Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын харъяат, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Хатанбулаг сум 5-р багт оршин суух, Хилийн дугаар ангид жолооч  ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Х.Б-д холбогдох эрүүгийн 1820001120090 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд авагдсанаар /

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д аймаг У сум Т гэх газарт Фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн “  2016 оны 04 сарын 21-нд шалгалтаар ирэх хүмүүсийг ангийн байрлалд авчирчихаар Сайншанд сум руу Хилийн дугаар ангийн фургон машинаар явсан юм. Явахаасаа өмнө машины бүрэн байдлыг шалгаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч Хатанбулаг сумаас гарч яваад Хөвсгөл сумын хажуугаар гарч цаахнаас нь нэг хүн авсан. Ингээд цааш явж байтал машин гэнэт жолоодлогогүй  болсон, зогсоох арга хэмжээ авах гэтэл замын  зүүн талын сул шороо, элс рүү онхолдсон. Би машины урд шилийг хагалж гараад машинд байсан хүмүүсийг гаргасан. Ослын улмаас хохирогч Б-н биед хүндэвтэр гэмтэл учруулсан, эмчилгээний зардалд эхлээд 700,000 төгрөг, дараа нь 447,000 төгрөг төлсөн. Машиныхаа эвдрэлийг янзалж өгсөн, одоо хөдөлгөөнд орсон, хэвийн явж байгаа. Хохирогч Б надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэсэн мэдүүлэг,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 6-8/

Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2018 оны 04 сарын 16-ны өдрийн “Тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ 6,621,000 төгрөгөөр үнэлсэн тухай “ үнэлгээний тайлан /хх-ийн 17-19/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн “ 1. 2018 оны 04 сарын 11-ний өдрийн  Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2063 дугаартай өвчний түүхээс үзэхэд  Б.Б-н  биед баруун эгэм, 2, 4 дүгээр  хавирганы хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-т зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 02/0163 тоот дүгнэлт /хх-ийн 25/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн  замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О.Ө “ 1.Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж болно...3. жолооч Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим,  тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас  хэтрүүлэхгүйгээр сонгож явна”  9.2 “ жолооч хөдөлгөөнд аюул, саад  бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн  хурдыг  хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох арга  хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн 10 тоот дүгнэлт  /хх-ийн 53/

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  Би 2018 оны 04 дүгээр 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум орж тэтгэвэрт гарах бичиг баримтын талаар хувийн ажилтай болоод Хатанбулаг сумаас 14 цагийн үед цэргийн ангийн фургон  маркийн автомашины хойд талын хаалгаар орж хаалганы хажуу талд урагшаа харсан  сандал дээр сууж миний зүүн талд зэрэгцээ хоёр сандал дээр хаалган талаас  цэргийн ангийн эмч Г, хажуу талд нь  нэг эрэгтэй хүн, жолооч нь тухайн цэргийн ангийн жолооч Б, жолоочийн хажуу талын сандал дээр эмэгтэй хүн хүүхдийн хамт сууж явж байсан. Тэгээд Хатанбулаг сумаас хөдөлж  явж байгаад  Хөвсгөл сумаас хойшоо зам дагуу айлаас нэг эрэгтэй хүн хойд талын хаалгаар орж ирээд урд талын  хойшоо харсан сандал дээр  сууж явж байсан хоёр  хүний голд суугаад цаашаа хөдлөөд явж байгаад 16 цагийн үед машин нэг мэдэхэд дээшээ 4 дугуй нь харж хэсэг хугацаанд ухаангүй болсон байх миний дээрээс шороо  асгараад миний зүүн талын хөлнөөс жолооч Б эгчийн  бие яаж байна гээд намайг машинаас хойд талын хаалгаар гарахад  амьсгал авч болохгүй баруун талын эгэм хугарсан байдалтай өвдөлт их мэдрэгдэж Г эмч миний биеийг үзээд баруун талын эгэмийг хойш нь сойж боолт хийж өгсөн. Тухайн машин дотор явж байсан хүмүүс дугуйн дээр нь босгосон. Тэгээд хэсэг хугацааны  дараа намайг зам тосоод Сайншанд  сум руу явуулж би Сайншанд  сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр  ирээд биеэ  үзүүлж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед машинаас буусан  хүмүүс биеийн байдал зүгээр гэж хэлж байсан. Ямар нэг ил харагдах шарх сорви байгаагүй. Одоо миний биеийн байдал  эмчилгээ  хийлгээд сайжирч байгаа. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71- 72/

Иргэний нэхэмжлэгч Ю.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хилийн дугаар ангийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад Х.Б ангийн жижүүрийн утас руу өөрийн гар утсаар залгаад болсон зүйлийн талаар мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгслийг 2016 оны 11 сард Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн дугаар ангийн албанд Дорноговь аймгийн Хөдөлмөрийн  хэлтсээс фургон маркийн машиныг шилжүүлэн өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг авсан цагаас хойш 350,000 км яваад актанд манай байгууллагаас гаргадаг. 2016 оны 11 сард хүлээж авахад 77.311 мянга км явсан, одоо нийт 126.497 мянган км явсан байна. Тухайн үнэлгээний байгууллагаас гаргасан үнэлгээг  хүлээн зөвшөөрч байна.  Х.Б тээврийн хэрэгслийг өөрийн мөнгөөр засаж янзалсан тул ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 80/

Иргэний хариуцагч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн дугаар ангийн  шуурхай жижүүрээс болсон зүйлийн талаар мэдэгдсэн. Мөн Х.Б өөрийн гар утсаар миний гар утас руу  залгаад болсон зүйлийн талаар хэлсэн. Хилийн дугаар ангийн жолооч нарт ХААЗ-гааг би болон тавиулангийн дарга, ахлах дэслэгч Б.М нар өгдөг. Тухайн өдөр тавиулангийн дарга ахлах дэслэгч Б.М ХААЗ-гаа өгч  машинд үзлэг хийж аюулгүй ажиллагааны заавал танилцуулсан байдаг. Х.Б-г фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Сайншанд сум руу явах хуваарь гарч ангийн захирагчаар батлуулсан байсан. Х.Б нь Сайншанд сумаас Хил хамгаалах ерөнхий газраас  явуулсан эрүүл ахуй, зэвсэг техникийн үзлэг тооллого хийх комиссын бүрэлдэхүүн алба  хаагч нарын ангийн байрлалд авч ирэх гэж явуулсан байсан. Тухайн ажилд гарахад машины ерөнхий байдал иж бүрдэл, хөдөлгүүр, хурдны хайрцаг хүч дамжуулах  анги, жолооны механизмын ажиллагаа, тормозны системийн ажиллагаа, гэрэл дохио, дугуйны чанар байдал жолоочийн биеийн байдал, үнэмлэх бичиг баримт, хурдны хэмжүүр ажилтай эсэх  зэргийг шалгаж үздэг. Хэрэв ямар нэг  зөрчил гарвал тухайн зөрчлийн засуулж байгаад хөдөлгөөнд гаргадаг засуулах боломжгүй эвдрэл гэмтэл гарсан бол өөр машин томилдог. Б.М нь тээврийн хэрэгслийг ажилд гарахаас өмнө үзэж шалгахад ямар нэгэн эд ангийн болон бусад  ямар нэг гэмтэл эвдрэл байхгүй байна гэж надад танилцуулаад  тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд  гаргасан. Тухайн тээврийн хэрэгсэлд GPS  хяналтын төхөөрөмж  суурилуулаагүй. Манай ангийн машин болгон GPS  хяналтын төхөөрөмж байхгүй. Хил хамгаалах ажиллагааны нууцлалтай  холбоотой GPS хяналтын төхөөрөмж суурилуулаагүй байх. Гэрээнд ямар нэг GPS  хяналтын төхөөрөмж суурьлуулсан машин унаж хөдөлгөөнд оролцох талаар гэрээнд тусгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83/

Хилийн дугаар ангийн автомашин техникт үзлэг хийсэн бүртгэлд 04 сарын 11-нд фургон машин хэвийн хүлээн авсан гэж гарын үсэг зурсан хуулбар /хх-ийн 92-93/

Жолооч нараас автомашинтай үүрэг гүйцэтгэх бүрт ХХАААЗ танилцуулж баталгаа авсан бүртгэлд 04 сарын 11-нд а/а Б-д зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зурсан бүртгэлийн хуулбар /хх-ийн 94-95/

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр техникийн албаны жолооч ахлах ахлагч Б-н хамт Сайншанд сум руу гарсан. Тухайн үед манай цэргийн ангид эрүүл ахуй, зэвсэг техникийн үзлэг шалгалт хийхээр Улаанбаатар хотоос ирж байгаа хүмүүсийг тосохоор Сайншанд сум руу гарсан юм. Ингэхдээ Хатанбулаг сумаас 5, Хөвсгөл сумаас 1 хүнийг машиндаа суулгасан. Дээрхи хүмүүс нь ямар зорилгоор манай машинд суусныг би сайн мэдэхгүй байна. Хөвсгөл сумаас гараад шороон замаар ойролцоогоор 80 км явж байтал машин гэнэт жолоодлогогүй болоод, замын зүүн гар тал руу шахаж хөндлөн байрлалтай болсон. Тэгээд хөндлөн байрлалтайгаараа хэсэг газарт гулсаад жолоочийн эсрэг талаараа унасан. Тухайн үед би машины ард талд сууж явсан ба машин унасны дараа жолооч машинаас бууж хаалгыг нээж бид нарыг гаргасан. Машинаас гарч ирээд хартал рулийн хөндлөн чайк мултарсан, уг чайкийг боодог шарнер мултарсан байдалтай байсан. Тухайн үедээ болсон явдлын талаар албан байгууллагадаа мэдэгдээд, манай байгууллагаас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байх. Ойролцоогоор  16 цаг өнгөрч байсан байх. Гэхдээ цаг яг хэд болж байсныг  би мэдэхгүй байна.  Цаг агаар тогтуун, нартай байсан  тул үзэгдэх  орчин хэвийн байсан. Харин замын нөхцөл  байдал маш их дэржигнүүртэй шороон зам байсан. 50-60 орчим км цагийн хурдтай явж байсан байх. Учир нь зам их дэржигнүүртэй  байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй тул шинжээч  эмчид үзүүлэх шаардлагагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Харин ард талын суудалд сууж  явсан манай ахмад ажилтан Б гэх эмэгтэйн  эгэм хугарсан байхаар нь замын машинд суулгаж  Сайншанд сум руу явуулсан. Бусад зорчигчдынн биед гэмтэл учраагүй. Би уг байгууллагад  ажилд ороод 3 жил болж байна. Б нь намайг ажилд орсноос хойш буюу 2 жилийн өмнө /яг хэзээ шилжиж ирснийг санахгүй байна гэх/ Өмнөговь аймагт  байрлах хилийн дугаар ангиас шилжиж  ирж байсан. Хилийн цэрэгт олон жил ажиллаж байгаа хүн. Архи уудаггүй, спортоор  хичээллэх сонирхолтой, эрхэлсэн ажилдаа сайн, хамт  олны дунд нэр хүнд сайтай алба хаагч. Эхнэр хүүхэд нь Улаанбаатар хотод амьдардаг гэж байсан шиг санагдаж байна” /хх-ийн 112-113/

Гэрч М.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... би унтсан байсан учраас ямар шалтгаанаар  зам тээврийн осол гарсныг  хараагүй, мэдээгүй, нэг мэдсэн чинь машин дээш харсан  байдалтай осолдсон байсан. Машинд жолоочтой нийлээд 9 хүний хамт явж байсан ба хөгшин настай эгэм нь хугарсан байдалтай бусад хүмүүст ил харагдахаар гэмтэл шархгүй байсан, утсаар Зүүнбаян сумаас цэргийн ангийн хүмүүс ирсэн бид гэмтсэн настай хүнийг замын машинд дайж явуулаад хэргийн газарт 4 цаг орчим байж байгаад  Зүүнбаян сумын цэргийн анги руу яваад тэндээ байрласан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би эхнэрийн хамт Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн жолооч Х.Б-с 100,000 төгрөгийг авч эмчилгээд хэрэглэсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115/

Насанд хүрээгүй гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр найз найз залуу М-н  хамт Дорноговь аймгийн Хатанбулаг  сумаас Сайншанд  сум руу  хилийн цэргийн Фургон машинаар явж байгаад Зүүнбаян сумаас урагш 50-60 км орчим гэж бодож байна хээр  газарт машин осолдсон  тухайн үед би унтаж байгаад сэрээд нойрмог байсан  учраас ямар шалтгаанаар  зам тээврийн осол гарсныг хараагүй, мэдээгүй, нэг мэдсэн чинь машин дээш харсан байдалтай  осолдсон байсан ба хүмүүс дээр дээрээсээ  давхралдсан. Надад гомдол санал  нэхэмжлэх зүйл  байхгүй, би нөхрийн хамт Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн жолооч Х.Б-с 100,000 төгрөгийг авч эмчилгээнд хэрэглэсэн“ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 116-117/

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018.04.11-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Сайншанд сум орохоор зэвсэгт хүчний дугаар ангийн автомашинтай явсан. Тухайн үед автомашинд жолоочтойгоо нийлээд 9-н хүн явсан. Тэгээд Хөвсгөл сум өнгөрөөд явж байгаад Суваргын зүүн талаар явж байгаад автомашин гэнэт хажуу талаараа онхолдоод 4-н дугуй нь дээшээ хараад зогсчихсон. Би юунаас болж онхолдсон талаар бол мэдээгүй. Би тэгээд хүүхэдтэйгээ урд талын салхины шил нь хагарчихсан байхаар нь тэрүүгээр хүүхдийнхээ хамт гарсан. Тухайн үед миний хацар л шалбарчихсан байсан. Тэрнээс өөр би бол бэртэж гэмтээгүй байсан. Мөн манай хүүхэд бол бэртэж гэмтээгүй байсан. Тэгээд жолооч нь харин автомашинаа үзээд рүлийн чайк нь мултарсан байна гэж хэлсэн. Би одоо бэртэж гэмтээгүй учир гомдол санал байхгүй. Тухайн үед манай хүүхэд С мөн бэртэж гэмтээгүй учир гомдол санал байхгүй. Би болон манай хүүхэд С бид хоёр шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119-118/

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2018 оны 04 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах хилийн цэргийн дугаар ангийн фургон машинд наймаас есөн хүний хамтаар суугаад  хилийн цэргийн дугаар ангиас хөдлөөд Дорноговь аймгийн төв буюу Шанд орох гээд явж байхдаа Зүүнбаян сумаас хориос гучин км-ийн наахан талд машин онхолдоод зүүн талруугаа нэг удаа бүтэн эргээд дахиад нэг эргэхдээ доошоо харсан. Тухайн ослын улмаас миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлага байхгүй гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121/

Хохирогч Б.Б цагдаагийн байгууллагад өгсөн “  2018 оны 04 сарын 11-ний өдөр Хатанбулаг сумаас Сайншанд сум орохоор явж байхад автомашины рүль ажиллагаагүй болж, осол болж, сууж явсан Б миний эгэм, хавирга бэртсэн, эмчилгээний зардалд 700,000 төгрөг хүлээн авсан гомдолгүй”  гэсэн тодорхойлолт /хх-ийн 124/

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Эмчилгээний  зардал баримтаараа 685,817 төгрөг гарсан байсан ба Б эмчилгээний зардалд 700,000 төгрөгийг нөхөн  төлсөн байгаа. 2018 оны 05 сарын 31-ний өдөр би төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд  орсон ба эгэмний салтас гэх зүйлийг гэх зүйлийг 300,000 төгрөгөөр худалдан авч кальци  146,720 төгрөг болсон. Одоо 446,720 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй, би шүүх хуралд суумааргүй байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 136/

Б.Б-н Т банк дахь тоот дансанд  Х.Б-с 447,000 төгрөг шилжүүлсэн тухай Т банкны орлогын баримт /хх-ийн 154/

Б.Б-н “ Б нь нэмж 447,000 төгрөг төлж бүрэн барагдуулсан, одоо гомдолгүй  “ гэсэн тодорхойлолт /хх-ийн 155/

Шүүгдэгч Х.Б нь урьд нь ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймаг Улаанбадрах сумын Таягт гэх газарт Фургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Б-н биед хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шинжээч О.Ө нь 2018 оны 05 сарын 04-ний өдөр гаргасан 10 тоот шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч Х.Б-н зам тээврийн осол гаргасан байдлыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим,  тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас  хэтрүүлэхгүйгээр сонгож явна”  9.2 “ жолооч хөдөлгөөнд аюул, саад  бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн  хурдыг  хасаж, зайлшгүй тохиолдолд  зогсоох арга  хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б, гэрч Г.Г, М.М, Б.С, Н.Б, насанд хүрээгүй гэрч Г.С, иргэний нэхэмжлэгч Ю.Г, иргэний хариуцагч Х.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 6-8/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 08-ны өдрийн “ 1. 2018 оны 04 сарын 11-ний өдрийн  Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2063 дугаартай өвчний түүхээс үзэхэд  Б.Б-н  биед баруун эгэм, 2, 4 дүгээр  хавирганы хугарал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо...4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-т зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 02/0163 тоот дүгнэлт /хх-ийн 25/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч О.Ө-н 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 10 тоот дүгнэлт  /хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Б нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас Дорноговь аймгийн Сайншанд сум хүртэл явж, тэндээс Хилийн дугаар ангид шалгалтаар ирэх хүмүүсийг ангийхаа байрлалд авчрах үүрэг хүлээсэн байх бөгөөд тэрээр уг ажлыг гүйцэтгэхдээ тээврийн хэрэгслийг хэвийн ажиллагаатай хүлээн авсан, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан байдал нь хэрэгт авагдсан Хилийн дугаар ангийн автомашин техникт үзлэг хийсэн бүртгэлд 04 сарын 11-нд фургон машин хэвийн хүлээн авсан гэж гарын үсэг зурсан хуулбар /хх-ийн 92-93/, жолооч нараас автомашинтай үүрэг гүйцэтгэх бүрт ХХАААЗ танилцуулж баталгаа авсан бүртгэлд 04 сарын 11-нд а/а Б-д заавар танилцуулж, гарын үсэг зурсан бүртгэлийн хуулбар /хх-ийн 94-95/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх бөгөөд Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар бусдын эрүүл мэндэд болон эд хөрөнгөд  учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Б.Б-н эмчилгээний зардалд нийт 1,147,000 төгрөг төлсөн, тээврийн хэрэгсэлд учруулсан эвдрэл хохирлыг засан сайжруулж, хэвийн ажиллагаатай болгон иргэний нэхэмжлэгчид өгсөн зэрэг нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ю.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Х.Б тээврийн хэрэгслийг өөрийн мөнгөөр засаж янзалсан тул ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 80/, Хохирогч Б.Б-н цагдаагийн байгууллагад өгсөн “  2018 оны 04 сарын 11-ний өдөр Хатанбулаг сумаас Сайншанд сум орохоор явж байхад автомашины рүль ажиллагаагүй болж, осол болж, сууж явсан Б миний эгэм, хавирга бэртсэн, эмчилгээний зардалд 700,000 төгрөг хүлээн авсан гомдолгүй”  гэсэн тодорхойлолт /хх-ийн 124/, Б.Б-н Т банк дахь тоот дансанд Х.Б-с 447,000 төгрөг шилжүүлсэн тухай Т банкны орлогын баримт /хх-ийн 154/, Б.Б-н “ Б нь нэмж 447,000 төгрөг төлж бүрэн барагдуулсан, одоо гомдолгүй “ гэсэн тодорхойлолт /хх-ийн 155/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэний дараа  учруулсан хохирлыг  төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх  нөхцөл байдал болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан автотээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Х.Б нь 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй  торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            А.Ц