Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00576

 

            “МТ Хан-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06713 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаар магадлалтай,

“МТ Хан-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Тайхар орд” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 67.553.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч З.Нармандахын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Тайхар-Орд” ХХК-тай 01/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээг  2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Энэхүү гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар худалдан авсан барааны төлбөрийг тухайн сарын 30-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба тухайн сарын эцэст худалдагч талын дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх байсан боловч хариуцагч өнөөдрийн байдлаар төлбөр барагдуулахтай холбоотой ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 45.035.824 төгрөг, алданги 22.517.912 төгрөг нийт 67.553.736 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  төлөөлөгч З.Нармандах шүүхэд гаргасан тайлбартаа: “Тайхар Орд” ХХК нь нэхэмжлэгчтэй 2015 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 01/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд нийт 45.035.824 төгрөгийн шатахууны үнийг төлөөгүйг хүлээн зөвшөөрч байна. Эдийн засгийн хямралаас шалтгаалж гэрээний үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тул алданги 22.517.912 төгрөгийг төлөх боломжгүй тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн болно.

Харин 45.035.824 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой тул нэхэмжлэгч тал зөвшөөрвөл эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06713 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Тайхар Орд” ХХК-иас 56.294.780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.258.956 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тайхар Орд” ХХК-иас 439.423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 95.524 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Нармандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06713 дугаар шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “МТ Хан-Уул” ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “талууд барааны үнийг тухайн үеийн зах зээлийн үнэ, худалдан авагчийн хэрэгцээг харгалзан тухай бүр тохиролцож байх ба зээлээр худалдах барааны үнэ ямар ч тохиолдолд ...40.000.000 төгрөгөөс хэтрэхгүй бөгөөд зээлээр авсан барааны үнэнд хүү тооцохгүй” гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал АИ92 шатахууны үнийг нэхэмжлэхдээ гэрээнд зааснаар бус нэхэмжлэл гаргах үеийн жижиглэнгийн ханшаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талууд гэрээнд заасны дагуу зах зээлийн үнийг тухай бүрд нь тохирч байхаар тусгасан мөн гэрээнд 2015 оны 1 дүгээр улиралд 1.200 төгрөгөөр мөн бөөний үнэ буюу 1.410 төгрөгөөр борлуулдаг байсан. Ийнхүү барааны үнийг тухай бүрд тохирох байтал нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу жижиглэнгийн үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 304.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “МТ Хан-уул” ХХК  нь хариуцагч “Тайхар орд” ХХК-д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 45.035.824 төгрөг, алданги 22.517.912 төгрөг нийт 67.553.736 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч алдангийг эс зөвшөөрчээ. 

Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба  уг гэрээний дагуу авсан шатахууны үнэ 45.035.824 төгрөгийг төлөөгүй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй,  хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсчээ.

Гэрээний 5.1-т “Худалдан авагч нь барааны төлбөрийг  гэрээний 3.2-т заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувийн алданги төлнө...” гэж заасан тул хариуцагч алданги төлөх үүрэгтэй.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг хангахдаа хийсэн дүгнэлт  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-т нийцжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр,  магадлалыг хэвээр  үлдээж  хариуцагчийн  төлөөлөгчийн  гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06713 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 426 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч З.Нармандахын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 9.770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ