Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/31

 

 

2026 оны  04 сарын   13                                                2026/ДШМ/31                       

 

Б.О д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                                                 Прокурор А.Алтангэрэл  

      Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/321 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.О д холбогдох эрүүгийн 2526003230030 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б.О,

Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт Өндөрлөг гэх газрын зүүн талын асфалтан зам дээр Ц.О-ын өмчлөл, эзэмшлийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээр зорчиж явсан Л.Т нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Б.О д холбогдох 2526003230030 дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн прокурорт буцааж, яллагдагч Б.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Б.О  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт Өндөрлөг гэх газрын зүүн талын асфалтан зам дээр Ц.О-ын өмчлөл, эзэмшлийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэх заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээр зорчиж явсан Л.Т нас барсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.О-д холбогдох хэргийг урьдчилан хэлэлцээд 2026/ШЗ/321 дугаартай шүүгчийн захирамжаар “... яллагдагчийг согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгаж тогтоосон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан тохиолдолд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж ирүүлэх, улмаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн торгох ял бий эсэх, эрх хасах ялын талаарх баримт нь хэрэгт авагдаагүй нь сүүлд оногдуулсан ялыг нэгтгэж, эсхүл тусад нь эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх нөхцөлийг хангаагүй байна. Мөн амь хохирогчийн том хүү Т.Н-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгож, сэтгэцийн хор уршиг тодорхойлуулсан шинжээчийн дүгнэлтэд Т.Н-г ам бүл 3 гэсэн байна, гэтэл амь хохирогчийн ам бүлийн тодорхойлолтод ам бүл 7 гэсэн байна. Иймд ямар үндэслэлээр амь хохирогчийн том хүү Т.Н-г тогтоосон нь тодорхойгүй байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна...” гэж дүгнээд Б.О д холбогдох хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжид дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.О гийн амьсгал дахь спиртийн агууламжийг үлээлгэж шалгаагүй шалтгаан нь тухайн зам тээврийн ослын улмаас Б.О  нь нүүр, уруул хэсэгтээ гэмтэл авч, драгер багаж үлээх боломж, чадамжгүй байсан, улмаар түүнийг эмнэлэгт хүргэсний дараа тэрээр эмнэлгээс дур мэдэн явсантай холбоотой цус авах ажиллагааг шуурхай явуулж чадаагүй бөгөөд маргааш нь буюу 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Б.О гийн биеэс цус авах ажиллагааг явуулж, тодорхой хугацааны дараа дээрх цусыг шинжилгээнд явуулж дүгнэлт гаргуулахад цуснаас спиртийн агууламж илрээгүй бөгөөд дээрх цус нь шинжилгээнд тэнцэхгүй гэсэн агуулга шинжээчийн дүгнэлтэд байхгүй юм. Иймд согтуурал тогтоох ажиллагааг холбогдох журамд заасны дагуу шуурхай явуулж чадаагүйтэй холбоотой, яллагдагчийн согтуурал тогтоогдоогүй бөгөөд цаашид нөхөн гүйцэтгэх ажиллагаагаар ч тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт согтуурсан гэж амьсгал дахь спиртийн агууламж 0,20 түүнээс тээш промелль хувь, цусан дахь спиртын агууламж 0,5 түүнээс дээш промелль хувь байвал согтуурсан гэж үзэхээр тодорхой нарийвчлан заасан тул хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл хангагдаагүй болно. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр зөвхөн согтуурлыг зохих журмын дагуу шалгасан эсэх асуудлыг хэлэлцсэн боловч шүүхээс дараах асуудлуудыг мөн шүүгчийн захирамжид тусган уншиж сонсгосон бөгөөд энэ нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял байгаа эсэх нь тодорхойгүй гэх асуудлын хувьд яллагдагч Б.О д өмнөх шийтгэх тогтоолоор 2024 оны 11 дүгээр сард 2,800,000 төгрөгийн торгох ял, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулснаас зөвхөн эрх хасах ялаас 4 сар үлдсэн талаарх ялын тооцоо хэрэгт авагдсан байна. Иймд сүүлд оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэж, эсхүл тусад нь эдлүүлэх эсэхийг асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний том хүү болох Т.Н-г томилсон нь тодорхойгүй гэсэн асуудлын хувьд Т.Н нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохдоо сүүлд хамтран амьдарч буй хүнийг оролцуулан өөрийгөө ам бүл 3 гэж шинжээчийн дүгнэлтэд тусгуулсан байх бөгөөд албан ёсны ам бүлийн тодорхойлолт дээр Т.Н нь амь хохирогч Л.Т-н ам бүлд орж тоологддог бөгөөд тусдаа гараагүй том хүү нь юм. Нөгөөтэйгүүр амь хохирогчийн ар гэрийнхнээс буюу амь хохирогчийн охин Л.М, Л.Б, Л.З нар болон эхнэр Н.Б нараас Т.Н-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, төлөөлүүлэхээр хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байна.

Б.О д холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоосон, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоосон ба хэрэгт цугларсан баримтууд нь хэргийн бодит байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтооход хангалттай хүрэлцэхүйц байна. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн хийгдсэн, цаашид нэмэлтээр хийгдэх ажиллагаа байхгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокуророос хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх боломжтой байх тул тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг хянаж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, асууж тодруулах замаар үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/321 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатын шүүхээс яллагдагч Б.О г тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг заавал шалгаж тогтоох шаардлагатай гэсэн агуулгаар хэргийг прокурорт буцаасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.О  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох боломжгүй байгаа учраас хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргахгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Ц.Эрдэнэбатын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг давхар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан шийдвэрийг анхан шатны шүүх эрүүгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа учраас Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/321 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс ... яллагдагчийг согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгаж тогтоосон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан тохиолдолд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж ирүүлэх, улмаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн торгох ял байгаа эсэх, эрх хасах ялын талаарх баримт нь хэрэгт авагдаагүй нь сүүлд оногдуулсан ялыг нэгтгэж, эсхүл тусад нь эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх нөхцөлийг хангаагүй. Мөн амь хохирогчийн том хүү Т.Н-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгож, сэтгэцийн хор уршиг тодорхойлуулсан шинжээчийн дүгнэлтэд Т.Н-г ам бүл 3 гэсэн, гэтэл амь хохирогчийн ам бүлийн тодорхойлолтод ам бүл 7 гэсэн байна. Ямар үндэслэлээр амь хохирогчийн том хүү Т.Н-г тогтоосон нь тодорхойгүй байна...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... согтуурал тогтоох ажиллагааг холбогдох журамд заасны дагуу шуурхай явуулж чадаагүйтэй холбоотой, яллагдагчийн согтуурал тогтоогдоогүй бөгөөд цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар ч тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт согтуурсан гэж амьсгал дахь спиртийн агууламж 0,20 түүнээс тээш промелль хувь, цусан дахь спиртын агууламж 0,5 түүнээс дээш промелль хувь байвал согтуурсан гэж үзэхээр тодорхой нарийвчлан заасан тул хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл хангагдаагүй. ....Яллагдагч Б.О-д өмнөх шийтгэх тогтоолоор 2024 оны 11 дүгээр сард 2,800,000 төгрөгийн торгох ял, 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулснаас зөвхөн эрх хасах ялаас 4 сар үлдсэн талаарх ялын тооцоо хэрэгт авагдсан. Оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэж, эсхүл тусад нь эдлүүлэх эсэхийг асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдсэн. ...Т.Н нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохдоо сүүлд хамтран амьдарч буй хүнийг оролцуулан өөрийгөө ам бүл 3 гэж шинжээчийн дүгнэлтэд тусгуулсан байх бөгөөд албан ёсны ам бүлийн тодорхойлолт дээр Т.Н нь амь хохирогч Л.Т-н ам бүлд орж тоологддог бөгөөд тусдаа гараагүй том хүү нь юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичсэн байна.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Прокуророос яллагдагч Б.О-г тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох боломжгүй байсан, түүний амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промелль хувь, цусан дахь  спиртын агууламж 0,5 түүнээс дээш промелль хувь байсныг нотолж чадаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Оюунхүү нь талийгаач мотоциклийг жолоодож явж байсан гээд худлаа хэлээд байсан. Сүүлдээ үнэнээ хэлээд өөрөө мотоциклоо жолоодоод явж байтал Өндөрлөг гэх газрын ойролцоо машин гараад ирэхээр нь хажуу тийш нь дарчихсан чинь унасан гэсэн. Замын боржур цемент хэсгийг л толгойгоороо цохисон байх гэж хэлсэн. Оюунхүүтэй осол болсон өдөр уулзах үед согтуу байсан, архи үнэртэж байсан. Өөрийгөө болон талийгаачийг согтуу архи уучихсан байсан гэсэн. Тэр хоёрыг хаана яаж таараад архи уусан талаар бол мэдэхгүй. Надад юм хэлээгүй...гэх,

Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Намайг тэднийд орох үед Б болон эхнэр О, Б болон Б-ын эхнэр Д болон нэг танихгүй залуу байсан. Тэгээд тэднийд 1 том пиво, 1 шил 0,5 литртэй архи бүгд хувааж уусан. Тэгээд ууж дуусаад би орон дээр нь хэвтэж байгаад сэрсэн чинь халаасанд байсан түлхүүр байхгүй байсан чинь Б надад О гэдэг залуу мотоциклийг чинь унаад явчихсан гэж хэлсэн. Тэгээд орой болтол хүлээсэн чинь ирэхгүй байсан болохоор нь эхнэрийг дуудсан. Тэгээд эхнэр намайг авах гэж ирэхдээ мотоцикл чинь журмын хашаанд байна гэж хэлсэн..гэх,

Яллагдагч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б ахын гэрт очоод нэг шил архи, нэг савтай пиво уугаад байж байтал Б, О, Б-ын эхнэр гурав орсон ирсэн. Тэр гурав мөн нэг шил архи гаргаж ирээд бид нар бүгдээрээ хувааж уусан...гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд яллагдагч Б.О-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь нотлогдсон. Анхан шатны шүүхээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан тохиолдолд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж ирүүлэх нь зүйтэй талаар гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/321 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/321 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       

 

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ЭНХМАА

                                            ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ

                                                                                           Б.ЦЭРЭНПҮРЭВ