| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2510 05051 1760 |
| Дугаар | 2026/ДШМ/476 |
| Огноо | 2026-04-21 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/476
2026 04 21 2026/ДШМ/476
П.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Нандинцэцэг,
шүүгдэгч П.Д-,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2510 05051 1760 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт П-гийн Д-, 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП-/;
Шүүгдэгч П.Д- нь 2025 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Н- болон түүний нөхөр Л.Б- нарыг “1 цаг бааранд орчий гээд гуйчихаач” гэж хэлж машинаас нь буухгүй байсан шалтгаанаар тэдэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдаж, машинаас буусныхаа дараа Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Б-” нэртэй караокены гадна Б.Н-ы эзэмшлийн Б- УНМ улсын дугаартай “Тоёото харриер” загварын тээврийн хэрэгслийн хойд талын шилний шил арчигчийг хугалж, урд салхины шилийг хагалж 765.000 төгрөгийн үнэ бүхий машины эд ангийг санаатай эвдэлж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Д-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг буруу тайлбарлаж, “цэнэглэгч татсаны улмаас урд салхины шил хагарсан” гэж дүгнэсэн. Миний бие шүүх хуралдаанд цэнэглэгч татаагүй гэж тодорхой мэдүүлсэн бөгөөд уг үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй болно. Гэтэл шүүх миний мэдүүлгийг буруу үнэлж, нотлогдоогүй үйлдлийг тогтоогдсон мэт дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, иж бүрэн үнэлэх зарчимд нийцэхгүй байна.
Цэнэглэгч татсан гэх үйлдэл болон салхины шил хагарсан гэх үр дагаврын хоорондын механик, техникийн шалтгаант холбоог шинжээч тогтоогоогүй. Шинжээч зөвхөн хохирлын үнэлгээ гаргасан бөгөөд эвдэлсэн механизмын талаар дүгнэлт хийгээгүй байна.
Ашиг сонирхлын зөрчилтэй гэрчийн мэдүүлгийг хэт үнэлсэн Гэрч Л.Б- нь хохирогч Б.Н-тай ойрын харилцаатай бөгөөд ашиг сонирхлын шууд хамааралтай этгээд болно. Ийм нөхцөлд түүний мэдүүлгийг дангаар нь үнэлэх бус, бусад нотлох баримттай харьцуулан болгоомжтой үнэлэх шаардлагатай байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд гэм буруугүйд тооцох зарчмыг хуульчилж, хэрэгт эргэлзээ арилаагүй тохиолдолд яллагдагчийн талд шийдвэрлэхийг заасан байдаг. Гэтэл хэрэгт үйлдэл болон үр дагаврын хоорондын шууд шалтгаант холбоо бүрэн тогтоогдоогүй, нотлох баримтуудад эргэлзээ байхад намайг гэм буруутайд тооцсон нь дээрх хуулийн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Мөн шүүх хуралдааны аудио бичлэг болон тэмдэглэлийг шалгаж, миний мэдүүлгийг бүрэн эхээр нь үнэлж өгөхийг хүсэж байна.” гэв.
Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт хохирогчоор Н-, гэрчээр Б- нар оролцсон байдаг. Харин Б-, Д- нарт холбогдох хэргийг тусгаарласан. Учир нь Б- нь Монгол улсын хилээр гарсан байсан учраас хэргийг тусад нь шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн. Долоо хоногийн өмнө мөрдөн байцаалтын хэргийг сэргээгээд прокурорын хяналтад энэ хэрэг ирчихсэн байгаа. Тухайн хэрэг дээр Б- болон Д- нар харилцан зодолдсон үйл баримт байдаг. Хоёулаа шинжээчид үзүүлж, Д- дээр гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Харин Б-тэй холбоотой хохирол тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг харахад тухайн өдөр Б- болон Д- нар маргаан үүсгэсэн ба тухайн тээврийн хэрэгслээс Д- буухгүй гэж маргасан байдаг. Буухгүй байсан учраас чирээд буулгахад ард талын салхины шил арчигчийг татаж хугалсан. “Тээврийн хэрэгсэл дотор маргаан үүсгэж зодолдох явцдаа хар хайрцгийн шилэнд наалттай хэсгийг нь хуулж авахад түүнээс үүдэлтэй цууралт үүссэн” гэж Н- мэдүүлсэн. Мөн тээврийн хэрэгсэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гараад цууралт үүссэн байна гэдгийг тогтоосон. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шалтгаант холбоо тогтоогдож байгаа. Өөр байдлаар хохирогчийн салхины шилийг өөр этгээд гэмтээсэн үйл баримт тогтоогдоогүй. Шүүхээс хамгийн бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан. Гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд хөнгөн ял оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн хувьд энэ хэмжээний ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Б-өд холбогдох хэргийн хувьд прокуророос шийдвэр гарч шүүхэд хараахан шилжээгүй байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос П.Д-г “2025 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Н- болон түүний нөхөр Л.Б- нарыг “1 цаг бааранд орчий гээд гуйчхаач” гэж хэлж машинаас нь буухгүй байсан шалтгаанаар тэдэнтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдаж, машинаас буусныхаа дараа Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Б-” нэртэй караокены гадна Б.Н-ы эзэмшлийн Б- УНМ улсын дугаартай “Тоёото харриер” загварын тээврийн хэрэгслийн хойд талын шилний шил арчигчийг хугалж, урд салхины шилийг хагалж 765.000 төгрөгийн үнэ бүхий машины эд ангийг санаатай эвдэлж гэмтээсэн” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч П.Д-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь, аливаа хэрэгт нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Өөрөөр хэлбэл, П.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6 дахь заалтуудад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “нотлох баримт” гэдэг нь зөвхөн мэдээлэл агуулсан баримт бичиг бус, харин хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, эх сурвалж нь тодорхой, шалгаж тогтоогдсон мэдээлэл байх учиртай.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байх гэсэн шалгуурыг зэрэг хангасан байхыг нотолгооны онолд шаарддаг.
Талууд тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хэн хагалсан талаар маргадаг ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй, шинжээчээс эд хөрөнгөнд нарийвчлан үзлэг хийж, дүгнэлт гаргасан гэх боловч үнэлгээг тогтоохдоо гэрэл зургаар бэхжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт салхины шил хагарсантай холбоотой ямар ч баримт авагдаагүй, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох гэрэл зураг хэрэгт авагдаагүй, ямар шалтгааны улмаас салхины шил баттай хагарсан талаар /гадна дотор талын аль талаас хүч үйлчилсний улмаас үүссэн эсэх/ шүүх мэдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул уг тээврийн хэрэгслийн салхины шил хэрхэн, ямар хүчин зүйлийн улмаас хэрхэн яаж хагарсан талаар хөдөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой ба хэрэгт гэрч Л.Б-ийн болсон үйл баримтын буюу машинд учирсан хохирлын талаар 2 өөр мэдүүлэг /хх 38, 41/ авагдсан байгаа нь хэргийн жинхэнэ нөхцөл байдлыг тогтооход эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгосон байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх хэргийг шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй” тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “...хэргийг дахин шалгуулах...” талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/449 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч П.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ