Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/475

 

2026           04             21                                                                        2026/ДШМ/475

 

В.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч В.Б-, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн В.Б-д холбогдох эрүүгийн 2503 00000 1309 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С- овогт В-ийн Б-, 1961 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ....... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ИВ-/;

Шүүгдэгч В.Б- нь урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны “Зоос гоёл”-ын уулзвар замд “Toyota prius” маркийн В- УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: В.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...В.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж шийдвэрлэсэн. В.Б- нь ходоодны хавдартай ба хорооны эмчийн хяналтад байх, хавдрын эмнэлэгт үзүүлэх, мөн гадаад явж эмчлүүлэх магадлалтай байгаа. 2026 оны 03 дугаар сард багтаан хагалгаанд орох болсон. Онош тогтоогдсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.гэв.

Шүүгдэгч В.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2022 оны 01 дүгээр сард эрт илрүүлгийн шинжилгээ өгөхөд хорт хавдартай гэх хариу гарсан. Урьд нь ургацаг байж байгаад хорт хавдар үүсэх шалтгаан болсон. Би хагалгаанд орсноос хойш жил бүр дурангийн үзлэгт орж байгаа. Сүүлд гарсан зургаар жил болгон ургацаг гарчхаад томроод байгаа. Сүүлд хагалгаанд орсон оёдол дээр минь ургацаг ургасан. Өсөхбаяр эмчээс би энэ талаар бичиг хийж өгөөч гэж хэлэхэд бичиг хийж өгөөгүй. Ингэхдээ надад манай улсад хагалгаа хийхгүй, гадаад улс руу яв гэж хэлсэн.” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс В.Б-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын зүгээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзсэн. Шүүгдэгчийн зүгээс хуульд заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялын маршрутаа зохиолгоод эмнэлгийн байгууламжийн тусламж авах бүрэн боломжтой гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Шүүгдэгч В.Б- нь урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ буюу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны “Зоос гоёл”-ын уулзвар замд 2.27 хувийн согтууралтай үедээ “Toyota prius” маркийн В- УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 6/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх 3/,

жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх 39/,

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ЗШ/1563 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 62-65/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.М-ын “...Тухайн “Рrius” маркийн М- УКО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Зоос гоёл”-ын уулзвараар урдаас хойшоо явж байхад гэрэл дохио зөрчин зүүн талаас “Toyota prius” маркийн авто машин мөргөсөн. Тэгээд уулзварын цагдаа ирээд тухайн жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг хараад аваад явсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авсан...” /хх 15/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.А-ын “...Тухай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Би машиныхаа учирсан гэмтэл дээр санал гомдолгүй ээ. ...Манай аав В.Б- бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Миний зүгээс барагдуулахгүй...” /хх 26, 29/,

шүүгдэгч В.Б-ын “...Би 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед ...0.5 литрийн Хараа нэртэй архийг ганцаараа уусан. ...Би “Toyota prius” маркийн В- УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэр лүүгээ явж байгаад Зоос гоёл”-ын уулзвараар улаан гэрлээр орж “Toyota prius” маркийн автомашиныг мөргөсөн. Тэгээд цагдаа ирж намайг драйгер багажаар үлээлгэсэн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх 55/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд В.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч В.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч В.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан “...шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн шийтгэлийн төрөлтэй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч В.Б- нь урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан үедээ дахин 2.27%-ийн согтолттой буюу өндөр согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар зам тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн гэм бурууд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Мөн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын тайлбар, давж заалдах гомдолд дурдсан шүүгдэгч нь хорт хавдартай гэх баримт хэрэгт авагдаагүй, ходоодоо тайруулсан, ургацаг ургаж түүнийгээ авахуулсан, дахин ургасан талаарх л баримт /хх 75-79, 130/ авагдсан байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/48, А/70 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтад заасан Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх журамд зааснаар В.Б-ыг зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх боломжгүй.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсгийн 173.1.2 дахь заалтад “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй;” бол прокурорын зөвшөөрснөөр ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаанд өөрчилж болохоор заасан ба шүүгдэгч В.Б- нь түүний хувийн байдалд үүссэн нөхцөл байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн прокурорт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

                                    ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ