Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2026/ДШМ/38

 

2026 оны  4 сарын   17                                                2026/ДШМ/38                        

 

Г.А-т  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд

   Прокурор Б.Буяндалай

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамбалсүрэн

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа

   Шүүгдэгч Г.А                              

   Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолтой Г.А-т  холбогдох эрүүгийн 2426000000313 дугаар хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав, Д.Жамбалсүрэн нарын гомдлоор 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.А

Г.А нь нийтийн албан тушаалтан буюу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдөр хяналт шалгалт хийх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар баг, 60 айлын ... байрны ... тоотод оршин суух иргэн Т.Ш ыг “зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй” зөрчлийг илрүүлсний дараа Т.Ш  руу утсаар холбогдож “...та надад 1,000,000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно...”, “...би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна...” гэх зэргээр түүнээс ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгөхийг хясан боогдуулах аргаар шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокуророос: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч  Г.А-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ийн  нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т  оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т  оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Г.А-т  оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

              Шүүгдэгч Г.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулсан тухай дурдагдсан байдаг.  Үүнд 120 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан. 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу амралтын өдөр байсан. Т.Ш ын гэрт орсон шалгалт 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр болсон. 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Т.Ш  нь 11-н цагийн орчим ажлын хэсгээр томилогдсон тухайн үеийн Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч Н.Ү , стандарт хэмжил зүйн газрыг төлөөлж Б.М  гэдэг мэргэжилтэн нар байсан. Бидний хэлж заншсанаар ..-н айлын орон сууцны хойд орцны 2 давхрын айлд очиход Т.Ш  гуайн гэрийн гадаа хөгжлийн бэрхшээлтэй нэг эмэгтэй болон бас нэг хүн сууж байсан. Биднийг Т.Ш  гуайн гэрт ороход ганцаараа байсан. Бид Санхүүгийн зохицуулах хорооноос мөрдөгдөж байгаа мөнгөн зээлийн үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, хувь хүн, хуулийн этгээдэд мөнгө төлдөг, хүүгийн талаарх бусад бичиг арга зүйн гэрээг хангаад явж байсан. Тэгэхэд Т.Ш  гуай өөрөө ярихдаа би ганцаараа амьдардаг, би энэ үйлчилгээг явуулахгүй байгаа, хүүхдүүд намайг битгий зээл гарга гэсэн. Би Өвөрхангайд байхгүй байгаа гэж хэлсэн. Мөн миний мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүүхдүүд хөөцөлдөж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт өгсөн байгаа гэх мэтчилэн зүйл ярьсан. Стандарт хэмжил зүйн газрын эмэгтэй танд барьцаалбар хэмждэг жин хэмжүүр, баталгаат хэмжүүр байна уу гэхэд надад ямар нэгэн юм байдаггүй гэж хэлж байсан. Бидний нарын яриа иймэрхүү байдлаар өндөрлөж би гарахдаа гэрийн байдлын зураг зэргийг аваад гарсан. Цагдаа би ажилтай учраас та хэдтэй цаашид үргэлжлүүлэн явж чадахгүй, боломжгүй гэсэн учраас Стандарт хэмжил зүйн мэргэжилтэн бид хоёр Өвөрхангай аймгийн зах дээр байрлах ломбардаар орсон боловч тухайн үед цагаан сарын дараа ажил амралтын өдөр таарсан учраас хүмүүсийн хэрэгцээ шаардлага ч байсан уу ихэнх ломбардууд ажиллахгүй байсан. Ажиллаж байгаа ганц 2 ломбард нь мөнгө байхгүй байгаа гээд тоймтой юм яриагүй. 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 40 хэдэн минутад Т.Ш  над руу өөрийнхөө Т.Ш  нэртэй фэйсбүүкээр найзын хүсэлт явуулсан байсан. Мөн 6 ширхэг үйл ажиллагаа явуулдаг газар байдаг гэж зураг өгч явуулсан. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр болдог. Энэ өдөр бид нар лавлагааг өгдөг. Лам нарт сургалт орж ажил тарах цагаар Т.Ш  гуай надтай холбогдож Г.А чи хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан байна. Манай гэрт зураг авах ёсгүй байсан юм байна. Чи манай гэрт зөвшөөрөлгүй орж ирэх ёсгүй байсан гэж буруутай байдлаар ярьсан. Би тэгэхээр нь та зөвшөөрөл авсан юм уу гэхэд миний хүүхдүүд энэ талаар хөөцөлдөж байгаа. Манай хүүхдүүд Тагнуулын ерөнхий газар ажилладаг, чамайг цагдаад шалгуулна гэсэн юм ярьсан. 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр манай ажил цагдаагийн хуучин байрны нэг давхарт байрладаг байсан. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалдаг нэг тэргэнцэртэй эмэгтэйг хувийн туслагч хийдэг эмэгтэй надтай ирж уулзахдаа Т.Ш  гэдэг хүнд мөнгө төгрөг өгсөн, үндсэн зээлийн мөнгө зээлээ өгсөн боловч би Т.Ш  гуайгаас бичиг баримтаа авч чадахгүй байна. Тэгээд Т.Ш  гуай намайг шаардлага тавиад очихоор хөөгөөд цагдаад баривчлуулна гээд байгаа. Би иргэний үнэмлэх, бичиг баримтаа авмаар байна гэсэн гомдол гаргасан. Тухайн иргэн  оюуны бэрхшээлтэй гэж бичиг баримтаа надад үзүүлснээр бидний яриа дуусгавар болсон байдаг. 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Т.Ш  гуай Төрийн банкнаас маш удаан хугацаагаар үйлчилгээ авсан. Тэгээд гараад явахдаа өөрийн 8989 гэсэн хар өнгийн машин дотор нэлээн хэдэн хүмүүсийг овооруулсан, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаад байгаа бололтой байсан. Би үүнийг прокурор Д-д танилцуулсан байгаа. Т.Ш  гуай чи намайг оролдоод янз бүр болоод яваад байгаа юм байна гэж заналхийлээд байгаа юм уу, сүрдүүлээд байгаа юм уу юу нь ч мэдэгдэхгүй  зүйл ярьсан. Ийм л зүйл болсон. 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгөөр иргэн Т.Ш  гэдэг хүнийг торгосон. Зөрчлийн шийтгэл бичихээс 10 хоногийн өмнө Т.Ш  гуай прокурорт Г.А гэдэг хүнээр шалгуулмааргүй байна гэсэн өргөдлийг прокурорт гаргасан байсан. Би үүнийг мэдээгүй бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн. Тухайн өдөр Т.Ш  гуай хэргийн материалтай танилцаж явахдаа надад ямар нэгэн санал гомдол хэлээгүй. Хэргийн материалтай танилцаад гарын үсэг зуруулсан материалууд нь хэрэгт авагдсан байгаа. Мөн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Т.Ш  гуай өөрөө надтай яриад миний хүү тагнуулд ажилладаг, чамайг цагдаад өгнө шүү гэдэг зүйл ярьсан тухай тэмдэглэл хэргийн материалд авагдсан Үүнийг шүүх адилхан авч үзээсэй гэж бодож байгаа. Би Т.Ш  гуайгаас 1,000,000 төгрөг нэхэх нь битгий хэл түүний тавагласан тавагтай чихрээс огт амсаагүй. Хэрэв үнэн гэж байдаг бол үнэн зүйл ердөө л энэ гэдгийг хэлмээр байна. Т.Ш  гуайн өөрийнх нь мэдүүлсэн мэдүүлгүүд л байгаа. Гэрч гэж тухайн нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлдэг. Ичинхорлоо гэдэг эмэгтэй миний ээж 5-6 жил ломбардын үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт Шоовдор гуай 30 гаруй жил энэ үйл ажиллагаа явуулж байгаа гэж өөрөө хэлдэг шүү. Эдгээр хүмүүсийн мэдүүлгүүд цаг хугацааны хувьд асар их зөрүүтэй. Ийм процедурын алдаанууд байгаа. Яагаад гэвэл 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн баталсан удирдамжийг прокурор яллах дүгнэлтдээ оруулаад байдаг. Үүнийг судлаад үзэхэд тухайн өдөр н.Сумъяасүрэн гэдэг хүн Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор томилогдоогүй байсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан. Өвөрхангай аймагт мянга мянган төрийн албан хаагчдыг ингээд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ээж, охин 2 нийлээд гүтгээд байвал үнэн хэзээ ч ялахгүй. Иймд шүүх бүрэлдэхүүн зөв шийдвэр гаргаж намайг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А-ийн өмгөөлөгчөөр хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.А-ийг  Т.Ш оос мөнгө шаардсан гэх үйл баримтыг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хооронд үйлдэгдсэн байна гэж дүгнэсэн. Хэргийн материалд авагдсан нотлох баримтууд эсрэгээрээ гэрчээр өгсөн Т.Ш ын мэдүүлэгт надаас мөнгө шаардсан, мөнгө зээл гэсэн мэдүүлэг өгч байгаа. Хэрэг шүүхэд шилжээд анхан шатны шүүх хуралдаанд ярихдаа хяналт шалгалтын дараа надаас мөнгө нэхсэн, шаардсан гэдэг. Гэвч хэргийн нотлох баримтаар Т.Ш ын гэрт шалгалтаар орсон байгаа цаг хугацааны хувьд 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр цаг хугацаа, орон зайн хувьд зөрүүтэй нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаж өөрчлөгдөж байгаа. Т.Ш ын мэдүүлгийг үндэслэж Г.А-т  2 жилийн хорих ял оногдуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Т.Ш ын мэдүүлгийг бусад байдлаар нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй. Харин үгүйсгэсэн баримтууд хавтаст хэрэгт байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эргэлзээгүйгээр гэм буруутай эсэхийг тогтооно гэсэн зарчим алдагдаж байна. Анхан шатны шүүх хийсвэр төсөөллөөр таамгаар хүнд ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хүнийг хийсвэрээр, таамгаар төсөөллөөр ял оноож болдоггүй. Харин мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар олон удаагийн шүүх хуралдааны тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар Г.А-ийг  албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Т.Ш ын охиндоо хэлсэн үг дамжмал нотлох баримт гэж үзэж байгаа. Гэвч гэрч н.И-ийн  мэдүүлэг нь ээжийнхээ хэлсэн, чи тэгж хэлээрэй ч гэсэн юм уу гэсэн үгийг хэлснийг мэдэхгүй. 2025 оны  02 дугаар  сарын 27-ны өдөр ээжийнхээ хэлснээр хэлсэн байгаа. Тэгээд 1 залуу гэж яриад байгаа юм. Энэ нь Г.А-ийг  яллах хангалттай нотлох баримт мөн юм уу. Цаашид бид нар хүмүүсийг хэлмэгдүүлээд шоронд хориод байх юм уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эргэлзээгүй байх, нотолбол зохих байдал хангалтгүй байна. Эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байхад 2024 оны 3 дугаар сарын 7-11-ний өдөр үйлдсэн байж магадгүй гэсэн төсөөлөл таамгаар хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар он цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эргэлзээ бүхий нөхцөл байдал байвал шүүгдэгч, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Гэрч Т.Ш , Т.И  нарын харилцан ашиг сонирхол бүхий зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэсэн нь хангалттай хүрэлцэхүйц нотлоогүй байхад гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан нь хэргийг бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул Өвөрхангай аймаг ахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.А-т  холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамбалсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Жамбалсүрэн би, эрүүгийн 2426000000313 дугаартай хэргийн шүүгдэгч Г.А-т  хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, мөн өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.А-ийг  нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ийн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохоор тогтоож тус тус шийдвэрлэжээ.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлүүдээр эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өвөрхангай аймаг дахь улсын байцаагчаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газруудад хяналт шалгалт хийх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 108 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Т.Ш ыг "зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй" гэх зөрчлийг илрүүлсний дараа Т.Ш  руу утсаар холбогдож "та надад 1.000.000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна. Би таныг хамгаална, би таны ар тал болно", "би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна" гэх зэргээр ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Т.Ш ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:..." гээд “...гэрч Т.Ш , Т.И , Н.Ү , З.Н , Т.Б , Б.М , Ч.Б , Д.Б  нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зөрчлийн 2426000278 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зөрчлийн хэргийн материалууд, Т.Ш ын 2024 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Өвөрхангай аймгийн прокурорын газрын ахлах прокурор В.Д-д гаргасан өргөдөл, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.С-гийн  2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Хяналт шалгалт хийх тухай удирдамж, хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэсэн баримтын хуулбар, мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрч Н.Ү ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн 242600432 дугаартай хэрэгт үзлэг хийсэн” тэмдэглэл болон хуулбарлан авсан нотлох баримтууд, Т.Ш ын Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна...." гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгон дурдаж буй эдгээр нотлох баримтуудаас гэрч Н.Ү , З.Н , Т.Б , Б.М , Ч.Б , Д.Б  нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрч Н.Ү ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, О.С-гийн  2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Хяналт шалгалт хийх тухай удирдамж, хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн” гэсэн баримтын хуулбар нь шүүгдэгч Г.А-ийн  албаны чиг үүргээ хэрэгжүүлж, ажлын хэсгийн хамт хийсэн шалгалтын удирдамжийг хэн, хэзээ, хэрхэн батлуулсан, шалгалтыг хэзээ, ямар байгууллагуудыг хамруулж, хэрхэн хийсэн үйл баримтыг нотолдог.

Харин гэрч Т.Ш  мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр удаа дараа “...шүүгдэгч Г.А-ийг  өөрөөс нь 1,000,000 төгрөг шаардсан...” талаар мэдүүлдэг бол гэрч Т.И  мөрдөн байцаалтын шатан “...шүүгдэгч Г.А-ийг  өөрийн ээж Т.Шоовдроос 1,000,000 төгрөг шаардсан талаар түүнээс сонсож мэдсэн талаараа...” мэдүүлэг өгсөн байдаг. Т.Ш ын цагдаагийн байгууллагад хандсан гэмт хэргийн шинжтэй гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгуулж өөрөө гэрчээр өгсөн мэдүүлэг байгаа. Г.А-ийн  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэрэгт эрх бүхий албан тушаалтан Г.А-ийг  татгалзан гаргасан хүсэлтийн агуулга байгаа. Шоовдор зөрчлийн хэрэгт гомдол гаргасан гээд эдгээр материалуудыг мөрдөн байцаалтын шатанд үзлэг хийж хуулбарлан авч Т.Ш ын мэдүүлгийн эх сурвалж, эх сурвалжийг баталж байна гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй.

Үүнээс гадна Т.Ш ын “...Г.А өөрөөс нь 1,000,000 төгрөг зээлэхийг хүсэж, авлига нэхэж, дарамт шахалт үзүүлсэн...” талаар дурдсан 2024 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Өвөрхангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор В.Д-д  гаргасан өргөдөл, Т.Ш ын Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гаргасан өргөдөл, мөн түүний энэ талаар хэрэг бүртгэлтийн 242600432 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгийг мөрдөгч хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох хэрэг материалд нь үзлэг хийж, хуулбарыг хэрэгт хавсаргажээ. Г.А-ийн  гэм буруутайд тооцсон Т.Ш ын 6-н удаагийн мэдүүлэг хоорондоо үйл явдал болоод цаг хугацааны хувьд харилцан зөрүүтэй. Уг мэдүүлгийн зөрүү нь Т.Ш ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлэгт Г.А-ийг  шалгалт хийгээд гарсныхаа орой над руу утасдаж 1,000,000 төгрөг нэхсэн. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгт гараад явсныхаа дараа эргээд над руу утасддаг гэсэн өөр агуулга ярьсан байгаа. 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ манай гэрээс гарснаасаа хойш удалгүй над руу утасдсан, 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө маргааш, нөгөөдөр нь үдээс хойш утасдсан гээд цаг хугацаа нь алслагдаад байгаа байдлаар зөрүүтэй мэдүүлгийг өгсөн.

Шүүгдэгч Г.А-ийг  Т.Ш оос 1,000,000 төгрөг өгөхийг шаардсан болохыг нотлох баримт болгон шийтгэх тогтоолдоо дурдаж буй гэрч Т.И гийн мэдүүлэг, энэ талаар тусгагдсан Т.Шоовдрын прокурор, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, цагдаагийн газарт шалгагдаж буй хэрэг бүртгэлтийн хэрэгтээ өгсөн гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь Т.Ш  өөрөө болж байгаа.

Өөрөөр хэлбэл, уг эрүүгийн хэрэгт шүүгдэгч Г.А-ийг  буруутгаж байгаа ганцхан нотлох баримт байгаа нь гэрч Т.Ш ын мэдүүлэг гэж ойлгож болохоор байна.

Тэрээр уг эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 3 удаа, шүүх хуралдаан дээр 3 удаа буюу нийт 6 удаа мэдүүлэг өгчээ.

Түүний мэдүүлгүүдэд анализ хийж, шүүгдэгч Г.А өөрөөс нь 1,000,000 төгрөг нэхсэн талаар юу гэж мэдүүлснийг харьцуулж үзвэл:

Мөрдөн байцаалтын шатанд, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Г.А миний 99329125 дугаартай утас руу өөрийнхөө 99820412 дугаартай утаснаас залгаж “Та надад 1,000,000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно” гээд нэг сонин сонин юм яриад байсан....” гэж;

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...За тэгээд Г.А гараад явсныхаа дараа над руу залгаад “би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүүдээ, надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна. Өнөөдөр та надад зээлээч” гэж гуйсан....” гэж;

2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Г.А эхлээд 1,000,000 төгрөг зээлээч гэж утсаар ярихад нь би “Хүүхдүүдээсээ асууж өгье” гэж мөнгөн өгөхгүйн тулд шалтаг болгож хэлсэн....” гэж;

2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө “...Тэгээд маргааш нь Шоовдор эгчээ та миний данс руу 1,000,000 төгрөг хийчих надад яаралтай мөнгөний хэрэг болоод байна....” гэж;

2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр “...Тэгсэн чинь маргааш нь билүү нөгөөдөр нь билүү бас л их ойрхон хугацаатай Шоовдор эгчээ надад үнэхээр мөнгөний хэрэг болоод байна. 1 сая төгрөг шилжүүлчих гэсэн....” гэж;

2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр “...Тэгсэн чинь Маргааш, нөгөөдөр нь үдээс хойш билүү эгчээ 2 уулаа найзууд байя. Би таны тал шүү, ар тал чинь, та миний данс руу сая төгрөг шилжүүлээдэх гэсэн. ...” гэж буюу мөрдөн байцаалтын шатанд Г.А өөрөөс нь 1,000,000 төгрөг зээлчих гэж хэлсэн талаар мэдүүлсэн атлаа шүүхийн шатанд дансанд 1,000,000 төгрөг хийчих, эсхүл шилжүүлчих гэх мэтээр болсон үйл явдлыг зөрүүтэй байдлаар мэдүүлж байгаа нь болоогүй үйл явдлыг болсон мэтээр зохиож ярихдаа нэг хэлбэр, агуулгаар ярьж чадахгүй алдаа гаргаж, дээрх байдлаар зөрүүтэй мэдүүлгүүд өгч байна гэж хардах, эргэлзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийн, анхаарч үзэлгүй Т.Ш ын прокурор, цагдаагийн байгууллагад өгсөн “...Г.А өөрөөс нь 1,000,000 төгрөг зээлэхийг хүссэн ...” гэсэн агуулга бүхий өргөдлүүд, цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ талаар ярьсан мэдүүлгийг энэ хэрэгт нотлох баримтаар хавсаргаад түүний гэрчийн мэдүүлгийг давхар нотолж байна гэсэн дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, эх сурвалж буюу агуулагдаж буй мэдээлэл нь Т.Шоовдроос улбаатай нотлох баримтуудыг түүний гэрчийн мэдүүлгийг давхар нотолж байгаа нотлох баримт гэж дүгнэж байгаа нь өрөөсгөл дүгнэлт болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заасан хэдий ч Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.3, 16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар"-ын 1 дэх хэсгийн 1.11 дэх заалтад “Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино...." гэж заасан.

Т.Ш ыг ашиг сонирхлын зөрчилтэй гэрч мөн үү гэдгийг Г.А-ийн  хувьд эрх бүхий албан тушаалтан чиг үүргээ хэрэгжүүлж тодорхой хяналт шалгалт хийж Т.Ш ын хийж байсан бизнестэй холбоотой зөрчил илрүүлсэн. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж 20,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж байсан өнцгөөс үзэхэд Т.Ш ын тухайд Г.А-ийг  чадах гэсэн, Г.А-т  өсөрхсөн хандлага байх нь тодорхой. Г.А-ийн  хувьд холбогдон шалгагдаж байгаа хэргийг ашиг сонирхлын зөрчилтэй гэрч мөн. Гэтэл өөрийнх нь хамаарал бүхий компанийн бизнесийн үйл ажиллагааг нь шалгаж, шийтгэл оногдуулсан ашиг сонирхлын зөрчилтэй Т.Шоовдрын мэдүүлгийг үндэслэн Г.А-ийг  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Гэрч Н.Ү  2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мэдүүлэгтээ “...Мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх тухай хууль 2023 оны 3 дугаар сарын 01-ээс эхэлж хэрэгжсэн, тэгээд энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулсан, намайг ажлын хэсэгт орж байгаа гэж Г.А надад мэдэгдсэн, тэгээд энэ ажлын хэсгийн хүрээнд Г.Амардэлгэр, стандарт хэмжил зүйн газрын нэг эмэгтэй бид гурав хамт сууж байгаад Гэгээнтэн ТВ-д ярилцлага өгсөн. Өөрөөр би үйл ажиллагаанд нь би хамтарч орж чадаагүй л дээ, би цагаан сарын үеэр амралтаа аваад явсан байсан байх. Гэрч Н.Ү  нь энэ шалгалтын бүрэлдэхүүнд орсон, тухайн үед өөрөө орох боломжгүй байсан учраас н.Б гэдэг албан хаагчаа явуулсан. Гэрч Н.Ү ын мэдүүлэгт тухайн үед Г.А хоёрын ярьсан ярианы талаар мэдүүлдэг. Гэрч Н.Ү  Т.Ш  гээд айлд заавал цагдаа авч орох гээд байгаа юм бэ гэхэд энэ хүн чинь хэл амтай барьж авч зодох гээд байдаг учраас би энэ айлд  заавал Цагдаатай орох хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би н.Болорбаатар  гэдэг албан хаагчаа томилж явуулсан гэж мэдүүлдэг.

Г.А намайг аймагт байхгүй байхад над руу залгаад "Т.Ш ын ломбардад нь орох гэж байна, чи хамт ороод өгөөч" гэхээр нь би "та нар өөрсдөө орчихоор яагаад байгаа юм" гэсэн чинь Г.А "энэ хүн чинь ааштай хүн” гэхээр нь би нэгэнт л ажлын хэсэгт нь орчихсон юм чинь гэж бодоод эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Т.Б  руу утсаар яриад Г.А-т эй хамт яваад өгөөч гэж хэлээд манай хүн Г.А-т эй хамт явсан байх.

Тэрийг нь бол мэдэхгүй байна л даа, Т.Ш  гэж хүний гэрт орох хэцүү зодчих гээд байдаг юм хамт яваад өгөөч гэж Г.А надад хэлсэн. Надад Г.А хэлэхдээ Т.Ш  гэх хүнийг гэртээ ломбард ажиллуулдаг л гэсэн....” гэж мэдүүлсэн байдаг.

Уг мэдүүлгээс Г.А нь Т.Ш ыг “...ааштай хүн, гэрт нь ороход хэцүү, зодчих гээд байдаг...” гэж Н.Ү од хэлээд цагдаа авч орох хэрэгтэй талаар танилцуулж байжээ. Т.Ш ын гэрт цагдаатай орсны дараа үргэлжлүүлээд 3, 4-н газраар буюу захад ажилладаг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газруудаар орсон байдаг.

Гэрч н.Б  гэдэг цагдаагийн мэдүүлэгт Т.Ш ынд ороод хууль сурталчлах хяналт шалгалтынхаа ажлыг хийж гарч ирээд намайг хэмжил зүйн байцаагчтайгаа хамт дагуулж явах гээд байсан. Би ажил ихтэй, амжихгүй байсан учраас цаашаа үргэлжлүүлж шалгалтад нь оролцолгүйгээр явсан гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн.

Гэрч н.О, н.Б, н.Э гэдэг хүмүүсээс Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нэг асуултыг тогтмол асууж байгаа юм. Энэ ямар асуулт байна вэ? гэвэл тухайн үед хяналт шалгалтаар орж ирсэн Г.А гэдэг эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагч танайхаас мөнгө төгрөг зээлэх хүсэлт тавьсан уу. Танаас 1,000,000  төгрөг зээлье гэж хэлсэн үү, шаардсан уу гэдэг агуулгатай асуултыг гэрч нараас асуухад үгүй гэдэг хариултыг өгсөн.

Тухайн үед Г.А гэдэг хүнд мөнгө зээлэх хэрэгцээ шаардлага байсан бол ганцхан Т.Ш оос биш энэ хүмүүсээс зээлээд явах байсан. Гэтэл тухайн үед ийм бодол сэтгэхүйтэй Т.Ш ынд орж байгаа хүн түүнээс 1,000,000 төгрөг зээлэх талаар хүсэлт тавьж, шаардахгүй гэдэг нь энгийн ухамсрын түвшинд ойлгомжтой харагддаг.

3. Гэрч Ч.О  2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлэгтээ “Миний бие 2008 оноос эхэлж Арвайхээр сумын Төв барааны зах дээр хувиараа мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Зээлийн үйлчилгээг зах дээр байдаг Куркула худалдааны төвийн №1 дугаартай лангуун дээр явуулж байна.

Г.А 2024 оны 3 дугаар сарын сүүлээр байх гэж санаад байна хэмжил зүйн газрын нэг охиныг дагуулаад шалгалт хийж байна гэж манай зээлийн газар дээр ирээд манай сейф, дэнс, зээлийн гэрээнүүдийг шалгаж, зургийг нь авч байсан. Тухайн үед би шалгалтаа өгөөд мөнгөн зээлийн үйлчилгээний гэрчилгээ нь ирээгүй хүлээгдэж байсан юм. Шалгалтаар манайд ямар нэгэн зөрчил илрээгүй, энэ үед л Г.А гэж хүнийг мэддэг болсон, өөрөөр энэ хүнийг танихгүй л дээ. ...” гэж мэдүүлээд мөрдөгчийн “...Г.А танаас мөнгө зээлж байсан уу Шалгалтын явцад танайхаас зээл авах талаар яриа, өгүүлэл гаргасан уу...” гэсэн асуултад “Тийм зүйл болоогүй, энэ хүнийг урд нь мэддэггүй байж байгаад шалгалтаар орж ирэхэд нь л Амардэлгэр гэж өөрийгөө танилцуулаад мэддэг болсон.” гэж,

Гэрч Д.Б  2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлэгтээ “...Би 2005 онд Барьцаат зээлийн үйлчилгээ явуулахаар "Б дов" ХХК-ийг байгуулсан, манай компани одоо Арвайхээр сумын төв барааны захын Тэнгис төвийн 2 дугаар давхарт мөнгөн зээлийн үйлчилгээ явуулж байна.

Г.А-ийн  ахтай нь би найз байсан, тэгээд залуу байхдаа гэрээр нь ордог, Г.А-ийг  зүс таньдаг л байсан. Өөр ямар нэгэн холбоо хамаарал бол байхгүй ээ.

Хавар 3 сар байсан уу хэдэн сард байсан Г.А хоёр хүүхэнтэй явсан билүү яалаа манай ажил дээр ирээд шалгалтаар явж байна гэж надад хэлээд "...эднийх бол сайн хүү багатай...” гэж хамт явж байгаа хүмүүстээ хэлээд бичиг баримт шалгалгүй гараад явсан. Өөрөөр манайд шалгалтаар ирж байгаагүй дээ. Урд нь онд бил үү хэзээ билээ нэг монетон эдлэл барьцаанд тавьж мөнгө зээлээд мөнгөө өгөхгүй 3 сар нь хэтрэхээр нь Г.А-т эй утсаар ярьж байгаад мөнгөө буцааж авч байсан. Өөр өр авлагын асуудал байхгүй ээ, шалгалтаар орж ирэхдээ мөнгө төгрөг зээлнэ гэж юм яриагүй....” гэж,

Гэрч Б.Э 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлэгтээ “...Арвайхээр сумын төв барааны захын 78 дугаартай лангуун дээр өөрийн охин Чулуунжавын мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх газарт ажиллаж байна, бас Хатагтай төвийн 3 дугаартай өрөөнд миний нэр дээр гэрчилгээ нь гарсан мөнгөн зээлийн үйлчилгээний газар байдаг, гэхдээ тэрийг ажиллуулахгүй байгаа.

2024 оны хавар 3 бил үү 4 дүгээр сард байх барааны захын лангуун дээрээ сууж байхад шударга өрсөлдөөний газрын байцаагч, жин хэмжүүрийн хүн хоёр шалгалт хийж байна гээд ирээд манай жинг хэмжээд явсан. Шалгалтын явцад манайхаас зөрчилтэй байна гэсэн зүйл яриагүй, хүүгээ бууруул гэдэг зүйл л ярьсан байх.

Манайхаар үйлчлүүлж байгаагүй, харж байгаагүй хүмүүс байсан. ..." гээд мөрдөгчийн “Г.А-ээс шалгалт хийсэнтэй холбогдуулан танаас мөнгө зээлэх тухай яриа өгүүлэл гаргасан уу?” гэсэн асуултад “Үгүй ээ.” гэж хариулан мэдүүлэг өгсөн байдаг.

Эндээс тухайн үед Г.А нь бусдаас мөнгө зээлэх санаа бодолгүй явсныг харж болно.

Г.А Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өвөрхангай аймаг дахь улсын байцаагчаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газруудад хяналт шалгалт хийсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Т.Ш  нь энэ шалгалтын ажиллагаа хийгдсэнээс нэг сар гарангын дараа буюу Г.А-ийг  түүнд холбогдох хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж байхад, тодруулбал 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр прокурорт хандсан гаргасан гомдолдоо Г.А-ийг  шалгалтаар гэрт нь ирснийхээ маргааш өөрөөс нь 1,000,000 төгрөг зээлэхийг хүссэн талаар дурдаж, улмаар 2024 орны 9 дүгээр сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандан гэмт хэргийн шинжтэй гомдол гарган шалгуулсан байна.

Тэрээр өөрийнх нь явуулж буй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг шалгасан улсын байцаагч Г.А 1,000,000 төгрөг шаардсан үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж яагаад тухайн үед нь холбогдох газарт нь хандаж, шалгуулаагүй бүтэн нэг сар гарангын дараа хуулийн байгууллагад мэдээлж эхэлсэн бэ гэдэг нь анхаарал татдаг.

Тодруулбал, улсын байцаагч Г.А-ийн өөрийнх нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаад дургүйцэж, түүнийг өөрөөс нь 1,000,000 төгрөг шаардсан гэх зохиомол байдлыг гаргаж ирсэн гэж үзэж болохоор байна.

Дээрхээс дүгнэж үзвэл, шүүгдэгч Г.А-ийг  түүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэрч Т.Шоовдрын харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн гэм буруутайд тооцож байгаа нь түүнийг хэлмэгдүүлсэн, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр, Г.А нь тухайн үед бусдаас мөнгө зээлэх хэрэгцээ шаардлагагүй явж байсан нь шалгалтад хамрагдсан ломбардын эздээс авсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог төдийгүй Т.Ш  гэж хүний гэрт ороход хэцүү, зодчих гээд байдаг, ааштай хүн гэсэн сэтгэхүйтэйгээр цагдаагийн байгууллагын ажилтан дагуулж орсон нь түүнийг тухайн үед Т.Ш оос мөнгө зээлэх хүсэлт тавихгүй байсан гэдгийг мөн давхар нотолдог билээ.

Анхан шатны шүүхээр хэлэлцсэн нотлох баримтад шалгалт 2024 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрийн хооронд шалгасан байна гэж дүгнэсэн. Үүнээс 9 хоногийн дараа буюу 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийг холбогдуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгаж байгаа. Хэрэгт Г.А гэдэг эрх бүхий албан тушаалтныг татгалзан гаргах хүсэлтэд энэ талаарх мэдээлэл орж байгаа. Тухайн үед 1,000,000 төгрөг нэхсэн, шаардсан учраас Г.А-ийг  татгалзаж өгнө үү гэсэн агуулга тусгагдаж байгаа.

Хэдийгээр Т.Ш  нь Г.А-ийг  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өвөрхангай аймаг дахь улсын байцаагчаар ажиллаж байхдаа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Т.Ш ыг "зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй" гэх зөрчлийг илрүүлсний дараа өөр лүү нь утсаар холбогдож "...та надад 1,000,000 төгрөг зээлчих...” гэж хүсэлт тавьсан талаар мэдүүлгүүд өгч байгаа боловч түүний уг мэдүүлгүүдэд дээр дурдсан үндэслэл бүхий эргэлзээнүүд байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” зарчмыг баримтална. Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно. /Монгол Улсын Дээд Шүүхийн нийг шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай" 24 дүгээр тогтоол/

Иймд анхан шатны шүүхийн Г.А-ийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Г.А-ийг  цагаатгаж өгнө үү гэв.

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт бол гэмт хэргийг шуурхай илрүүлэхээс гадна бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шударгаар олж тогтоох, гэм буруугүй хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хамгаалахад оршдог. Миний үйлчлүүлэгч Г.А-ийн  хувьд анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй эргэлзээг шүүгдэгчийн эсрэг тайлбарласан нотлох баримтын үнэлгээ, гэм бурууг тогтоох стандарт, олон улсын эрх зүйн суурь зарчмын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байгаа.

 Нотлох баримтын үнэлгээ буюу хууль зүйн шаардлагад нийцээгүй шүүхийн шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт, баримтын хүрэлцээт байдал, харилцан уялдаа, эх сурвалжийн найдвартай байдал, гэм бурууг тогтоох үндсэн шалгуур байдаг. Гэтэл энэ хэрэгт шүүгдэгчийг буруутгах гол үндэслэл нь ганцхан гэрч Шоовдорын  6-н удаагийн мэдүүлэг байгаа. Гэрч Т.Ш  6-н удаагийн мэдүүлэг өгөхдөө харилцан өөр байдлаар мэдүүлэг өгсөн байдалд манай хууль хяналтын мөрдөх байгууллага яагаад дүгнэлт хийсэнгүй вэ. Г.А 1,000,000 төгрөг зээлчих, шилжүүл миний данс руу хий гэх мэт өөр өөр байдлаар өөр цаг хугацаанд, эсвэл тэр өдрөө эсвэл маргааш нь эсвэл хэд хоногийн дараа гэж эргэлзээтэй илт хөтөлбөргүй, өөр өөр байдлаар мэдүүлж байгаа байдлыг нотлох баримтын түвшинд авч үзэж байгаа нь хамгийн анхаарал татсан асуудал байна. Бусад нотлох баримтууд буюу мэдүүлгүүдийн эх сурвалж нь эрүүгийн эрх зүйд бие даасан баталгаажуулалт болохгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нотлох баримтын чанарын бус тоон давхардлыг үнэлсэн, давхар нотлогдсон гэж буруу дүгнэлт хийсэн нь хууль зүйн алдаатай, хүний эрхийг зөрчсөн үйл баримт болсон.

Гэрчийн мэдүүлэг дотоод зөрчилтэй, итгэл үнэмшилгүй Т.Ш ын мэдүүлгийг задлан авч үзвэл зээлэхийг хүссэн, шилжүүлэх, дансанд хий гэх мэт агуулгын зөрүүтэй байгаа. Энэ нөхцөл байдалд анализ хийж авч үзвэл үйл явц, тогтмол, цаг хугацаа өөрчлөлттэй, үг хэллэг, агуулга нь өөрчлөлттэй нөхцөл байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн эрх зүйн онолын үүднээс авч үзвэл гэрчийн мэдүүлгийн тогтвортой байдал алдагдсан гэж үнэлэгдэх бөгөөд энэ нөхцөлд мэдүүлгийг дангаар нь үнэлж гэм буруутай гэж үзэх үндэслэлд хамаарагдахгүй байна.

Зөрчилтэй гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдтэй хамааралтай мэдүүлэг байна уу, үгүй юу гэдэгт төдийлөн дүгнэлт хийгээгүй нь эргэлзээ төрүүлж байна. Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт дурдахдаа гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ хувийн ашиг сонирхлыг зайлшгүй харгалзана гэж заасан байдаг. Гэтэл ээж, охин хоёрын мэдүүлгийн эх сурвалж нь өөрөө эрүүгийн эрх зүйн онолын шинжлэх ухаанд нийцэж байгаа бол анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг огт үнэлээгүй. Харин ч үндсэн нотолгоо болгож нотлох баримтыг үнэлэхийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан.

Хэрэгт цугларсан баримт болон бусад баримтуудаас авч үзэхэд шалгалтын явцад мөнгө нэхээгүй, зээлэх тухай яриа гараагүй, албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан зэрэг мэдүүлгүүдийг тухайн ажиллагаанд оролцох ёстой төрийн албан хаагчид мэдүүлсэн байна. Мөн түрүүчийн Т.Ш ын ааштай, эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн албан хаагч дагуулж орсон, орох тухай асуудлыг хөндөж байсан хүртэл мөнгө нэхэх субьектив санаа зорилго байгаагүй. 1,000,000 төгрөгийг өөртөө авсан, ийм нөхцөл байдал байхгүй байгаа гэдгийг шүүх онцгой анхаарч үзнэ үү.

Эрүүгийн эрх зүйн суурь зарчим буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэм бурууг эргэлзээгүй тогтоох ёстой. Энд нотлох баримт ганц эх сурвалжтайгаа, гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, ашиг сонирхлын зөрчилтэй субъектүүдийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн зэрэг үндэслэл бүхий эргэлзээ үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал болон Монгол Улсын Улсын дээд шүүхийн тайлбараар эргэлзээг шүүгдэгчийн талд шийдвэрлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх эргэлзээг тайлбарлахын оронд буруутгах байдлыг авч үзсэн нь эрүүгийн процессын суурь зарчмыг зөрчсөн байна.

Гэм бурууг нотлох олон улсын стандартыг зөрчсөн шинжтэй байна. Олон улсын эрх зүйн үүднээс авч үзвэл Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Хүний эрхийн гэм буруугийн харилцааг тогтоосон, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод болох иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 2-т хүн бүр гэм буруутай нь хуульд заасан журмаар нотлогдох хүртэл гэм буруутайд үл тооцно. Гэтэл уг гэмт хэргийн тухайд нотлох баримт ганцхан эх сурвалжтай, гэрчийн мэдүүлэг зөрчилтэй байгаа нь олон улсын стандарт, хэм хэмжээг зөрчсөн үйл баримт болж байна. Мөн энэ харилцааг Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод хүртэл маш тодорхой заасан байдаг. Европын хүний эрхийн шүүхийн практикт хүнийг гэм буруутай гэж үзвэл хөтөлбөргүй, эргэлзээгүй нотлох ёстой.

Шударга үнэнийг шүүлгэх эрхийн зөрчил үүссэн гэж би өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд хүн бүр хараат бус, шударга шүүхээр хэргээ нь шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Шударга шүүхийн үндсэн нэг зарчим бол нотлох баримтыг бодитой, тэнцвэртэй, үнэлэх, ашиг сонирхлын зөрчилдөөн, гэрчийн мэдүүлгийг шийдвэрлэх нотолгоо болгосон төдийгүй эргэлзээг үл харгалзсан нь уг эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Энэ хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй байна. Г.А-ийн  үйлдсэн гэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна уу гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бол гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаарддагаараа онцлогтой. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор дан ганц үр дагаварт чиглэсэн объектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, зарчмаар хориглодог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн тухайд санаатайгаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байх зорилгоор ашиг сонирхлын үүднээс хахууль шаардах үйлдэл тогтоогдох ёстой. Мөнгө зээлэх агуулга давамгайлж, албаны шийдвэртэй шууд холбогдсон нотолгоо байхгүй, субъектив санаа тогтоогдоогүй гэхэд гэмт хэргийн субъектив объектын бүрэлдэхүүн бүрэн тогтоогдоогүй байна. Дээрх нөхцөл байдлаас авч үзвэл нотлох баримт хангалтгүй байна. Хууль хэрэглээ буруу, шүүгдэгчийн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэс үндсэндээ бүрдээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотлогдох зүйлүүд бүрэн тогтоогдоогүй. Миний үйлчлүүлэгч Г.А төрийн албан хаагч хүн юм. Г.А нь Төрийн албаны тухай хуульд заасан үндсэн үүргээ л хэрэгжүүлсэн, хууль зөрчсөн, хүний эрхийн хэм хэмжээнд халдсан үйлдлийг илрүүлж, түүнд зохих арга хэмжээ авах, төрийн албан хаагчийнхаа үүргийг гүйцэтгэсэн. Тэрээр албан тушаалаа урвуулан ашигласан, эсвэл нэг давуу байдал олгосон, нөхцөл байдал тогтоогдсон зүйл байхгүй, нотлох баримтаар ч авагдсан зүйл байхгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуульд заасан шаардлагынхаа хүрээнд л миний үйлчлүүлэгч ажилласан байгаа. Эргэлзээ бүхий нөхцөл байдал байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Энэ бол эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим юм. Гэм бурууг эргэлзээгүй тогтоогоогүй нөхцөлд хүнийг яллах нь Үндсэн хуулийн асар том зөрчил мөн. Нотол, нотолж чадахгүй бол цагаатгах гэдэг зарчмыг баримтлах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.А-ийг  цагаатгаж өгнө үү гэв.

            Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэрч Т.Ш ын эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн шийдвэр болсон гэж өмгөөлөгч нараас ярьж байна. Т.Ш ын мэдүүлгийг давхар нотолж байгаа баримтууд нь нотолгооны ач холбогдлын хувьд үнэлэгдэх боломжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай гомдлуудыг гаргасан байна. Т.Ш  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3, шүүхийн шатанд 3 мэдүүлэг өгсөн. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн хэрэгт Т.Ш ын мэдүүлгийг авч хэрэгт хавсаргасан. Эдгээр мэдүүлгийг удаа дараа авахад өөр хоорондоо агуулгын хувьд ижил боловч тодорхой үг хэллэгүүдийн хувьд зөрүүтэй мэдүүлгүүд авагдсан. Тухайн мэдүүлэг өгч байгаа гэрчийг огт болоогүй үйл явдлыг сэргээн дүрсэлж ярьж байгаа учраас зөрүүтэй мэдүүлж байна гэж шууд дүгнэж үгүйсгэх боломжгүй. Тухайн хэрэг учрал болж өнгөрснөөс хойш хамгийн анхны мэдүүлэг 7-н сарын дараа авсан байдаг. Хамгийн сүүлийн мэдүүлэг нь 2 жил гаруй хугацаанд мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр үйл явдлыг болж өнгөрсний дараа тухайн хэргийг санаж агуулгын хувьд ижил байна уу гэдгийг анхаарч үзэх нь чухал. Т.Ш ын мэдүүлгийн үндсэн шалтгаан нь түүний нас, ой тогтоолт, цаг хугацааны нөлөөллөөс хамаараад өнгөрсөн үйл явдлыг тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа сэргээн санаж ярихдаа мартах, андуурах, огт болоогүй зүйлийн талаар ярьж байна гээд шууд дүгнэж үгүйсгэх үндэслэл байхгүй. Харин өгүүлж буй зүйлийн агуулга, үйл баримт давхцаж байгаа эсэхийг нь харгалзан үзэж үнэлэх нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын эх сурвалж нь Т.Ш  өөрөө бөгөөд шүүгдэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй тул тухайн нотлох баримтуудаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж байна. Харин мэдүүлгийн эх сурвалж нь мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон бодит шалтгаан, үндэслэлийг ойлгоно гэж Монгол Улсын дээд шүүхийн 16 дугаартай тайлбарт тайлбарласан. Т.Ш ын мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн талаар мэдэх болсон бодит шалтгааныг хэлнэ. Т.Ш ын мэдүүлэг өөрөө нотлох баримт юм. Г.А шалгалтаар явсныхаа дараа над руу утсаар ярьсан гэдэг. Г.А өөрөө шалгалтыг санаачилж хийсэн. Тухайн шалгалт нь ямар үр дүнд хүрсэн талаар энэ хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд болон Г.А-ийн  зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах явцдаа үйлдсэн эрх зүйн акт байгаа. Аймгийн Засаг даргын орлогчоор батлуулсан удирдамж, зөрчлийг хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр уг шалгалтын үр дүнд юу болсон болох нь харагдаж байгаа. Т.Ш  анх 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө 6 сарын өмнө прокурорын газарт зөрчлийн хэргийн холбогдогчоор шалгагдаж байхдаа тухайн зөрчлийн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа эрх бүхий албан тушаалтныг сольж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Гомдолд бичсэн байгаа үг өгүүлбэр түүний 6-н сарын дараа өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа. Тухайн шалгалтыг хийхийн өмнө та надад 1,000,000 төгрөг зээлчих, яаралтай мөнгөний хэрэг болоод байна гэхэд нь би одоохондоо мөнгөгүй байна, би хүүхдүүд рүүгээ ярьж асууна гэсэн байсан. Гэтэл ахиж утасдаад би танд бүх л талаараа тусална шүү, тэр хүмүүсээс авч чадахгүй байгаа мөнгө төгрөгийг чинь авч өгөх болно гэж хэлсэн байдаг. Т.Ш  гуай хүүхэд хуралтай байна гэхэд хаана ажил хийдэг юм гэхэд тагнуулд ажилладаг гэж хэлэхэд уурлах шиг болсон гэдэг. Ингээд Т.Ш  гуай би Г.А-ээр шалгуулмааргүй байна гэсэн гомдлыг гаргасан. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн Т.Ш  гуай Г.А-т  өсөрхсөн байхыг харгалзаж үзэх шаардлагатай гэж байна. Би үүнийг яллах дүгнэлт гаргахдаа харгалзаж үзсэн. Т.Ш гуай гэрчээр өгсөн 6-н удаагийн мэдүүлгийг зориуд худал мэдүүлэг өгч байна уу гэдгийг үнэлэхэд мэдүүлэг өгөхөөс 6 сарын өмнө прокурорт гаргаж байсан гомдлыг нь харахад адилхан зүйлийн талаар ярьж байсан. Т.Ш ын мэдүүлэгт ижил боловч тодорхой хэдэн үгийг сольж хэлсэн байсан. Цаг хугацааны хувьд тодорхой санаж хэлэхгүй байгаа. Т.Ш ын мэдүүлэгт Г.А гэрээс гараад хэсэг хугацаа өнгөрсний дараа эсвэл нөгөөдөр ярьсан гэж хэдэн үг хэллэгээр үгүйсгэх боломжгүй. Магадгүй цаг хугацаа, зарим үг хэллэгийг андуурч ярьж байна гэж дүгнэхээс өөр арга байхгүй. Харин огт болоогүй зүйлийг энэ хүн ярьж байна гэж шууд үгүйсгэх үндэслэлгүй. Ганцхан Т.Ш  гэдэг хүний мэдүүлгээр л Г.А-ийг  яллаагүй, энэ хэрэг онцлогтой. Тухайн хэргийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь богинохон цаг хугацаанд буюу та надад 1,000,000 төгрөг зээлээрэй би акт тавихаа болъё гээд л утсаа тасалсан хоёр хүний хооронд болсон үйл явдал байгаа. Хавтаст хэрэгт гэрч Н.Ү ын мэдүүлэг байгаа. Мөн гэрч Оюунжаргал, Батхуяг, Энхтуяа нараас Г.А нь мөнгө шаардаагүй гэж байна. Харин эсрэгээрээ энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудад гэрч С-гийн мэдүүлэгт Г.А гэдэг улсын байцаагч над дээр орж ирээд Т.Ш  гуайн ломбардад настай хүмүүсийн тэтгэврийн дэвтрийг тавьж, хүүхдийн хадгаламжийн дэвтрийг барьцаалж зээл олгох үйл ажиллагаа явуулаад байна гэж хэлсэн. Г.А өөрөө удирдамжийг боловсруулж удирдамжийг батлуулснаас хойш ямар үр дүнд хүрсэн, ямар зөрчил илэрсэн талаар ямар нэгэн танилцуулга над дээр ирээгүй гэж мэдүүлсэн. Засаг даргын Тамгын газарт ажилладаг Нацагням гэдэг бичиг хэргийн ажилтны мэдүүлэгт хяналт шалгалт хийх санаачилгыг улсын байцаагч Г.А санаачилж удирдамжийн төслийг боловсруулж С даргаар батлуулсан. Манайд үйл ажиллагаатай холбоотой тайлан танилцуулга гэж ирээгүй гэсэн. Энэ шалгалтын удирдамжид 4-н хүний мэдүүлэг байгаа. Бид ломбардуудаар орж дууссаны дараа Г.А-ийн  машинаар бид 2 дугаар сургуулийн тэнд байдаг айлд очсон. Тэгээд цагдаагийн албан хаагчтай бид 3 хамт Шоовдор гэх айлд орсон. Тэр өдрөөс хойш дахиж би шалгалтад хамт яваагүй гэж Мөнгөншагай гэдэг гэрчийн мэдүүлдэг. Үүнээс хойш  шалгалтын ажил хийгдээгүй гэдгийг нь хамт шалгалтад явсан хүн нь мэдүүлсэн. Гэрч Н.Ү ын мэдүүлэгт Г.А намайг аймагт байхгүй байхад над руу залгаад Т.Ш  гуай болон ломбардуудаар орох гэж байна. Чи хамт ороод өгөөрэй гэхэд нь та нар өөрсдөө орохоор яагаад байгаа юм бэ гэхэд Т.Ш  гуай их ааштай хүн байгаа гэж хэлсэн. Эдгээр мэдүүлгүүдээс харахад Г.А нь энэ гэмт хэргийг үйлдэхээс өмнө хийсэн шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу явагдаагүй бөгөөд зөвхөн Т.Ш оос хахууль өгөхийг шаардах зорилгоор хийгдсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Аймагт байгаа бүх ломбардуудаар ороогүй. Хэдэн ломбардаар орж эднийх сайн үзэлтгүй гэсэн байдаг. Энэ шалгалт Т.Ш  гуай руу чиглэсэн шалгалт байсан учраас цагдааг дуудаж авчирч ирж орсон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хийсэн шалгалт удирдамжтай илтгэх хуудастай, тэр шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдалд нь тохирсон арга хэмжээг авсан байх ёстой гэдэг. Гэтэл тийм шалгалтын материал байхгүй талаар шалгалтын удирдамжийг баталсан, боловсруулсан, тэнд ажиллаж байгаа бичиг хэргийн ажилтан мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч нарын гомдолд дурдаад байгаа эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлын агуулга нь Т.Ш ын мэдүүлэгт л эргэлзсэн талаараа тайлбарлаад байна. Г.А-ийн  гэм буруутай эсэхэд эргэлзэж хэргийг хэрэглэхгүй болгох үндэслэл болдог нотлох баримтыг шалгах, үнэлэхэд төрж байгаа гэм буруугийн эргэлзээ биш байгаа. Эргэлзээний талаар Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дугаартай тогтоолоор тодорхой тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав, Д.Жамбалсүрэн нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

2. Прокуророос шүүгдэгч Г.А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

3. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдал буюу харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн  мэдүүлгийн үнэн зөв байдлын шинж, агуулга, эх сурвалж бодитой эсэх зэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаж үнэлээгүйгээс хууль зүйн зөв дүгнэлт хийгээгүй байна.

4. Тус эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтын хүрэлцээт байдал буюу хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоожээ.

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь Т.Ш ын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан нь тогтоогдож байна.

Гэрч Т.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд 4 удаа өгсөн, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд тогтвортой, агуулгын хувьд зөрүүгүй, мөн Т.Ш ын Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурор В.Д-д  2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл, гэрч Т.И гийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон учир түүний мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлсэн гэжээ.

 Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг агуулгын хувьд:

5.1 Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.С-гийн  2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан хяналт шалгалт хийх тухай удирдамж нь иргэдийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэх хяналт шалгалтыг 30 хоногийн хугацаанд хийх, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Г.Амардэлгэр, Н.Ү , З.Н , Д.Дэнжинпагам, Г.Сүрэнжав нар орсон гэдгийг (1хх-ийн 102-104 хуудас),

гэрч Н.Ү ын мэдүүлэгт “...Г.А ... Т.Ш ын ломбардад нь орох гэж байна. Чи хамт ороод өгөөч гэхээр нь ... өөрсдөө орчихоор яагаад байгаа юм гэсэн чинь ... энэ хүн чинь ааштай хүн гэхээр нь би нэгэнт л ажлын хэсэгт нь орчихсон юм чинь гэж бодоод эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Т.Б  руу утсаар яриад Г.А-т эй хамт яваад өгөөч гэж хэлсэн. 2024 оны 3 дугаар сар дөнгөж гаргаад л орсон байх. Телевизэд ярилцлага өгсний дараа нь над руу Т.Ш ын гэрт орох гэж байна гэж ярьсан...” гэх (1хх-ийн 29 хуудас),

гэрч З.Н ын мэдүүлэгт “...Харин хяналт шалгалтын ажиллагаанд миний ажил давхцаад оролцож чадаагүй. Хяналт шалгалт хийх санаачилгыг бол улсын байцаагч Г.А санаачилж, удирдамжийн төслийг боловсруулж О.Сумъяасүрэн даргад танилцуулаад батлуулсан...” гэх (1хх-ийн 25 хуудас),

гэрч Т.Б ын мэдүүлэгт “... Тэгээд тэр айл руу ороход нэг настай хүн ганцаараа байсан ... тараах материалыг Т.Ш т өгөөд Г.А барьцаалан зээлдүүлэх газрын гэрчилгээ юм уу зөвшөөрөл ч юм уу нэг юмыг нь үзээд л байсан. Г.А Т.Ш т шинэ хууль батлагдаж байгаа, үүнтэй холбоотой судалгаа аваад, тараах материал өгч байна гэж хэлсэн. Харин Т.Ш  нь ... одоо хүмүүсийн энд зүйлсийг барьцаанд авахгүй байгаа. Миний хүмүүсээс авах авлага нэлээн их болчхоод мөнгөний эргэлт багассан ... гэж хэлсэн ... Г.А-т эй хамт явсан эмэгтэй бид хоёр бол Т.Ш той бараг юм яриагүй...” гэх (1хх-ийн 23 хуудас),

            гэрч Б.М н мэдүүлэгт “... манай ахлах мэргэжилтэн Д.Д намайг Г.А-т эй хамт яваад ломбардуудын жин, хэмжих хэрэгсэлд нь хяналт хийгээд ажил гэж хэлсэн. Ингээд Г.А бид хоёр ... нэг өдрийн хугацаанд Арвайхээрийн төв барааны зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа ломбардуудаар орж, би хэрэглэж байгаа жин хэмжих хэрэгсэл нь баталгаатай байна уу, заалт нь үнэн зөв үү гэдэгт хяналт хийсэн. Харин Г.А ломбардын эздэд нь удирдамжаа танилцуулаад, тэгээд зарим дээр нь шалгалт хийгээд, зарим ломбард нь хүүхэд суулгасан байсан гээд том хүн ирэхээр эргэж холбогдоорой гээд л байх шиг байсан ... 3-4 ломбардаар ... орж дууссаны дараа Г.А надад энд нэг хүн гэрээрээ зээлийн үйл ажиллагаа явуулаад байгаа юм, очоод уулзъя гээд ... 2 дугаар сургуулийн тэнд байдаг айлд очсон ... нэг цагдаатай уулзаж ... тухайн айлд орсон ... Г.А удирдамжаа танилцуулаад, бичиг баримтыг нь үзье гэсэн ... та гэрээрээ хүмүүст мөнгө зээлүүлж болохгүй гээд байсан ... Уулзалтын үеэр Г.А нөгөө эгчтэй нээх сүртэй муудаж бариагүй ... Тэр өдрөөс өөрөөр дахиж би лав хяналт шалгалтаар гадуур яваагүй” гэх (1хх-ийн 15 хуудас),

            гэрч Ч.Б гийн мэдүүлэгт ... 2024 он 5 сарын 01 өдрийг хүртэл аймгийн хэмжээний мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгч буюу ломбардуудын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байгаад ... 01-нээс эхэлж О гэх хүн хариуцаж ажиллаж байгаа. Миний хувьд бол Г.А улсын байцаагч учир шударга өрсөлдөөний асуудлаа шалгах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Түүнээс хэн нэгнийг нь онцгойлон шалгаж барь гэсэн юм яриагүй” гэх (2хх-ийн 32-33 хуудас),

гэрч Д.Б ийн мэдүүлэгт “... Хавар 3 сар байсан уу ... Г.А хоёр хүүхэнтэй яв луу яалаа. Манай ажил дээр ирээд шалгалтаар явж байна гэж надад хэлээд эднийх бол сайн, хүү багатай гэж хамт явж байгаа хүмүүстээ хэлээд бичиг баримт шалгалгүй гараад явсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр авсан” гэх (2хх-ийн 40-41 хуудас),

мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрч Н.Ү ын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургуудаар Г.А шалгалтын удирдамжийг Н.Ү од явуулсан, мөрдөгч Т.Б  нь Т.Ш ынд очоод явсан (1хх-ийн 36-40 хуудас) гэх нотлох баримтуудаар шалгалтын удирдамжийг хэн, хэзээ баталж, бүрэлдэхүүнд ямар хүмүүс орсон, ажлын хэсгийн гишүүн З.Н  ажил давхацсан шалтгаанаар хяналт шалгалтын ажиллагаанд оролцоогүй, ажлын хэсгийн гишүүн Д.Дэнжинпагамын оронд Б.М  Г.А-т эй хамт хамт 3-4 ломбардаар орж шалгалт явуулж, дараа нь Г.А ажлын хэсгийн гишүүн Н.Ү од Т.Ш ын хамт ороод өгөөч, энэ хүн чинь ааштай хүн гэж хэлээд түүний оронд Т.Б  ирж Б.М  Г.А нартай хамт Т.Ш ын гэрт ороод шалгалтын удирдамж танилцуулан, шинэ хууль батлагдаж байгаа, үүнтэй холбоотой судалгаа авч, тараах материал өгөөд, гэрээрээ хүмүүст мөнгө зээлүүлж болохгүй гэдгийг сануулахад Т.Ш  одоо хүмүүсийн энд зүйлсийг барьцаанд авахгүй байгаа, хүмүүсээс авах авлага нэлээн их болчхоод мөнгөний эргэлт багассан талаар ярьсан, мөн Д.Б ийн мөнгөн зээлийн үйл ажиллагааг шалгасан, Ч.Б  аймгийн хэмжээний мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгч буюу ломбардуудын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байгаад н.О гэх хүн хариуцаж ажиллаж талаарх үйл баримтууд нотлогдож байгаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг нотолсон баримтууд гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал зэргийг ялгахгүйгээр буюу яагаад тухайн гэмт хэргийг нотолсон нотлох баримт гэж дүгнэсэн талаар үндэслэл заалгүйгээр дээрх нотлох баримтуудаар ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэдгийг нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

5.2 Гэрч Т.Ш  2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “... 2024 оны 2 дугаар сарын сүүлээр ... ломбардын үйл ажиллагааг шалгаж явна гээд ... бичиг баримтыг үзчихээд гараад явсан. Гарсныхаа дараа утсаар над руу залгаад ... надаа 1,000,000 төгрөг зээлчих ... маргаашаас нь эхлээд намайг шалгаад эхэлсэн ... Г.А мөнгө зээлүүлээгүй гээд хонзогнож байгаа юм байх гэж бодож байна ...” гэж (1хх-ийн 192 хуудас),

            гэрч Т.Ш  2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “...2024 оны 02 дугаар сарын сүүлээр 27, 28-ны үед л байсан байх ... ломбардын үйл ажиллагаа шалгаж яваа гэж хэлээд Г.А миний зургийг авч байгаад л гараад явсан ... Тэгээд тэр орой нь бил үү, маргааш нь бил үү Г.А миний 9932 дугаар утас руу өөрийнхөө 99820412 дугаар утаснаас залгаж та надад 1,000,000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно гээд нэг сонин сонин юм яриад байсан ... Дараа нь миний “Tamzaw Shoovdor” нэртэй фэйсбүүк рүү найзын хүсэлт явуулсан ... хүүхдээсээ асуусан, мөнгө байхгүй байна ... Тэгээд л тэрнээс хойш намайг шалгаад л эхэлсэн ... Тэгээд гэрт байхдаа Г.А миний зургийг аваад, гэрийн зураг аваад байсан ... Г.А-ийг  гараад явсны дараа би фэйсбүүк рүү нь ажлын өрөөний зургийг явуулсан...” гэж (1хх-ийн 9 хуудас),

            гэрч Т.Ш  2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд “... 2024 оны 02 дугаар сарын сүүлээр ... ломбардын үйл ажиллагааг шалгаж явна гээд надаас юм асууж байгаад ломбардын бичиг баримтыг үзчихээд гараад явсан. Гарсныхаа дараа утсаар над руу залгаад ... 1,000,000 төгрөг зээлчих би таны ард баттай байна яаралтай мөнгөний хэрэг гараад байна ... Тэгээд хэсэг хугацааны дараа залгаад яасан гэж асуухаар нь хүүхэд хуралтай байна гэж хэлэхэд чинь маргаашаас нь эхлээд намайг шалгаад эхэлсэн ... Намайг ямар ч үндэслэлгүй 20,000,000 төгрөгөөр торгосон ... Тэгээд би Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл өгөөд ... торгосон торгуулийг хүчингүй болгож, Г.А-ийг  хууль зөрчсөн байна гэж гарсан. Түүнээс өмнө 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Г.А надад торгосон улаан хуудсаа шуудангаар явуулаад фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр “Босоо өлзий” ХХК буруутай үйлдэл хийж 20,000,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авлаа гэж тавьсан байсан. Манай компани болон миний нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон ... Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй ээ” гэж хэлтэл “та аргалаад олоод өгөөч” гээд тулгаад байхаар нь хүүхдээсээ асууж өгье гээд хэлчихсэн юм. Нөгөө тагнуулд ажиллаж байсан том охин Ичинхорлоод хэлсэн ...” гэж (1хх-ийн 192 хуудас),

гэрч Т.Ш ын дахин өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны 2 дугаар сарын сүүлээр 27, 28-аас орж манай гэрт орж ирсэн ... Өмнөх мэдүүлэгт би 1 дүгээр сарын сүүлээр орж ирсэн гээд андуураад хэлчихсэн байна лээ. Г.А ... та бичиг баримтууд, хийсэн гэрээгээ үзүүл гэж надад хэлсэн ... Г.А миний зургийг аваад, гэрийн зураг аваад байсан. Тэгэхээр нь би чи яагаад миний зургийг аваад байгаа юм бэ? би чинь өрөөтэй шүү дээ гэж хэлээд би Г.А-ийг  гараад явсны дараа би Фэйсбүүк рүү нь ажлын өрөөний зургийг явуулсан. За тэгээд Г.А манайхаас гараад явсныхаа дараа нь над руу залгаад би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя. Хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ. Надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна. Өнөөдөр та надад зээлээч гэж гуйсан...” гэж (1хх-ийн 11 хуудас),

гэрч Т.Ш  2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ “... Г.А эхлээд 1,000,000 төгрөг зээлээч гэж утсаар ярихад нь би хүүхдүүдээсээ асууж өгье гэж мөнгө өгөхгүйн тулд шалтаг болгож хэлсэн ... Тэр үед нь би охин руугаа залгаагүй ... Тэгсэн Г.А удалгүй дахин залгаад та хүүхдээсээ мөнгө асуув уу гэж хэлэхээр нь би асуулаа хуралтай гэнэ, мөнгө байхгүй гэнэ гэж хэлсэн ... Би чинь ганцаараа амьдардаг болохоор хүүхдүүдтэйгээ өдөр болгон л ярьж байгаа. Тэгээд нэг ярьж байхдаа л Г.А-ийг  мөнгө асуусан талаар охин руугаа ярьж хэлсэн байх даа. Түүнээс яг Г.А-ийг  мөнгө асуусны дараа нь охин руу залгаж мэдэгдээгүй ... Дараа нь Г.А-ийн  сууж ажилладаг хуучин цагдаа байсан байрны 01 давхрын өрөөнд очиж Г.А-т эй уулзаж мэдүүлэг өгсөн билүү яасан билээ нэг уулзаж байхад та надад 1,000,000 төгрөгөө өгчихсөн бол ийм юм болохгүй шүү дээ. Танай хүүхэд чинь тагнуулд ажилладаггүй л юм байна лээ гэж хэлэхээр нь би надад мөнгө байхгүй ээ гээд хэлчихсэн...” гэж (1хх-ийн 13 хуудас),

гэрч Т.Ш  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  “... 2024 оны 02 дугаар сарын сүүлээр 3 дугаар сарын ихээр Г.А нэг хүүхэн, цагдаатай гурав ломбардын үйл ажиллагаа шалгаж яваа гээд ирсэн ... Тэгсэн чинь маргааш нөгөөдөр нь үдээс хойш билүү эгчээ хоёуулаа найзууд байя. Би таны тал шүү, ар тал чинь, та миний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлээдэх гэсэн ... хүүхдээсээ асууя гээд утсаа тавьчихсан. Сүүлд нь ... та олоод өгөхгүй найдваргүй байна. Таны ар талыг даагаад хоёулаа түнш болъё гээд байхад гэсэн ... Намайг чадна гээд байгаа юм шиг янз бүрээр оролдоод аргаа бараад миний дүү намайг яах гээд байгаа юм. Чиний энэ их байцаалт олон дуудаж байгаад чинь олон хүн над руу яриад та яагаад хүний нууцыг задлаад ингэдэг юм ... гээд намайг дарамтлаад хажуугаас Г.А дарамтлаад нэг хэсэг нойр ч хүрэхгүй, хоол ч идэхгүй, бие муудаад даралт ихсээд хэцүү байдалд орсон. Сүүлд нь аргаа бараад Г.А-ээс ... эгчийгээ тамлалгүй яах гээд байгаагаа хэлээд болохоо байчихсан бол хууль дүрмийн дагуу арга хэмжээ аваад өг ... Тэгээд В.Д-д  нь ... Г.А-ээр шүүлгэмээргүй байна. Өс хонзон байдаг юм уу, янз бүрээр оролдоод болохгүй байна. Өөр хуулийн байгууллагын хэн ч байсан хууль мэддэг хүнээр шүүлгэмээр байна. Намайг 1,000,000 төгрөг өгөөч гэсэн. Тэгэхээр нь өгөөгүй. Тэрэнд зууж байгаа байх гэж бодож байна. Өөр энэ хүнд гэм зэм хийсэн юм байхгүй ... гэж өргөдөл бичсэн ... Тэгээд явж явж 5 дугаар сарын сүүлээр ... таныг торгож шийтгэнэ гэсэн ... Арай ч 20,000,000 төгрөгөөр торгуулах ажил хийгээгүй ... гарын үсэг зурахгүй ... маргааш нь 8, 9 хэвлэл мэдээллээр Т.Ш  гуай ломбард ажиллуулаад улс амьтан луйварддаг муу хүн гээд биччихсэн байсан...” гэж (4хх-ийн 165, 166 хуудас),

гэрч Т.И  “...2024 оны 02 дугаар сарын сүүлээр билүү 03 дугаар сарын эхээр манай ээж Т.Ш  над руу утсаар залгаад Г.А гэж Өвөрхангай аймгийн шударга өрсөлдөөний газрын байцаагч 1,000,000 төгрөг зээлүүлээч хэрэгтэй байна. Та яаралтай олоод өгөөч гэж хэлэхээр нь би хүүхдээсээ асууя гэж хэлээд над руу энэ талаар хэлж мэдэгдсэн ...” гэж (1хх-ийн 19 хуудас) тус тус мэдүүлэг өгсөн.

Т.Ш  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурор В.Д-д  2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “... Гэтэл 2 сарын сүүлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажилтан Г.А гэдэг хүүхэн хяналт шалгалт хийж яваа, хүүтэй мөнгө зээлүүлсэн байна гэж манай гэрт 1 хүүхэн, 1 цагдаатай орж ирсэн ... эхлээд энэ шалгалт хийхийн өмнөхөн та надад 1,000,000 төгрөг зээлүүлчих, яаралтай хэрэг болоод байна гэхээр нь би одоохондоо мөнгөгүй байна, би хүүхдүүд рүүгээ яриад асууя гэсэн юм.  Гэтэл ахиж утасдаад би танд бүх л талаар тусална шүү, тэр хүмүүсээс авч чадахгүй байгаа мөнгө төгрөгийг чинь авч өгөх болно гээд их л сайн байсан юм. Хүүхэд хуралтай гэнээ гэсэн чинь хаана ажил хийдэг юм гэхээр нь тагнуулд гэсэн чинь уурлах шиг болсон. ...Г.Амардэлгэрээр шалгуулмааргүй байна.” гэх өргөдөл (1хх-ийн 170-171 хуудас),

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “... мөн шалгалтын үедээ 1,000,000 төгрөг зээлчих, тэгвэл таныг торгохгүй гэх мэтээр удаа дараа дарамт шахалт үзүүлж, илт авлига нэхэж байсан ...” гэх өргөдөл (1хх-ийн 184-185 хуудас) тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх гэрч Т.Ш ын мэдүүлгүүд болон түүнд хамааралтай гэх нотлох баримтуудын тухайд “... гэрч Т.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 4 удаагийн мэдүүлэг болон шүүх хуралдааны өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой, агуулгын хувьд зөрүүгүй байх бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Т.Ш ын Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурор В.Д-д  2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл, гэрч Т.И гийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний дээрх мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар үнэлсэн...” гэж дүгнэсэн боловч тухайн гэрчүүдийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхөд гэх мэт хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдал, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн  мэдүүлгийн үнэн зөв байдлын шинж, агуулга, эх сурвалж бодитой эсэх зэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаж сайтар нягтлаагүйгээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал, гэрч Т.Ш, шүүгдэгч Г.А нарын хувьд харилцан эсрэг сонирхолтой байж болох этгээдүүд буюу зохих зөвшөөрөлгүйгээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх зөрчлийн хэргийг нэг нь шалгаж, нөгөө нь шалгагдаж байсан, гэрч Т.И  нь гэрч Т.Ш ын охин буюу хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдал тогтоогдсон. Мөн гэрч Т.Ш , гэрч Т.И  нарын мэдүүлэг, прокурор, цагдаагийн газарт гаргасан өргөдлийн эх сурвалж нь гэрч Т.Ш  өөрөө байхад эдгээр нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх, үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан тул үнэн зөв гэж мэдүүлгүүдийн үнэн зөв, эх сурвалж бодитой эсэхийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл 1, 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж нь тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд шууд болон шууд бусаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан, хясан боогдуулах аргаар үйлдсэн, их хэмжээний хахууль авсан байх ёстой.

Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул нийтийн албан тушаалтан хахуулийн зүйл болох мөнгө, эд хөрөнгө, үйлчилгээ зэргийг бодитоор авсан эсэхээс үл хамаарч, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хохироох аргаар хахууль өгөхийг шаардсан үйлдэл хийсэн цаг хугацаанаас эхлэн гэмт хэргийг төгссөн гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэх юм.

Харин хахууль өгөхийг шаардах нь нийтийн албан тушаалтан өөрийн албан тушаалын бүрэн эрх, нөлөөллийг урвуулан ашиглаж, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулахаар заналхийлэх, эсхүл бусдын хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд зориудаар оруулах замаар хууль бус шан харамж нэхсэн идэвхтэй үйлдлийг ойлгоно.

7. Гэтэл шүүгдэгч Г.А хахууль өгөхийг гэрч Т.Ш оос шаардсан, хясан боогдуулах аргаар шаардсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тодорхойлоход дараах үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байна. Үүнд:

7.1 Шүүгдэгч Г.Амардэлгэр, гэрч Т.Ш нарын хувьд харилцан эсрэг сонирхолтой, түүний мэдүүлгүүдийг давхар нотолсон гэх нотлох баримтуудын эх сурвалж гэрч Т.Ш  өөрөө учраас түүний мэдүүлгийн үнэн зөв, эх сурвалж бодитой эсэхийг нягтлах шаардлагатай юм.

Шүүгдэгч Г.Амардэлгэр, гэрч Б.М , Т.Б  нар гэрч Т.Ш ын гэрт орж шалгалтын удирдамж танилцуулан, шинэ хууль батлагдаж байгаатай холбоотой судалгаа авч, тараах материал өгөөд, гэрээрээ хүмүүст мөнгө зээлүүлж болохгүй гэдгийг түүнд сануулаад гарсан үйл явдал нотлогдсон. /тодорхойлох хэсгийн 5.1-т дүгнэсэн/

Харин үүний дараа 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх үйл явдлын талаар гэрч Т.Ш  нь прокурор, цагдаагийн газарт гаргасан өргөдөлд дурдаж, гэрч Т.И д хэлж, өөрөө энэ талаар мэдүүлгүүд өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн нотлох баримтуудын эх сурвалж нь гэрч Т.Ш  байх боловч түүний мэдүүлгүүд зөрүүтэй бөгөөд үүнийг прокурор шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ “гэрч Т.Ш ын нас, ой тогтоол, хугацаанаас хамаарч мартах, андуурах тохиолдолд байж болно. Түүний мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй” гэжээ.

Гэтэл гэрч Т.Ш ын мэдүүлгүүдийн агуулгыг харьцуулан дүгнэхэд хоорондоо утсаар ярьсан гэх хугацааны хувьд гарсны дараа, маргааш нь гэж, шүүгдэгч Г.А-ээс фэйсбүүкээр найз болох хүсэлт ирүүлсэн гэх боловч түүнийг гарсны дараа өөрөө Г.А-ийн  фэйсбүүк чат руу ажлын өрөөний зургийг явуулсан гэж, охин Т.И д хэлсэн гэх боловч, тэр үед нь би охин руугаа залгаагүй гэж, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдэд 1,000,000 төгрөг зээлчих гэж байсан бол анхан шатны шүүх хуралдаанд 1,000,000 төгрөг шилжүүлээдэх гэх байдлаар агуулгын хувьд зөрүүтэй, нөгөө талаас шүүгдэгч Г.А зүгээс гэрч Т.Ш той харилцахад болгоомжлох хандлага гаргаж байсан нь гэрч Н.Ү ын “... Т.Ш ын ломбардад нь орох гэж байна. Чи хамт ороод өгөөч ... энэ хүн чинь ааштай хүн...” гэх мэдүүлэг (1хх-ийн 29 хуудас)-ээр нотлогдсон тул энэ үйл явдлын дараа түүнтэй шууд гар утсаар холбогдон 1,000,000 төгрөг зээлчиж гэдэг байдлаар харилцсан гэдэгт эргэлзээ үүсгэж байгаа учраас гэрч Т.Ш ын мэдүүлгүүдийг үнэн зөв, прокурор, цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрч Т.И гийн мэдүүлгийн эх сурвалж бодитой гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Прокурор шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анх гэрчийн мэдүүлэг өгөхөөс зургаан сарын өмнө 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн прокурорын газар хандаж гаргасан өргөдөлдөө “1,000,000 төгрөг зээлүүлчих яаралтай хэрэг болоод байна” гэсэн гомдол гаргаж байсан нь худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй гэх эргэлзээг үгүйсгэсэн гэж байгаа боловч энэ хугацаанд шүүгдэгч Г.А нь гэрч Т.Ш ын “Босо-Өлзийт” ХХК-ийг хэрэглэгчийн эрхийн хохироосон гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан (1хх-ийн 100-179 хуудас), мөн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан “... байцаагч Г.А-т  холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэж өгнө үү...” (1хх-ийн 184-185 хуудас) гэх өргөдөл гаргасан зэргээс дүгнэхэд прокурорын дээрх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн прокурор шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ энэ гэмт хэргийг үйлдэхээс өмнө хийсэн хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу явагдаагүй бөгөөд зөвхөн гэрч Т.Ш оос хахууль өгөхийг шаардах зорилгоор хийгдсэн гэж дүгнэхэд хүргэж байгаа гэсэн боловч прокурорын энэ дүгнэлт нь гэрч Б.М н “... Г.А бид хоёр ... нэг өдрийн хугацаанд Арвайхээрийн төв барааны зах дээр үйл ажиллагаа явуулж байгаа ломбардуудаар орж, би хэрэглэж байгаа жин хэмжих хэрэгсэл нь баталгаатай байна уу, заалт нь үнэн зөв үү гэдэгт хяналт хийсэн. Харин Г.А ломбардын эздэд нь удирдамжаа танилцуулаад, тэгээд зарим дээр нь шалгалт хийгээд...” гэх мэдүүлэг (1хх-ийн 15 хуудас), гэрч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Г.А хоёр хүүхэнтэй яв луу яалаа. Манай ажил дээр ирээд шалгалтаар явж байна гэж надад хэлээд...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 40-41 хуудас)-ээр үгүйсгэгдэж байна.

7.2 Гэмт хэргийн сэдэлт гэдэг нь тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд шийдмэг болгосон, түүнийг үйлдэхдээ удирдлага болгосон дотоодын өдүүлбэрийн ашиг сонирхол, эрэлт хэрэгцээ байдаг бол гэмт хэргийн зорилго гэдэг нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдэх явцад хүрэхийг эрмэлзсэн үр дүн байдаг.

Гэтэл гэрч Т.Ш ын мэдүүлгүүдийг үнэн зөв, прокурор, цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрч Т.И гийн мэдүүлгийн эх сурвалж бодитой гэж дүгнэх үндэслэлгүй талаар дээр дүгнэсэн учир гэрч Т.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 4 удаагийн мэдүүлгүүд, үүнийг давхар нотолсон гэх прокурор, цагдаагийн газар гаргасан өргөдөл, гэрч Т.И гийн мэдүүлэгт тусгагдсан “шүүгдэгч Г.А 1,000,000 төгрөг зээлчих”, анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт тусгагдсан “1,000,000 төгрөг шилжүүлээдэх” гэдэг нь иргэд хооронд мөнгө зээлэх эсхүл хахууль өгөхийг шаардсан аль сэдэлт, зорилго агуулж байгааг тогтооход эргэлзээтэй нөхцөлийг үүсгэсэн байна.

8. Тус магадлалтын тодорхойлох хэсэгт дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.О-гийн гаргасан “шүүгдэгч Г.А-т  1,000,000 төгрөг өгсөн нь нотлогдоогүй учир ... гэм буруугүй гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтална.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж түүнийг гэм буруутай гэж үзэж болохгүй гэх хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

Дээрх байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харилцан хамааралтай, уялдаа холбоотой байдлаар харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шинжлэн судлаад шүүгдэгч Г.А-ийг  нийтийн албан тушаалтан буюу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдөр хяналт шалгалт хийх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 108 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Т.Ш ыг “зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй” гэх зөрчлийг илрүүлсний дараа Т.Ш той утсаар холбогдож “та надад 1,000,000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно”, “би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна” гэх зэргээр түүнээс ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хясан боогдуулах аргаар 1,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэх байдал эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнээд, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг хэрэглэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            10. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А-т  Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.А-ийг  цагаатгаж шийдвэрлэв.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Г.А-ийг  шүүх хуралдааны танхимаас суллах зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А-т  Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.А-ийг  цагаатгасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Г.А-ийг  шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.