Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц..А

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум  2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Ц овгийн П.Г-д холбогдох эрүүгийн 1820001720089 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч П.Г нь 2018 оны  07 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Б дэлгүүрийн үүдэнд согтуу унтаж байсан О.З-н эд хөрөнгө болох 750,000 төгрөгний үнэ бүхий Самсунг Жи-7 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 07 сарын 18-ны өглөө 06 цагийн орчимд таксинд явж байхад Б дэлгүүрийн үүдэнд нэг хүн унтаж байсан, хажууд нь утас нь байсан, тэгээд сэрээх гэсэн боловч сэрэхгүй болохоор нь утсыг авсан. Ярихаар нь буцааж өгнө гэж бодож байсан, утсыг нь амбаартаа аваачиж орхиод мартсан байсан. Маргааш нь цагдаагаас ярихаар нь утсыг нь аваачиж өгсөн.  Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Тэнсэнгийн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Хохирогч О.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 07 сарын 17-ны шөнө 23 цагт найз Д-н хамт Замын-Үүд суманд байрлах Б караокед орж үйлчлүүлэн 1 шил 0.75 литрийн С архи уугаад 2018 оны 07 сарын 18-ны 01 цаг 30 минутын үед караокегоос гараад манай найз Д гэрлүүгээ харьлаа гээд яваад өгсөн. Би автовокзалаас такси олж барихаар автовокзал дээр таксинууд байхгүй байхаар нь Б дэлгүүрийн үүдэнд шатан дээр сууж байгаад  их согтуу байсан унтаад өгсөн байсан. Өглөө 06 цаг 30 минутын орчим сэрээд  өөрийн биед байсан Самсунг Жи-7 гар утсаа хайхад миний гар утас алга болсон байсан. Би 2017 оны 12 сард Замын-Үүд М-н салбараас 850,000 төгрөгөөр хар өнгийн Самсунг ЖИ-7 маркийн  гар утас худалдаж авсан одоо 850,000  төгрөгөөр үнэлж байгаа. Содон шинж тэмдэг гэвэл цэнхэр,  бор өнгийн “Авто фокус” гэсэн  бичигтэй  гадна гэртэйгээ алга болсон. Утасны хувьд шилэн наалттай, сэв  зураас  гэмтэлгүй шинэ утас байсан.  Би өөрийн гар утсыг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр авсан. Уг гар утсыг надаас хулгайлсан гэх хүнийг эрүүгийн төлөөлөгч А олж тогтоон миний гар утсыг надад хүлээлгэж өгсөн. Утас маань бүрэн бүтэн асаалттай байсан. Миний утсыг унтраасан тохиолдолд пин код  нэхдэг. Харин уг утсыг авсан хүн унтраагаагүй байлгасан байсан. Би утас руугаа удаа дараа залгахад дуудаж байсан боловч авахгүй байсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх  зүйл байхгүй. Тухайн үед би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байдалтай гадаа унтаж  байгаад эд зүйлээ алдсан. Утсаа бүрэн олж авсан тул гомдол санал  байхгүй. Тэр хүн ч надаас уучлалт гуйсан ” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч Г.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Бид хоёр 1996 онд таксинд явдаг байхдаа танилцаж байсан. Түүнээс хойш энэ хүнийг мэддэг болсон. П.Г нь төмөр замд ажиллаж ажлынхаа цаг заваар таксинд явдаг байсан. Сүүлд тэтгэвэрт гарснаас хойш  байнга таксинд явдаг болсон. П.Г архи дарс огт уухгүй, тамхи татахгүй хүүхэд шиг  зайрмаг их иддэг хүн. Ямар нэгэн муухай зан авир байхгүй, их тайван дөлгөөн хүн. Саяхан нэг хүүхэд нь нас барсан гэж хүнээс сонссон. Сүүлийн үед түүнээс болоод  юм уу их гундуухан явж байгаа харагддаг болсон. Би түүний ар гэрийн талаар сайн мэдэхгүй, өөрийн үеийн жолооч  нартай арай дотно байдаг байж магадгүй. Яг ямар хүмүүстэй найзалж  нөхөрлөдөгийг нь сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Шинжээч С.Э 2018 оны 07 сарын 25-ны өдрийн Самсунг Жи-7 маркын гар утас хар өнгөтэй  750,000 төгрөгөөр үнэлсэн 94 тоот дүгнэлт  /хх-ийн 14/

Шүүгдэгч П.Г-с Самсунг Жи-7 маркийн гар утсыг хураан авч, хохирогч О.З-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19/

Шүүгдэгч П.Г нь урь ял шийтгэлгүй гэсэн ял шалгах хуудас“ гэсэн хүсэлт /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П.Г нь 2018 оны  07 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Б дэлгүүрийн үүдэнд согтуу унтаж байсан О.З-н эд хөрөнгө болох 750,000 төгрөгний үнэ бүхий Самсунг Жи-7 гар утсыг авсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан хохирогч О.З-н мэдүүлэг, шинжээч С.Э 2018 оны 07 сарын 25-ны өдрийн  Самсунг Жи-7 маркын гар утас хар өнгөтэй  750,000 төгрөгөөр үнэлсэн 94 тоот дүгнэлт  /хх-ийн 14/, шүүгдэгч П.Г-с Самсунг Жи-7 маркийн гар утсыг хураан авч, хохирогч О.З-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Г нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу хохирогчийн Самсунг Жи-7 загварын гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг зэргээр хэрэгт тогтоогдсон байх тул түүнийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн П.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Г-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон  түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч П.Г-д 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Г нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            А.Ц