| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0092/Э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Г.М
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т аймгийн Ж сумын харъяат, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа Улаанбаатар Төмөр замын Сайншанд дахь Депод ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Б.М-д холбогдох эрүүгийн 1820001020084 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 сарын 24-ний өдрийн шөнө 03 цагийн үед Замын-Үүд сум 3 дугаар багт БНХАУ-ын иргэн Д-с тамхи гуйхад нь байхгүй гэхэд гарыг нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би эхнэрээсээ тусдаа Сайншанд суманд амьдардаг байсан юм. Тэгээд тэр үед эхнэртэйгээ муудчихаад учраа ололцохоор ирсэн бөгөөд 2 шил архи ганцаараа уусан. Ингээд шөнө 03 цагийн үед тамхи татмаар санагдаад байхаар нь гэрээс гараад явж байтал манай гэрээс зүүн тийш 2 айл гэрэлтэй, хүмүүс яриад байхаар нь хаалгыг нээгээд тамхи асуухад хятад хүмүүс байгаа харагдсан, намайг ороод ир гэж хэлсэн. Би нийлж байгаад намайг зодож магадгүй гэж санаад хадмынхаас хутга авч гараад нөгөө айлд ороход тамхи өгсөн. Би тамхиа татаад сууж байхдаа та нар энд юу хийж байгаа юм гэж асуусан. Өвөрмонгол нь намайг хутгаа өгчих гээд гараас бариад авсан. Тэгээд л би хутгаа булааж авах гэж зууралдахдаа гарыг нь зүсчихсэн байсан, гараас нь цус гарсан, түүнийг нь цэвэрлүүлсэн. Миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид 700,000 төгрөг төлсөн, ... би 800,000 гаруй төгрөгийн цалин авдаг, мөн орон сууцны зээл төлдөг байдлыг харгалзан үзнэ үү “ гэсэн мэдүүлэг,
Цагаан цэнхэр өнгийн бариултай, бариулын урт 11 см, ажлын хэсгийн урт 13,5 см урт хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 16/
Хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 04 сарын 23-ны шөнө Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах өөрийн гэрт өөрийн ажилладаг Х ХХК-ны даргын хамт хонож байхад шөнийн 03 цагийн орчимд нэг хүн хаалга тогшсон ба онгойлгосон чинь танихгүй, согтуу Монгол залуу орж ирээд тамхи байна уу гэхэд нь би тамхи байхгүй гэж хэлэхэд гэрийн доторхыг хараад явсан. Тэгээд явсанаасаа хойш 20 минутын дараа хутга барин гэрт орж ирсэн ба тэр үед нь би орон дээр сууж байхад над руу хутга далайгаад хүрч ирэхээр нь баруун гараараа хутгатай гарыг нь хаахад миний баруун гарын эрхийн хурууны орчим 1 см хэмжээтэй зүссэн, тэгсэн гарнаас цус гараад шалан дээр дусахад тэр Монгол залуу дарга бид 2-ыг цусыг угаа гэхээр нь угаасан...Замын-Үүд нэгдсэн эмнэлэг рүү явж оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н “1.Д баруун гарын эрхий хурууны 3 дугаар үеийн ар талд зах ирмэг нь тэгш шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ
3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 58 тоот дүгнэлт /хх-ийн 31/
Шүүгдэгч Б.М нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/
2018 оны 07 сарын 24-нд цагдаагийн хэлтэст өгсөн “ Б.М миний бие нь хохирлын мөнгө болох 700,000 төгрөгийг бэлнээр Д-д хүлээлгэн өгөв, хүлээн авсан Д гэсэн гарын үсэг бүхий мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 53/
Хохирогч Д цагдаагийн хэлтэст өгсөн “ М бид 2 уулзаад надад эмчилгээний мөнгө гэж 700,000 төгрөг өгсөн, ямар ч гомдол байхгүй, ахиж мөнгө төгрөг нэхэхгүй /орчуулагатай/ ” гэсэн тодорхойлолт /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2018 оны 04 сарын 23-ны шөнө 03 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт БНХАУ-ын иргэн Д тамхи асууж байхгүй гэхэд нь гэрээс нь гарч хутга авчиран сүрдүүлж, тамхи авч татан улмаар хохирогчийн гарыг хутгаар зүсэж, баруун гарын эрхий хурууны 3 дугаар үеийн ар талд зах ирмэг нь тэгш шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Б.М-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н “1.Д баруун гарын эрхий хурууны 3 дугаар үеийн ар талд зах ирмэг нь тэгш шарх гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 58 тоот дүгнэлт /хх-ийн 31/, цагаан цэнхэр өнгийн бариултай, бариулын урт 11 см, ажлын хэсгийн урт 13,5 см урт хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 16/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.М-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Д 700,000 төгрөг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон мөнгөн хүлээлцсэн баримт /хх-ийн 53/, хохирогч Д цагдаагийн хэлтэст өгсөн “ М бид 2 уулзаад надад эмчилгээний мөнгө гэж 700,000 төгрөг өгсөн, ямар ч гомдол байхгүй, ахиж мөнгө төгрөг нэхэхгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаа зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.М нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цагаан цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц