Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц..А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Б сумын харъяат, бүрэн бус дунд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, О аймаг, Б сум, Д багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй Б овогт А.Б-д холбогдох эрүүгийн 1820001470091 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г банкны Дорноговь аймгийн Замын-Үүд дэх салбарын теллер М.Б-н алдаатай гүйлгээ хийгдсэн 1000 юанийг авч завшсаны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05 цагийн үед Г банкнаас 1000 юань авъя гээд 400,000 төгрөг өгсөн. Тэгэхэд надад 2000 юань өгсөн байсан. Тэр үед би мэдээгүй. Тэгээд урагшаа  гарсан. Өөрийн байсан мөнгөтэй нийлүүлээд юм авсан. Б надтай яриад эгч ээ таньд би 1000 юань илүү өгсөн байна гэсэн. Тэгэхээр нь би юм аа тооцож үзье, авсан үгүйг мэдэхгүй байна гэсэн. Тооцож үзэхэд 1000 юань илүү байсан. Б надтай дахин ярихад нь би 08 дугаар сарын 05-ны өдөр тэтгэврээ буухаар нь төлье гэж тохиролцсон байсан чинь захирал нь цагдаад өгсөн байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тэтгэвэрт байдаг учраас торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлмөөр байна” гэсэн мэдүүлэг,

Г банкны Замын-Үүд тооцооны төвийн 2018 оны 05 сарын 28-ны өдрийн “Иргэн А.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Г банкны “Бизнес  төв” салбараар 2018 оны 05 сарын 03-ны өдөр 17:20 цагаас 17:30 цагийн хооронд үйлчлүүлэхдээ 400,000  төгрөг буюу 5,000 төгрөгийн дэвсгэрт 80 ширхэгийг  өгч тухайн үеийн валютийн ханш 379,00 төгрөг байсан ба юаны худалдан авах арилжаа хийсэн. Тухайн үед иргэдийн теллер ажилтай М.Б гүйлгээний төгрөгийн мөнгөн дүнгээ андуурч 800,000 төгрөгөөр бодож 2110,00 юаны зарах арилжаа хийж 1055 юань илүү андуурч өгсөн нь Г банкны хяналтын камерийн бичлэг, кассын гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Энэ хэргийн улмаас Г банкинд бодитой буюу 400,000  төгрөгийн хохирол учирсан тул хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү” гэсэн 11/180 тоот албан бичиг /хх-ийн 4/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

Кассын зарлагын ордер /хх-ийн 5/

Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 05 сарын 03-ны өдрийн 17 цаг 30 минутанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Г банкны бизнес  төв салбараар  иргэн А.Б нь үйлчлүүлсэн. Тухайн үед би теллерээр ажиллаж байсан ба Б нь надад 80 ширхэг 5,000 төгрөгийн дэвсгэрт  буюу нийт 400,000 төгрөгийг БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юаниар солиулахаар өгсөн. Би 80 ширхэг 5,000 төгрөгийг 800,000 төгрөг болох юм байна гэж бодоод 1055 юань өгөх ёстой байтал 2110 юань өгсөн. Өөрөөр хэлбэл би Б-т 1055 юань илүү өгсөн. Үүнээс болж манай банкинд 400,000 төгрөгний хохирол учруулсныг би банкиндаа цалингаасаа төлж барагдуулсан. Гэхдээ Б нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Замын-Үүд  суманд ирж надад 400,000 төгрөгийг бэлнээр өгч уучлалт гуйсан. Одоо надад гомдол  санал байхгүй. Энэ хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

Шүүгдэгч А.Б нь урь ял шийтгэлгүй гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г банкны Дорноговь аймгийн Замын-Үүд дэх салбараас  400,0000 төгрөгийг Хятад улсын мөнгөн тэмдэгт болох юаниар сольж авахдаа теллер М.Б-н алдаатай гүйлгээ хийсэний улмаас 1055 юань буюу 400,000 төгрөгийг илүү авч завшиж, иргэний нэхэмжлэгчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Б-г 1000 юань завшсан гэж яллах дүгнэлтдээ дүгнэсэн боловч шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, Г банкны 11/180 тоот албан бичиг, кассын зарлагын ордер зэргээр шүүгдэгч нь 1055 юань буюу 400,000 төгрөг завшсан нь хэрэгт тогтоогдож байна. Тухайн үед Хятад Улсын мөнгөн тэмдэгт нь монгол төгрөгт хөрвөх ханш нь 379 төгрөг байсныг Г банк албан тоотдоо дурджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан иргэний нэхэмжлэгч М.Б-н мэдүүлэг /хх-ийн 14-15/, Г банкны Замын-Үүд тооцооны төвийн 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 11/180 тоот албан бичиг  /хх-ийн 4/, Кассын зарлагын ордер /хх-ийн 5/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу 400,000 төгрөгийг буцаан өгсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр хэрэгт тогтоогдсон байх тул түүнийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний  дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч А.Б нь 450,000 төгрөгийн торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            А.Ц