| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2017/03640/И |
| Дугаар | 210/МА2022/01355 |
| Огноо | 2022-07-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2022/01355
Н.Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/00764 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Аын хариуцагч Э.Ч, С.Г, Д.М нарт холбогдуулан гаргасан ................................. . дугаар бүхий газрууд дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-......., Ү-......., Ү-......., Ү-......., Ү-......., Ү-....... дугаарт бүртгэгдсэн 6 ширхэг таунхаусны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Аззаяа, хариуцагч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.А, Э.Ч нар гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа 1 хүүхэдтэй. Н.Аын ээж Д.Г нь барилгын инженер мэргэжилтэй. 2012 онд өөрийн эзэмшлийн “МП” ХХК-ийг н.Д-д худалдаж их хэмжээний бэлэн мөнгөтэй байсан. Энэ үед Э.Ч нь Д.Гт ...................., 1 ширхэг дүнзэн байшин байгаа бөгөөд 80,000,000 төгрөгөөр худалдаж аваад зуслангийн байшингууд барьж борлуулбал ашигтай гэж ятгасан. Ингээд Д.Г нь Хандгайтын газрыг очиж үзсэний үндсэн дээр Э.Чийн саналыг зөвшөөрч, тус газруудыг худалдан авахаар тохиролцож, 70,000,000 төгрөгийг Э.Чт бэлнээр төлсөн.
Э.Чоос газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнүүдийг шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардахад шилжүүлж өгөөгүй, бодит байдал дээр тус газруудыг Э.Ч эзэмшдэггүй, хэн нэгний эзэмшилд очоогүй газрууд болох нь мэдэгдсэн. Д.Г нь газартай болсон гэж ойлгоод газар дээрээ 2012 оны 07 дугаар сараас зуслангийн байшингуудаа барих ажлыг эхлүүлсэн. Тухайн үед Э.Ч, Н.А нар тодорхой эрхэлсэн ажилгүй байсан тул эх Д.Гийн зуслангийн байшингуудыг барих ажлыг хариуцуулж даалгасан. Д.Г нь тухайн зуслангийн барилгад шаардлагатай бүх мөнгөн хөрөнгө оруулалтыг хийж, барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан шаардлагатай санхүүжилтийг олгож, хяналт тавьж ажиллаж байсан.
Барилгын ажил 2012 оны 7 дугаар сараас 11 сарын хугацаанд үргэлжилж, өвөл болсноор барилга 80 хувийн гүйцэтгэлтэй болж зогссон. Э.Ч нь бидэнд мэдэгдэлгүйгээр, өөрийнхөө нэр дээр байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээгээ ашиглаж, 6 ширхэг таунхаусыг өөрийн газар дээрээ байгаа мэтээр байршуулан хуурамч кадастрын зураг хийлгэж, таунхаусуудыг фото зургуудыг хавсарган үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж, гэрчилгээ гаргуулан авсан. Тус гэрчилгээнүүдээ банкинд барьцаалан 275,000,000 төгрөг зээлсэн талаар олж мэдсэн. Тэрээр хууль бусаар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байдлаа ашиглан таунхаусуудыг Д.М, Ц.Д, С.Г нарын өмчлөлд шилжүүлж, таунхаусуудыг банк санхүүгийн байгууллагуудад барьцаалан ихээхэн хэмжээний ашиг орлого олж байна. С.Г нь манай барьсан 6 ширхэг таунхауст нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй атлаа төрсөн хүү Э.Чтойгоо хамтран тус таунхаусуудын 2 ширхэг /Ү-......., Ү-......./-ийг нь өөрийн өмчлөх эрхэд шилжүүлэн авч, бусдад барьцаалж, ашиг орлого олж байгаа үйлдэл нь хууль бус юм.
Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар .................. байрлах улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн амины орон сууцыг хариуцагч Д.Мгийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Д.Г, Н.А нар тус амины орон сууцыг Д.Мгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэн өгөөгүй .
Д.Гээс мөнгө зээлсэн, Хан-Уул дүүрэг Оргил стадионд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх хариуцагчийн тайлбарууд үндэслэлгүй. талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ байдаггүй. Харин Д.Гийн мөнгийг зориулалтын дагуу шилжүүлээд байгаа баримтууд хэрэгт авагдсан.
... Шинжээчийн дүгнэлтийн хувьд шинжээч нь асуултуудад буруу хариулсан байдаг. Тухайн барилгад зарцуулсан мөнгийг гаргуулах гэсэн боловч өөр дүн гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт болж чадахгүй. Зайсан Оргилд байшин худалдаж авсантай маргаангүй, зээлтэй холбоотой маргаан байхгүй. Харин Хандгайтад 6 ширхэг таун хаусны хөрөнгө оруулсан хөрөнгөө авна. Иймд Д.Гийн хууль ёсны эрх залгамжлагч Н.Аыг ................................. . дугаар бүхий газрууд дээр байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-......., Ү-......., Ү-......., Ү-......., Ү-......., Ү-....... дугаарт бүртгэгдсэн 6 ширхэг залгаа таунхаусуудын өмчлөгч мөн болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Чийн татгалзал, тайлбарын агуулга: ... Хэргийн материалаас харвал газрыг 70,000,000 төгрөгөөр зарсан, 20,000,000 төгрөгөөр зарсан, эсхүл газар зараагүй, залилуулсан гэж зөрүүтэй тайлбар байдаг. Хэрэв газрыг худалдаж авсан бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар худалдах-худалдан авах хэлцэл бичгээр хийгдээд, нотариатаар батлуулах хуулийн шаардлага тавигдана, хэрэгт энэ талаар баримтгүй. Иймээс газар худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Уг газрыг зарахаас өмнө Э.Ч ажлаа эхлүүлээд зураг төслөө гаргаад улаан шугам зэргийг тавиад явж байсан. Д.Г нь 250,000,000 төгрөгөөр Гурвалжингийн гүүрний газрыг зарна гэж байхад нь Э.Ч н.Д гэдэг найздаа 375,000,000 төгрөгөөр зарж өгсөн. Ингээд Д.Гт “ 350,000,000 төгрөг зээлье. Та манай барилга руу оруулчих, 350,000,000 төгрөг дээр чинь нэмээд 1 байшин өгье” гэж харилцан тохиролцсон. Барилгын ажил 2012 оны 8 дугаар сараас эхэлсэн, нэхэмжлэгч 266,000,000 төгрөг гаргасан. Хэрэв 412,000,000 төгрөг зарцуулсан бол газраа зараад 412,000,000 төгрөгөөс 70,000,000 төгрөгийг эхлээд өгсөн бол 342,000,000 төгрөг болно. Э.Чт газраа 70,000,000 төгрөгөөр худалдсан гэдэг атлаа Д.Г нь Улсын Мөрдөн байцаах газарт Э.Ч нь надад 20,000,000 төгрөгөөр газраа зараад миний байшинг өөрийнхөө өмчлөлд авсан гэж гомдол гаргасан байдаг.
Э.Ч Хандгайтын зуслангийн газрыг 2008 онд авсан. Тухайн үед газрын систем гэж байгаагүй. Айлын хашаалсан 2 га орчим талбай, 240 м.кв талбай бүхий дүнзэн модон байшинтай 4 айлын газар дээр гэрчилгээ авсан. Д.Г нь 350,000,000 төгрөгтөө барьцаа авах шаардлагатай гэсэн тул .................., 576 м.кв хаусыг түүний нэр дээр шилжүүлсэн. Барилгын ажлаа үргэлжлүүлж 2013 онд Хаан банкнаас 250,000,000 төгрөг, “ОУ” ББСБ-аас 100,000,000 төгрөг тус тус зээлж барилгаа барьсан. Барилгын ажил явагдаж байхад Д.Г нь Э.Ч 335,000,000 төгрөгөөр залилсан гэх гомдлыг Цагдаагийн байгууллага залилангийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан.
С.Г, Э.Ч нар Л.Лтэй тохиролцож, ............... 576 м.кв талбай бүхий амины орон сууцыг 700,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон. Д.Гт өгөх 300,000,000 төгрөг, Хаан банкнаас зээлсэн 250,000,000 төгрөг, “СЖЭ” ББСБ-аас авсан 80,000,000 төгрөгийг Л.Лгийн нэр дээр шилжүүлж, үлдсэн 80,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон.
Э.Ч нь Д.Гийн тухайн барилгад оруулсан мөнгө болох 266,000,000 төгрөгийг 300,000,000 төгрөг болгож хүүгийн хамт өгсөн. 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Э.Чийн 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хууль ёсны гэсэн шийдвэр гарсан.
Уг шийдвэрийн дараа Н.А өөрийнхөө нэр дээр 2 гэрчилгээ гаргуулсныг мэдсэн. Давхарласан гэрчилгээнүүдийг арилгах шаардлагатай гэж Д.М, Э.Ч нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж Н.Аын нэр дээр байсан 2 гэрчилгээг хүчингүйд тооцуулсан.
6 таун хаусыг барихад Э.Чийн ээж бүх хөрөнгийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 1,091,000,000 төгрөг гаргасан гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч анхнаасаа хийсвэр тоо гаргасан. Э.Чийг барилгын ажилд огт оролцоогүй гэдэг атлаа өөрсдийн нь баримт дээр 257,000,000 төгрөгийг Э.Ч авч зарцуулсан гэж бичсэн байдаг. 268,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 268,000,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 300,000,000 төгрөг болгож Э.Чийн ээж С.Г төлсөн. Нэхэмжлэгч тал барилгад оруулсан мөнгөө буцаагаад авчихсан. Авсан мөнгөө ахиж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.
Д.Гтэй зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч 68,000,000 төгрөгөөр барьсан гэдэг. Тухайн үед шинжээчийн дүгнэлт гарсан байхад гомдол гаргаагүй атлаа одоо хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Нэхэмжлэгч тал 6 ширхэг таун хаусын 1 давхарын өрөлтийн ажил хийсэн нь үнэн, маргаагүй. Д.Гээс авсан мөнгөө буцаагаад өгчихсөн. Д.Гийн хөрөнгө орсон гэх үндэслэл тогтоогдоогүй. 2013 оноос С.Г тухайн барилгад хөрөнгө оруулж эхэлсэн. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч С.Ггийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ............. байрнуудын барилгын бүх хөрөнгийг гаргасан. 2012 оноос хойш өөрийн биеэр энэхүү барилгыг бариулсан бөгөөд 2013 онд барилгын угсралт, гадна засал, дотор шавар, 2014 онд 5, 6 номерын байшингийн дотор засал, сан, цахилгаан, 2015 онд 1, 3, 4 номерын байшингийн дотор заслыг хийлгэсэн.
Анх Э.Ч барьж Д.Гээс 268,000,000 төгрөг зээлж барилгыг эхлүүлсэн. 2013 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.Ггийн нэр дээрх ............... 576 м.кв АОС-ыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээ нь 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй байрыг зээлсэн мөнгөнийхөө оронд барьцаанд авч 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр С.Л-д 700,000,000 төгрөгөөр зарж үүнээс 300,000,000 төгрөгийг Э.Чийн Д.Гээс зээлсэн мөнгийг төлүүлж зээлийн өргүй болсон. Гэтэл Д.Г нь залилангийн аргаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ............. 576 м.кв амины орон сууцыг С.Л-д зарсан мэт харагдуулан өөрөө энэхүү барилгад мөнгө зээлсэн мэтээр нэхэмжлэл гаргасан. С.Г барилга барихад зарцуулсан мөнгийг бүгдийг гаргасан байхад Д.Г түүний 20 жил Польш улсад хөдөлмөрсөн мөнгийг дээрэмдэн авахыг зөвшөөрөхгүй. 2012 оноос хойш энэхүү барилгад зарцуулагдсан мөнгө зарим хэсгийг банк бус санхүүгийн байгууллага болон иргэдээс авч, бүтэн 8 жил, хүү алданги төлж маш их хэмжээний хохиролд оруулсан гэжээ.
4. Хариуцагч Д.Мгийн татгалзал, тайлбарын агуулга: ............. хаягт байршилтай 183 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 890/1947/х тоот захирамжийн дагуу Д.Мгийн нэр дээр шилжсэн. Шүүхийн шийдвэрээр хууль ёсны өмчлөгч болсон тул Д.Мд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Дгийн тайлбарын агуулга: Ц.Д нь 98-5 тоот 183 м.кв байрыг худалдаж авсан бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулан өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн газрын асуудлаар Захиргааны хэргийн маргаан үүсч Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулсан ба Ц.Дгийн нэр дээр одоо бүртгэлгүй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэлтэй, ............. хувийн сууцны өмчлөгчөөр Н.Аыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Д.М, Ц.Г нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,007,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,693,667 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Н.Ааас 2,352,000 төгрөг, хариуцагч Э.Чоос 448,000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгож, тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2020/08900 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2020/10002 дугаар шүүгчийн захирамжаар авсан арга хэмжээ уг шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурджээ.
7. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.
7.1. Нэхэмжлэгч Д.Г 6 ширхэг таунхаусаа хариуцагч Э.Чийн
эзэмшлийн газар дээр бариагүй нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байтал шүүх энэ байдлыг анхаарч үзэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Захиргааны хэргийн шүүх Э.Чоос ирүүлсэн материалыг үндэслэж бүртгэл хийсэн гэдэг боловч тухайн материал хуурамч болох нь нэгэнт тогтоогдсон. Хариуцагчийн тэрхүү хуурамч бүртгэлтэй холбоотой асуудал нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдсоор атал хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.
7.2. Д.Г, Э.Ч нарын хооронд 2013.11.12-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээ нь бодит байдалд хийгдээгүй, нэхэмжлэгч Д.Гийн хүсэл зоригийг илэрхийлж чадахгүй.
Д.Г нь хариуцагч Э.Чтой тус төлбөр барагдуулах хэлцэл болон худалдах худалдан авах гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас гадна өөрийн үйлдлийн учир холбогдлыг сайн ойлгохгүй, улмаар хариуцагч Э.Чийн санал, шаардлагад автаж хийгдсэн хэлцлүүд юм. Д.Гийн зүгээс 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Э.Чтой гэрээ хэлцэл байгуулсан гол зорилго нь “...6 ширхэг таунхауснуудын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулахдаа ашигласан Э.Чийн хуурамч баримт материалуудыг олж авах...” байсан.
7.3. Нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой судлаагуй, тэдгээрийг бодитой унэлээгуй тухайд,
7.4. 6 ширхэг таунхаусуудын унэлгээг ундэслэлгүй буруу хийсэн тухайд, 2013 оноос хойш Э.Ч, С.Г нарын зүгээс 6 ширхэг таунхауст нэмж хөрөнгө оруулалт хийснээр үнэлгээ нь 1,091,217,729 төгрөг болсон гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй. ... Д.Г нь барилгыг 2012 онд 80 хувийн гүйцэтгэлтэйгээр өвлийн улиралд тулсан ч агуулахад гүйцээхээр барилгын материалуудыг үлдээснийг Э.Ч ашигласан. Д.Г нь барилгын инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлагатай туршлагатай, барилгын компанитай, өөрийн гэсэн барилгын ажлын бригад, боловсон хүчинтэй байсан. Д.Г нь өөрийн ажлын дадлага туршлагадаа үндэслэн 6 ширхэг таунхауснуудыг хямд зардлаар буюу нийт 412,000,000 төгрөгийн төсөвт багтаан 80 хувийн гүйцэтгэлтэй болгож барьсан. Шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилж, шинжээчээс 6 ширхэг таунхаусуудын барилга барихад зарцуулагдсан үнийн дүн хэд вэ гэх асуултыг асуусан. Шинжээч нь 6 ширхэг таунхауснуудыг барьсан нэхэмжлэгч талтай уулзаж, санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэн барилга барихад зарцуулагдсан үнийн дүн тогтоох ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч талтай нэг ч удаа уулзаагүй, утсаар яриагүй, нэг ширхэг баримт авч үзэлгүйгээр таунхауснуудын гүйцэтгэсэн ажлын төсөвт өртгийн дүнг 1,091,217,729 гэж үндэслэлгүй тогтоосон. Шүүхээс 6 ширхэг таунхаусуудын барилга барихад зарцуулагдсан үнийн дүн тогтоолгохыг хүссэн байтал шинжээч нь 6 ширхэг таунхауснуудын ажлын төсөвт өртгийн дүнг тогтоосон. 6 ширхэг таунхаусын барилгын ажлын үнэлгээг хийсвэр байдлаар буюу төсвийн аргаар тогтоосон. Аливаа барилгын ажлын төсөвт өртгийг төсвийн аргаар тооцоолох болон бодит байдалд аж ахуйн аргаар барих хоёрын хооронд зардал мөнгөний асар их зөрүү гардаг. 2012 онд аж ахуйн аргаар баригдсан барилгыг барихад зарцуулагдсан үнийн дүн төсвийн аргаар үнэлгээ хийж, улмаар түүнийг нь шүүх үндэслэн шийдвэрээ гаргаж байгаа нь бодит үнэн байдалтай огт нийцэхгүй байна. Мөн үнэлгээг хийхдээ тухайн барилгад хамааралгүй зураг төслийг үндэслэсэн болох нь тогтоогдсон ба барилгыг 2013 онд барьсан мэтээр алдаатай дүгнэлт хийсэн байдаг.
... Төслийг санаачлан хэрэгжүүлсэн хүний, төслийг хэрэгжүүлэхээр захиран зарцуулсан хөрөнгийг нь зээл байсан мэтээр дүгнэж хоорондоо хамааралгүй тус тусдаа эрх зүйн харилцаануудыг хамаатуулан дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.Аыг ................................. . дугаар бүхий газрууд дээр байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-......., Ү-......., Ү-......., Ү-......., Ү-....... дугаарт бүртгэгдсэн 5 ширхэг таунхаусны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
8. Хариуцагч Э.Чийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:
8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Э.Ч нь ............. дугаартай өөрийн эзэмшлийн газарт барилга барих ажлыг 2012 оны 8 сараас эхлүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Д.Гийн Гурвалжингийн гүүрний орчим байрлах газрыг 350,000,000 төгрөгөөр зарж өгч уг мөнгийг өөрийн барилгад оруулах, мөнгийг зээл хэлбэрээр авч буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. Барилга барих явцад Д.Г нь миний мөнгийг "... шороо, цемент болгоод хаячихлаа” гэж маргаан үүсгэн Э.Чийг залилан мэхэлсэн, хулгай гэх мэт асуудлаар Цагдаагийн байгууллагад удаа дараа өргөдөл өгч, барилгын ажлыг явуулахад саад болж байсан. Э.Ч нь өөрийн ээж С.Ггийн өмчлөлийн .............ын 576 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Л.Л-д 700,000,000 төгрөгөөр худалдаж, Д.Гийн барилгад оруулсан мөнгийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр түүний Голомт банкны дансанд Л.Лгийн нэрээр буцаан төлсөн нь тогтоогдсон. Шүүх 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хэлцлийг үндэслэн Д.Гийн эрх залгамжлагч Н.Аыг .................. тоотын өмчлөгчөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Э.Ч уг хэлцлээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх шаардлагагүй болсон буюу Д.Гээс барилгад зориулан 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 16 өдөр хүртэлх хугацаанд авсан 257 931 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ний өдер 300,000,000 төгрөг болгон буцаан төлсөн болохоо гэрчээр болон бичгийн бусад нотлох баримтаар нотлосон байхад эдгээр нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.
8.2. Н.Аыг өмчлөгчөөр нь тогтоосон .................. тоотын таун хаусын доорхи газар нь /нэгж талбарын дугаар 18641332662315/ талийгаач Д.Г болон түүний эрх залгамжлагч Н.А нарын хэн алины эзэмшилд байхгүй. Д.Г нас барахаасаа өмнө уг газрыг иргэн Б.П эзэмшилд шилжүүлэн өгсөн болох нь Захиргааны хэргийн анхан шатны шийдвэрт тусгагдсан байдаг. Гэтэл Б.П эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Аыг тогтоож Иргэний хуулийн 119 дүгзэр зүйлийн 119.1, 85.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
8.3. .............. хувийн сууцыг барьцаалж Э.Б-с мөнгө зээлж авсан бөгөөд уг хэргийг 2014 онд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хураагдах эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Аыг тогтоосон нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байхаас гадна биелэгдэх боломжтой байх зарчимтай нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс .................. байрлах, 183 м.кв талбайтай .................. тоот хувийн сууцны өмчлөгчөөр Н.Аыг тогтоож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй гарсан. 1,091,217,729 төгрөгөөр 6 таунхаусыг барьсан гэж дүгнэж, үүний 375,000,000 төгрөгийг Д.Г гаргасан гэж дүгнэсэн. Зээлийн гэрээний үүргээр .................. тоотыг Н.Ад олгохоор дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасныг баримталж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг бүрэн бодитойгоор тал бүрээс нь үнэлж дүгнээгүй хэргийг ойлгомжгүй, хууль бус шийдвэрлэсэн. Иймд хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэх хүсэлтийг дэмжиж байна. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Нэхэмжлэлийн үнийн дүн болох 412,000,000 төгрөг нь хийсвэр тоо бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэлцлийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Хэлцэлд тусгагдсан мөнгийг төлсөн. .................., .................. тоот байрууд Н.Аын нэр дээр байсан. Н.А хуурамчаар тус байрнуудын гэрчилгээнүүдийг гаргаж авсан байхад нь 3 шатны шүүхээр хүчингүй болгуулсан. Тус шийдвэр гарсны дараа газраа эхлээд Д.Г рүү шилжүүлээд, Д.Г нас барахынхаа 3 хоногийн өмнө Б.П гэх хүн рүү шилжүүлсэн. Гэрч С.Л С.Ггээс 700,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө авахдаа 300,000,000 төгрөгийг н.Гт, 80,000,000 төгрөгийг Э.Чт, 250,000,000 төгрөгийг “Хаан банк” ХХК-ийн зээлд өгсөн. Д.Гт өгсөн 300,000,000 төгрөгөөр өр төлбөр дууссан. 1,500,000,000 төгрөгийн үнэ бүхий байраа Д.Гийн өр төлбөрийг барагдуулахын тулд 700,000,000 төгрөгөөр зарсан. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Э.Ч, С.Г, Д.М нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслангийн нэгж талбарын ...... дугаар бүхий газрууд дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-......., Ү-......., Ү-......., Ү-......., Ү-......., Ү-....... дугаарт бүртгэгдсэн 6 ширхэг таун хаусны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцээгүй байна.
4. Нэхэмжлэлийн зүйл болох нэгж талбарын . дугаар бүхий газрууд дээр байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-......., Ү-......., Ү-......., Ү-......., Ү-......., Ү-....... дугаарт бүртгэгдсэн 6 ширхэг таун хаусны одоогийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар албан бичиг хэргийн 1 дүгээр хавтасны 91-92 дугаар талд авагдсан.
Эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэлтэй, .................. тоот хувийн сууцны өмчлөгчөөр иргэн Э.Ч бүртгэлтэй боловч уг сууцыг Э.Ч барьцаалж Э.Б-с зээл авсан байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/01043 дугаар шийдвэрээр Э.Чоос 88,500,000 төгрөг гаргуулж Э.Бд олгох, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайт гудамж, .................. тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /6хх175-179/
Мөн уг сууцны доорхи газрын эзэмшил маргаантай байх ба энэ талаар Н.Аыг өмчлөгчөөр тогтоосон .................. тоот таун хаусны доорхи газрын эзэмших эрхийг Д.Г нас барахаасаа өмнө иргэн Б.П эзэмшилд шилжүүлэн өгсөн гэж давж заалдах гомдол гаргасан. /7хх126/
Иймд нэхэмжлэлийн зүйл болох .................. тоот сууц, түүхий доорхи газрын одоогийн эзэмшигч, өмчлөгч хэн болох, эзэмшигч, өмчлөгч өөрчлөгдсөн эсэх, Б.П, Э.Б нарын эрх ашиг хөндөгдөх эсэх талаар зохих ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай.
5. Мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт бодитой эсэх талаар талууд маргаж байна.
Нэхэмжлэгч нь үнэлгээний талаар “6 ширхэг таун хаусны барилга барихад зарцуулагдсан үнийн дүнг тогтоолгохыг хүссэн байтал 6 ширхэг таун хаусны ажлын төсөвт өртгийн дүнг тогтоосон. 6 ширхэг таун хаусны барилгын ажлын үнэлгээг хийсвэр байдлаар буюу төсвийн аргаар тогтоосон. Аливаа барилгын ажлын өртгийг төсвийн аргаар тооцоолох болон аж ахуйн аргаар барих хоёрын хооронд зардал мөнгөний асар их зөрүү гардаг. Үнэлгээг хийхдээ тухайн барилгад хамааралгүй зураг төслийг үндэслэсэн” гэж давж заалдах гомдол гаргажээ. /7хх132-133/
Иймд тухайн барилгуудыг аж ахуйн аргаар барьсан нөхцөлд хичнээн төгрөгийн зардал гарах боломжтой талаар талуудын баримтыг үндэслэн дүгнэлт гаргуулах шаардлагатай.
Мөн шинжээч дүгнэлт гаргахдаа ашигласан “А” ХХК-ийн барилга архитектурын зураг нь тухайн барилгын зураг мөн эсэхийг тодруулах нь зүйтэй.
Анхан шатны шүүх Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилохдоо хууль сануулсан, эрх үүргийг хэзээ тайлбарлан өгсөн нь тодорхойгүй, холбогдох баримтуудад он сар өдөр тодорхой бичигдээгүй байна. /4хх69-72/
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/00764 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Аын төлсөн 3,007,700 төгрөг, хариуцагч Э.Чийн төлсөн 1,693,667 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.МӨНХЗУЛ