| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Баясгалан |
| Хэргийн индекс | 144/2025/00573/И |
| Дугаар | 144/ШШ2026/00047 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 144/ШШ2026/00047
2026 01 14 144/ШШ2026/00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч **** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **********-т холбогдох,
21,688,600 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******** /цахимаар/, хариуцагч ********** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*********** миний бие 2025 оны 05 сарын 30-ны өдөр **********дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ хийсэн тул гэрээнд 60м2 амины орон сууц, 12м2 террастай байшин барих гэрээг нотариатаар баталгаажуулан хийсэн. **********нь 5 сарын 31-ээс 6 сарын 02-ны хооронд урьдчилгаа болох 9,700,000 төгрөг, **********/**********/ *********дансанд авсан. ************** нь барилгын суурь болох хундамаа 5-8-ны өдрийн хооронд хийж дуусгаад төлбөрийг 6 сарын 4-7-ны хооронд тус тусад нь нийт 16,000,000 төгрөг авсан. Хундаамаа хийж дуусгаад 16,000,000 төгрөгийг миний бие цувуулан 6 сарын 08-ны өдрөөс хойш 14 хоногт хундамаа услаарай гээд явсан. ********** нь 7 сарын 21-ний өдөр 1 машин блок буулгаад 7 сарын 24-ний өдөр 100 ширхэг блок буулгуулсан. Тэгээд ирэхгүй байж байгаад 8 сарын 05-ны өдөр ирж 2 хүнээр өрлөгөө хийлгэсэн. Өрлөгийг маш муу нэвт завсартай шавар өрлөг хийлгэн хаалганы хэсэг нь нурсан. Мөн дахиж бөөн юм болж залгаж залгаж дуудаад 8 сарын 29-ний өдөр 2 хүнтэй ирж бүс бетон болон дээврийн мод зангидах ажил хийсэн боловч бүс бетон нь 1 ширхэг 10 мм-ийн нарийн төмөр утсаар 1 эгнээ хийсэн. Таазыг хар панераар хадаж хийсэн. Дээврийн бэхэлгээ бүс бетоноос нарийн төмөр утсаар буруу авсан байсан. Барилга барьсан хөөсөн блок нь даацын блок биш дүүргэгчийн блок тул 4 талд босоо даацын баганатай хийх байсан боловч шууд өрсөн. Бид өөрсдийн мөнгөөр дахиж дээврийн мод, төмөр, дан нуруу тавих палк худалдан авч дахин өөр барилгачдаар 9 сарын 15-аас хойш хийлгэж байна. Мөн 9 сарын 01-05-ны хооронд дээвэр хийж байхдаа *********сумын **********модны худалдаанд нийт 5,097,000 төгрөг өгөөгүй байсан. Мөн барилга барьж байхдаа ********** дугаартай хүнээс утас аваад төлбөрийг нь өгөөгүй байна. *********нь гэрээнд заахдаа чанартай материалаар хийж өгнө гэж анх гэрээ хийсэн боловч маш чанар муутай материалаар гадна хананы өрлөг, дээврийн мод буруу угсарсан. ********* нь 7 сарын 11-ний өдөр түлхүүр гардуулахаар барилга барьж дуусгах байсан. 9 сарын 05-ны өдөр дээврийн шувуу оройг буруу хийлгээд дахиж мөнгө өгөхөөр нэхсэн. Бид 9 сарын 05-ны гэрээг зогсоохоор ярьж зогсоосон. Гэрээний үнэ 64.200.000 төгрөг, үүнээс урьдчилж өгсөн 9,630,000 төгрөгийг хасаад үлдэх 54,570,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алдангийг тооцсон. Хугацаа нь 7 сарын 11-ээс 09 сарын 05-ны өдөр хүртэл нийт 56 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд үүнээс ажилласан хоногийг хасаад 40 хоногийн алданги 0,5 хувиар тооцоод 10,785,600 төгрөг байна. Мөн дээвэр болон өрлөгөө бүрэн дуусгаад авах байсан мөнгийг урьдчилан 16,000,000 төгрөг авсан. Энэ 16,000,000 төгрөгөөс мод авсан мөнгийг хасаад үлдсэн төлбөр нь дээврийн төмөр 3,000,000 төгрөг, цонх 2,700,000 төгрөг, хамар ханын блок 1,600,000 төгрөг, дам нурууны модонд 200,000 төгрөг, шалны өнгөлгөөний ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг, дээвэр, хана, шал, хаалга цонх хийлгэсэн ажлын хөлс 1,903,000 төгрөг зэргийг би дахин хийсэн тул 10,903,000 төгрөг буцаан нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд нийт 21,688,600 төгрөг нэхэмжлэх хэрэгтэй байна. Иймд ************* 21,688,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ************ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн зүгээс илтэд худлаа ярьж байна. Бид нарын хувьд хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Өрлөг, бүс бетоноо хийгээд, дам нуруугаа тавиад, дээврээ хийсэн. Зураг дээр ч тодорхой харагдаж байгаа. Бидний хийсэн зүйлийг чанаргүй гэж ярьдаг. Нөхөр нь гэж хүн ажилд оролцоод, хааж боомилоод байдаг байсан. Бүс бетон, дээвэр, өрлөг хийгээд 70 хувь байдаг. Манайх 70 хувийнхаа мөнгийг аваагүй, үнийн дүнгийн 64-65 хувийн мөнгө авсан. Дээврийн төмөр болон дотор өрлөг дутуу байсан. Хаалга цонх нь 2,000,000 төгрөгт багтахаар байсан бөгөөд 3,200,000 төгрөгийг шалтаг хэлээд өгөөгүй. Нөхөр нь агсан согтуу тавьсаар байгаад өөрсдөө ажлаа зогсоосон. Дээвэр нь 1,200,000 төгрөг, хаалга, цонх нь 2,000,000 төгрөгт багтаж байсан. Дотор өрлөгийн материал болон цемент илүү гараад үлдсэн байгаа. Гэрээг харилцан тохиролцож цуцалдаг байтал эднийх өөрсдөө гэрээгээ цуцалсан. Мөн террас хийлгэхээр тохиролцсон боловч шууд автоматаар хассан. 60м2 гэж байгаа боловч хэмжээд үзэхээр 64,9м2 байсан. Тэгэхээр метр квадратыг нь 1,000,000 төгрөгөөр үнэлээд 70,000,000 төгрөг бөгөөд үлдэгдэл 4,900,000 төгрөг болно. Үүн дээр 1,600,000 төгрөгийн материал үлдсэн. Бидний хувьд ажлынхаа 70 хувийг хийчихсэн, 5м2 илүү барьсан. Эдний зүгээс шалтаг тоочоод ажлыг маань 2-3 удаа зогсоож, маш их алдагдал гаргасан. Гэхдээ бид нар юм яриагүй. Янз бүрийн шалтаг ярьж, худлаа үнэн хор хутгана. Нөхөр нь агсан согтуу тавина, ажил хийлгэхгүй гэж орилж чарлана. Тэгээд бид цөхрөнгөө бараад больё гэсэн. Тэгсэн чинь 10 сая төгрөг буцааж авна, дээрээс нь алданги тооцно, нийлээд 21 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн. Дуусгаагүй барилга дээр алданги тооцдоггүй хуультай юм байна лээ. Бид нар маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан. Энэ хүмүүс 3-4 бригад солиулсан. 19 жил барилга барьсан хүн 1-2 сантиметрийн алдаа гаргахад алдаа гаргалаа гэж хэлж байгаа юм. Бид үндсэн барилгынхаа 65 хувийг хийж гүйцэтгэсэн. Гэхдээ 70 хувийнхаа мөнгийг авч чадаагүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө гэж итгэж байна гэв.
Нэхэмжлэгч талаас: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн *********дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга, зарлагын баримт” /хавтаст хэргийн 4-29 дэх тал/ зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: Хариу тайлбар /хавтаст хэргийн 37 дахь тал/ ирүүлсэн байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган зөвхөн алданги 10,785,600 төгрөг /алдангийг гэрээний нийт үнийн дүн болох 64,200,000 төгрөгөөс урьдчилгаа 9,630,000 төгрөгийг хасаад үлдэх 54,570,000 төгрөгөөс өдрийн 0,5 хувийн алданги нь 272,850 /54,570,000/100*0,5=272,850/ төгрөг, байрыг гэрээний дагуу хүлээлгэн өгөх 2025 оны 7 сарын 12-ны өдрөөс гэрээг цуцлах 2025 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанаас ажил хийсэн өдрийг нь хасаад 40 хонгийн алданги ойролцоогоор 10,785,600 төгрөг/ алдангид гаргуулах гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин үлдэгдэл материалын үнэ, байшингийн 70 хувийн ажлыг хийсэн, үнийн дүнгийн 64-65 хувийн мөнгө авсан тул зөрүүг нэхэмжилнэ гэж маргасан.
4. Хариуцагч ажлын хөлсний зөрүү болон материалын үлдэгдлийг нэхэмжилнэ гэсэн боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэлбэрээр бүрдүүлбэр ханган сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.
5. Зохигчид 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0569 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд **********тоот хаягт баригдах 60 м.кв амины орон сууц, 12 м.кв террастай барилгын ажил байх ба түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй, шууд амьдрах зориулалттай барилгын ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, 2025 оны 5 сарын 30-ны өдөр 9,630,000 төгрөг, хундаамаа бүрэн цутгасны дараа 16,050,000 төгрөг, дээврээ хийгээд өрлөгөө хийсний дараа 19,260,000, үлдсэн 19,260,000 төгрөгийг түлхүүр гардуулан өгсний дараа тус тус шилжүүлэх, 2025 оны 7 сарын 12-ны өдөр үр дүнг /байрыг/ хүлээлгэн өгөхөөр тохиролцон байгуулсан байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
6. Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ болон шилжүүлсэн төлбөрийн талаар маргаагүй, барилгыг хугацаандаа дуусгаагүй учир нэхэмжлэгч /захиалагч/ 2025 оны 09 сарын 05-ны өдөр гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.” гэж зааснаар цуцалсан байна.
7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан, талууд Ажил гүйцэтгэх гэрээний 3.8-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.” Гэж тохирсон байна.
Иймд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хариуцагч /ажил гүйцэтгэгч/ нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэгтэй байна.
8. Зохигчид гэрээгээр ажлыг /байшинг/ 2025 оны 7 сарын 12-ны өдөр дуусгахаар тохирсон боловч 2025 оны 09 сарын 05-ны өдөр дуусаагүй, хундам, өрлөгө, дээврийн рам хийгдсэн хийгдсэн талаар маргаагүй, хариуцагч нэхэмжлэгч талаас шалтгаалан хугацаандаа хийх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.
9. Зохигчид гэрээгээр нийт үнийг 64,200,000 гэж тохирсон боловч террасын ажлыг хасаж 60 м.кв байшингийн үнэ 60,000,000 төгрөг байхаар тохирсон, үүнээс хариуцагчид 41,700,000 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлсэн үнийн дүнд тохирсон ажлыг хийсэн, хугацаа хэтэрсний алданги нэхэмжилнэ гэсэн тул үлдэх 18,300,000 /60,000,000-41,700,000=18.300.000/ төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж шүүх тодорхойлох үндэслэлтэй.
10. Нэхэмжлэгч 2025 оны 7 сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 сарын 05-ны өдрийн хооронд хариуцагчийн ажилласан хоногийг хасаад алдангийг 40 хоногоор нэхэмжилнэ гэсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 18,300,000 төгрөгийн хоног тутмын 0,5 хувийн алдангийг 40 хоногоор тооцож 3,660,000 /18,300,000/100*0,5*40=3,660,000/ төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,660,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,393 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,393 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 73,510 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ********* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***