Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0545

 

“Х О”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0421 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0421 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х о” ХХК-аас гаргасан “Ашигт малтмалын хайгуулын XV-010515 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:“...Нэхэмжлэгч нь XV010515 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хугацаа сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын газарт гаргасан боловч хавсралт дутуу гээд хүлээж аваагүй. Ийнхүү сунгуулах өргөдөлд хавсаргах ёстой гол баримт бичиг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт байхгүй тул дахин өргөдлөө гаргаагүй байдаг. Шүүх энэхүү үйл баримтыг нягталж, хариуцагчаас энэ талаар тодруулах нотлох ажиллагааг хангалттай, бүрэн дүүрэн хийгээгүй байж шууд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуульд заасан гол баримт болох шинэчлэн батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нэхэмжлэгч батлуулж чадаагүй, үүнээс шалтгаалж нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл сунгагдахгүйгээр хугацаа нь дуусч хүчингүй болсон. Чухам ямар шалтгааны улмаас нэхэмжлэгч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй, үүнд хэн буруутай болох, энэ нь хэрхэн яаж нотлогдож байгаа талаар шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй хэргийг шийдсэн. Тухайлбал, 2014 оны зун нэхэмжлэгчийг байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хандахад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга түймрийн голомтод ажиллаж байснаас болж төлөвлөгөөг баталж өгөөгүй, одоо уг төлөвлөгөөг батлах боломжтой гэдгээ сумын Засаг дарга болон дээд шатны албан тушаалтан Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь мэдэгдэж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас захиргааны байгууллага захиргааны акт гаргаж чадаагүй гэдгээ нотолсон албан бичгүүд хэрэгт авагдсан. Шүүх эдгээрийг хэрэгт хамааралгүй гэж үнэлсэн нь буруу юм. Нэхэмжлэгчийн зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг өргөдөлдөө хавсаргаж өгөөгүй шалтгаан нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын эс үйлдэхүйгээс шалтгаалсан болохыг нотолсон эдгээр тайлбар, мэдэгдэл нь хэрэгт хамааралтай хамгийн гол баримт гэж үзэж байна. Иймээс шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь ийнхүү нотлогддог байна. Ашигт малтмалын газраас уг хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан үзээгүй учир шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, нэхэмжлэгчээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо нотолсон баримтуудыг үнэлээгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х О”  ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын XV-010515 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг  даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал,

Нэхэмжлэгч “Х О”  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзвэл “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хязгаарлалтад орж тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулахаар очиход байхгүй байсны улмаас батлуулж чадаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй болсон” гэж өөр өөр үндэслэл заан маргажээ.

Гэтэл шүүх  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж чадаагүй гэх үйл баримтыг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн ч нэхэмжлэлийн шаардлагын нөгөө үндэслэлд холбогдох баримтыг цуглуулж шалгаагүй, дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн  22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”,  22.1.3 “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасныг зөрчсөн нь тодорхой, ийнхүү зөрчиж хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж чадаагүй шалтгаанаа 2 үндэслэлээр тайлбарлаж маргасан байхад нэг үндэслэлд нь дүгнэлт өгөөд нөгөө үндэслэлд дүгнэлт өгөөгүй.

Зүй нь “Х О”  ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар тогтоосон хязгаарлалтад орж үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгасан 2011-2014 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор бүрдүүлэх баримт бичгийг /дээр дурдсан хуулиар тодорхойлсон/ хэрхэн, ямар аргаар гаргаж өгөх боломжтой эсэх, хариуцагч захиргааны байгууллагаас нөхөн олговор олгохтой холбоотой ямар арга хэмжээ авсан, нэхэмжлэгчид яаж мэдэгдсэн эсэхийг тодруулан шалгах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг хуулиар хориглосон газрын хилийн заагт орсон гэж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгон хязгаарласан атлаа хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр хайгуулын XV-010515 дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн  эсэхийг тогтоох, энэ нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШТ2018/0082 дугаар тогтоолоор “нэхэмжлэгч хуулийн этгээдэд Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөн олговор олгох эсэх талаар болон уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах талаар хариуцагч байгууллагад хандаж байсан эсэх, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу хэзээ мэдэгдсэн талаар холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэхээ тодорхойлох нь зүйтэй” гэж дүгнэсэн байхад дээрх нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтыг огт бүрдүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна.

Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2018/0421 дүгээр шйидвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

                                ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН