| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0076/Э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А,
Улсын яллагч Э.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж,
Шүүгдэгч Д.Х, Р.О, Р.Н, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Х,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р.Н, Б овогт Р.О, Б овогт Б.О нарт холбогдох эрүүгийн 1820000780070 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, С цэвэр усны үйлдвэрт ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д.Х,
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 06 сараас 13 насны хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Р.Н,
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Р.О,
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза төвийн гадаа иргэн Н.А-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Р.Н нь Р.О, Б.О нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза төвийн гадаа иргэн Х.Ө-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Р.О нь Р.Н, Б.О нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза төвийн гадаа иргэн Х.Ө-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.О нь Р.Н, Р.О нартай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза төвийн гадаа иргэн Х.Ө-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны орой 00 цаг өнгөрөөгөөд би гадаа гараад хаалган дээр тамхи татаж байтал Х.Ө гарч ирсэн. Х.Ө бид хоёр тамхи татаад юм яриад зогсож байтал Н.А баарнаас гарч ирсэн. Х.Ө, Н.А хоёр хоорондоо юм ярьж байгаад баарны байшингийн урд тал руу яваад өгсөн ба сүүлд нь араас нь очсон. Хаалган дээр байхдаа тэр хоёр маргах шинжтэй болсон юм. Тэгээд Н.А, Х.Ө-г ийшээ явъя гээд дагуулан баарны байшингийн урд булан руу дагуулж явсан. Намайг очиход Х.Ө, Н.А хоёр зууралдчихсан байсан ба Н.А, Х.Ө-н нүүр лүү 1 удаа цохих шиг болсон, цохисныг нь харанхуй байсан тул сайн хараагүй. Тэгтэл Х.Ө хойш болохдоо Н.А-г татаад өөрөө доор нь унасан, дээр нь Н.А гарсан. Тэгэхээр нь би очоод Н.А-г гарнаас нь өөрлүүгөө татаад салгатал Н.А босч ирээд намайг заамдаад баруун гараараа миний зүүн шанаа руу 1 удаа цохисон. Нээх хүчтэй цохиогүй. Тэгэхээр нь би салгаж байхад цохилоо гэж бодоод Н.А-г зөрүүлэн баруун гараараа зүүн шанаанд нь 1 удаа цохисон. Тэгээд хойшилтол хамгаалалтын ажилтнууд хүрээд ирсэн. Тэгээд л бужигнаад байхаар нь би холдоод цаана зогсоод юу болохыг харж байсан. Над дээр Н.А-н хадам эгч нь болох Р.Н ирээд намайг Н.А-г зодлоо энэ тэр гээд хэрүүл ам хийгээд байсан. Цэнхэр цамцтай эмэгтэй болох таксины жолооч Б.О, Н.А-н эхнэр Р.О, Р.Н нар Х.Ө лүү дайраад нүүр нүдгүй зодоод байсан. Уг нь Х.Ө эсэргүүцэл үзүүлээгүй, хамгаалалтын ажилтнууд бүгдийг нь холдуулаад зодоон нүдээн болоогүй байхад дээрхи 3 эмэгтэй Н.А-г зодсон гээд Х.Ө лүү дайрч энд тэндээс нь зулгааж цохиж зодоод байсан. Хамгаалалтын ажилтнууд руу хүртэл дайраад байсан. Х.Ө бол огт Н.А-д гар хүрээгүй. Хувцаснаасаа зууралдаад л Н.А-той нэг удаа унаад боссон. Тэрнээс хойш хоорондоо барилцаагүй. Н.А хоромхон зуур болсон зууралдаан цохиулснаас хэзээ хойно газар өөрөө хэвтээд өгсөн, газар ганцаараа өнхөрөөд байсан. Яагаад газар хэвтснийг нь мэдэхгүй. Хэн ч Н.А-г цохиогүй байхад өөрөө хэвтсэн. Ердөө ийм л юм болсон. Удаагүй цагдаа ирээд Х.Ө бид хоёрыг аваад явсан. Н.А-г ах нь ирээд аваад явсан. Би Н.А-н биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зевшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92/,
- Шүүгдэгч Р.Н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 сарын 02-ны шөнө цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, би “Булган плаза” баарны хашааны гадаа такси утсаараа дуудчихаад хүлээгээд зогсож байсан чинь баарны хажуу талд хүмүүс зодолдож байхаар нь харах гээд гүйгээд очсон. Тэгтэл Н.А хоёр залуугийн дунд зогсож байсан ба Н.А-г урдаас нь Х.Ө заамдчихсан, Д.Х нь Н.А-н ард нь зогсчихсон Н.А-н куртиканы мөрнөөс нь нэг гараараа барьчихсан зогсож байсан. Тэд хоорондоо маргалдаж байсан ба Х.Ө нь Н.А-г чи хэзээ том болчихсон юм бэ гэж байсан. Би гүйж очоод юу болоод байгаа юм бэ гээд Х.Ө-г татах үед миний араас таксины жолооч найз хүүхэн Б.О буюу бичлэг дээрхи цэнхэр цамцтай хүүхэн ирсэн. Бид 2 Х.Ө-г 2 талаас нь зуураад цаашаа авч явахад Х.Ө Б.О-н баруун чих рүү нь зүүн гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би эмэгтэй хүн цохилоо гээд Х.Ө-н цээжин тус газар цохисон. Эргээд хартал Н.А газар уначихсан байсан ба Д.Х Н.А-н нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. Ямар харгис юм бэ энэ тэр гэж загнасан Би Н.А-н хамраас нь цус гарчихсан байхаар нь хажууд нь суусан баарны үйлчлэгч эгч ус авчирч бид 2 нүүрийг нь угаан сэргээх гээд цээжин дээр нь ус хийсэн. Н.А сэргэхгүй байсан. Х.Ө Н.А-н хажууд Н.А-г дээш нь харуулаад боссон ба Х.Ө-тэй хэрэлдэж босч очоод Х.Ө-г 2-3 удаа алгадахад миний зүүн гарыг 2 удаа өчөөд тавьсан. Тэгээд Н.А-н хажууд сууж байхад Н.А-н ах Н.Г, цагдаа нар ирээд Н.А-г Н.Г машиндаа өргөж оруулаад эмнэлэг рүү авч явсан бусдыг нь цагдаа аваад явсан. Хажуугаар хоорондоо хэрэлдээд орилолдоод байсан ба хэн нь хэнийгээ зодож байгаа талаар олж хараагүй, бужигнаад л байсан. Тухайн үед М.М 1 пиво уусан, би архинаас 2 татсан байсан. Р.О төрсөн өдөр гээд уучихсан байсан, Н.А ч архи уусан байсан. Гэхдээ Р.О, Н.А нар үйлдлээ хянах чадвартай байсан. Х.Ө-с архи үнэртэж байсан болохоор архи уусан гэж бодож байна, согтолт нь гайгүй байх шиг байсан. Н.А-г өшиглөөгүй шүү, наад цус мусыг чинь мэдэхгүй шүү гээд л хэрэлдээд байсан. Д.Х согтуу байсан эсэхийг мэдэхгүй, би түүнд ойртоогүй. Д.Х-г би ухаан алдчихсан байхад нь Н.А-н нүүр лүү өшиглөлөө гэсэн чинь наадах чинь жүжиглэж л байна ш дээ гэж байсан Х.Ө-н биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97/,
- Шүүгдэгч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 сарын 01-ний өдөр миний төрсөн өдөр байсан тул 04 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө нөхөр Н.А, төрсөн эгч Р.Н, түүний нөхөр Б.Б, төрсөн эгч Р.М, найз Б нарын хамт “Булган плаза” бааранд 01 цагийн орчим орсон сүүлийн 3 дуу гэж байсан. Тэгээд найз Б.О-г дуудсан байсан болохоор тосч гэртээ хүргүүлэхээр, Р.Н гэртээ харина гээд Р.М, найз Б нар надтай хамт явахаар бүгд баарнаас гараад авто зам руу явсан. Энэ үед Б.Б бааранд үлдсэн байсан ба Н.А баарны гадаа урд өнцөг рүү Х-тай явж байсан. Яах гэж явсныг мэдээгүй. Хоорондоо муудаж маргасан шинжгүй зэрэгцээд алхаж байсан. Тэгээд Р.М, Р.Н бид 3 Н.А-г тийшээ явчихлаа гээд хойноос нь очсон. Очиж явахад Н.А газар хойшоо саваад унаж байсан ба цаана нь Д.Х зэрэгцээд зогсож байгаа юм шиг харагдсан. Би бодохдоо Д.Х-г хажуунаас нь түлхээд унагачихлаа гэж бодсон. Баар талд нь 1 алхамын хажууд Х.Ө гараа халаасандаа хийчихсэн зогсож байсан. Тэгэхээр Р.М бид 2 хайж очоод орилж хашгиран би Х.Ө дээр очин гарнаас нь татаад цээж рүү нь 2-3 удаа цохисон. Х.Ө намайг цаашаа бай гээд түлхээд байсан. Өөд өөдөөсөө хормхон хугацаанд орилж хашгирсан. Р.М Д.Х дээр гүйж очоод орилж хашгирч Д.Х-г түлхсэн ба Д.Х цаашаа яваад өгсөн. Дараа нь харахад Д.Х тамхи асуугаад цаана зогсож байгаа харагдсан. Яг энэ үед Р.Н Н.А-н хажууд өвдөглөөд суучихсан толгойг нь өргөчихсөн өвдөгөн дээрээ тавиад сууж байсан. Нэг харсан чинь Б.О ирчихсэн байсан. Х.Ө бид хоёрыг хэрэлдээд зууралдаж байхад Б.О болиоч гээд бид хоёрын дундуур ороод салгасан. Тэгтэл Р.М Х.Ө дээр хүрээд ирсэн ба Х.Ө Р.М-г 1 гараараа гарнаас нь барьж байгаад угзараад татаад унагасан. Д.Х би яагаач үгүй шүү гэж цаана зогсож байгаад Н.А дээр гүйж ирээд наадах чинь худлаа ухаан алдаж байна гээд Н.А-н нүүрэн дээр дэвссэн. Тэгэхэд Н.А-н толгой хэсэгт Р.Н байж байхад Д.Х Н.А-н нүүрэн дээр нь дэвссэн. Р.Н сайн харсан. Тэгээд Н.А-н хамраас цус гарсан. Х.Ө-г би зуураад Р.М салгах гээд байж байсан. Д.Х би яагаач үгүй гээд байхаар нь Х.Ө-г манай нөхрийг зодсон гэж ойлгоод цагдаа иртэл явуулахгүй гээд зуурч байсан юм. Х.Ө танай нөхөр эхэлсэн, танай нөхрөөс болсон, танай нөхөр хэзээ ийм байсан юм, том болчихож гээд байсан. Би яахлаараа манай нөхрөөс болдгийн гээд хэрэлдсэн. Энэ үед 4 хамгаалалтын ажилтан гэнэт гарч ирээд Х.Ө, Р.М бид гуравыг салгасан. Д.Х-г Б.О хувцаснаас нь зуураад баарны зогсоол тал руу зогсож байсан. Араас нь баарны үйлчлэгч эгч гарч ирээд Р.Н-тай Н.А-н нүүрийг угааж өгч байсан. Тэр үед Н.А өндийгөөд суучихсан ухаан орсон байсан. Н.А-н ах Н.Г ирээд Н.А-г машиндаа суулгаад аваад явсан. Би хамт явсан. Энэ үйл явдал болж байгаад хэмгаалалтын ажилтнууд биднийг зууралдахыг болиулаад хажууд зогсож байсан. Тухайн үед Н.А, Р.Н, Р.М бид 4 согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Р.М 1 пиво уусан, Р.Н жирэмсний хордлоготой гээд архинаас бараг уугаагүй. Н.А дунд зэргийн согтолттой байсан ба ухаанаа алдаагүй байсан. Миний хувьд бас дунд зэргийн согтолттой байсан. Х.Ө бас дунд зэргийн согтолттой байсан, согтуу нь согтуу байсан. Д.Х-г бол мэдээгүй. Б.О архи уугаагүй, дөнгөж ирсэн хүн, машин барьж явсан. Би Н.А-г Х.Ө, Д.Х 2 нийлээд зодсон байх гэж бодож байгаа, яг зодсныг нь хараагүй л дээ. Х.Ө-н биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101/,
- Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 сарын 02-ны шөнө 01 цагийн үед намайг гэртээ 3 хүүхэдтэйгээ унтаж байтал Р.Н миний гар утас руу залгаад “Булган плаза”-ын гадаа ирээд бид хэдийг ирээд авчих, бид хэд 4-5-уулаа байна гэсэн. Хүүхэдтэйгээ унтаж байна, хүүхэд харах хүнгүй байна гэхэд ирээд авчих л даа, гэр гэрт хүрээд өгчих гээд байхаар нь өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн машинаа унаад “Булган плаза”-ын хашааны гадна зогсоол дээр зогсоод машиндаа 10 минут хүлээсэн. “Булган плаза”-ын байшингийн урд талд /ертөнцийн зүгээр/ нь хүмүүс хашгираад бужигнасан ба Р.О-н дуу гарахаар нь хүрээд очсон. Р.О халзандуу толгойтой өндөр залуутай зууралдаад байж байхаар нь салгахаар дундуур нь орсон. Халзандуу толгойтой өндөр залууг Х.Ө гэдэг гэсэн. Р.О, Х.Ө хоёрыг салгах гэхэд Х.Ө нь чи муу гичий минь чамд ямар хамаатай юм бэ, цаашаа зайл гээд баруун гараараа 1 удаа миний зүүн чих шанаа хэсэг рүү алгадсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ, хүн алгадаад, нүүр царайг чинь харна гээд гэрэл рүү буюу чингэлэгийн тийш Р.Н бид 2 чирч гаргаж ирсэн. Уур хүрээд би Х.Ө-н толгой хүзүү хэсэг рүү 2 удаа цохисон. Энэ үед Р.Н Х.Ө-г 2-3 удаа цохиж байгаа харагдсан, хаана нь цохисныг мэдэхгүй байна. Тэгтэл хамгаалаптын ажилтан ирээд бид гуравын голоор орсон. Р.О гүйж ирээд хамгаалалтын ажилтны хажуугаар Х.Ө-н бөгсөнд нь 1 удаа өшиглөж байсан. Бужигнаж байх үед би Р.О-с юу болоод байгаа талаар асуухад Н.А-г энэ 2 залуу нийлээд зодсон гэхээс өөр юм хэлээгүй. Өөрөө ч алгадуулсан болохоор уурандаа Х.Ө гээд байгаа тэр өндөр залууг хамгаалалтын ажилтны цаана Р.О-той зууралдсан байхад нь хамгаалалтын ажилтны дээгүүр нь Х.Ө-н хүзүү хэсэг рүү нь 2 удаа баруун гараараа цохисон. Тэгээд нэгийг нь сапгахаар нөгөөдүүлтэйгээ зууралдаад салж өгөхгүй байсан. Миний хувьд Х.Ө гэх тэр өндөр залууг хэд хэдэн удаа толгой, хүзүү, нуруу хэсэгт нь цохисоноо хүлээж байна. Намайг алгадчихаар нь л тэгсэн. Тухайн үед Х.Ө нь архи үнэртүүлсэн байсан. Айхтар согтуу харагдаагүй. Бүгдээс нь архи үнэртэж байсан. Бага зэрэг халцгаасан л байх шиг байсан. Д.Х-тай бол огт харьцаагүй, цаана л зогсоод байсан. Д.Х нь намайг очсноос хойш зодоонд оролцоогүй цаана харанхуйд хана налаад зогсоод байсан. Х.Ө-н биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105/,
- Хохирогч Х.Ө мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...2018 оны 04 сарын 01-ний орой 22 цагийн үед “Булган плаза” бааранд Эрдэнэт хотоос ирсэн хамаатныхаа ах А-тай хамт орсон. Тэнд Н.А-той таарсан ба хэзээ хэнтэй орж очсныг мэдэхгүй байна. Тэгсэн Н.А баараны ди житэй мууталцах гээд байгаа бололтой байхаар нь би Н.А дээр очиж гараад ир тамхилъя гээд аваад гарсан. Хүнтэй мууталцуулахгүй л гэж салгаж авч гарсан нь тэр. Тэгээд Н.А-той гадаа гараад баарны булан эргээд тамхи татах гэтэл Н.А эргэж хараад миний шанаа руу 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь барилцаад авсан ба намайг боохоор нь би зөрүүлээд боосон. Энэ үед Д.Х хажуунаас ирээд бид хоёрыг салгах гэж ирсэн. Н.А бид хоёр давхарладаад газар унасан. Д.Х Н.А-г салгах гэхэд Н.А Д.Х-г 2 удаа шанаа руу нь цохисон. Тэгтэл хүмүүс ирээд салгасан. Н.А босчихсон хана налж байгаад доошоо суугаад тэгснээ нэг харахад хэвтчихсэн байсан. Удаагүй хамгаалагч нар цагдаа ирэхэд Д.Х бид хоёрыг хүлээлгэж өгсөн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,
- Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...2018 оны 04 сарын 01-ний орой “Н” караокед 21 цагийн орчим эхнэр Р.О, ах Б.Б, эгч Р.Н, найз Б нарын хамт орж 0,75 граммын Улаанбаатар архи 1 шилийг авч бүгдээрээ хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед “Булган плаза” бааранд бүгдээрээ орж таньдаг хүмүүстэйгээ таарч 0,5 граммын сэнгүр пиво хоёр хоёрыг авсан. Пивоо нэг их ууж шалиагүй байж байгаад 00 цаг өнгөрөөд байж байтал Х.Ө гараад ир, хүн уулъя гэхээр нь гарсан чинь Д.Х гадаа зогсож байсан. Х.Ө бас жаахан архи уусан байсан ба бид гурав ойр зуурын юм ярьж байгаад согтуу байсан болохоор маргалдсан. Ялихгүй юмнаас болсон. Тэгээд Х.Ө бид хоёр барилцаж аваад бие биеэ боосон ба хажуунаас Д.Х бид хоёрыг салгах гэж ирээд намайг хоёр удаа зүүн шанаа руу цохисон би унахдаа Х.Ө-г зуураад унасан. Би Х.Ө-т боолгуулаад ухаан алдаад уначихсан байсан. Ухаан алдсны дараа миний толгой дээр Д.Х дэвссэн гэж эхнэр Р.О, Р.О-н эгч Р.М, Р.Н нар хэлсэн. Тэгээд хүмүүс ирээд салгасан. Удаагүй цагдаа нар ирж Д.Х, Х.Ө нарыг авч явсан. Би эмнэлэгт үзүүлэх гээд явсан... Эмчилгээний зардал гэж надаас 1 сая гаран төгрөг гарсан. Урагшаа гарч орлого олдог байсан. Үүнээс болоод 14 хоног гараагүй учраас нийт 2,000,000 төгрөг нэхэмжилнэ. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 сарын 01-ний өдөр би “С” хамгаалалтын албанд ажлынхаа хажуугаар оройн цагаар хамгаалагч хийх болж ажилд орсон юм. 2018 оны 04 сарын 02-ны шөнө 01 цаг 10 минутын орчим хамгаалагч Б-н хамт хоёулаа баарны гадаа байж байхад быаарны зүүн талын урд буланд хүмүүс маргалдаад байхаар нь хоёулаа очиход Н.А гэдэг залуу зүүн буланд дээшээ хараад ухаан алдчихсан хэвтэж байсан. Д.Х, Х.Ө гэдэг хоёр залуу халамцуухан Н.А-н хэвтэж байсан газраас зүүн урагшаа байшингийн урд талд 2-3 метрийн зайд хоёулаа зогсож байсан ба танихгүй халамцуухан хүүхэн тэр хоёрыг яагаад хүн зоддог юм бэ гээд маргалдаад зогсож байсан. Удалгүй Н.А-н төрсөн ах Г машинтай ирээд Н.А-г машиндаа суулгаад аваад явнсы дараа цагдаа ирээд тэнд байсан Х.Ө, Д.Х хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0120 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:
1. Х.Ө-н биед тархи доргилт, нурууны зулгаралт, шанаа, толгой, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэлд тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 60/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/0118 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Н.А-н биед тархи доргилт, духны зулгаралт, зүүн 6 дугаар шүдний цөгцний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 72/,
- Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 106-126/,
- Хохирогч Н.А-н хохиролын баримтууд /хх-ийн 129-130/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза баарны гадаа Н.А, Х.Ө нар бие биенээ заамдаад маргалдаж байхад Д.Х салгах гэж байгаад Н.А-г цохисон ба Х.Ө-г Н.А-г зодсон гэж Х.Ө-тэй Р.Н, Р.О, Б.О нар маргалдаж улмаар цохисон үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Д.Х-г 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза төвийн гадаа иргэн Н.А-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Р.Н, Р.О, Б.О нарыг бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган плаза төвийн гадаа иргэн Х.Ө-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Д.Х нь Н.А-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Р.Н, Р.О, Б.О нар нь бүлэглэн Х.Ө-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нар болон хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Д.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Р.Н, Р.О, Б.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Х, Р.Н, Р.О, Б.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, Р.Н, Р.О, Б.О нарын хувьд “хохирогч Х.Ө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан гэж үзсэн ба хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Х, Р.Н, Р.О, Б.О нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, Р.Н, Р.О, Б.О-г бусдад төлөх төлбөргүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.А “...эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 2,000,000 төгрөг” гэж нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 04 сарын 02-ны өдөр Улаанбаатар хот явсан, Улаанбаатараас Замын-Үүдэд ирсэн бензиний зардал 301,510 /50,000+50,000+30,000+92,300+79,210/ төгрөг, авто зам ашигласны төлбөр 4,000 төгрөг, эм тарианы зардал 57,155 /6,700+5,600+15,100+27,500 +2,255/ төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт IMR үзүүлсэн төлбөр 350,000 төгрөг нийт 712,665 /301,510+4,000+57,155+350,000/ төгрөгийг шүүгдэгч Д.Х-с гаргуулан хохирогч Н.А-д олгож, нотлох баримтын шаардлага хангахгүй 2018 оны 04 сарын 24, 25, 26-ны өдрүүдийн бензиний баримтууд байх ба энэ нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй, мөн хоол хүнсний баримт байх ба хүн өдөр тутам хоол хүнс хэрэглэдэг учир гаргагдах боломжгүй, харин эмчийн жорын дагуу хэрэглэгдэхээр хүнсний зүйл бол хохиролд тооцох боломжтой юм гэтэл баримтгүй, мөн ажилгүй байсан хугацааны хөлс гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, баримтгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,287,335 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б овогт Р.Н, Б овогт Р.О, Б овогт Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д.Х-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Р.Н, Б овогт Р.О, Б овогт Б.О нарыг тус бүр дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Х-т оногдуулсан 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Р.Н, Р.О, Б.О нарт тус бүр оногдуулсан 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Х, Р.Н, Р.О, Б.О нар нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Х, Р.Н, Р.О, Б.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Р.Н, Р.О, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Хосбаяраас 712,665 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Н.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,287,335 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х, Р.Н, Р.О, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н