| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 251200080032 |
| Дугаар | 2026/ДШМ/18 |
| Огноо | 2026-04-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/18
2026/ДШМ/18
Д.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Хохирогч Л.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: Б.Н
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Л.Бийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч Д.Нд холбогдох 251200080032 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт, Архангай аймгийн Э сумын 0 дүгээр баг Цхороолол 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Дийн Н /РД:0000000000/
Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2024 оны 12 дүгээр сарын 09-ны өдөр Архангай аймгийн Э сумын 0 дүгээр баг Цхороолол 0-0тоотод иргэн Л.Бийн гэрт эхнэр Р.Ттэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар шалтгаангүйгээр иргэн Л.Бийн толгойн хэсэгт шалны модоор цохисны улмаас эрүүл мэндэд нь гавал ясны зүүн зулай чамархай хэсгийн цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан доорх цусан хураа, цөмөрсөн хугарал, цусан хураа авах мэс заслын дараах байдал, зүүн зулай, чамархайн тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Дийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч Д.Нгээс 6,600,000 төгрөгийг гаргуулан хохирогч А аймгийн Э 0 дүгээр баг Ц0-0 тоотод оршин суух хаягтай, Б овогт Лын Б /РД:0000000000/-д олгож, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Нгээс 6,968,934 /зургаан сая есөн зуун жаран найман мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шалны модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Л.Б давж заалдах гомдолдоо ... Архангай аймгийн иргэн хохирогч Л.Б миний бие 2024 оны 12 сарын 09-ний өдөр өөрийн амьдардаг гэртээ буюу Архангай аймгийн Э сумын 0 баг Цхорооллын 0-0 тоотод Д.Нд толгойруугаа модоор цохиулан гавал ясны зүүн-зулай чамархай хэсэгтээ цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан доорх цусан хураа, цөмөрсөн хугарал, цусан хураа авах мэс заслын дараах байдал, зүүн зулай, чамархайн тархины эдийн няцрал бүхий гэмтэл авсан. Тухайн үед Д.Н нь эхнэртэйгээ цуг манай гэрт орж ирсэн бөгөөд архи ууж байх үедээ хоорондоо хэрэлдэж маргалдаад эхнэрээ зодох гээд дайраад байхаар нь болиултал эхнэр болох Р.Тийгээ гараад зугтаасныг мэдсээр байж ямар ч шалтгаангүйгээр барьж байсан шалны модоороо миний толгойн тус газарт цохиж намайг хүнд гэмтээсэн. Намайг гэмтээснийхээ дараа толгойноос их хэмжээгээр цус гараад байгааг харж байсан хэрнээ тусламж үзүүлэлгүй орхиод яваад өгсөн. Би өөрийн төрсөн ах руугаа хэлж байж эмнэлгийн байгууллагын тусламжийг цаг алдалгүй авсан. Тэр даруй эмнэлэгт хэвтүүлж алдаж байсан цус алдалтыг зогсоож, эмчилгээ хийж , зөөж тээвэрлэх боломжтой болтол биеийн байдлыг харзнаж байгаад 2 хоногийн дараа Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хагалгаанд орж амь аврагдаж чадсан. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн ч гавал тархины зүүн зулай чамархай хэсэгтээ цөмөрсөн ясыг суулгуулах хагалгаанд орж чадаагүй байна. Одоо миний толгой цөмөрхий, тархины зөөлөн эд маань гадна талдаа ил мэдрэгдэж бамбалзаад байж л байна. Д.Н намайг гэмтээсэн энэ үйлдэлдээ надаас нэг ч удаа уучлал гуйж байгаагүй, надад эм тарианы мөнгө гэж хамжсан зүйл байгаагүй, надад ганц төгрөг ч өгөөгүй. Би эхН аав маань нас бараад ганцаараа амьдардаг, аймагт байдаг ах маань өөрөө эрүүл мэндийн байдал тааруугаас болоод намайг сахих хүнгүй байснаас үүдэн Д.Нгийн эхнэртэй ах маань ярилцаж байгаад намайг сахиулсан байсан. Би хохирогчоор тогтоогдсон цагаас хойш цагдаагийн байгуулагд 2 удаа мэдүүлэг өгснөөс өөрөөр намайг дуудан уулзсан хүн байгаагүй, би хууль шүүхийн байгууллагаар явж байгаагүй учир хууль мэдэхгүйгээс болоод их хохирч байна. Д.Н өмгөөлөгч аван өмгөөлүүлж янз бүрийн байдал ашиглан надад хохирол төлөлгүй намайг улам хохироож байна. Би цаашдаа тархиныхаа ясыг суулгуулах хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би дээрх гэмтлээс үүдэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй группд орсон. Группын мөнгөөр амьжиргааны наад захын хэрэглээгээ л хангаж хүрдэг, хотруу дахин явах боломж үнэхээр хүрэлцэхгүй байгаагаас өнөөг болтол эмчилгээгээ гүйцээж хийлгээгүй байна. Би хагалгаанд дахин орох талаараа Д.Нд хэлсэн боловч огт тоохгүй байсан. Би Архангай аймгийн Прокурорын газрын прокурор Т.Ад маш их гомдолтой байна. Уг нь прокурор хохирогчийн эрхийг хамгаалж ажиллах үүрэгтэй юм байна лээ. Гэтэл надад 1 ч удаа туслалцаа үзүүлэн зөвлөлгүй, зөрчигдсөн эрхийг маань сэргээж чадаагүйд маш их гомдолтой байна. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, Өвөрхангай аймагруу нааш цаашаа явах гээд надаар багагүй зардал гарсан, гэхдээ хуулийн мэдлэггүйгээс баримт нотолгоо бүрдүүлсэн зүйл байгаагүй. Анхан шатны шүүх хуралдааны тов гарсан цагаас хойш л эмчилгээний мөнгөнөөс өгөх хамжих юм ярьж, сонсогдож эхэлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр өгнөө л гээд байсан, хуралдааны дараа ч өнөөдөр өгнө, маргааш өгнө гээд худлаа хуураад яваад байгаа.
Д.Н хэзээ ч миний хохирлыг барагдуулахгүй, дан худлаа ярьдаг, намайг ганц бие болохоор аргалж болно гэж бодож байх шиг байна. Ямар ч шалтгаангүй хүний эрүүл мэндээр тоголчоод ямар ч хариуцлага хүлээлгүй торгуулаад өнгөрч байгаад би маш их гомдолтой байна. Иймд энэ хүнд хуулийн зохих хариуцлагыг нь хүлээлгэж миний зөрчигдсөн эрхийг сэргээж, сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэглэлийн тогтсон хэр хэмжээгээр хохирлыг маань барагдуулахаар тогтоож, богино хугацааны дотор тус хохирлыг төлүүлэх үүрэг хүлээлгэж өгнө үү... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг шүүгч өөрөө дотоод итгэл, үнэмшлийн дагуу хэргийн материалд түшиглэж дүгнэлтээ гаргадаг. Тэгэхээр оногдуулсан ялыг дээрдсэн, доордсон гэж дүгнэлт хэлэх боломжгүй. Харин хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй хэвээрээ байна. Тэгэхээр хандах газраа зөв хандаагүй байгаа энэ байдлаа хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад чигээ олох зүйтэй байх. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр өөрлөлт оруулах үндэслэл байхгүй байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогч Л.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Энэ хүн амины хэрэгт холбогдох хэмжээний хэрэг үйлдсэн байхад яагаад хөнгөн ял оноогоод байгаа юм бэ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг яг оновчтой шийдвэр биш гэж үзэж байгаа гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүхэд хохирогчид хэдэн төгрөгийн хохирол төлөх вэ, үндэслэл юу байна гэхэд өөрөө хүлээн зөвшөөрч байна, төлнө гэж хэлж байсан. Энэ удаагийн гомдол нь хохирол төлбөрөө өгөөгүй удсан болохоор гомдол гаргалаа гэж үзэж байна. Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.22-ний өдрийн 21 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт
тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг үндэслэлтэй эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
2. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нг согтуугаар 2024 оны 12 дүгээр сарын 09-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цхороолол 0-0тоотод иргэн Л.Бийн гэрт эхнэр Р.Төмөрсүхтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар шалтгаангүйгээр иргэн Л.Бийн толгойн хэсэгт шалны модоор цохисны улмаас эрүүл мэндэд нь гавал ясны зүүн зулай чамархай хэсгийн цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан доорх цусан хураа, цөмөрсөн хугарал, цусан хураа авах мэс заслын дараах байдал, зүүн зулай, чамархайн тархины эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Шүүгдэгч Д.Нг ... гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ... гэж анхан шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэт ерөнхий дүгнэлт хийсэн, хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол хор уршиг арилсан эсэх, шүүгдэгчид торгох ял оногдуулах болсон үндэслэлээ тодорхой, ойлгомжтой шүүхийн шийдвэрт дүгнэж бичээгүй байна.
4. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ... гэж хуульчилсан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Н нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогч болон эрүүл мэндийн даатгалын сан зэрэгт учирсан хохирол, төлбөрийг хэрхэн, яаж төлөх нь тодорхойгүй, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байхад шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шүүгдэгчид оногдуулсан ял биелэгдэх боломжтой байх гэсэн шаардлагад шүүхийн шийдвэр нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид хохирол төлөөгүй, шүүх хуралдаанаас хохирол төлөх талаар хүсэлт гаргаж завсарлага авсан боловч уг хугацаанд хохирол, төлбөр төлөөгүй, хэрхэн төлөх талаар баримт хэрэгт авагдаагүй байхад түүнд торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдалд эрүүгийн хариуцлага тохироогүй, эрүүгийн хариуцлага биелэгдэх боломжгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
5. Иймд хохирогчийн гомдлыг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Нн хувийн байдлыг харгалзан түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА