Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга О.У

Улсын яллагч Г.М

Шүүгдэгч Ч.С

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Ч хотын  харъяат, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суудаг, Хилийн дугаар ангид жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Е овогт Ч.С, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн М сумын харъяат, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уламжлалт бариа заслын эмч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт М.С нарт холбогдох эрүүгийн 182.000.1080.083 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Ч.С, М.С нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд  сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хориглосон бараа  болох 50 литр  этилийн спиртийг УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 05 сарын 03-ны өдөр Б даргаас Эрээн гарч жимс авчирах үүрэг авсан байсан юм. Ингээд С-д Эрээн гарах гэж байгаа талаараа хэлэхэд Мэн Кэ Лун дэлгүүрийн  хажуу талд байдаг эмийн сангаас 2 хайрцаг ариутгалын спирт аваад ирээч гэж гуйсан юм. Тэгээд миний данс руу 220,000 төгрөг шилжүүлсэн. Би Эрээн гарахдаа улсын дугаартай албаны машинтайгаа явсан. Ингээд Эрээн гарч С-н захиас болох 50 литр спиртийг авсан. Монголын хил дээр ирэхэд шинжилгээнд явуулна гэсэн. Би эмийн сангаас авсан болохоор хил дээр гайгүй байх гэж бодсон. Ингээд шинжилгээнд яваад этилийн спирт байна гэсэн. Би улсын хилээр оруулахыг хориглосон эд зүйл авч орж ирсэн буруугаа ойлгосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... спиртний 5 литрийг шинжилгээнд авч явсан учраас 45 литр спирт шүүхэд хураагдан ирсэн байна” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 05 сарын 03-нд би С-тай холбогдоод Эрээн гарахаар бол С эмийн сангаас аваад ирээч гэж хэлээд данс руу нь 220,000 төгрөгийг шилжүүлсэн. С нь С нэртэй эмийн санд очоод ви чатаар  холбогдоод “ энэ мөн үү” гээд спиртны зураг явуулсан, түүнийг нь авсан. Ингээд байж байтал тэр өдрийнхөө үдээс хойш С над руу залгаад энэ юунд хэрэглэх билээ, эмчилгээнд хэрэглэнэ биз дээ, гэхээр нь тийм гэсэн, шинжилгээнд явуулна гэж хэлсэн. Би Эрээнээс эмийн сангаас авсан учраас улсын хилээр нэвтрүүлэхэд саадгүй гэж бодсон. Шинжилгээний дүгнэлтийг үзэхэд хүнсэнд хэрэглэх боломжгүй, ариутгалд хэрэглэх боломжтой гарсан гэж ойлгосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсад учруулсан хохирол байхгүй зэргийг харгалзан үзнэ үү” гэсэн мэдүүлэг,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 22-25/

2,5 литрээр  савлагдсан 18 ширхэг хуванцар савтай, нийт 45 литр этилийн спиртийг  эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол  /хх-ийн 26/

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалах ажиллагаанд өгсөн “ С манай байгууллагад  жолоочоор ажилладаг. 2018 оны 05 сарын 03-ны өглөө би С-г дуудаад Эрээн гараад жимс аваад ирээч гэж хэлээд албаны УАЗ-31512 маркийн автомашиныг  өгөөд явуулсан. Үдээс хойш С над руу залгаад “ би хил дээр байна, Эрээн хотоос орж ирэхдээ  хүний захиас авчихсан юм. Гаалийн байцаагч шинжилгээнд явуулна, машиныг саатуулна гэж байна “ гэж хэлсэн. ...би С-с  шинжилгээний чинь дүгнэлт гарсан юм уу  гэхэд спирт гэж гарсан байна гэж хэлсэн. улсын дугаартай автомашин нь  байгууллагын  эзэмшлийнх. 2008 онд данслагдсан, эвдрэл гэмтэл гээд байх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд чиглэлд орж ирсэн УАЗ-31512 маркийн автомашиныг  шалгахад  2 хайрцагтай шингэн зүйл, 2 жижиг бор хайрцагтай пүүз, 1 хар ууттай зүйл байсан. Би уг авто машинд байсан ачаануудыг шалгачихаад  2 хайрцагтай хуванцар савтай шингэн зүйлийг заагаад жолоочоос энэ юу вэ гэхэд “архи” гэж хэлээд дараа нь “ спирт” гэж хэлсэн.  Уг спиртийг  юунд ашиглах гэж байгаа талаар асуухад Улаанбаатар хотоос таньдаг хүн маань захисан, эмнэлэгт  ажилладаг ба спиртийг эмчилгээнд хэрэглэх гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд хайрцагнаас гаргаж харахад 2,5 литрээр савлагдсан 20 ширхэг хуванцар  савтай  шингэн зүйл байсан. Спирт нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон  бараа тул  уг барааг машины хамт саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ин 36-37/

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн “50 литр этилийн спирт нь 148,000 төгрөгийн үнэтэй” гэсэн ХУД068 тоот дүгнэлт  /хх-ийн 49/

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ны 2018 оны 06 сарын 11-ны өдрийн “2008 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн  УАЗ-31512 маркийн  авто машины зах зээлийн  дундаж үнэ  800,000 төгрөгийн үнэтэй” гэсэн ДГО/ЗҮ-003 тоот дүгнэлт  /хх-ийн 54-57/

2018 оны 06 сарын 15-ны өдрийн шинжээч, улсын байцаагч У.С-н “ 1.Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр этилийн спирт байна.

2.Уг шинжлэгдэхүүний агуулга, найрлагын хувьд альдегид, совсны тос, метилийн спирт, нийлмэл эфир, хүхрийн хүчилтэй явуулах цэвэршилтийн сорьц зэрэг нь  MNS 0178:2014 этилийн спиртийн  стандартын шаардлагын  зөвшөөрөгдөх  дээд хэмжээнд байгаа хэдий ч  этилийн  спиртийн агууламж эзэлхүүний хувь нь 92  хувь байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хүрэхгүй байна.

3.Эмнэлэг, лабораторит багаж хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд ашиглаж болно.

4.Этилийн спирт улсын хилээр нэвтрүүлэхэд хориглосон барааны жагсаалтад ордог” гэсэн дүгнэлт /хх-ийн 62-68/

Шүүгдэгч Ч.С, М.С нар нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 99/

Хил Хамгаалах Ерөнхий газар Хилийн дугаар ангийн өмчлөлийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 123/

Прокурорын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоол  /хх-ийн 134-135/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.С, М.С нар нь  2018 оны 05 сарын 03-ны өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 50 литр этилийн спиртийг Хилийн цэргийн дугаар ангийн өмчлөлийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн ар талд ачиж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байх ба тэдний үйлдэл нь гаалийн үзлэг, шалгалтаар илэрсэн байна.

Шүүгдэгч нарын улсын хилээр нэвтрүүлсэн спирт нь этилийн спирт болох нь 2018 оны 06 сарын 15-ны өдрийн шинжээч, улсын байцаагч У.С-н  дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон бөгөөд Засгийн Газрын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “ Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 378 тоот тогтоолоор судалгаа, шинжилгээний зориулалттайгаас бусад этилийн спиртийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул тэднийг хуульд зааснаар хориглосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгч нарын  шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 22-25/, 2,5 литрээр  савлагдсан 18 ширхэг хуванцар савтай, нийт 45 литр этилийн спиртийг  эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол  /хх-ийн 26/, гэрч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2018 оны 06 сарын 15-ны өдрийн шинжээч, улсын байцаагч У.С “ 1.Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр этилийн спирт байна...Этилийн спирт улсын хилээр нэвтрүүлэхэд хориглосон барааны жагсаалтад ордог” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Энэ хэрэгт 45 литр этилийн спиртийг эд мөрийн баримтаар тооцсон байх бөгөөд уг эд мөрийн баримтыг эмнэлэг, лабораторит багаж хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд ашиглаж болох талаар шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 62-68/ гарсан байх тул улсын орлого болгохоор зохих байгуулагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эд мөрийн баримт болох 45 литр этилийн спирт нь тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд  этилийн спиртийг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн ХУД068 тоот дүгнэлтээр  /хх-ийн 49/ нийт 148,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл нь  Хилийн дугаар ангийн өмчлөлийнх болох нь иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хх-ийн 123 дугаар хуудсанд авагдсан УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул прокурорын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 5/16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч Хилийн дугаар ангид олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар уг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ болох 800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ны 2018 оны 06 сарын 11-ны өдрийн ДГО/ЗҮ-003 тоот дүгнэлтээр 800,000 төгрөгөөр үнэлсэн байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Е овогт Ч.С, Д овогт М.С нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.С-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.С-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.С, М.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 148,000 төгрөгийн үнэ бүхий 45 литр этилийн спиртийг улсын орлого болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Ч.С, М.С нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.

6. Прокурорын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 5/16 тоот тогтоолыг хүчингүй болгож, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг Хилийн дугаар ангид олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.С, М.С нарт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ч.С, М.С нар нь  500,000 төгрөгийн торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С, М.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             А.Ц