Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Орчуулагч Б.С

Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй,  ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хө Нан мужийн Кунг И хотын  Жи Тиан гацаа, Вэй Зуанг тосгонд оршин суух, ажил эрхэлдэггүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т иргэний үнэмлэх 41018198904166510/-д холбогдох эрүүгийн 1820000000080 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Т нь 2018 оны 07 сарын 19-ний өдөр Монгол Улсын хил буюу Хилийн 816 дугаартай тэмдэгтээр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Монголоор дамжаад Орос Улс руу явах зорилготой байсан юм. Эрээнээс гараад 6 тор байсан, 2 торыг таслаад, 4 тор нь тасарчихсан байсан, тэгээд орж ирсэн. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,

Хилийн зөрчлийг шалгасан тухай тэмдэглэл  /хх-ийн 6/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 22-28/

Шүүгдэгч Т биедээ авч явсан зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /хх-ийн 29-31/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 35-36/

Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2018 оны 07 сарын 19-ний өдөр Хилийн дугаар ангийн хариуцсан хэсэг болох  Д хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхад 2018 оны 7 сарын 19-ний шөнө 00 цаг 25 минутын  үед  шуурхай жижүүр утсан холбоогоор  хил хамгаалалтын 3 дугаар зааг дээр нэг хүн явж байна, очиж шалга гэж чиглэл өгсөний  дагуу оператор хянагчаар чиглүүлэн тухайн хүнийг хайхад олдохгүй нуугдсан байдалтай байсан. Тэгээд оператор хянагчаар чиглүүлсээр  тус иргэнийг саатуулсан. Саатуулсан хүн эрэгтэй, хятад хүн байсан. Түүнийг саатуулж, ангийн  байрлалд авчирсан. Хилийн дугаар тэмдгийн зүүн талаар 1.8 км газарт саатуулсан. Гадаадаас дотоод руу чиглэлтэй явж байсан. 2018 оны 07 сарын 19-ний шөнийн 00:25 цагт саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2018 оны 07 сарын 18-19-ний өдрийн хооронд техникээр  хянах манаанд үүрэг гүйцэтгэж авто замын камерыг шалгаж байхад нэг явган хүний хөдөлгөөн илэрсэний дагуу шуурхай жижүүрт мэдэгдэж, шуурхай жижүүр ахмад Т-тай бүлгийг хөдөлгөөн илэрсэн газар руу явуулсан. Очсон  газар оронд ахмад Т-т камерын хяналтаар чиглүүлж өгч тухайн хүнийг саатуулсан, тухайн хүн нуугдсан байсан” гэсэн мэдүүлэг  /44-45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Тиэ Шиан Нинг /Тie Xian Ning/ нь 2018 оны 07 сарын 19-ны шөнө 00:25 цагийн орчимд Хил Хамгаалах Ерөнхий газрын харъяа Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хилийн 816 дугаар тэмдэгтийн чиглэлээр боомт бус газраар хилийн торон саадыг даван Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот талаас Монгол Улс руу хууль бусаар хил нэвтэрч байхдаа Хилийн 0108 дугаар ангийн албан хаагч нарт саатуулагдсан байна.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,  харъяалалгүй хүн Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй юм.

Гэтэл шүүгдэгч Т нь  2018 оны 07 сарын 19-ны өдөр хилийн боомт бус газраар  хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр Монгол Улс руу орж ирсэн буюу нэвтэрсэн идэвхитэй үйлдэл хийсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжлэн судлагдсан хилийн зөрчлийг шалгасан тухай тэмдэглэл  /хх-ийн 6/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 22-28/, шүүгдэгч Т биедээ авч явсан зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /хх-ийн 29-31/, гэрч Э.Т, Б.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн хэсэг түүний үйлдэлд тохирч байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгч Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий боловч тэрээр үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, нөгөөтэйгүүр гадаадын иргэн нь Монгол Улсад оршин суух тодорхой хаяг байхгүй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд ял оногдуулахдаа энэ байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээг оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 2018 оны 07 сарын 23-ны өдрөөс нийт 28 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Шүүгдэгч Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 9.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т-г  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар  шүүгдэгч Т-н цагдан хоригдсон 28 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             А.Ц