| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0059/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Э.Б
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Б сумын харъяат, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 22-ны өдрийн а/35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож байсан С овогт Г.Б-д холбогдох эрүүгийн 182.0000.820042 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Байгаль орчны сайдын 2007 оны 292 тушаалаар баталсан “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах журмаар хязгаарласан бараа болох саарал чонын 1.2 кг махыг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Хэрэгт тодорхой мэдүүлэг өгсөн байгаа. Миний таньдаг ах уушигны өвчтэй юм. Тэгээд намайг чонын мах олоод авчираад өгөөч гэхээр нь хот руу хүнд захиж 1 кг-ийг нь 5000 төгрөгөөр худалдан авсан юм. Ингээд 2018 оны 02 сарын 08-ны өдөр Эрээн гарах гээд Монголын хил дээр гаальд шалгуулсан. Гаалийн байцаагч юу болох талаар асуухаар нь чонын мах гэж хэлсэн. Тэгээд чонын махыг хурааж, харин машин тэрэг чинь энэ асуудалд хамаагүй гэж хэлсэн. Түүний 2 хоногийн дараа надад мөнгөний асуудал гарч би машинаа зарсан юм. Би цагдаагаас машиныг чинь үнэлүүлнэ гэхээр өөр машинд улсын дугаарыг зүүж байгаад үнэлүүлсэн. Харин сүүлд хийлгэсэн үнэлгээ нь машиныг бодит байдлаар харуулж үнэлүүлсэн. Би хийсэн хэргийнхээ гэм бурууг ойлгон гэмшиж байгаа, бүх зүйлд би буруутай ” гэсэн мэдүүлэг
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/
Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би газрын даргын баталсан хуваарийн дагуу Замын-Үүд дэх АЗШНЦ1-ын гарах чиглэлд 2018 оны 02 сарын 08-ны өдөр гаалийн хяналт шалгалт явуулж байсан. Тухайн өдрийн 10 цагийн үед УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд жолоочийн суудлын доод хэсэгт гялгар уутанд ороож скочдсон байдалтай эд зүйл байсныг энэ эд зүйл юу вэ гэж жолооч Г.Б-с асуухад чонын мах байгаа юм гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийг саатуулан өөр хориглосон болон хязгаарласан бараа, эд зүйл байгаа эсэхийг нарийвчлан шалгахаар авч явж тээврийн хэрэгслийг рентгенд оруулан шалгахад өөр хориотой эд зүйл авч яваагүй байсан. Тэгээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн юм. 2018 оны 02 сарын 08-ны өдөр ШУА-ын ерөнхий болон сорилийн биологийн хүрээлэнд шинжээч томилж өдөрт нь хүргүүлсэн. Тэгээд шинжээчийн дүгнэлт 2018 оны 03 сарын 06-ны өдөр гарч саарал чонын мах гэж дүгнэлт гарсан байсны дагуу прокурорын газарт харъяалал тогтоолгохоор 2018 оны 04 сарын 09-ний өдөр шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн19-20/
Шинжлэх ухаан академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Ц-н 2018 оны 03 сарын 06-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн 1,2 кг амьтны махнаас генетикийн дээж аван, ДНХ ялган авч 12S pPHX-ийн генийн хэсгийг полимеразын гинжин урвалаар олшруулан авсныг Солонгос улсын Макрожен компаниар генийн дарааллыг тогтоолгон, тус дарааллыг NCBI буюу Дэлхийн Генийн Дата Банктай харьцуулан молекул генетикийн анализ хийж үзэхэд саарал чонын гентэй 100 хувь /Canis Lupus Linaeus, 1758/ тохирч байгаа нь тогтоогдсон. Иймд тус 1.2 кг амьтны мах нь саарал чонын мах болно” гэсэн 06 тоот дүгнэлт/хх-ийн 25/
2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “ 1.2 кг саарал чонын махыг эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35/
Иргэний нэхэмжлэгч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ШУА-ын ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд хийсэн шинжилгээгээр уг мах нь саарал чонын мах болох нь тогтоогджээ. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар ан амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Уг үнэлгээгээр эм саарал чоно 510,000 төгрөг, эр саарал чоно 600,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Нэг амьтны эд эрхтэнг нэг амьтан гэж тооцдог. Амьтны махаар тухайн амьтны махаар тухайн амьтны хүйсийг тодорхойлох боломжгүй болохоор экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон доод үнэ болох 510,000 төгрөгийг Г.Б-с нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Г.Б нь 2017 оны 11 дүгээр сард надаас автомашиныхаа улсын дугаарыг надад зарчих гээд гуйхаар нь би улсын дугаарыг нь дангаар нь зарахгүй. Машинтай нь хамт зарна гэж хэлсэн. Тэгээд Б тэгвэл автомашинаар чинь ганц хоёр удаа явж үзээд гайгүй бол авъя гэж хэлээд хэд хоног жолоодсон. Тэгээд 2017 оны 12 сарын эхээр 1,200,000 төгрөгөөр надаас худалдаж авсан. Ингэхдээ эхлээд 700,000 төгрөг, дараа нь 300,00 төгрөгийг нь өгсөн. Одоо 200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уг автомашин нь шаргал өнгийн өнгө үзэмж муутай УАЗ-31512 маркийн автомашин байгаа. Б-г мөнгөө төлж барагдуулж дуусахаар шилжүүлэхээр тохиролцсон. Одоо үлдэгдэл 200,000 төгрөгөө авчихвал нэрээ шилжүүлнэ... Би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Учир нь уг автомашиныг Б худалдсан. Хэдийгээр 200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ч уг автомашин улсын орлого болсон ч би машинаа нэхэмжлэхгүй. Дараа нь Б-тай учраа олоод 200,000 төгрөгөө барагдуулаад авчихна. Энэ автомашин миний нэр дээр байгаа боловч Б надад 1,000,000 төгрөгийг төлсөн тул одоо Б-н эзэмшлийн автомашин. Тийм болохоор би нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/
2018 оны 05 сарын 01-ний өдрийн “1997 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн. 1997 оны 02 сарын 18-нд МУ-д импортлогдсон, шар өнгийн, УАЗ-31512 маркын суудлын автомашины 800,000 төгрөгийн үнэтэй” гэсэн шинжээчийн 67 тоот дүгнэлт /хх-ийн 45/
Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэлтэй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 22-ны өдрийн а/35 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-76/
Иргэний нэхэмжлэгч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...машин авахаар болж Б гэж хүнтэй холбогдож машиныг нь үзсэн. Тэгээд үзсэн өдрийнхөө маргааш нь Б-т 2,500,000 төгрөг өгч машиныг худалдаж авсан. Уг автомашин нь шар өнгийн УАЗ-31512 маркийн автомашин байгаа. Уг автомашин нь Н гэдэг хүний нэр дээр байдаг ба Б-с машинаа шилжүүлж авах талаар удаа дараа хэлж байсан боловч Б түр байж бай гэж хэлээд шилжүүлэг хийлгэхгүй байгаа. Н гэх хүний нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн автомашин. Учир нь би өөрийнхөө данснаас бэлнээр 2,500,000 төгрөгийг Б-т өгч, уг автомашиныг түүнээс 2018 оны 02 сарын 10-нд худалдан авсан...хэрэв машин улсын орлого болохоор бол Б-с машины үнэ болох 2,500,000 төгрөг нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119/
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Ц-н “ уг хэрэгт 1,2 кг маханд 2018 оны 03 сарын 06-ны өдөр 06 дугаартай дүгнэлтийг гаргасан байх тул дахин дүгнэлт гаргах шаардлагагүй болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 125/
А ХХК-ны 2018 оны 07 сарын 25-ны өдрийн “ УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл 1,500,000 төгрөг “ гэсэн ДГО/ЗҮ-004 тоот дүгнэлт /хх-ийн 128-131/
Иргэний нэхэмжлэгч Н.А-н Х банк дахь тоот дансны хуулга /хх-ийн 139/
Прокурорын 2018 оны 07 сарын 31-ний өдрийн “УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай 5/15 тоот тогтоол /хх-ийн 145-146/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд чонын махыг 1.2 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ.
Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т “...амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан байх бөгөөд уг хуулийн зүйл, хэсгийн дагуу гарсан Байгаль орчны сайдын 2007 оны 292 тушаалаар баталсан “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах журам”-д заасны дагуу холбогдох зөвшөөрлийг авч чонын мах буюу түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх юм. Гэтэл шүүгдэгч Г.Б-н хувьд ямар нэг байдлаар зөвшөөрөл авахгүйгээр саарал чонын мах 1,2 кг-ийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна.
Шүүгдэгч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг агуулж байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/, гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн19-20/, Шинжлэх ухаан академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Ц-н 2018 оны 03 сарын 06-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн 1,2 кг амьтны махнаас генетикийн дээж аван, ДНХ ялган авч 12S pPHX-ийн генийн хэсгийг полимеразын гинжин урвалаар олшруулан авсныг Солонгос улсын Макрожен компаниар генийн дарааллыг тогтоолгон, тус дарааллыг NCBI буюу Дэлхийн Генийн Дата Банктай харьцуулан молекул генетикийн анализ хийж үзэхэд саарал чонын гентэй 100 хувь /Canis Lupus Linaeus, 1758/ тохирч байгаа нь тогтоогдсон. Иймд тус 1.2 кг амьтны мах нь саарал чонын мах болно” гэсэн 06 тоот дүгнэлт/хх-ийн 25/, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “ 1.2 кг саарал чонын махыг эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 35/, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Ц-н “ уг хэрэгт 1,2 кг маханд 2018 оны 03 сарын 06-ны өдөр 06 дугаартай дүгнэлтийг гаргасан байх тул дахин дүгнэлт гаргах шаардлагагүй болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 125/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:
Энэ хэрэгт 1.2 кг саарал чонын махыг хурааж, эд мөрийн баримтаар тооцсон байх бөгөөд чонын махыг хэрэглэх, ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гараагүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Б нь 1,2 кг чонын махыг гаалийн үзлэг шалгалтаас нуух зорилгоор УАЗ-31512 дугаартай тээврийн хэрэгслийн сандлын доод талд нуусан байх бөгөөд шүүхээс түүнийг уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэв. Уг УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Б нь гэрч Д.Н-с 2017 оны 12 сард 1,200,000 төгрөгөөр худалдан авч, тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлээгүй эзэмшиж байх хугацаандаа 2018 оны 02 сарын 12-нд иргэний нэхэмжлэгч Н.А-т 2,500,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг авсан болох нь гэрч Д.Н, иргэний нэхэмжлэгч Н.А нарын мэдүүлэг, хх-ийн 139-р хуудаст авагдсан Н.А-н Х банк дахь тоот дансны хуулга хэрэгт тогтоогдсон байна. Хэдийгээр Н.А нь уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй боловч Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 1-т зааснаар өмчлөх эрх Н.А-т шилжсэн байна. Иймд прокурорын 2018 оны ....өдрийн “УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгчид олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
УАЗ-31512 дугаартай тээврийн хэрэгслийг А ХХК нь 1,500,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Мөн энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас Т.У-г томилж, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан байх ба иргэний нэхэмжлэгч нь Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р хавсралтаар эм саарал чоно 510,000 төгрөг, эр саарал чоно 600,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Нэг амьтны эд эрхтэнг нэг амьтан гэж тооцдог. Тухайн амьтны махаар хүйсийг тодорхойлох боломжгүй болохоор экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон доод үнэ болох 510,000 төгрөгийг Г.Б-с нэхэмжилнэ /хх-ийн 39-40/ гэж мэдүүлдэг бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь Эрүүгийн хуулийн хорин дөрөвдүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээний дагуу хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээх юм. Гэтэл шүүгдэгч Г.Б нь дээрх төрлийн гэмт хэргийг үйлдээгүй, харин улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн байгаа нь экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлөхөд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч С овогт Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1,2 кг чонын махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Г.Б-с гаргуулж, улсын орлого болгосугай.
6. Прокурорын 2018 оны 07 сарын 31-ний өдрийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 5/15 тоот тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Н.А-т олгосугай.
7. Иргэний нэхэмжлэгч Т.У-н нэхэмжилсэн 510,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Б нь 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц