| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2503009001318 |
| Дугаар | 2026/ДШМ/486 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/486
Г.Г-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ351 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2503009001318 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
М- овогт Г-ын Г-, /РД:ЧГ-/, Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... тоотод оршин суух, урьд
- Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 260 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 440 дугаар шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Шүүгдэгч Г.Г- нь 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж таван шарын уулзварын замд Toyota Prius маркийн Г- УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай гарцаар зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй Э.Б-ийг мөргөж хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М- Очир овогт Г-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г- нь шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-од насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 9.504.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Э-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-оос 1.669.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёны төлөөлөгч нар хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн Г.Г- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие Г- овогтой Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан хэрэгт холбогдсон бөгөөд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан бөгөөд надад зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг оршин суугаа дүүргээр буюу Сонгинохайрхан дүүргээр хязгаарлаж өгнө үү. Учир нь манайх ам бүл 6, эхнэр Г.О- Сонгинохайрхан дүүргийн Сонгино зах дээр жимсний лангуу ажиллуулдаг, би эхнэрийнхээ доод давхарын лангуунд хүнсний ногоо зарж түрээслэдэг. Эхнэрийн лангууны түрээс 1.200.000 төгрөг, манай лангуу сард 300.000 төгрөг түрээс төлдөг. Сард дунджаар манай гэр бүлийн орлого 300.000-2.500.000 орчим төгрөгний орлоготой. 1-15 насны 3 хүүхэдтэй. Манай 3 хүүхдийг манай ээж хардаг. Би үйлдсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирлыг мөнгийг шүүхээс тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн II зэрэглэлийн дээд хэмжээгээр 9.504.000 төгрөгөөр гаргуулахаар шийдвэрлэснийг II зэрэглэлийн доод хэмжээ буюу 5 дахин нэмэгдүүлснээр буюу 3.960.000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Уг мөнгийг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө нөхөн төлж барагдуулах болно. Хохирогч Э.Б- нь 12 настай бөгөөд явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа цахилгаан дугуй /эко баяк/-г хөтөлж явганаар гарах ёстой байсныг манай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй нь учир дутагдалтай болсон.
2. Эрүүл мэндийн даатгалын сангийн 1.669.000 төгрөгийг давж заалдах хурлаас өмнө төлнө.
3. Миний бие Г- Г- нь 2017-2019 он хүртэл Д- ХХК-д борлуулагч, 2019-2020-2021 он хүртэл Т- ХХК-д туслах, 2021-2022 хүртэл Т- ХХК-д савлагч, 2022-2025 он хүртэл Т- Т- ХХК-д оператор ажиллаж байсан. Би сард 1.000.000-1.500.000 төгрөгний орлого олдог. Би сард автомашины зээлэнд 800.000 төгрөг төлдөг. Манай эхнэр өмнөх ажлаасаа авсан цалингийн зээлд 650.000 төгрөг төлдөг. ББСБ-д сард манай гэр бүл 1.200.000 төгрөг төлдөг юм. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хийхээр манай гэр бүлийн хувьд үр хүүхдүүдийн хоолны мөнгө өр зээл төлөгдөхөд санхүүгийн хүндрэлтэй асуудал үүсээд байгаа тул үүнийг хүндэтгэн үзэж зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгч туслана уу.
4. Миний эрүүл мэндийн хувьд элэгний алат, асат ихсээд элэгний өөрчлөлттэй буюу элэгний хатууралтай болсон. Өдөр бүр хамарнаас байнга цус гардаг, эм уудаг тул Анагаах ухааны шинжлэх ухааны төвд эмнэлгийн элэгний эмч Сугармаагийн байнгын хяналтад байдаг. Ойрын хугацаанд шинжилгээ өгч эмнэлэгт хэвтэхийг эмч шийднэ гэсэн тул миний ар гэрийн байдал ахуйн амьдрал ажил төрөл, үр хүүхдүүдийн минь өсөж хүмүүжих, амьдрах нөхцөл байдлыг нь хангаж өгч мөн миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг хөнгөрүүлж өөрчлөн зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгч туслана уу “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Тухайн үед “хохирогч хүүхэд 12 настай, анх удаа цахилгаан мопедыг унасан” гэж эгч нь хэлсэн. Намайг хэргийн газраас зугтаасан гэж үзсэн. Би тухайн үед сандарсандаа хүүхдийг машины ар суулгаж, эмнэлэг рүү явах замд эгчтэйгээ холбогдож, эгч нь өөрөө “гэмтэл рүү авч явъя” гэж хэлсэн. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг хамгийн дээд хэмжээгээр шийдвэрлэсэн. Сонгины зах дээр ажилладаг гэдгийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Н.Одонтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 2503009001318 дугаартай хэргийн талаар, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдсон Г- овогтой Г-од Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч Г.Г-ын өмгөөлөгчийн хувьд дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Г.Г- нь ам бүл 6, эхнэр Г.О- болон 1-15 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо, Алтан-Овоо Т- тоотод амьдардаг. Одоо Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Т-” зах дээр ногооны лангуу түрээслэн ажилладаг. Түүний эхнэр нь уг зах дээр жимс ногооны лангуу ажиллуулдаг юм байна. Гэр бүлийн орлого нь 3 сая-2.500.000 төгрөг, Г- сард 1.000.000-1.500.000 төгрөгний орлого олдог. 2. Г.Г- нь үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгааг нь харгалзан үзнэ үү! Хохирлын хувьд: эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөр сэтгэцийн хор уршгийн II зэрэглэлийн доод хэмжээ болох 3.960.000 төгрөгөөр тогтоож өгнө үү. 3. Хохирогчийн хувьд насанд хүрээгүй 12 настай хүүхэд харгалзах хүнгүй цахилгаан дугуйг унаж, явган хүний гарцаар гарахдаа цахилгаан дугуй буюу тээврийн хэрэгслийн хөтөлж, явганаар гарна гэсэн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтнаас тодорхой харагдаж байгаа ч энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, явган зорчигч гэсэн нэр томьёонд хохирогч орох уу, аль эсвэл цахилгаан дугуй буюу тээврийн хэрэгслээр зорчиж байсан хүн гэж тооцогдох уу, явган зорчигч бол замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой байна. Хэрвээ явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдвол аль аль буруутай бол сэтгэцийн хор уршгийн хохирлыг II зэрэглэлийн доод хэмжээгээр тогтооход боломжтой болохоор харагдаж байна. 4. Иймд Г.Г-од оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж хөнгөрүүлэх, зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар Т-хайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж өгнө үү “...анхан шатны шүүх хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн. Үүнийг хянан, харгалзаж үзнэ үү. Тухайн осол болгоомжгүйгээр үйлдэгдсэн бөгөөд осол болох үед хохирогч 12 настай, гарцаар цахилгаан дугуй унаж, хурдтай орж ирэхдээ “би таны машиныг дайрлаа шүү дээ” гэж хэлэн мөрдөж унасан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6-д зааснаар явган хүний гарцаар цахилгаан дугуйтай гарахдаа хөтөлж явах зохицуулалттай байдаг. Улсын яллагч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах тухай тогтоолдоо “хохирогч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6-г зөрчсөн” гэж дүгнэсэн мөртлөө “зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Цахилгаан дугуй инерцээрээ хурдтай явдаг, хөтөлж явсан тохиолдолд ийм осол гардаггүй. Тиймээс сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг багасгаж, доод хэмжээгээр тогтоож өгнө үү. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхэд хүндрэлтэй байгаа учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд 2 зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Анхан шатны шүүх хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн. Хохирогчийн биед баруун шаант, тахилзуур ясны шаантны өсөлтийн бүс дайрсан далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан. Хохирогчийн энэ яс хугарснаар цаашид өсөх эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс хохирогчийн сэтгэцэд учирсан шаналал, хувийн байдлыг харгалзан үзэж сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч нь зөвшөөрөгдсөн гэрэл дохио асах хүртэл хүлээх ёстой байсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн гэм буруу, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Г-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Г.Г-ыг 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Т-хайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж таван шарын уулзварын замд Toyota Prius маркийн Г- УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 1. Зохицуулдаг уулзвар нэвтрэх 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас цахилгаан дугуйтай гарцаар зам хөндлөн гарч байсан Э.Б-ийг мөргөж хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Т-хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хүлээн авч, 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ дээрх гэмт хэргийн хохирогч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг зөв тогтоож, тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл боллоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтамь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж хуульчилсан байна.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай танилцахад
зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-13/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Э-ын “...Хүү маань зам тээврийн осолд орсон талаараа төрсөн эгч О-т хэлсэн байсан. Эгч нь над руу залгаж мэдэгдсэн. Би ослын газар дээр очоогүй хүүг маань мөргөсөн машины жолооч нь машиндаа суулгаад Содон хорооллын тэнд буулгасан байсан” /хх 21-22/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар ЕГО725/9358 дүгнэлтэнд “...Э.Б-ий биед баруун шаант, тахилзуур ясны шаантны өсөлтийн бүс дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” /хх 28-29/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Дугаар ЕГО825/3818 дүгнэлтэнд “...Э-ын Б- /РД:ЙО-/-ын сэтгэцэд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. ...Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” /хх 34-36/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа /хх 40/,
Э.Б-ий төрсний бүртгэлийн лавлагаа /хх 17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэв.
2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Т-хайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж таван шарын уулзварын замд шүүгдэгч Г.Г- нь 13 настай буюу насанд хүрээгүй Э.Б-ийг явган хүний гарцаар гарч байхад нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас өөрийн жолоодон явсан Toyota Prius маркийн Г- УНС улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй Э.Б-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар ЕГО725/9358 дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ., 2 дахь хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Г-од холбогдох эрүүгийн 2503009001318 дугаартай хэрэгт насанд хүрээгүй Э.Б-ийг хохирогчоор тогтоох ажиллагаа хийгдээгүй, Ю.Э-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож /хх 19/, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль ёсны төлөөлөгчийг эрүүгийн процесст оролцуулах үндэслэлийг тодорхойлсны дотор 1.1 дэх заалтанд “...арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэжээ. 18 насанд хүрээгүй хүн нь эрх зүйн бүрэн бус чадамжтай, нас сэтгэхүйн онцлогоос хамаарч өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээлгэх, хохирол нэхэмжлэх талаар бие даасан шаардлага гаргах зэрэг эрхийг хэрэгжүүлэхэд зайлшгүй хууль ёсны төлөөлөгчийн оролцоо хэрэгтэй байдаг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль заасан үндэслэл, журмын дагуу хууль ёсны төлөөлөгчийг томилон оролцуулдаг. Харин хууль ёсны төлөөлөгчийг томилон оролцуулах нь 18 насанд хүрээгүй хүнийг хохирогчоор тогтоохгүй гэсэн ойлголт биш юм. Хохирогч нас барсан, сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй зэрэг тохиолдлууд болон бага насны хэлд ороогүй, өөрийгөө бүрэн илэрхийлэх насанд хүрээгүй хүний хувьд хууль ёсны төлөөлөгч нь түүний өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцохоос бус гэмт хэргийн улмаас хохирсон хүнийг хохирогчоор тогтоох ажиллагааг 13 настай Э.Б-ий хувьд хийгээгүй орхигдуулсныг дээрх шалтгаанаар зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана гэсний гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэсний 1.6 дахь заалтанд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж тус тус хуульчилсан ба гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан хүнийг хохирогчоор тогтоох ажиллагааг хийж гүйцэтгээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь дээрх үндэслэлүүдэд хамаарч байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Т-хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ351 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул, “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ...хүний сэтгэцэд учирсан хор уршгийн II зэрэглэлийн нөхөн төлбөрийн доод хэмжээгээр тогтоолгох” агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Г.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Т-хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ351 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР