө У сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Э.С-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтрэн орж мөнгөн эмээл хулгайлсан,
шүүгдэгч Н.Б, Н.Х нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард С сумын 5 дугаар багт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангийн Хүрээ 3 байгууламжийн 29 ширхэг дээврийн зориулалттай орос төмрийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг мэтгэлцэгч талуудаас шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Х бид хоёр 2017 оны 10 сарын сүүлчээр цэргийн ангийн срем төмрөөс 29 ширхэгийг авсан нь үнэн. Гэхдээ тухайн үед тэрийг цэргийн ангийнх гэж мэдээгүй, харуул хамгаалалтгүй балгас, цэргийн ангийн туйраас хэрэглэхгүй болсон төмрийг авсан л гэж бодсон. Харин одоо цэргийн ангид бүртгэлтэй гэж ойлгож мэдсэн. Бид хоёр төмрийг нь цэргийн ангид буцаан өгсөн, А-д 750,000 төгрөгийг өгч хохирлыг барагдуулсан. Эмээлийн хувьд гэвэл би өмнө нь эгчдээ эмээлээ зарах гэж байгаа бол би барьцаанд тавьж түр хэрэглэе гэж хэлж байсан бөгөөд миний эмээлийг авах арга нь буруу болсон юм. Энэ асуудалд М ямарч хамаагүй юм. Учир нь М-д манай эгчийн эмээл гэж хэлсэн, У-д очоод намайг байшингийнх нь цонхыг хагалаад орохыг М хараагүй, машинд сууж байсан. Тэгээд Сайншанд орж М-д 1,800,000 төгрөгөөр зарч, машиныхаа зээлэнд 200,000 төгрөгийг төлж, үлдэхийг нь ууж, идээд наргиад дууссан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Эмээлийг М-с авч өгөөд, М-д хохирлыг барагдуулсан байгаа. Эрх танхи, дутах гачигдах зүйлгүй л өссөн, болчимгүй зангаасаа болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Б эхнэртэйгээ муудсан гээд манайд архи бариад ирсэн. Бид уусан. Б хүргэний эмээл байгаа гэж хэлсэн, бид хамтдаа авах хүн олохоор С-нд очсон, тэгээд ярилцаад үзье гэхээр нь бензиний мөнгө урьдчилаад өгчих, аваад ирье гэхэд эхлээд аваад ир гэсэн. Тэгээд шатахуун түгээх станцад бичиг баримтаа тавьж 100,000 төгрөгийн шатахуун хийгээд У суманд шөнө ирсэн. Б хүргэнийдээ ороод удахгүй эмээлээ бариад гарч ирсэн. Би яаж орсныг нь хараагүй. Ингээд буцаж яваад маргааш нь М-д 1,800,000 төгрөгөөр өгсөн. Би 200,000 төгрөг л авсан. Б-г эгчдээ хэлсэн гэж бодсон. Би энэ хэрэгт оролцоогүй. 800,000 төгрөгийг М-д яагаад өгсөн гэхээр 200,000 төгрөг авсан байсан, бас хамт ууж идсэн болохоор төлсөн” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Б бид хоёр 2017 оны 10 сард цэргийн ангийн срем төмөрнөөс 29 ширхэгийг авсан нь хулгайлсан нь үнэн. Ер нь бол харуул хамгаалалтгүй, цэргийн ангийн туйр л гэж боддог байсан. Бид 2 авсан төмрөө А-д 750,000 төгрөгөөр зарсан байсан. Хэрэгт шалгагдаж байхдаа тухайн төмрийг А-с авч цэргийн ангид өгч, 750,000 төгрөгийг А-д өгч хохирлыг барагдуулсан байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
Н.М гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Б бид 2 мөнгөний талаар ярьж байгаад Б У суманд хуучны үеийн нэг эмээл байгаа, зарж борлуулах талаар ярьсан, ...машинтайгаа байшингийн урд талд очиж зогссон, би хэнийх юм бэ гэхэд манай хүргэнийх гэж хэлсэн. Б намайг орох уу гэхэд чи өөрөө ор гэж хэлэхэд Б гартаа миний савхин бээлийг өмсөөд гутлаа тайлаад байшингийн урд талынх нь цонхоор орсон.. ойролцоогоор 10 орчим минут болоод байшингаас гарч ирэхдээ хуйлаад тэвэрчихсэн эмээл авч гарч ирээд машиныхаа хойд талд хийсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/
2018 оны 03 сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 3-8/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 03 сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байхад С-н эхнэр Э өөрийн гар утсаар миний гар утас руу залгаад сумын төвд байдаг байшинд хулгай орсон байна, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт энэ талаар хэлээд өг гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 11/
Мөнгөн тоноглолтой эмээлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1-р хх-ийн 22/
Иргэн Д.М-с шар хээтэй гөлөмтэй, шар өнгийн хээтэй дөрөөтэй, мөнгөн тоногтой эмээл 1 ширхэгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23/
Эд зүйл буюу монгол эмээлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24/
Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ том хүү Э 2018 оны 03 сарын 23-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ хичээлийн хэрэглэлээ авах гээд очих үед нь байшингийн цонх нь онгорхой байсан гэсэн, гэртээ ороход мөнгөн тоноглолтой эмээл нь байхгүй байсан гэж надад хэлсэн. Надад утсаар манай хамаатны С эгч гэрт чинь хулгай орсон гэнэ, эмээл чинь алга болсон байна гэж хэлсэн, би хөдөөнөөс сумын төвд ирсэн. Тэр эмээлийг 2015 онд У сумын 2 дугаар багийн иргэн Б гэдэг хүнээс 8,000,000 төгрөгөөр худалдан авч байсан, шинэ цагийн эмээл” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27/
Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “ ...би тухайн үед Б-г эмээл авсаныг мэдээгүй, Б надаас эмээл авах талаар огт асууж байгаагүй...тухайн үед манай гэрт хэн орж хулгай хийснийг бид бүгд мэдээгүй байсан. Хадам ээж маань ганц бие хөгшин хүн байдаг. Ганц хүүтэй, тэгээд хадам ээж, эхнэр хоёр маань намайг гомдолгүй гээд хэлчих гээд гуйсан нь үнэн. Тийм болохоор надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65/
Иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 03 сарын 24-ний өдөр сэлбэгийн дэлгүүр орох гээд явж байхад С “энд нэг хүн эмээл зарах гээд явж байна, чи сонирхох уу” гэхэд нь үзье, хаана байгаа юм бэ гэж асуусан. Тэгээд С машинаасаа бууж ирээд хажуу талд зогсож байсан Тоёота Истима маркийн автомашин руу намайг дагуулж очсон. Тухайн үед машинд 2 залуу сууж байсан. Би залуучуудаас хэний эмээл вэ? Яах гэж байгаа эмээл юм бэ гэж асуухад Б гэх залуу нь “Би наад эмээлийг чинь 8,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм, Мөнгөний хэрэг болчихоод хямдхан зарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би тэр 2 залуугаас хулгайн эд зүйл биш биз дээ, дараа нь янз бүрийн юм байхгүй биз гэхэд байхгүй гэсэн. Хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар нь асуухад Б 2,000,000 төгрөгөнд өгчихмөөр байна гэж хэлсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан тул тэдэнд одоо надад мөнгө алга байна, би хүнээс мөнгө сураглаад олдвол наадахыг чинь авъя гэж хэлээд утсаа солилцоод салсан. Тэгээд би багийн найз болох Б-с 2,000,000 төгрөг зээлээд утас дээрээ тэмдэглэсэн байсан Н /М/-ийн дугаар руу залгаад та 2 эмээлээ зарсан уу гэтэл зараагүй байна, мөнгө чинь бүтсэн бол ирээд авчихгүй юү даа гээд байгаа газраа зааж өгсөн...1,800,000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд эмээлийг нь худалдаж авсан. Би Б, М нараас эмээл худалдаж авахдаа өгсөн мөнгө болох 1,800,000 төгрөгөө буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-68/
Насанд хүрээгүй гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 03 сарын 23-ны өдөр 08 цагийн орчим гэртээ очсон. Намайг гэр рүү орох гэтэл том өрөөний цонх нээлттэй байсан. Тэгээд цонхны гаднаас гэр доторхийг хартал гэрийн том өрөөний баруун хойд талд шалны модон дээр тохсон эмээл байхгүй, шалны мод харагдаж байсан. Тэгэхээр нь түлхүүрээр хаалгаа нээж ороход гэрийн доторхи зүйл байсан байрандаа, ямар нэг зүйл хөдлөөгүй байсан. Аав, ээжийн утас холбогдохгүй байсан, ...Б-н дугаарын утас руу залгаж гэрт хулгай орж эмээл алдагдсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ А ХХК-ний 2018 оны 05 сарын 10-ны өдрийн “ мөнгөн эмээлийн зах зээлийн үнэ 6,000,000 төгрөг” гэсэн 118/051 дүгнэлт /1-р хх-ийн 76-78/
Шинжээч С.Э 2018 оны 05 сарын 30-ны өдрийн “ Мөнгөлөг өнгөтэй, 2017 оны 03 сарын 13-нд Монгол Улсанд орж ирсэн Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 1,500,000 төгрөг” гэсэн 74 тоот дүгнэлт /1-р хх-ийн 85/
Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолын, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 07 сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 97-113, 118-121/
Гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Н.Б нь 2018 оны 01 сарын 23-нд Тоёота Истима маркийн автомашиныг барьцаалан зээл авч гэрээ байгуулсан юм. Тухайн зээлийг Н.Б-д олгохдоо барьцаалсан автомашины эзэмшигчийг нь шилжүүлэн миний нэр дээр болгосон байгаа учир нь уг зээлийг төлж дууссаны дараа нь буцаагаад Н.Б нэр дээр болгох учиртай. Гэрээнд зааснаар Б барьцаалсан автомашинаа өөрөө унаж, эзэмших эрхтэй байгаа болохоор хэзээ хаагуур унаад явж байгааг бид нар мэдэхгүй. Уг автомашин нь манай байгууллагынх гэж ойлгож болохгүй, зөвхөн 1,500,000 төгрөгийн барьцаанд эзэмшигч нь солигдсон машин байгаа юм. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлага байхгүй, манайх гэрээнд заагдсаны дагуу Н.Б-с иргэний журмаар л мөнгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 153-154/
Б.Н-н өмчлөлийн Тоёото Истима маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-тйг 155/
Хохирогч Э.С-д мөнгөн тоноглолтой эмээлийг хүлээлгэн өгсөн тухайн тэмдэглэл /1-р хх-ийн 163/
Прокурорын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн “ Н.Б, Н.Х нарт холбогдох эрүүгийн 1819000530054 дугаартай хэргийг 182000680048 дугаартай хэрэгт нэгтгэсүгэй” гэсэн 5/06 тоот тогтоол /хх-ийн 165/
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ А ХХК-ний 2018 оны 02 сарын 22-ны өдрийн “ дээврийн зориулалттай орос төмөр 200 ширхэг, зах зээлийн дундаж үнэ 18,900, нийт үнэ 3,780,000 төгрөг” гэсэн 773 тоот дүгнэлт /1-р хх-ийн 177-178/
Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай ангийн Хүрээ-3 байгууламж нь 1981 онд 232 сая төгрөгийн үнэтэй ашиглалтанд орсон. Манай ангид сахиулын орон тоо 2017 оны 07 сарын 01-нээс хасагдаж ямар ч харуул хамгаалалтгүй болсон. 2017 оны 09 сард дээврийн төмөр болон хананы төмөр алга болсон байсан. Алдагдсан төмөр нь урт нь 4 м, өргөн нь 2 м төмрүүд байсан. Энэ төмөр нь оросын зузаан төмөр байсан, Одоо худалдаалагдаж байгаа төмрөөс хамаагүй зузаан, чанартай төмөр учраас нэг төмрийг 35,000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 182-183/
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2017 оны намар над руу Х залгаад хуучин цэргийн ангийн барилгаас хэдэн төмөр аваад дөхүүлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрч вокзал дээр яваад очсон.Тэгээд Х, Б-г дуудаад бид 3 хамт явж тэндээс төмөр авсан. Б-нд буулгаж өгөөд явсан. Зарвал хэдэн ширхэгийг авна шүү гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 191/
Гэрч З.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Зүүнбаянд хэдэн га газарт худалдан авсан, тэгээд хашаа хатгах гээд хашаа хийх материал хайж байсан юм. Тэгтэл 2017 оны 10 сарын дундуур Т, Х, Б нар нь нар нь ирээд та смен төмөр хайж байгаа юм уу гэхээр нь би тиймээ би урдаас бараагаа татахдаа бүгдийг нь захиалах гэж байгаа нэг хэлтэл дүү нарт нь мөнгөний хэрэг гараад байна, бид нарт хэдэн смен төмөр байна, та авчихаач гэхээр нь за за нэг нутгийн улс, эргээд буух эзэнтэй юм гэж бодоод авсан. Б манай хашааны төмөр гэж байсан. 30 ширхэг смен төмрийг нэг ширхэгийг нь 25,000 төгрөгөөр нийт 750,000 төгрөгөөр худалдан авсан, худалдан авсан газартаа хашаа барьсан байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 202-203/
Гэрч З.А “ Зүүнбаян 5-р багийн иргэн З.А төлбөрийг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол саналгүй болно “ гэсэн тодорхойлолт /1-хх-ийн 220/
Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд хурандаа Б.Б-н 2018 оны 06 сарын 04-ний өдрийн “ Н.Х-с 2018 оны 05 сарын 13-ний өдөр СРМ-ийн зориулалттай 29 ширхэг төмрийг хүлээн авч, ангийн агуулахад хадгалж байгаа болно” гэсэн 1/144 тоот албан бичиг /1-р хх-ийн 221/
Прокурорын 2018 оны 05 сарын 31-ний өдрийн “ Тоёото Истма маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай 5/14 дугаар тогтоол /1-р хх-ийн 224-225/
Иргэний нэхэмжлэгч Д.М “ би 2018 оны 07 сарын 06-ны өдөр Н.Б-с хохирлын мөнгө болох 1,800,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хүлээн авсан болно. Үлдэгдэл 800,000 төгрөгийг М-с авах тул цаашид Н.Б-с нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно” гэсэн мөнгө хүлээн авсан тухай баримт /2-р хх-ийн 15/
Зэвсэгт хүчний дугаар ангийн барилга байгууламжийн бүртгэл /2-р хх-ийн 17-18/
Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 сарын 10-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолын, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 сарын 09-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 19-26/
Н.М би Д.М-д үлдэгдэл 800,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 14-нд хүлээлгэн өгч төлбөр тооцоо дууссан болно, мөнгө хүлээн авсан Д.М гэсэн мөнгө хүлээлцсэн баримт /3-р хх-ийн 71/
Н.Х нь Улаанбаатар төмөр замын Замын ... ангид тасралтгүй 5 жил ажиллаж байна, ажиллах хугацаандаа тасралтгүй хамт олны дунд биеэ авч явах чадвар сайн ба урлаг, спортын тэргүүний ажилтан юм” гэсэн тодорхойлолт,/3-р хх-ийн 68/
Хохирогч Э.С шүүхэд өгсөн “ Н.Б нь өөрийн болчимгүй үйлдлийг улмаас хэрэгт холбогдсон байна, бидний хувьд гомдол,санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие нь шүүх хуралд оролцохгүй бөгөөд хуульд хөнгөрүүлж болох бүх боломж нөхцлийг ашиглан Б-д хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт /3-р хх-ийн 75/
Иргэний нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан” Э.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Тоёота Истима маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын барьцааны эд хөрөнгө тул прокурорын битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг бидний өмчлөлд үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт /3-р хх-ийн 79-80/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Н.Б, Н.Х нар нь бүлэглэж, 2017 оны 10 дугаар сард Д аймгийн С сумын З багт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний дугаар ангийн Хүрээ 3 байгууламжийн 29 ширхэг дээврийн зориулалттай орос төмрийг хууль бусаар авч 548,100 төгрөгийн хохирол учруулсан
шүүгдэгч Н.Б, Н.М нар нь бүлэглэж, 2018 оны 03 сарын 23-ны шөнө Д аймгийн У сумын төвд хохирогч Э.С-н байнга амьдрах орон байрны цонхыг хагалж, дотогш нэвтрэн орж мөнгөн тоноглолтой эмээлийг хулгайлж, 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Н.Б, Н.Х нарын дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг,
шүүгдэгч Н.Б, Н.М нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б, Н.М, Н.Х нар нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан 2018 оны 03 сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 3-8/, гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 11/, мөнгөн тоноглолтой эмээлийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1-р хх-ийн 22/, иргэн Д.М-с шар хээтэй гөлөмтэй, шар өнгийн хээтэй дөрөөтэй, мөнгөн тоногтой эмээл 1 ширхэгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23/, эд зүйл буюу монгол эмээлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24/, хохирогч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 27, 65/, иргэний нэхэмжлэгч Д.М-н /1-р хх-ийн 67-68/, насанд хүрээгүй гэрч С.Э-н /1-р хх-ийн 69-70/, хохирогч Б.Т-н /1-р хх-ийн 182-183/, гэрч Э.Т-н /1-р хх-ийн 191/, гэрч Э.А-н /1-р хх-ийн 202-203/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тэдний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нь шүүгдэгч Н.М-г энэ гэмт хэрэгт оролцсон оролцоог тодорхойлоогүй, тэрээр хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Н.Б-тэй бүлэглэж үйлдээгүй, нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “ ...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй “ гэж тус тус заажээ. Тэгэхээр шүүгдэгч Н.М-н хувьд хуульд заасан эрхээ эдлэх эрхтэй боловч түүнийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутай болохыг мөрдөн шалгах ажиллагаанд явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон гэж шүүх үзсэн. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр, яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг өгөхдөө тогтворгүй, 3 өөр мэдүүлэг өгдөг бөгөөд тэрээр шүүгдэгч Н.Б-тэй хамт эмээл авчирч зарах талаар ярилцаж, худалдах хүнээ асууж сураглаж, Сайншанд суманд авчирч зарахаар тохиролцож, У сум руу явж авчиран иргэний нэхэмжлэгч М-д худалдан борлуулж, мөнгийг өөрсдөө ашигласан зэрэг үйл баримт нь шүүхээс үнэлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Харин шүүхээс үнэлсэн нотлох баримтуудыг няцаасан, шүүгдэгч Н.М-г гэм буруугүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт бэхжүүлэгдээгүй байна. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч нарыг үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан бөгөөд гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б, Н.М нар нь хохирогч Э.С-н мөнгөн тоноглолтой эмээлийг, Н.Б, Н.Х нар нь Зэвсэгт хүчний дугаар ангийн срем төмрөөс 29 ширхэгийг хулгайлж, худалдан борлуулах талаар тус тус ярилцаж, тохиролцож санаатай нэгдсэн нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Б, Н.Х, Н.М нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б, Н.Х нар нь хохирогч Зэвсэгт хүчний дугаар ангид 29 ширхэг срем төмрийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн, гэрч З.А-д 750,000 төгрөг төлсөн,
шүүгдэгч Н.Б, Н.М нар хохирогч Э.С-д мөнгөн тоноглолтой эмээлийг биет байдлаар хүлээлгэн өгч тус тус хохиролгүй болгосон болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 163/, гэрч З.А “ Зүүнбаян 5-р багийн иргэн З.А төлбөрийг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдол саналгүй болно “ гэсэн тодорхойлолт /1-хх-ийн 220/, Зэвсэгт хүчний дугаар ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд хурандаа Б.Б-н 2018 оны 06 сарын 04-ний өдрийн “ Н.Х-с 2018 оны 05 сарын 13-ний өдөр СРМ-ийн зориулалттай 29 ширхэг төмрийг хүлээн авч, ангийн агуулахад хадгалж байгаа болно” гэсэн 1/144 тоот албан бичиг /1-р хх-ийн 221/, иргэний нэхэмжлэгч Д.М-н шүүгдэгч Б.Б, Н.М нараас мөнгө хүлээн авсан тухай баримт /2-р хх-ийн 15,3-р хх-ийн 71/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б, Н.М нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Тоёото Истима маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Б.Н-х болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар хэрэгт тогтоогдсон байна. Иймд прокурорын 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 5/14 тоот тогтоолоор Тоёото Истма маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож, өмчлөгчид нь буцаан олгож, харин тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 1,500,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлого болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч нараас албадан гаргуулж байгаа уг мөнгөн хөрөнгийг энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол гэж үзэхгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Н.Б, Н.М нар нь урьд ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан боловч тэнсэн суллагдсан хугацаа дууссаны дараа хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э нь шүүгдэгч Н.Б-н Н.Х-тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Н.М-тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж ял шийтгэлийг оногдуулах, улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар нийтэд нь ял оногдуулах гэж дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: шүүгдэгч Н.Б-н Н.Х-тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн, Н.М-тай бүлэглэн хулгайн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго нь тус тусдаа үүссэн, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б-н Н.Х-тай үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлсан гэмт хэргийн шинжийг, Н.М-тай үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь хүний амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймд шүүгдэгч Н.Б-д тухайн зүйл ангиудад заасан ялыг тус, тусад нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Н.Б, Н.Х нарт ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан журмыг тус тус хэрэглэсэн болно.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Н.Б, Б овогт Н.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1-т заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэргийг,
- шүүгдэгч Б овогт Н.Б, Ө овогт Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Х-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Н.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Х-д 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Хүүхэндаваа нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар прокурорын 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 5/14 тоот тогтоолоор Тоёота Истма маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэнийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Истима маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийн шүүгдэгч Н.Б, Н.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.
11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Б, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц