Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2026/ДШМ/487

 

2026             04             22                                                                      2026/ДШМ/487        

 

 

Б.Т-, Э.П- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Алтантуяа,  шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Амарзаяа,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр,

шүүгдэгч Э.П-ын өмгөөлөгч У.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/450 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2505002491592  дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х- овогт Б-ийн Т-,  /РД:УБ-/, Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, дүү нарын хамт  ...... тоотод оршин суух, урьд

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/797 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/433 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

2. Ц- овогт Э-ийн П-,  /РД:ЙЭ-/, Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эцэг, эх, 3 дүү, 2 хүүхдийн  хамт  ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Э.П-, Б.Т- нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Т.Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.П-, Б.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Х- овогт Б-ийн Т-, Ц- овогт Э-ийн П- нарыг “бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.П-ыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.П-ыг Улаанбаатар хотын  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хориглож түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т-, Э.П- нарт сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т-, Э.П- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Э.П- нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-өөс 7.750.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Г-т олгож шийдвэрлэжээ.

Хохирогч  Т.Г- давж заалдах гомдолдоо “...Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн 2505002491592 дугаартай Б.Т-, Э.П- нарт холбогдох хэргийн хохирогч Т.Г- би Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/450 дугаартай шийтгэх тогтоолыг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр эрүүгийн хариуцлагын зарчимд нийцээгүй үндэслэлээр эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/450 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Э.П-ыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 6 сарын хугацаагаар тус тус хориглож...гэж тусгагдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна“ гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй.

2. Мөн шүүх шүүгдэгч Э.П-, Б.Т- нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон... эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэлд тооцохоор хуульчилсан байхад шүүх хэрэглэх ёстой заалтыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж өөрийнхөө дүгнэлтийг үгүйсгэсэн.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас яллаж байхад шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсөн талаарх хууль зүйн үндэслэлээ шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ дурдаагүй.

Хэрэв шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцоог тодорхойлох шаардлагатай бол Т.Г-ийг гэмт хэргийн хохирогч болгох захиалгыг өгсөн гүйцэтгэгч Б.Т-, уг хэрэгт хамжигчаар Э.П- оролцсон байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 “...гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид  оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна ...” гэж хуульчилсан.

Шүүх гэмт хэргийн оролцоог хууль зүйн хувьд зөв дүгнэж ял оногдуулсан бол дээрх хуулийн заалтаас харахад Б.Т-т оногдуулсан ялтай адил хэмжээний ялыг Э.П-д оногдуулахаар байхад энэ хуулийг зөв хэрэглээгүй,  Б.Т-ийн хувийн байдал өмнө хоёр удаа ял шийтгүүлсэн, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөөгүй байхад шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэхээр байна.

3. Шүүх хохирогч Т.Г-т учирсан хохирлыг эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээг хэрэглэн хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хангаж шийдвэрлэхээр байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр хохирогчийг хохирсон байгаа дээр нь дахин хохироож шүүх энэ цаг үеэс ухарсан шийдвэрийг гаргаж байгаад хохирогч миний бие үнэхээр харамсаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/450 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”..Хохирогчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй, хохирогчийн гомдолд дурдсан дээрх зөрчлийг гаргаагүй, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

шүүгдэгч Э.П-ын өмгөөлөгч У.Хүрэлсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч Э.П-ын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон байдал зэргийг харгалзан үзэж түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Шүүгдэгч Э.П- нь бага насны 2 хүүхэдтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, тухайн мөнгийг авч хэрэглээгүй. Хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэв.

прокурор Я.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.П-ын хувийн байдлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй тусгасан.  Тиймээс хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Б.Т-, Э.П- нарт холбогдох эрүүгийн 2505002491592 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Т-, Э.П- нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Шүүгдэгч Б.Т-, Э.П- нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Т.Г-ийг Баянгол дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Япон улсад хүүхэд асрагчаар явах болсон тул дансны баталгаа болох 8.000.000 төгрөгийг 2 цагийн хугацаатай байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгө болох 8.000.000 төгрөгийг Хаан банкны 5Э-1 дугаартай дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаар гаргасан гомдол, хүлээн авсан тэмдэглэл /хх 10, 11/,

хохирогч Т.Г-ийн “...2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байхад над руу 9Э- гэх дугаараас залгаад хүнээс дугаарыг чинь авсан юм би японд хүүхэд асрагчаар явах болон дансны баталгаа болох 8.000.000 төгрөгийг дансанд байршуулах хэрэгтэй байна. 2 цагийн хугацаатай гэхээр нь 250.000 төгрөгөөр байршуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод манай гэрийн гадаа буюу Баянгол дүүргийн 33 дугаар хорооны 63 дугаар байрны гадаа 19 цагийн үед байрны гадаа уулзаад миний машинд суусан. Тэгээд харахад 25 орчим насны охин хүүхдээ дагуулаад ирсэн байсан. Тэгээд бид хоёр тохирсны дагуу Э.П-ын Хаан банкны 5Э-1 тоот дансанд 8.000.000 төгрөгийг 19 цаг 12 минутанд шилжүүлсэн. 3 цагийн дараа ярьсанаараа мөнгөө буцааж авах гэтэл миний 8.000.000 төгрөгийг надаас шилжүүлж авснаас 5 минутын дараа Б.Т- гэх хүний Хаан банкны 5Э-41 тоот данс руу машины мөнгө гэсэн утгатай шилжүүлсэн байсан” /хх 15-16/,

гэрчээр Б.Т-ийн “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр телеграм дээр нэг мэдэгдэл ирэхээр нь би сонирхож үзээд бүртгэл хийлгэж урамшуулал аваарай гэсэн байхаар нь би тус телеграмд бүртгүүлсэн Тусгай даалгавар гэсэн хэсгийг сонирхож үзээд 70.000 төгрөгийг Хаан банкны 5Э-0 тоот данс руу шилжүүлж тусгай даалгавар биелүүлэхээр болж даалгаваруудыг биелүүлж би эргүүлэн нийт 132.000 төгрөгийг өөрийн 5Э-41 тоот дансанд авсан. Би маш олон даалгавар биелүүлж мөнгөө эргүүлж авсан. ...100.000 төгрөгийг таталт хийх ёстой байсныг 2.000.000 төгрөг болож андуурч хийсэн. Би өөрөө буруу бичиж дансаа царцаасан. Тэгээд би зааварчилгаа өгч байсан н.Э- гэсэн телеграм чаттай хүнтэй холбогдсон чинь өөр Э- гэсэн хаягтай хүнтэй холбогдсон өөр нэг арга байна чи VIP дансандаа байгаа мөнгөтэйгээ адил дүнтэй мөнгө хийгээд дансны царцсан байдлаа гаргах боломжтой байна гэхээр нь би Э.П- руу фэйсбүүк чатаар хандаж мөнгөө татах гэсэн алдаа гаргачихлаа гэж байна гэсэн чинь тэгээд бид 2 цаг гарангийн дараа П-ын гэр болох гэмтлийн тэнд гэрт очсон. Тэгээд бид хоёр ярилцаж мөнгө хэнээс зээлэх талаар ярилцаж байгаад бид хоёр фэйсбүүкээр мөнгө зээлэх хүн хайж Д.Г-тэй viber-аар харилцаж П- утсаар ярьсан. Тэгээд тэр ах 18 цаг өнгөрөөгөөд 25 дугаар эмийн сан дээр хүрээд ир гэхээр нь бид хоёр цуг гарч би 10 дугаар хороолол дээр бууж үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны оройны 19 цагийн үед П-ын Хаан банкны 5Э-1 тоот данснаас миний данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Би тухайн телеграмд царцсан байсан 7.890.000 төгрөгийн царцсаныг гаргахаар Э- гэсэн нэртэй хүнтэй харилцаж надад Хаан банкны 5Э-5 тоот дансыг өгөөд би 2 хувааж эхний дансанд 4.900.000 төгрөг, хоёр дахь данс болох Мобифинанс гэх нэртэй данс эзэмшигч нь Б-ын Бат-Э-э гэсэн нэртэй 9Б-29 тоот данс руу 2.954.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө татах гэсэн чинь бас нэгэн асуудал гарч ирээд болохоо байсан” /хх 19-20/,

яллагдагчаар Б.Т-ийн “...2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр гэрчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа” /хх 72-73/,

гэрчээр Э.П-ын “...Г- гэх хүнийг сайн танихгүй. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр фэйсбүүк цахимаар холбогдож байсан юм. Шалтгаан нь гэвэл Т- надтай хамт амьдардаг байж байгаад гэрээсээ явчихсан байсан бөгөөд гэртээ ирэн очин байдаг байсан юм. Тэгээд нэг өдөр гэрт ирж уулзаад чи надад туслаач нэг ийм телеграмаас мөнгө ахиулж авдаг арга байна гэж надад хэлсэн. Тэгээд чи надад хүүтэй 8 сая төгрөг 2 цагийн хугацаатай олоод өгөөч гэж хэлэхээр нь би фэйсбүүк дээр байршуулсан зарыг харсан бөгөөд Г- гэх хүнтэй холбогдсон юм. Би Г- гэх хүнтэй Модны 2 дунд замын тэнд уулзсан бөгөөд өөрийнхөө хүүтэй хамт очсон. Манай хүү 2 настай юм. Тухайн үед Г- гэх хүний гэрийн гадаа уулзсан бөгөөд би өөрийгөө уламжлалтын бариа засалч гэдгээ хэлсэн. Гэтэл Г- гэдэг хүн ах нь барианых нь мөнгийг өгөөд 2 цаг хүлээх зуураа бариа хийлгэчихье гэхээр нь би зөвшөөрч манай гэр лүү явсан. Гэртээ очиж бариа хийж дуусаад 2 цаг нь өнгөрсөн бөгөөд миний Т-тэй бичсэн чатыг хараад шууд цагдаагийн байгууллага дээр ирсэн” /хх 22/,

яллагдагчаар Э.П-ын “...Би өмнө тус хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Тухайн мөнгийг Г- гэх хүнээс 2 цагийн хугацаатай зээлсэн бөгөөд Т- надад 2 цагийн дараа өгнө гэж хэлсэн тул би Г- гэх хүнээс 2 цагийн хугацаатай зээлсэн. Мөн Г- гэх хүнээс би өөрийнхөө данс руу мөнгийг шилжүүлж автал Т- миний интернет банк руу орж өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан байсан. Би тухайн мөнгийг юунд зарцуулсан болоод яаж хэрэглэсэн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүд /хх 82-83/

Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 25/,

шүүгдэгч Б.Т-ийн Хаан банк дахь 5Э-41 тоот дансны хуулга /хх 51/,

шүүгдэгч Э.П-ын Хаан банк дахь 5Э-1 тоот дансны хуулга /хх 52-54/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх 55-61/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ. 

Шүүх хэрэгт авагдсан дээр дурдагдсан нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна. 

Түүнчлэн шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Т-, Э.П- нар нь гэм буруутай эсэх, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар бүрдэл төгссөн тооцогдох бөгөөд үйлдлийн аргуудыг гэмт этгээд нэгийг эсхүл хослуулан сонгон авсан байж болдог.

Шүүгдэгч Б.Т-, Э.П- нарын хувьд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан хохирогч Т.Г-тэй холбогдож улмаар 8.000.000 төгрөгийг 2 цагийн хугацаатайгаар дансанд байршуулж, 250.000 төгрөгийг төлөхөөр тохиролцохдоо Япон улсад хүүхэд асрагчаар явахаар болж байгаа дансны баталгаа байршуулна гэж огт болоогүй үйл явдлыг болсон мэтээр хохирогчид итгүүлэн үнэмшүүлж хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө болох 8.000.000 төгрөгийг өөртөө бүрмөсөн шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.  

Шүүгдэгч нар нь урьдаас гэмт хэрэг үйлдэх талаар болоод гэмт үйлдлийн аргыг сонгон авч, Э.П- нь хохирогчтой холбогдон уулзаж, Б.Т- нь мөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулж бусдад хохирол учруулсан байх тул тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн гүйцэтгэсэн гэж журамлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс бүлэглэн гүйцэтгэсэн гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г-т 8.000.000 төгрөгийн хохирол учирсан, 8.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Т- нь өөрийн Хаан банкны 5Э-41 тоот дансаар Э.П-аас шилжүүлэн авч захиран зарцуулсан, шүүгдэгч Э.П- нь гэмт хэрэг үйлдэгдэх өдөр тухайн цаг мөчид 250.000 төгрөгийг хохирогч Т.Г-т шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-өөс 7.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хохирогч Т.Г-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” бол гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг байхгүй гэж дүгнэсэн, ...захиалгыг гүйцэтгэгч Б.Т-, хамжигчаар Э.П- нар оролцсон ...шүүх гэмт хэргийн оролцоог зөв дүгнэж ял оногдуулаагүй ...шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, ...хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээг хэрэглэн хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хангаж шийдвэрлээгүй ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх учиртай.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-, Э.П- нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэн шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.П-ыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.П-ыг Улаанбаатар хотын  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хориглож түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т-, Э.П- нарт сануулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.  

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-, Э.П- нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх дүгнэлт нь үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулна. Бүлэглэж гэх шинж нь тухайн гэмт хэргийн үндсэн болоод хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх зэрэг шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжид хамааруулахаар хуульчилсан бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байхаар хуульчилсан байдаг. Шүүгдэгч Б.Т-, Э.П- нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдэх шинжийг хуульчлаагүй тул энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Иймээс хохирогчийн гомдолд дурьдагдсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй талаарх гомдлийн хэсэг үндэслэлтэй байна.

Хэдийгээр анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн учраас магадлалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх дээрх нөхцөл байдал тогтоогдож байгааг дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иймд хохирогч Т.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/450 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/450 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                               Т.АЛТАНТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                               Л.ГАЛБАДАР