| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2526000000145 |
| Дугаар | 2026/ДШМ/36 |
| Огноо | 2026-04-14 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/36
2026 оны 04 сарын 14 2026/ДШМ/36
Т.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням
Шүүгдэгч Т.А
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Т.А од холбогдох эрүүгийн 2526000000145 тоот хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Т.А
Т.А нь 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хөшөөтийн ханан” гэх газарт байх А.Ч-ийн гэрийн гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Г.Б-ийн цээжинд хутгалах үйлдлээр амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А-г хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ын цагдан хоригдсон 91 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч Т.А-оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 36,424,080 төгрөг, оршуулгын зардалд 8,575,920 төгрөг, нийт 45,000,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 18 см урттай ажлын хэсэг 8 см хар өнгийн шар оруулгатай резинэн бариултай хар хутга 1 ширхэг, Т.А-ын өмсөж явсан гэх улбар шар өнгийн хүрэм, улбар шар өнгийн дээл, бор өнгийн түрийтэй гутал, хөх өнгийн хос оймс, бор өнгийн хос оймс, хөх эрээн өнгийн дотоож, хар саарал өнгийн ноосон малгай, хөх өнгийн биеийн тамирын өмд, хөх өнгийн фудволк, хар эрээн өнгийн өмд, хөх өнгийн малгайтай цамц, амь хохирогч Г.Б-н өмсөж явсан түрийтэй хос гутал, бүс, фудволк, цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цасны өмд, дээл, хар эрээн өнгийн бэлтгэлийн өмд, тэлээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Т.А-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 цугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй.
Шүүгдэгч Т.А нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа талаараа илэрхийлж байсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд биечлэн оролцож илэрхийлсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо энэ талаар мөн дурдсан. Шүүгдэгч Т.А нь хувийн байдлын тухайд бага насны буюу 1-14-н насны 6 хүүхэдтэй бөгөөд эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Т.А нь хувиараа мал аж ахуй эрхлэн тухайн ам бүлээ тэжээн тэтгэж байсан билээ.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Шүүгдэгчийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанаас тогтвортой мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хохирол, оршуулгын зардал болон бусад зардалд нийтдээ 45,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлдэг. Мөн өнөөдрийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан ялаас багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд бага насны 1-14-н насны 6-н хүүхэдтэй хүн байгаа. Шүүгдэгчид оногдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ял байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн хорих ялыг нээлттэй, эсвэл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасан. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирол, төлбөр төлсөн байдал болон түүний хувийн байдал, анх удаа тухайн гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагаар эдлүүлэхээр тогтоож өгнө үү. Хэрвээ шүүгдэгчид оногдуулсан ялыг багасгах боломжтой гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлаж хорих ялыг багасгаж ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.
Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс түүнд 10-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10-н жилийн хугацаатай хорих ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгчид оногдуулсан хорих хөнгөрүүлж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүссэн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Т.А нь 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хөшөөтийн ханан” гэх газарт байх А.Ч-н гэрийн гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Г.Б-н цээжинд хутгалах үйлдлээр амь насыг нь хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай эгч Г.Б 2025 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн орчимд над руу утсаар залгаад хөдөө мал маллаж байсан А.Ч гэх айлдаа талийгаач нөхөр Г.Б-г хүнд хутгалуулаад нас барсан талаар хэлсэн. Тухайн асуудлыг сонсоод Улаанбаатараас Өвөрхангай аймаг руу ирсэн. Талийгаач архаг хууч өвчингүй. Эмчийн хяналтад байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Талийгаач нь Т.А-той нэг газар ажиллаад найзууд болсон юм. Арвайхээр сумын Хүнс бараан захын цемент зардаг газар ачигч хийдэг байсан. 2024 онд талийгаач А-ын малыг 1 сар гаруй маллаад больсон чинь Т.А гэрт ирээд манай малыг малласангүй гээд агсан тавиад байсан. ...Гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоно... гэх мэдүүлэг /1 хх 63 дугаар хуудас/,
Гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2025 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед Т.А-ын хамт гэртээ байж байтал саахалтын хүн Т.А-ын утас руу залгаад хүрээд ир гэсэн. Тэгээд бид хоёр танихгүй айлд хамт очсон. Тэр айлд очсон чинь адууны мах чанасан байсан. Мах идээд 0,75 литр шилтэй хараа нэртэй архи гаргаж өгсөн, тэр архийг Т.А гэрийн эзэн, талийгаач бид 4 хувааж уусан. Дараа нь 2,5 литр савтай Сэрүүн нэртэй пиво гаргаж өгсөн тэр пиво хувааж уусан. Тэрийгээ ууж дуусчхаад Т.А бид хоёр явсан, тэр үед цаг 15 цаг өнгөрч байсан. Тэр айлын гэрийн урд талын жалга руу ороод хунгарт зоогдоод явахгүй байсан чинь Т.А унтаад байхаар нь би мотоциклоо цаснаас гаргачхаад айлд алхаад хүрээд ирсэн. Тэр айлд сууж байтал Т.А араас 10 орчим минутын дараа ороод ирсэн. Тэгээд орж ирээд Т.А унтаад байсан. Гэрийн эзэн эхнэртэйгээ хамт ямаандаа явлаа гээд явсан. Т.А бид хоёр гэр лүү гээ явах гэж байсан. Талийгаач, Т.А хоёр гэрээс түрүүлээд гарсан. Би аяга цай уучхаад 5 орчим минутын дараа араас нь гарсан чинь тэр хоёр гэрийн гадаа зогсож байсан. Би хажуугаар нь гараад цаашаа яваад бие засаад зогсож байсан чинь гэрийн хаалга дуугараад байхаар нь харахад Т.А гэрээс гүйгээд гарч ирж байгаа харагдсан. Талийгаачийн хажууд очиж байгаа харагдаж байсан. Тэгтэл талийгаач гэх залуу ар гэдэргээ саваад газар унасан. Би гүйгээд наанаас нь явж очоод яаж байгаа юм бэ, чи чинь гээд Т.А-оос асуусан дахиад шаасан ч яадаг юм гээд уурлаад байсан. Талийгаачийг харах үед талийгаач дээшээ хараад газар унасан, дээр нь зүүн талын энгэр хэсэгт нь цоорсон, энгэрийг нь сөхөөд үзэх үед цамц нь нил цус болсон байсан. Тэгээд би Т.А-ыг яаж байгаа юм бэ чи гэж хэлсэн чинь Т.А яадаг юм уур хүргээд байгаа юм дахиад дүрсэн ч яахав гээд уурлаад баруун гартаа богиновтор шар эрээн хутга барьсан байсан. Би наад хутгаа хая гээд булаацалдаж байгаад миний баруун гарын дунд хурууг зүсчихсэн. Тэгээд би газар хэвтэж байгаа хүнийг амьсгалж байна уу гээд гүрээний судсыг нь барьж үзэх үед цохилохгүй, цэлдийсэн хөх царайтай болсон хэвтэж байсан. Тэгээд тэр үед талийгаач газар унах үедээ цасан дээр хэвтээд байхаар нь Т.А-той дамжлаад мотоциклын ард арай цасгүй газар зөөж тавиад байж байтал гэрийн эзэн эхнэртэйгээ хүрч ирээд яаж байгаа юм бэ гээд цагдаа дуудъя гээд байсан. Тэгээд гэрийн эзэн А.Ч бид хоёр талийгаачийг гэрт нь цагдаа оруулж болно гэсэн гээд хамт дамжилж гэрт оруулсан. Тэгээд удалгүй сумын цагдаа эмнэлэг ирсэн. Талийгаач Г.Б ийг огт танихгүй анх удаа харсан. Би Т.А-ын малыг сарын 600.000 төгрөгөөр маллаж байгаад тэднийд ирээд сар гаруй болж байна. Т.А бид хоёр мотоциклтой очсон тэр айлд Т.А-ын нэг хурга байсан, тэр айлаас хургаа авах гэж байсан тэр айлын хүн хургаа ирж ав гэж утсаар ярьсан гэсэн, урьд өмнө ирэх үед нь хоосон гаргасан, одоо ганц юм байна ирж уу гэж хэлсэн гэсэн. Бид хоёр ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Талийгаач гэх залуу, гэрийн эзэн А.Ч гэх залуу, эхнэр, 2 хүүхдийн хамт байсан өөр хүн байгаагүй. Тэр хоёр зодоон хийсэн асуудал огт байхгүй. Тэр хоёр өнгөрсөн жил талийгаачийг хонь хариулж өгөөрэй гээд Т.А мөнгө өгсөн чинь хонь хариулж өгөөгүй мөнгө аваад алга болсон гээд архи уугаад сууж байх үед маргалдаад байсан. Тэр хоёрын яриагаар талийгаач Т.А ыг чи өнгөрсөн жил намайг зодсон гээд байсан чинь гэрийн эхнэр нь яагаад хэрүүл мараан хийгээд байгаа юм больцгоо гэж хэлсэн чинь больсон. Тэрнээс хойш хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Тэр хоёр архи уух нь уусан өөрийгөө хянах чадвартай байсан. Бид 4 хоёр шил архи, 1 том пиво хувааж уусан байсан. Талийгаач архи ууж дуусаад хэсэг унтсан, дараа нь Т.А хэсэг унтсан байсан болохоор архи нь гайгүй болсон байсан. Т.А-ын талийгаач Г.Б-ийг хутгалсан гэх хутга нь богинохондуу шар эрээн бариултай хутга, баруун гартаа барьсан байсан. Тухайн хутга А.Чимэддоржийн хутга байсан. ...Би хутгалж байхыг нь хараагүй, дээшээ хараад газар унасан байсан цээжин хэсэг дээр нь цоорсон байсан тэр үед Т.А гартаа хутга барьсан зогсож байсан. Тэр хоёр ямартай ч маргалдаад байсан тэр үед талийгаач Г.Б , Т.А ыг чи намайг зодож байсан биз дээ пизда минь гээд байгаа бололтой байсан, тэр үгийг сайн сонссон бусдыг нь бол сонсоогүй... гэх мэдүүлэг /1 хх 78-79 дүгээр хуудас/,
Гэрч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр аймаг орж хоноод маргааш нь буюу өчигдөр 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед гэртээ хариад хонио гаргачхаад ишгэнд өвс тавьж өгчхөөд саахалт айлын Т.А гэх хүнтэй утсаар ярьсан намар манай хонинд нийлсэн байсан хурга нь муудаад байна ирж тэрийгээ аваарай гэж хэлсэн чинь одоо ингээд очлоо гэж хэлсэн. Удалгүй 11 цаг өнгөрч байх үед нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт мотоциклтой ирсэн. Тэгэхээр нь би гэрт нэг 0,75л шилтэй “Хараа” нэртэй архи, 2,5л савтай “Сэнгүр” нэртэй пиво байсан тэрийг гаргаж өгсөн. Манайд манай малчин Г.Б байсан бид 4 тухайн архи пиво зэргийг хувааж уусан. Манайд адууны мах чанасан байсан тэрийг идсэн. Тэгээд Т.А гэрт газар хэвтсэн унтаж байснаа явлаа гээд босож ирээд хамт ирсэн танихгүй хүнтэйгээ хамт явсан явахаасаа өмнө авах гэж ирсэн хургаа авалгүй танай нэг хүүхдэд чинь өгч байна гэж хэлээд явсан. Явснаас хойш удалгүй хамт явж байсан ногоон дээлтэй танихгүй хүн нь явган алхаад хүрээд ирсэн би хамт явсан хүн нь хайчихсан юм бэ гэж асуухад цасанд уначихлаа унтаж байна гэж хэлээд хүрээд ирсэн тэгээд чанасан байсан махнаас нөгөө танихгүй хүн хүзүүний мах шүдээрээ зулгаагаад байхаар нь хутга өгсөн юм тэрийг идэж дуусаад явсан. Тэгээд буцаж Т.А дээр очоод мотоциклоо асаагаад хамт хүрээд ирсэн, тухайн үед цаг 17 цаг болж байсан байх гэж бодож байна нарийн цаг бол хараагүй. Өдөр манай ямааны хагас нь салчихсан байсан болохоор тэр хагас ямаагаа хониндоо нийлүүлэх гээд явахдаа талийгаач Г.Б-ийг хамт явах уу гэж хэлсэн чинь би хоёр хүүхдээ хараад байж байя чи эхнэртэйгээ хамт явчхаад ир гэж хэлэхээр нь би эхнэр н.Х-гийн хамт явсан. Намайг явах үед Т.А тэр хэд явах гэж байсан бээлийгээ мартчихлаа бээлийгээ авах гээд манайх руу орж байсан хамт явж байсан хүн нь мотоциклынхоо дэргэд хүлээж байсан бид хоёр ямаандаа яваад 20-30 орчим минут болоод буцаж ирээд гэрт ороод ирсэн чинь манай хоёр хүүхэд байсан Г.Б байхгүй байсан. Буцаад гараад ирсэн чинь манай гэрийн баруун урд талд Т.А-ын унаж явсан мотоциклын ард Г.Б дээшээ харсан байдалтай, Т.А-той хамт явсан ногоон дээлтэй танихгүй хүн хажууд нь суучихсан гүрээний судсыг нь бариад сууж байсан, А-д ах цаад талд нь газар явган сууж байсан. Би яасан бэ юу болсон бэ гэж асуухад Ариунболд хутгалаад хаячихлаа гэхээр нь би худлаа тоглоод бай гэж хэлсэн чинь нээрэн хутгалсан гээд байсан. Би очоод хартал Г.Б-ийн дээл дээр нь зураас шиг урагдсан, цоорчихсон байхаар нь үнэн юм байна гэж бодсон. Б-ийг харах үед царай нь хөхөрсөн дээлийн дотор талын цамц нь нил цус болсон байсан. Би Г.Б-ийг дуудсан чинь ямар нэгэн хариу өгөөгүй гүрээний судсыг нь барьж үзэхэд цохилохгүй байсан. Би Т.А ахыг яаж байгаа юм бэ та гэж хэлсэн чинь наадахыг чинь хутгаар дүрээд хаячихсан гээд байсан, би хутгаа яасан юм гэж асуухад гэр давуулаад шидсэн гэж хэлсэн. Би Г.Б-ийг гэрт оруулах гэсэн чинь Т.А-той хамт явж байсан хүн нь цагдаад хэлсэн дээр байрнаас нь хөдөлгөж болохгүй гэж хэлсэн. Би эхнэр н.Х-д цагдаа, эмнэлэгт дуудлага өг гэж хэлсэн. Цагдаатай утсаар ярьсан чинь гэрт оруулж болно гэхээр нь танихгүй ногоон дээлтэй хүнтэй хамт гэрт өргөж оруулсан. Тэгээд удалгүй сумын эмнэлэг, цагдаа хоёр ирсэн. Талийгаач Б-тэй найзууд болохоор таньдаг манайд энэ жил өвөлжинө, мал харж өгнө гээд ирсэн байсан. Манайд ирээд 20 орчим хонож байгаа бид хоёр төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй....Хутгыг би тухайн үед бол хараагүй манай гэр давуулаад шидсэн гээд А тэгж байсан, манайд мах идэж байсан шар эрээн иштэй хутга байсан тэр хутга байхгүй болсон байсан тэр хутгаар хутгалсан байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /1 хх 74-75 дугаар хуудас/,
Гэрч Д.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манайд 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагийн орчимд саахалт айлын Т.А, Г.Э гэх хүнтэй манай малаас хургаа авах гэж ирсэн. Манай нөхөр А.Ч 0,75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи болон 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво гаргаж өгөөд Т.А, Г.Э, А.Ч талийгаач Г.Б нар хувааж уусан. Өдөр 14 цагийн орчимд талийгаач Г.Б , Т.А нар нь өмнө жил малыг сар гаруй малласан тэр талаараа ярьж маргалдаад байсан. Удалгүй Т.А манай гэрт унтаад өгсөн 17 цагийн орчимд манай малын тал нь байхгүй байхаар нь нөхрийн хамт малдаа явах гээд гарахад Г.Эрдэнэбат, Т.А нар мөн гэр лүү гээ явна гээд хамт гарсан. Малдаа яваад 10 минут орчим болчхоод гэртээ ирэхэд гэрийн урд талийгаач Г.Б газар доош харсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийн хажууд Т.А , Г.Э нар зогсож байсан. Юу болсон талаар асуухад Г.Э Т.А талийгаач Г.Б ийг хутгалсан гэж хэлэхээр нь очоод үзтэл амьсгалахгүй байсан. Би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Мөн Тарагт сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Зүүн хөхний доод талд хутгалсан гэж Г.Э хэлсэн. Талийгаач Г.Б өмнө жил Т.А ын малыг малласан юм байна лээ түүнээс болж хутгалсан. Согтолт нь гайгүй, үйлдлээ хянах чадвартай байсан. Хутгалсан гэх хутга нь манай хутга байгаа юм. Талийгаачийг манай нөхөр А.Чимэддорж болон Г.Э нар зөөж оруулсан... гэх мэдүүлэг /1 хх 65-71 дүгээр хуудас/,
Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Миний төрсөн дүү болох Ариунболд нь 1989 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн айлын 2 дахь хүүхэд байгаа юм. ... Дүү маань цэрэгт явж ирсний дараагаас тамхи татаад байна гэж мэдсэн тэрнээс хойш тамхи татаж байгаа. Миний нүдэн дээр архи ууж байгаагүй, надтай согтуу таарч байгаагүй архи дарс уугаад байна гэдгийг хүмүүсээс сонсож байсан, архи уучхаад хүмүүстэй хэрүүл шуугиан хийгээд байхыг нь бол мэдэхгүй тийм зүйл сонсож байгаагүй. Надтай архи уусан үедээ таарч байгаагүй болохоор би архи уусан үедээ ямар авиртай эсэхийг нь мэдэхгүй байна. 2022 оны 08 дугаар сард Т.А ын хүүхэд Батмөнхийн сэвлэг авах үед талийгаач Г.Б гэх хүн тэднийд байсан тэр үед таарч байсан тэрнээс хойш таньдаг болсон урьд нь бол танихгүй. Тухайн үедээ талийгаач Г.Б манай дүү Т.А той хамт аймгийн зах дээр цемент зардаг газар ачигч хийж байгаа эхнэр нь байхгүй түр хугацаагаар манайд амьдарч байгаа сар гаран болж байна гэж байсан. Тэр үед тэр хоёр хоорондоо их эвтэй найртай Дэлгэрээ ингэ тэг гээд чигтэйхэн их эвтэй найртай байсан. Би дүүгээ хүн санаатай алсан гэж бодохгүй байна, шүүх үнэн зөвийг нь ялгаж өгөх байхаа гэж бодож байна... гэх мэдүүлэг /1 хх 81-82 дугаар хуудас/,
Гэрч Э.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Т.А гэх хүн миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2009 онд танилцаад 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Л-тай хурим хийж байсан дундаасаа 9 сартайгаас 14 насны 6 хүүхэдтэй, би 6 хүүхдийн хамт аймгийн төвд сургууль цэцэрлэгт суулгаж амьдардаг, нөхөр маань Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Сондуулт гэх газарт манай эмээ Уртнасан /80 гарсан настай/ хамт мал маллаж амьдардаг байсан. Манай нөхөр гайгүй сайхан зантай, элдэв муухай ааш зан байхгүй, сайхан сэтгэлтэй, ажилсаг хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж сайн чанартай хийдэг, хүнд тусархаг, нийгмийн идэвх сайтай хүн дээ. Хүүхдүүддээ анхаарал халамж сайтай. Гэрийн ажилд их сайн хүн байгаа юм. Бид хоёр танилцаад хурим хийснээс тамхи татдаг байсан, тэрнээс хойш архи бага зэрэг найз нөхдийн хүрээнд хэрэглэж эхэлсэн, баяр ёслолоор хааяа нэг архи уучихдаг байсан. Нэг өдөр архи уусан бол маргааш нь архи ууж чаддаггүй байсан. Уусан үедээ тасартлаа архи уудаггүй, намайг боль гэх үед миний үгэнд ороод болиод унтаад өгдөг байсан. Архи уухаараа агсам согтуу тавьж байгаагүй. Талийгаач 2022 онд манай нөхөр Т.А той хамт аймагт зах дээр цемент дээр ачигч хийдэг байсан манайд эхнэр нь байхгүй байгаа гээд сар гаран амьдарч байсан тэр үеэс эхлэн таньдаг болсон. Тэр хоёрын хооронд ямар нэг өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй байсан...гэх мэдүүлэг /1 хх 84-85 дугаар хуудас/,
Гэрч Ч.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Т.А нь миний хамгийн том эгч Туяагийн 2 дахь хүүхэд нь байгаа юм. ...Г.Б тэй төрөл садангийн ямар нэг холбоо байхгүй. Сүүлийн 5 жилийн хугацаанд таньдаг болсон үе үе над дээр ажил байна уу гээд ирдэг байсан. Тогтмол ажиллаж байгаагүй. Үе үе ажиллаж байгаад л алга болчихдог байсан. Би эхнэртэй 2 хүүхэдтэй гэж байсан эхнэр нь гээд жижигхэн бор хүүхэн яваад байсан ажлын хөлсийг нь өгөхөөр бол эхнэртэй нь холбогдож байгаад өгдөг байсан. Би тэр хоёрыг ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй байх би цалин мөнгө тараах үед аль нэгэндээ өртэй бол би цалин дээрээс нь мөнгийг нь өгчихдөг байсан. Талийгаач Г.Б архи уусан үедээ хүнээс их хэрүүл гуйдаг, хулгай хийдэг, эрүүл үедээ ажилд сайн, томоотой хүүхэд байсан юм, архи уусан үедээ худлаа их ярьдаг... гэх мэдүүлэг /1 хх 87-88 дугаар хуудас/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ №ӨВХ0625/165 дугаартай ...Г.Б ийн цогцост цээжний хөндий нэвтэрсэн шарх, зүрхний баруун тосгуурт шарх, зүрхний үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсанд цус хуралт, үнхэлцэг хальсан дотор цусан бүлэн, цээжний гялтанд шарх, 4,5 дугаар хавирганы харалдаа өвчүүний зөөлөн эдэд шарх, цээжинд ил шарх, толгойн хуйханд цус хуралт, зулай, зүүн шанаанд зулгаралт, зүүн хөлд хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий нэвтэрсэн шарх, зүрхний баруун тосгуурт шарх, зүрхний үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсанд цус хуралт, үнхэлцэг хальсан дотор цусан бүлэн, цээжний гялтанд шарх, 4,5 дугаар хавирганы харалдаа өвчүүний зөөлөн эдэд шарх, цээжинд ил шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой байна.Толгойн хуйханд цус хуралт, зулай, зүүн шанаанд зулгаралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Дээрх цээжний хөндий нэвтэрсэн шарх, зүрхний баруун тосгуурт шарх, зүрхний үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсанд цус хуралт, үнхэлцэг хальсан дотор цусан бүлэн, цээжний гялтанд шарх, 4,5 дугаар хавирганы харалдаа өвчүүний зөөлөн эдэд шарх, цээжинд ил шарх, толгойн хуйханд цус хуралт, зулай, зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь хохирогч нас бараад 6-аас дээш цаг болсон байх боломжтой. Амь хохирогч Г.Б ийн цээжний хөндий нэвтэрсэн ил шарх нь зүрхний баруун тосгуурыг гэмтээж цус алдан, зүрх чихэлдэн нас баржээ. Амь хохирогч Г.Б т эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй... гэх дүгнэлт /1 хх 167-172 дугаар хуудас/,
Шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №ЕГ0325/8498 дугаартай “...Шинжилгээнд “А” гэж хаяглан ирүүлсэн 0000430381, 0000430408 хуруу шилний дугаартай цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжээс 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.4 промолли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 хх 200-201 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЕГ0325/8504 дугаартай “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн шар оруулгатай резинен бариултай хутга 1 ш, хөрс болон цасан дээрээс бэхжүүлж авсан гэх хуруу шилтэй улаан хүрэн өнгийн шингэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн шар оруулгатай резинен бариултай хутга дээр хүний цус илэрсэн, уг цус нь бүлэг тогтоох шинжилгээнд дээж хүрэлцэхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хөрс болон цасан дээрээс бэхжүүлж авсан хуруу шилтэй улаан хүрэн өнгийн шингэн дээж нь хүний цус мөн байна. A(2) бүлгийн харьяалалтай байна. Бүлгийн харьяаллаар тухайн зүйлсийг хоорондоо таарч, тохирч байгаа эсэхийг тогтоохгүй...” гэх дүгнэлт /1 хх 215-216 дугаар хуудас/,
Шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ЕГ0326/056 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн футболк, цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цус нь A(II) бүлгийн харьяалалтай байна. Хос гутал, бүс, цасны өмд, дээл, хар ирээн өнгийн бэлтгэлийн өмд, тэлээ, тамхин дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /1 хх 222-224 дугаар хуудас/,
Шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЕГ0325/8497 дугаартай “...Т.А ын өмсөж байсан гэх улбар шар өнгийн хүрэм, улбар шар өнгийн бүс, бор өнгийн дээл /тогтоолд дурдаагүй бор өнгийн түрийтэй гутал, хөх өнгийн хос оймс, бор өнгийн биеийн тамирын өмд, хөх өнгийн футболк ,хар эрээн өнгийн өмд, хар өнгийн малгайтай цамц/ нь шинжилгээнд тэнцэж байна. Т.А ын өмсөж байсан гэх бор өнгийн дээл, улбар шар өнгийн бүс, бор өнгийн түрийтэй гутал дээр илэрсэн цус нь A(II) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1 хх 230-231 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн №ЕГ0325/8499 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн А гэж хаягласан улаан тагтай цус нь шинжилгээнд тэнцэнэ. Тухайн цус нь B(III) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1 хх 236-237 дугаар хуудас/,
Шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ЕГ0325/8501 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Н.Э-ын гэх цус нь О(I) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт / 2 хх 4-5 дугаар хуудас/,
Шинжээчийн №ӨВХ0725/815 дугаартай “...Н.Э-ын биед баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. ...хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт /2хх 55-56 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 6-16 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 179-188 дугаар хуудас/, Г.Б ийн нас барсны гэрчилгээ /хх 54 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А-ыг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2026 оны 03 дугаар сарын 02-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ