Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 318

 

“Х э ү т”  ТББ-ын

нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Ч.Тунгалаг

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                       Х.Батсүрэн

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2 (Бэлгийн гэмт хэргийн үзлэг), 4 (Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг) гэснийг хүчингүй болгуулах,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШШ2020/0007 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д,

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-А,

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Г нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр: Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.3-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х э ү т”  ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2-д бэлгийн гэмт хэргийн үзлэг 10000 төгрөг, 4-д гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 8000 төгрөг гэснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

2. Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э-А нар давж заалдах гомдолдоо: “... “Х э ү т”  ТББ-ын нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарт холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШШ2020/0007 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учир бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

3. Нэг. “... Үзлэг хийх, шинжилгээ хийх нь өөр өөр ажиллагаа бөгөөд нэхэмжлэгч талаас шинжилгээ хийхтэй маргаагүй, үзлэг хийхтэй маргасан бөгөөд Шүүхийн шинжилгээний байгууллага гэмтлийн зэрэг тогтоох болон бэлгийн гэмт хэргийн үзлэг хийх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө үзлэгийн төлбөр авах ёсгүй төсвөөс санхүүждэг төрийн байгууллага юм. Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг болон бэлгийн гэмт хэргийн үзлэгийг шүүхийн шинжилгээтэй адилтган төлбөр тогтоож байгаа нь үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.1-д “шүүхийн шинжилгээ” гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг” гэж,

5. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх журам”-ын 1.2.1-т “Гэмтлийн зэрэг” гэж гадаад орчны хүчин зүйл /механик, физик, хими, биологи, сэтгэцийн/-ийн үйлчлэлийн улмаас хүний эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа алдагдахыг”, 1.2.3-т “Шинжилгээний объект” гэж хүн, цогцос (цаашид “шинжлүүлэгч” гэх) болон хэргийн материал, эмнэлгийн бичиг баримтыг” ойлгоно гэж тус тус заасан.

6. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх шийдвэртээ үзлэг хийх, шинжилгээ хийх нь өөр өөр ажиллагаа гэж дүгнэсэн атлаа шүүхийн шинжилгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу тодорхойлсон бөгөөд үзлэг хийх талаар тодорхойлоогүй хэрнээ өөр ойлголт гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ.”, 2-т “2.Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно.” гэж тус тус заасан. Энэ тохиолдолд мөрдөгч үзлэг хийхдээ тухайн объектыг гадна талаас нь харах, гараар тэмтрэх боломжгүй тохиолдолд тусгай багаж ашиглах аргаар үзлэг хийж болохоор хуульчилсан.

8. Шүүх гэмтлийн зэрэг тогтоох болон бэлгийн гэмт хэргийн үзлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгчийн хийх үзлэгтэй адилтгаж дүгнэж байгаа өрөөсгөл болжээ. Гэмтлийн зэрэг тогтоох болон бэлгийн гэмт хэргийн үзлэгийг шинжээч эмч гадна талаас нь харж, гараар тэмтэрч үзэх төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд тодорхой шинжилгээнд тулгуурлаж хийснээр шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг гаргадаг.

9. Гэмтлийн зэрэг тогтоох болон бэлгийн гэмт хэргийн үзлэг гэсэн ойлголтыг шүүхийн үзлэг шинжилгээ гэж ойлгох бөгөөд шүүхийн шинжилгээний хүрээнд хийгдэх төдийгүй шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой.

10. Гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийг шинжлүүлэгч нь шинжилгээний байгууллагад өөрийн биеэр ирж үзлэг шинжилгээ хийлгэх ба шинжилгээ хийх явцад нэмэлт шинжилгээ хийлгэх, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвөөр оношилгоо, шинжилгээ хийлгэдэг. Уг шинжилгээ, оношилгоонд үндэслэн гэмтлийн зэрэг тогтоогддог.

11. Түүнчлэн, бэлгийн гэмт хэргийн үзлэгийг шинжлүүлэгч нь шинжилгээний байгууллагад өөрийн биеэр ирж үзлэг шинжилгээ хийлгэх ба эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээ хийлгэж шаардлагатай дээжийг авч тусгай шинжилгээний лабораторид шинжилгээ хийгддэг. Дээрх үйл ажиллагаа нь шүүхийн шинжилгээний процессын ажиллагаа юм.

12. Хоёр. Нэхэмжлэгч “... хүчирхийлэлд өртсөн хохирогч эмзэг байдалд орсон байдаг. Тухайлбал, халдлагад өртсөн, мөнгө, утас гэх мэт зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ алдсан, орхиж зугатсан, эдийн засгийн хувьд хүчирхийлэл үйлдэгчээс шууд хараат, мөнгөгүй байдагтай холбоотойгоор ихэнх нь төлбөр төлөх боломжгүй нөхцөлд байдаг. Хүчирхийлэл, бэлгийн гэмт хэргийн онцлог нь гэрчгүй үйлдэгддэг, хэргийн ул мөр нь богино хугацаанд арилдаг учир нэн даруй үзлэг хийхгүй бол нотлох боломжгүй болдог ...” гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлд дурдсан.

13. Шүүх шийдвэртээ “... гэмт хэрэгт өртсөн иргэнээс үзлэгийн төлбөр гаргуулахаар дээрх журмын заалтаар зохицуулсан байгаа нь хууль бус, өөрөөр хэлбэл уг хуулийн заалттай зөрчилдсөн агуулгатайгаас гадна бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй. хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй байгаагийн улмаас хүчирхийлэлд өртсөн иргэдийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй ...” гэж дүгнэжээ.

14. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэнд сайд, Сангийн сайдын 2017 оны А/263, А406, А/321 дугаар хамтарсан тушаалаар маргаан бүхий хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 3.5-д “насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.”, 3.6-д “Яаралтай үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй” гэж тус тус заасан.

15. Тодруулбал, уг нэмэлт өөрчлөлтөөр 0-18 насны хүүхдийг гэмт хэргийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэх бүх тохиолдолд төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. Мөн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг шинжилгээ хийхдээ үйлчилгээний төлбөрөөс бүрэн чөлөөлж байсныг хялбаршуулж яаралтай үзлэг шинжилгээ хийх тохиолдолд холбогдох байгууллагын тодорхойлолт, бичиг баримт шаардахгүйгээр үнэ төлбөргүйгээр үзлэг шинжилгээ хийхээр журамласан.

16. Гурав. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан төлбөр авах журам уг яамдын нийтлэг чиг үүрэгтэй зөрчилдөж байна гэж дүгнэжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа үйлчилгээний хөлс авч болох бөгөөд үйлчилгээний хөлснөөс олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ”, 39.3-т “Энэ хуулийн 39.2-т заасан шинжилгээ хийх журам, үйлчилгээний хөлсний хэмжээг хууль зүйн, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж тус тус заасан бөгөөд хуулиар эрх олгогдсон тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоосон бөгөөд уг эрх зүйн акт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн болно.

17. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж,

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирсон хүнд шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох үйлчилгээний зардлын төлбөрийг хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлж байгаа нь практикт тогтсон бөгөөд үйлчилгээний хөлсийг маргаж буй хэм хэмжээний актын холбогдох хэсгээр журамласан нь хууль тогтоомж зөрчөөгүй болно.

19. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 221/ШШ2020/0007 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

21. Нэхэмжлэгч “Х э ү т”  ТББ-аас “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2 (Бэлгийн гэмт хэргийн үзлэг), 4 (Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг) гэснийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

22. Нэг. “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2 (Бэлгийн гэмт хэргийн үзлэг) гэснийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

23. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалаар Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмыг баталж, 2 дахь хавсралтаар Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2-т бэлгийн гэмт хэргийн үзлэгт 10000 төгрөг төлүүлэхээр тогтоожээ.

24. Нэхэмжлэгчээс “...хүчирхийлэлд өртсөн хохирогч эмзэг байдалд орсон байдаг, тухайлбал халдлагад өртсөн, мөнгө, утас гэх мэт зайлшгүй хэрэгцээтэй зүйлээ алдсан, орхиж зугтсан, эдийн засгийн хувьд хүчирхийлэл үйлдэгчээс шууд хараат, мөнгөгүй байдагтай холбоотойгоор ихэнх нь төлбөр төлөх боломжгүй нөхцөлд байдаг. Хүчирхийлэл, бэлгийн гэмт хэргийн онцлог нь гэрчгүй үйлдэгддэг, хэргийн ул мөр нь богино хугацаанд арилдаг учир нэн даруй үзлэг хийхгүй бол нотлох боломжгүй болдог...” гэсэн үндэслэлээр уг заалтыг хүчингүй болгуулахаар маргажээ.

25. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа үйлчилгээний хөлс авч болох бөгөөд үйлчилгээний хөлснөөс олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх”, 39.3-т “Энэ хуулийн 39.2-т заасан шинжилгээ хийх журам, үйлчилгээний хөлсний хэмжээг хууль зүйн, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлана” гэж зохицуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийн энэхүү зохицуулалтад буй “шүүхийн шинжилгээ” нь шүүхийн үзлэгээс тусдаа зохицуулалт болох талаар хуулийн бусад зохицуулалтуудтай уялдуулан системчилсэн эрх зүйн тайлбарыг зөв хийжээ.

26. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “шүүхийн шинжилгээ” гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг;”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага” гэж тодорхойлсноор “шүүхийн шинжилгээ” нь эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардсан асуудлыг шийдвэрлэж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах зорилготой ажиллагаа байхад түүнийг “бэлгийн гэмт хэргийн үзлэг”-тэй шууд адилтган төлбөр тогтоож байгаа нь үндэслэлгүй талаар үндэслэлтэй дүгнэжээ.

27. Түүнчлэн, нэхэмжлэгчээс гаргасан дээрх үндэслэлийн зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан хүсэлтэд дурдсан “... хүчингүй гэмт хэргийн хохирогчид цаг хугацаа, хувийн нууцлал, аюулгүй байдал, аль ч талаас нь харсан тодорхойлолт, материал бүрдүүлж явах боломж байдаггүйгээрээ онцлогтой ...” гэсэн нь үндэслэлтэй байх тул дээрх байдлаар “бэлгийн гэмт хэргийн үзлэг”-ийг “шүүхийн шинжилгээ” гэж үзэж хөлс тогтоосон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3-д заасан “ард түмэнд үйлчлэх”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасан “хүний эрхийг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах” талаарх яамны эрхлэх асуудлын хүрээнд эрхлэх нийтлэг чиг үүрэгтэй зөрчилдөж байна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байхын зэрэгцээ энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд” нийцэхгүй.

28. Иймд, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэнд сайд, Сангийн сайдын 2017 оны А/263, А406, А/321 дугаар хамтарсан тушаалаар маргаан бүхий хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд 3.5-д “насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна”, 3.6-д “Яаралтай үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй” гэж тус тус заасан. Тодруулбал, уг нэмэлт өөрчлөлтөөр 0-18 насны хүүхдийг гэмт хэргийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэх бүх тохиолдолд төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. Мөн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг шинжилгээ хийхдээ үйлчилгээний төлбөрөөс бүрэн чөлөөлж байсныг хялбаршуулж яаралтай үзлэг шинжилгээ хийх тохиолдолд холбогдох байгууллагын тодорхойлолт, бичиг баримт шаардахгүйгээр үнэ төлбөргүйгээр үзлэг шинжилгээ хийхээр журамласан ...” гэснийг хүлээн авах боломжгүй байна.

29. Хоёр. “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 4 (гэмтлийн зэрэг тогтоох үзлэг) гэснийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

30. Дээрх гурван сайдын хамтарсан тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 4 буюу гэмтлийн зэрэг тогтоох үзлэгт 8000 төгрөг төлүүлэхээр тогтоожээ.

31. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.2.1-т “Гэмтлийн зэрэг” гэж гадаад орчны хүчин зүйл /механик, физик, хими, биологи, сэтгэцийн/-ийн үйлчлэлийн улмаас хүний эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа алдагдахыг” гэж зааснаар гэмтлийн зэрэг нь гадаад орчны янз бүрийн хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас хүний эрхтэн, тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа алдагдах явдлыг ойлгох бөгөөд, өөрөөр хэлбэл, хүчингүй болгуулахаар маргаж буй журмын заалт нь зөвхөн хүчирхийллээс үүдэлтэй гэмтлийн зэргийг тогтооход чиглэгдээгүй байна.

32. Хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан нэхэмжлэгч байгууллага болох “Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн шинэчилсэн дүрэм”-ийн Хоёрт “Төвийн алсын хараа, эрхэм зорилго”-ыг тодорхойлсон бөгөөд 2.1-д “Төв нь жендерээс үүдэлтэй хүчирхийллийг таслан зогсоох, эрүүл, аюулгүй орчинг бий болгоход алсын хараагаа чиглүүлэн ажиллана” гэж заасан, мөн дүрмийн Гурав-т үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг заасныг үзэхэд нэхэмжлэгч байгууллагын зорилго, үйл ажиллагаа нь “жендерээс үүдэлтэй болон гэр бүлийн, бэлгийн хүчирхийлэл”-тэй тэмцэх чиглэлд соёл бий болгох, төрийн бодлогод нөлөөлөхөд хандуулж байна.

33. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна:” гээд 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;” гэж заасан буюу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд шүүх маргаж буй асуудал нь тухайн төлөөлж буй байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн эсэхийг шалгах учиртай; энэхүү тохиолдлын хувьд “Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалт”-ын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 4 - гэмтлийн зэрэг тогтоох үзлэгт 8000 төгрөг гэсэн хэсэг нь зөвхөн “жендерээс үүдэлтэй болон гэр бүлийн, бэлгийн хүчирхийлэл”-ээс үүдэлтэй гэмтлийн зэрэг тогтооход чиглээгүй буюу нэхэмжлэгч этгээдийн дүрмийн зорилгод зааснаас өргөн хүрээнд үйлчлэхээр хэм хэмжээ тогтоосон акт байна.

34. Давж заалдах шатны шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч этгээдийн дүрмийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд байгаа эсэхийг анхааралгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гээд 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” гэснийг зөрчсөн байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

35. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШШ2020/0007 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х э ү т”  ТББ-аас гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/115, А/176, 142 дугаар тушаалын 2 дахь хавсралтаар батлагдсан Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээний жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 2 (Бэлгийн гэмт хэргийн үзлэг - 10000) гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох мөн жагсаалтын “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ” гэсэн хэсгийн 4 (гэмтлийн зэрэг тогтоох үзлэг - 8000) гэснийг хүчингүй болгох шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э-А нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                       М.БАТСУУРЬ