Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Т-с Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.А-д холбогдох эрүүгийн 1820001970099 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Оросын Холбооны Улсын Эрхүү хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, худалдааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Борхойн багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөг, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл Б овогт О.А,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Б овогт О.А нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн орчимд Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Б плаза бааранд иргэн Э.А-тай маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б овогт О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ тохирч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан.Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Тэр залуу надад хандан чи намайг таних уу гээд зүүн шанаанд 2 удаа цохиход нь би сандал, ширээ хоёрын голд унасан ба унахдаа толгойгоороо шал мөргөж унасан. Би газар унаад хэвтэж байхад дээрээс өшиглөөд дэвсээд байсан. Тэр согтуу хүний сураг сонсоход А гэдэг гэсэн. ...А миний ... дугаарын данс руу эмчилгээний мөнгө болох 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Надад одоо дахиж нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 4,40 хуудас/

Гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/

Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 02/0272 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Э.А-н биед тархи доргилт, зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 7 хуудас/

Шүүгдэгч О.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б овогт О.А нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн орчимд Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Б плаза бааранд иргэн Э.А-тай маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр залуу надад хандан чи намайг таних уу гээд зүүн шанаанд 2 удаа цохиход нь би сандал, ширээ хоёрын голд унасан ба унахдаа толгойгоороо шал мөргөж унасан. Би газар унаад хэвтэж байхад дээрээс өшиглөөд дэвсээд байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 02/0272 дугаартай шинжээчийн “дээрх гэмтлүүдийн нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт” хамаарна гэх дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч О.А нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Э.А шүүгдэгч О.А-с эмчилгээний зардалд 350.000 төгрөг төлсөн, хохирогч Э.А нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч О.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч О.А-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг тохролцсон тул шүүгдэгч О.А-т прокурорын газраас санал болгосон ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.А урьд нь Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500.000 төгрөгийн, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 5.400.000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн нийт 5900 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2018 оны 09 сарын 13-ны өдрийн албан тоотоор шүүгдэгч нь уг ялаас 1.080.000 төгрөгний торгуулийн ялыг биелүүлж 4.820.000 төгрөгний торгуулийн ялыг биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн нь хэргийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх  үндэслэл тус тус болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.А-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялаас эдлээгүй үлдсэн 4.820.000 төгрөгний торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг 5.270.000 /таван сая хоёр зуун далан мянган/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч О.А-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан  торгох ялыг 1 жил, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Д.Ц