| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2021/00717/И |
| Дугаар | 210/МА2022/01375 |
| Огноо | 2022-07-25 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/01375
| 2022 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2022/01375 |
Х.Сгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00975 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Сгийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Алтангэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Х.С нь өөрийн эзэмшлийн .... дугаартай Хан-Уул дүүрэгт орших 4383 мкв хэмжээтэй амины орон сууц барих зориулалттай газар, 0348468 дугаартай Сонгинохайрхан дүүрэгт орших 700 мкв газруудыг барьцаалан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б.Бтэй 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгө зээлж аваагүй. Ц.Т мөнгөний хэрэг болоод байна, Б.Бээс мөнгө зээлье гэж хэлсэн. Гэрээнд Х.Сгаар гарын үсэг зуруулсан. Ц.Т, Б.Б нар мөнгө өгч, авалцсан. Х.С нь Б.Бээс мөнгө аваагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус болно. Иймд 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү. Өмнөх 3,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг Ц.Тд өмгөөллийн хөлсөнд өгсөн. Уг зээлүүдийг төлсөн. 2,000,000 төгрөгийн зээлийг, хүүгийн хамт тооцоод 7,727,000 төгрөг болсон гэж гарын үсэг зуруулсан. 30,000,000 төгрөгийн зээлийг “Э” ХХК-ийн хөрөнгөд оруулсан гэдэг нь худал. Ц.Тийг өмгөөлөгч болохоор итгэдэг байсан. Б.Бээс авсан гэх мөнгөнүүдийг Ц.Т авсан гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Т болон Х.С нар удаа дараа бага багаар мөнгө зээлдэг байсан. 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ц.Т, Х.С нарт 30,000,000 төгрөг зээлдүүлсэн ба хоёр хувааж 15,000,000 төгрөгөөр өгсөн. Эхний 15,000,000 төгрөгөөс өмнөх зээлүүдийн үлдэгдэл 7.727.000 төгрөгийг суутгаад үлдэх мөнгийг Ц.Тд өгсөн. Сүүлийн 15,000,000 төгрөгийг Х.Сгийн эзэмшдэг “Э” ХХК-д зарцуулсан гэдгийг Ц.Т зөвшөөрсөн. Хамтран зээлдэгч болох Ц.Т мөнгө авсанд маргаагүй, зээлээс 15,000,000 төгрөгийг Б.Бийн ааваар дамжуулан бага багаар төлсөн. Харин Х.С зээлээс төлөөгүй. Зээлийг төлж дуусгаагүй тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодруулаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Б 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Х.С, Ц.Т нарт 30.000.000 төгрөг 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох тухай зээлийн гэрээг байгуулсан. 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 30.000.000 төгрөгийг Х.С, Ц.Т нарын эзэмшилд хоёр хувааж 15.000.000 төгрөгөөр шилжүүлсэн. Үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 18627296807265 дугаартай, Г-.... эрхийн дугаартай 4384 м.кв газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18627310746847 дугаартай, Г-0348468 дугаартай 700 м.кв газрыг тус тус барьцаалсан. Б.Б 2015 оны 09 дүгээр сараас эхлэн гадаад улсад суралцаж байсан бөгөөд зээлдэгч Ц.Тээс 2015-2019 он хүртэл нийт 15.000.000 төгрөгийг аав н.Бд нь шилжүүлж, үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй. Ц.Ттэй 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн. Хамгийн сүүлд 2021 онд 100.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хэтрээгүй гэж үзэж байна. 100,000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцоход татгалзахгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг Х.Сгаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга. Б.Бээс зээл аваагүй, мөнгө шилжүүлсэн баримтгүй. Мөнгө шаардаж байгаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. 2018 оны хэлцэлд Х.С оролцоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан баримтгүй. Зээлийн гэрээ байгуулагдаагүй тул мөнгө төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Х.С нь 7.727.000 төгрөгийн баримтад зурсан, өмнөх гэрээний дагуу мөнгө аваагүй Ц.Т өмгөөллийн хөлс гэж авсан. Өмнөх мөнгийг Б.Бд төлсөн. Ц.Тийн үгэнд итгэсэн гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Б.Бээс 30,000,000 төгрөг зээлж авсан. Өмнөх мөнгөө суутгаад үлдсэнийг авч, Х.Сгийн “Э” ХХК-д оруулсан. Компанид 40 тонн цемент, тоосго буулгасан. 6 байшингийн суурь хийж, нэг байшингийн тал барьж, 10 ажилтан цалинжуулсан. Компанийн 30 хувийн эзэмшигч 30,000,000 төгрөг оруулсан гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. 15,000,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний асуудал шийдвэрлэгдсний дараа барьцааны гэрээг шийдвэрлэх ёстой гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр захирамж байхад хэргийг дахин шийдвэрлэх гэж байна. Х.С болон түүний хүүг өмгөөлсөн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, хамгийн сүүлд 100,000 төгрөг төлсөн гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан Б.Бд холбогдуулан гаргасан 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х.Сгийн үндсэн нэхэмжлэлийг, Х.Сгаас зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай Б.Бийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2021/02809 дүгээр шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/01435 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.
7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1235 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд Ц.Т нь “Э” ХХК-д 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан нь үнэн ” гэсэн агуулга бүхий үйл баримтыг тогтоосон байхад шүүх энэ баримтыг үнэлээгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4250 дугаар шүүгчийн захирамжаар шалгагдаж байгаа хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Б.Барцэнгэлтэй байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ гэх маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэснийг анхаарч үзээгүй. Мөн “Э” ХХК-ийн 30 хувийг эзэмшигч Ц.Т байгааг шүүх анхаарч үзээгүй.
7.2. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд, Иргэний хуулийн 74.1, 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацааны талаархи тайлбар үндэслэлтэй гэж үзэн хуулийн уг заалтыг иш татан дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Ц.Т нь Б.Бд 2011 оны 10 сараас 2021 оны 10 сар хүртэл 15,000,000 төгрөг төлсөөр байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Х.С нь 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б.Бээс гуравдагч этгээд Ц.Ттэй хамт зээлийн гэрээг үйлдэн мөнгийг авч хэрэглэсэн этгээдэд тооцогдоно. Х.Т өнөөдрийг хүртэл мөнгийг төлсөн нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдалд тооцогдох бөгөөд энэ нь Х.Сд мөн адил хамаарна. 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хамтран зээлдэгч нь Х.С бөгөөд гэрээний үр дүнд олгогдсон 30,000,000 төгрөгийг ““Э” ХХК-даа хөрөнгө оруулалт хийлгэсэн тул түүнийг тусд нь авч үзэх боломжгүй. Иргэний хуулийн 82.1 дэх хэсэгт зааснаар Х.Сг 15,000,000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлсөн нь үүрэг гүйцэтгэгчийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэх аргаар төлбөрөөс чөлөөлсөн байна. Шүүх “нэхэмжлэгч Х.Сд хариуцагч Б.Б мөнгө олгоогүй нь тогтоогдож байна” гэх агуулгаар шийдвэрийн үндэслэх хэсгийг дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй байх бөгөөд гуравдагч этгээд Ц.Тд ашиггүй байдлыг үүсгэсэн. Мөн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул гэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн мэт байдал гаргасан атлаа хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн болохыг харуулж байна.
7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд, гуравдагч этгээдийн зүгээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасаар байхад хангаагүй нь мөн хуулийн 34.1 дэх хэсгийг зөрчсөн. Гуравдагч этгээд шүүгчээс татгалзахад шүүгч “...хүсэлт гаргах шатанд гаргаагүй..” гэдэг үндэслэлээр өөрөө хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.4 , 92.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Ц.Т нь шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчээс татгалзах үндэслэл тогтоогдвол энэ тухайгаа мэдэгдэж ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргахдаа гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Шүүх хуралдааныг хүчээр явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлж байна. Гуравдагч этгээд мөнгө авсан асуудлыг мэдэхгүй бөгөөд өөрөө хүсэлт гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэрэгт 30,000,000 төгрөгийг авч 15,000,000 төгрөгийг буцааж өгсөн талаар баримт авагдсан. Энэ талаар шүүхийн шийдвэрт дурдсан. Гуравдагч этгээдийн гаргасан гомдол үндэслэлгүй. “Э” ХХК уг асуудалтай холбоогүй бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоо тайлбарлахдаа хэрэгт авагдаагүй бөгөөд хамааралгүй зүйлийг дурдаж байна. “Э” ХХК-аар дамжуулан 30,000,000 төгрөг өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд гуравдагч этгээдийн гаргасан гомдол үндэслэлгүй гэв.
9. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Х.Сгийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийг хариуцагч Б.Б эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг сөрөг нэхэмжлээр шаардсан байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Ц.Т оролцжээ.
4. 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Х.С, Б.Б, Ц.Т нарын хооронд 30,000,000 төгрөг 3 сарын хугацаатай сар тутамд 10 хувийн хүүтэй зээлдэн авах тухай зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 18627296807265 дугаартай, Г-.... эрхийн дугаартай 4384 м.кв газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18627310746847 дугаартай, Г-0348468 дугаартай 700 м.кв газрыг тус тус барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна. /хх 29-30/
5. Нэхэмжлэгч уг гэрээний дагуу мөнгө аваагүй, гуравдагч этгээд Ц.Т авсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч нь Ц.Т, Х.С нарт 30,000,000 төгрөг зээлдүүлсэн, 15.000.000 төгрөгөөр хоёр хувааж өгсөн, эхний 15,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн өмнө авсан зээлүүдийн үлдэгдэл 7,727,000 төгрөгийг суутгаж, үлдэгдлийг Ц.Тд өгсөн, Ц.Т өөрийн авсан 15,000,000 төгрөгийг төлсөн тул Х.С 15,000,000 төгрөг төлөх ёстой гэж маргасан байна.
6. Гуравдагч этгээд Ц.Т нь Б.Б 30,000,000 төгрөгийн зээлээс Х.Сгийн өмнө зээлсэн мөнгөө суутгаад үлдсэнийг авч, Х.Сгийн “Э” ХХК-д хөрөнгө оруулсан, 2021 онд 100.000 төгрөг зээлийн төлбөрт төлсөн, Х.Стай хамтран зээл авсан учир шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэжээ.
Тэрээр уг гэрээний үүрэгтэй холбогдуулан Х.Сгаас 5,450,000 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зүйл нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зээлийн мөнгөн хөрөнгө, эсхүл хуулийн этгээдтэй холбоотой шаардлагын алин болох нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл муутай болжээ.
Хэргийн 2 дугаар хавтасны 76 дугаар талд авагдсан гуравдагч этгээд Ц.Тийн бие даасан шаардлагад “Ц.Т, Х.С бид Б.Бтэй 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, Х.Сгийн Б.Бгээс өмнө нь авсан зээлийг суутгуулж бодитоор 22,270,000 төгрөг авсан, гар дээр авсан мөнгөнөөс Х.С 1,000,000 төгрөгийг хувьдаа, гоо сайхны төлбөр төлөхөөр 450,000 төгрөг, мөн 4,000,000 авсан” гэж тайлбарлажээ. Уг шаардлагыг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан гаргасан гэж үзэхээр байх ба шүүх тусад нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэх агуулгаар хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг заасныг зөрчсөн байна. Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол үндэслэлгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00975 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413,950 /106,000+307,950/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ