Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/474

 

2026           04             21                                                                    2026/ДШМ/474

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/564 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох эрүүгийн 2508 00457 2092 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б- овогт Б-ийн А-, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НБ-/;

 

Шүүгдэгч Б.А- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “танд 190.000.000 төгрөгийн зээл гарахаар байна, таныг байрны урьдчилгаа мөнгө бүрдэх хүртэл зээлийг чинь хүлээлгэж байя, хүлээлгэж байгаа учир урьдчилгаа болгоод миний Хаан банкны данс руу 14.000.000 төгрөг хийчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Г.Д-аас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “байрны урьдчилгаа” гэж шилжүүлсэн 14.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Д-8 тоот дансаараа шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.А-ийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ээс нийт 14.000.0000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Д-т олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А- нь хохирогч Г.Д-аас 14.000.000 төгрөгийг ипотекийн зээлд хамруулах урьдчилгааны мөнгө гэж авсан, түүнийгээ эгүүлэн төлөх асуудалд маргах зүйлгүй гэдгээ илэрхийлснийг харгалзан прокурор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд оруулсан ч шүүх хохирол төлбөрийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед төлж барагдуулаагүй байгаа нь хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байна гэж үзэж түүнд хорих ял оногдуулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял /торгох, тэнсэх/ оногдуулах боломжтой байсан ч хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ашигтай хуулийг хэрэглэх зарчмыг харгалзан үзсэнгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх боломжийг шүүхэд олгосон байхад шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн.

Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулах, нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар солих эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А-ийн тухайд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Түүний хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасанд хамаарах тул уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Шүүгдэгч Б.А- нь “танд 190.000.000 төгрөгийн зээл гарахаар байна, таныг байрны урьдчилгаа мөнгө бүрдэх хүртэл зээлийг чинь хүлээлгэж байя, хүлээлгэж байгаа учир урьдчилгаа болгоод миний Хаан банкны данс руу 14.000.000 төгрөг хийчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Г.Д-аас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “байрны урьдчилгаа” гэж шилжүүлсэн 14.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Д-8 тоот дансаараа шилжүүлэн авч залилсан болох нь:

 

иргэн Г.Д-ын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 12/,

 

хохирогч Г.Д-ын 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “...Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны Д- тоотыг 2020 оны зун түрээсэлж гэр бүлийн хамтаар амьдрах болсон юм. Тэгсэн тухайн байрны эзэн нь 2023 оны 01 дүгээр сарын эхээр байраа зарах болсон тул намайг уг байрыг чөлөөлж өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь тухайн байрны эзэн Учрал гэх эмэгтэйдээ уулзаж байрыг 170.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд банкнаас зээл хөөцөлдөж байсан чинь манай хамт ажилдаг дүү болох Т- гэх залуугийн найз А- гэх залуу 2024 оны 03 дугаар сарын эхээр манай засвараар машинаа засуулж байгаад надад хандан Төрийн банканд таньдаг хүн байгаа танд зээл гаргаж өгөх тал дээр туслаад өгье, найдвартай хүн байгаа гэж хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-Д- тоотод гэртээ амарч байсан чинь А- над руу Т- гэсэн дугаарын утаснаас залгаад таныг байрны урьдчилгааны мөнгө бүрдэх хүртэл зээлийг чинь хүлээлгэж байя танд нийт 190.000.000 төгрөгийн зээл гарахаар байна. Тэгээд хүлээлгэж байгаа учир та урьдчилгаа болгоод 14.000.000 төгрөгийг миний Хаан банкны 5Д-8 гэсэн дугаарын дансанд хийчих гэж хэлэхээр нь би тухайн дансанд өөрийн Хаан банкны 5Т-8 гэсэн дугаарын данснаас 14.000.000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр “Байрны урьдчилгаа” гэсэн утгатай шилжүүлсэн. 2024 оны 04 дүгээр сарын эхээр би байрны урьдчилгаа болох 60.000.000 төгрөгийг бэлэн болгочихсон юм. Тэгээд би А- гэх залууд мөнгө бэлэн болсон гэж хэлсэн чинь та хүлээж бай одоо удахгүй гэх мэтээр худлаа яриад өдийг хүрсэн...” /хх 17-18/,

 

хохирогч Г.Д-ын 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн “...Тухайн үед Б-ийн А- нь надад хэлэхдээ надад таньдаг хүн байгаа таны байрны асуудлыг шийдээд өгье гэсэн. Тэгэхээр нь би юм болсны дараа мөнгөө авдаггүй юм уу гэсэн чинь урьдчилж авдаг юм гээд өөрийнхөө нэрийн Хаан банкны дансанд 14.000.000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн үед надад хэлэхдээ ипотекийн зээлд хамрагдуулж өгнө гэсэн. Хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сарын үед намайг ажил дээрээ байхад Б.А- хүрч ирээд намайг цагдаагаас дуудаад байна, та өргөдлөө буцаагаад авчих би 2025 оны 04 дүгээр сарын 15 болон 05 дугаар сарын 15-ны өдөр 2 хуваагаад өгчихье гэсэн. Тэгэхээр нь би өргөдлөө авахгүй 1 жил гаруй болж байна, чи мөнгөө барьж ирээд асуудлаа шийд гээд Б.А-ийг хөөгөөд явуулсан. Одоогоор надад 100 төгрөг ч өгөөгүй байгаа. Би гомдолтой байна. Их хэмжээний мөнгө болохоор би мөнгөө олж авмаар байна. Мөнгө шилжүүлээд 1 жил гаран болж байна. Б.А- нь надтай нэг ч холбогдохгүй байгаа, алга болчихсон. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” /хх 23-24/,

 

гэрч Ж.А-ын “...Тухайн үед манай нөхөр /А-/ өөрийнхөө Голомт банкны данснаас над руу 14.000.000 төгрөг шилжүүлээд намайг буцаагаад шилжүүл гэхээр нь би нөхөр Б.А-ийн 5Д-8 тоот данс руу шилжүүлсэн юм...” /хх 67/ гэх мэдүүлгүүд,

 

Б.А-ийн Хаан банкны 5Д-8 тоот дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 53-56/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.А-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгчийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.А-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянахад, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.А- нь хохирогчид учруулсан 14.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг түүний оршин суугаа газрын байршлаар нь 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 50 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүнд оногдуулсан ялаас хасч тооцох нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.А-ийг нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/564 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай. 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглохоор тогтоосугай.” гэсэн,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 10 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

5. Шүүгдэгч Б.А- нь хохирогч Г.Д-т 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

                          ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ