Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 436

 

А.Т, А.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 657 дугаар магадлалтай, А.Т, А.Г нарт холбогдох 1906000001865 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, А-Т,

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, А.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Т, А.Г нарыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар 16 /арван зургаа/ жил хорих ял тус тус шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгуллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, А.Г нараас 3,443,605 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтулгад олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т, А.Г болон шүүгдэгч А.Г-н өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Т гаргасан гомдолдоо “...Миний бие шүүх хурлын явцад хэргээ үнэн зөвөөр зөвшөөрч ирсэн. Хэрэг болох үед миний хэд хэдэн удаагийн хүчтэй цохилтоос шалтгаалж амь хохирогчид хүнд гэмтэл учирч үхэлд хүргэх шалтгаан болсон. Энэ нь тухайн өдрийн бичлэгээр  хөдөлшгүй нотлогдсон. Миний дүү А.Г-н хувьд амь хохирогчийн толгойн тус газарт гараараа цохиж, 1 удаа өшиглөсөн үйлдэл гаргасан нь гэмтэл учруулсан байдаг. Одоогоор миний ээж Д.Д нь бидний энэ хэрэгт холбогдсоноосхойш биеийн байдал нь эрс дордож зүрхний хурц дутагдалд орж, уушигны хүнд хагалгаанд орсон бөгөөд байнгын эмнэлгийн хяналтанд байгаа. Мөн улаан хоолойн хавдартай тул өвчний группт байдаг. Эмнэлгээр явахад санхүүгийн хувьд хүрэлцээ муутай байдаг. А.Г бид хоёр нь ээж, дүү хоёрыгоо асран халамжилж ар гэрээ харж ханддаг байсан. Орлогын эх үүсвэр нь биднээс шалтгаалдаг байсан болохоор бидний ар гэр бүлийн зүгээс хохирогчийн ар гэрийнхэнд гэм хорын төлбөрийг төлөх боломжгүй. Миний бие өөрийн биеэр энэ гэмт хорын хохирлоо төлж барагдуулна. Өөрийн буруутай үйлдлийн улмаас амь хохирогчийг хороосондоо маш их гэмшиж байна. Тиймээс миний хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж, миний дүүгийн зүйлчлэл зүйл ангийг өөрчлөн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү” гэсэн байна.

 

Мөн шүүгдэгч А.Г гаргасан гомдолдоо “...Миний бие гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирогчийн толгойн тус газарт нь өшиглөж, цохисон. Энэ үйлдлийн улмаас хохирогчийг үхэлд хүргэх гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч нь архи хэрэглэсэн байсан боловч бусад хүмүүстэй харилцах, босч явах, гүйх зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийж байсан болохоор хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэж хүндрүүлэх шинжийг харгалзан үзэж бидний үйлдэл оролцоог үнэн зөвөөр ялгаж, салгаад зүйлчлэлийг хүнд гэмтэл учруулсан болгон эрх зүйн байдлыг маань дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. Миний ээж Д.Д нь зүрхний хурц дутагдалтай, уушигны хүнд хагалгаанд орсон, эмчийн хяналтад байдаг. Дүү А.Ч нь 16 настай бөгөөд тархины цусан хангамжийн дутагдлаас болж татаж унадаг, хөгжлийн бэрхшээлтэй юм. Ээж дүү хоёр маань хохирогчийн ар гэрийнхэнд гэм хорын хохирлыг төлөх боломжгүй. Би ажил хийж нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш ихээр гэмшиж байна. Хувийн байдал болон ар гэрийн байдлыг маань харгалзан үзэж, бидний үйлдэл оролцоог ялгаж, салгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Г, А.Т нар бүлэглэн хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж зодож түүний амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна. Амь хохирогч тухайн үед хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч нар нь гэм буруугийн асуудлаар маргах боловч хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээ тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн А.Т, А.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч А.Т, А.Г нар нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэтолгойн гудамж “Аз” нэртэй хүнсний дэлгүүр, 016 дугаар худгийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 41 настай эрэгтэй Д.Б-г зодож, амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Т, А.Г нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог дахин нягтлуулах, хохирогч биеэ авч явах чадвартай байсан гэх үндэслэлийг дэвшүүлж, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн бол шүүгдэгч А.Тгийн зүгээс мөн адил ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.Гантулгын ял шийтгэлийг хөнгөрүүлэх агуулга бүхий гомдлыг тус тус гаргажээ.

 

Хохирогчийн “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдгийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг илэрхий мэдэж ухамсарласан байдал гэж ойлгоно.

 

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч А.Т, А.Г нар амь хохирогч Д.Баатарыг согтууруулах ундаа хэрэглэсэн байхад нь бүлэглэн толгойн тус газарт нь өшиглөн дэвслэх явцад амь хорирогчийн зүгээс эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байгааг мэдсэн атлаа үргэлжлүүлэн түүнийг ээлж дараалан зодсоны улмаас амь хохирогч нас барсан үйлдэл нь хохирогчийн “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх дээрх ойлголтод бүрэн хамаарахаас гадна гэрч Н.Г, Д.Д, Э.Х, Б.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэгдэл зэрэг бусад нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд эдгээрийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

Шүүгдэгч А.Г-н үйлдэл оролцоо, хэргийн нөхцөл байдлыг дахин алгах тогтоохтой холбоотой гомдлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхойлсон тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд өөрөөр хэлбэл зөвхөн шүүгдэгчид хамааралтай нөхцөл байдлуудыг тооцохыг шаардахаас бус гэмт этгээдийн ар гэрийн нөхцөл, ахуй хангамж болон гэр бүлийн гишүүдэд хамаарах асуудлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх талаар хуульд тусгагдаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсвэл энэ талаар гаргасан бодитой саналыг тооцох учиртай тул гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонтой холбоотойгоор дээрх зохицуулалтыг хэрэглэх боломж хязгаарлагдаж байна.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т, А.Г нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 657 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т, А.Г нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН