| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2311009360374 |
| Дугаар | 2026/ДШМ/453 |
| Огноо | 2026-04-17 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2026/ДШМ/453
2026 04 17 2026/ДШМ/453
Т.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Билгүүн,
шүүгдэгч Т.О-, түүний өмгөөлөгч Р.Булгамаа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.О-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2311009360374 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Т-ын О-, 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Англи” хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:ЧТ- /;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/765 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч Т.О- нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Ард” кино театрын “Хаан” банкны салбар дээр байхдаа иргэн Д.О-гоос “рубль болгон хөрвүүлж, ашиг гарган авч, ашгийг 50, 50 хувиар хуваан авна” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 17.000 ам доллар буюу 53,048,500 төгрөгийн хохирол учруулж залилсан,
Мөн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд иргэн Д.Ч-ийг “зүсээгүй ам долларын дэвсгэрт олж өгнө, Хонгконгоос бэлэн 10.000 ам доллар олж өгнө, мөнгийг чинь өсгөж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс нийт 37,456,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.О- үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.О-ыг “зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.О-т 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/765 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн ялыг хорих ялаар дүйцүүлэн сольж, энэ тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.О-аас 29.656.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ч-ид олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хууль зүйн мэдлэггүйн улмаас 3 хамтрагч байгууллагын хүмүүсийн валютын захиалгыг аваад тодорхой шалтгааны улмаас хугацаандаа буцааж төлөөгүй болно. Чингэлтэй дүүргийн мөрдөгч дээр хэргийг хоёр хувааж прокурорт шилжүүлсэн ба эхний хэрэг дээрээ нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Дараагийн хэрэг болох Д.О-, Д.Ч- нарын хохирогчтой хэргийн тухайд Д.О-гын хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Д.Ч-ийн 37.456.000 төгрөгөөс 29.656.000 үлдэгдэлтэй анхан шатны шүүхээр орсон ба үлдэгдэл төлбөрийг даруй барагдуулахаар хүсэлт гаргасан болно. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Хятад улсад 2023 оны 03 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл эмчлүүлсэн болно. Миний бие гэм буруугаа маш сайн ухаарч ойлгосон ба настай эхийнхээ хамт амьдардаг бөгөөд асаргаа сувилгаа маш их шаардлагатай байгаа болно. Иймээс надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд оролцогчид болон шүүх бүрэлдэхүүнээс хүлцэл өчье. Би Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхэд хуралд оролцохоор замд явж байгаа учраас цахимаар оролцож байна. Техникийн нөхцөл байдлаа хангаж, чихэвчээ зүүж, шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Т.О-ын хувьд надтай холбогдсоноос хойш хохирол төлбөрөө барагдуулах тал дээр хичээл зүтгэл гаргаж, анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө зохих хохирол төлбөрийг барагдуулсан. 4 дүгээр сарын 01-ний өдөр багтаагаад орлого олох эх сурвалждаа үндэслэн, хохирол төлбөрийг барагдуулах боломжтой гэх хүсэлтийг анхан шатны шүүхэд хэлж орсон. Нэг байгууллагад ажиллаж байсан. Цалин урамшуулал, хөдөлмөрийн тэтгэмж, хуримтлалаас барагдуулах боломжтой гэдэг байдлаар хандаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, төлбөрөө хугацаанд нь барагдуулах гэж хичээж, илэрхийлж байсан гэдгийг өмгөөлөгчийн хувьд хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
Хэргийг нэгтгэн шалгах бүрэн боломжтой байсан. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх нөхцөл байдлаар давж заалдах шатны шүүх дүгнэхгүй байхыг өмгөөлөгчийн хүсэж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлынхоо төлөө гэмшиж, хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль зүйн зохицуулалтын хүрээнд хариуцлагыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Л.Ч-ийн зүгээс шүүхэд албан ёсоор хохирлыг бүрэн авсан, гомдол саналгүй гэх бичгийг хийж өгсөн. Би ээжээр нь дамжуулан, шүүгчийн туслахад эх хувиар нь өгсөн. Хохирол төлбөрөө барагдуулж, цаашид нийгэмд идэвхтэй иргэн байж хариуцлагатай байна гэдгээ ухамсарлаж буй нөхцөл байдлыг нь шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулсан иргэнд засрал хүмүүжил олгоход зорилго оршино. Иймд бусдын зөрчигдсөн эрхийг сэргээж, өөрийн гэм буруу хүлээн зөвшөөрч буй нөхцөл байдлыг харгалзан шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрт учирсан нөхцөл байдалдаа гэмшиж, энэ бүх эрсдэлийг дарахын төлөө хичээнгүй хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүх хуралдаанд хорихоос өөр төрлийн ялыг санал болгож байсан. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.” гэв.
Прокурор Х.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О- нь бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэсэн. Учир нь, шүүгдэгч Т.О- нь эхний хохирогч болох н.О-д учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн барагдуулсан. Харин хохирогч Д.Ч-ид мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд нийт 7.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл 29.600.056 төгрөгийг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирлыг нөхөн төлж барагдуулъя гэдэг байдлаар 5 хоногийн завсарлага авсан. Улмаар шүүх хуралдаанд үргэлжлэхэд хохирогчид хохирлын мөнгийг төлж барагдуулаагүй нөхцөл байдал байсан тул түүнд торгох ял тохиромжгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын хамгийн доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэхүү эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж прокурорын зүгээс үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Т.О- нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Ард” кино театрын “Хаан” банкны салбар дээр байхдаа иргэн Д.О-гоос “рубль болгон хөрвүүлж, ашиг гарган авч, ашгийг 50, 50 хувиар хуваан авна” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 17.000 ам доллар буюу 53,048,500 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
хохирогч Д.О-гын “2022 оны 4 дүгээр сард Т.О-тай уулзахад “Хонгконг улсад хямд ханштай рубль байна тэрийг авч монголд нийлүүлж ашиг ольё” гэсэн саналыг надад Т.О- хувийн зүгээсээ санал тавиад би саналыг хүлээн зөвшөөрөөд багын найз н.М- /9М-/ 14 хоногийн 10 хувь хүүтэй гэрээ байгуулахаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны үүдэнд очиж н.М-той уулзаад гэрээ байгуулаад бэлнээр 20.000 доллар буюу монгол төгрөгөөр 64.000.000 төгрөг зээлж аваад 2022 онд 05 дугаар сарын сүүлээр Т.О-тай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын хаан банкны салбар дээр очоод 20.000 долларыг Хонгконг улс руу шилжүүлэх гэтэл валют хязгаарлалт болон өөр хүчин зүйлүүдээс шалтгаалаад шилжүүлж чадаагүй бөгөөд Т.О- “би өөрийн таньдаг хүнээрээ дамжуулаад Хонгконг улс руу мөнгө шилжүүлье” гэж хэлээд надаас бэлнээр 17.000 доллар аваад явсан. Би үлдэгдэл 3000 долларыг өөртөө хадгалж байгаад найз Н.М-од эргүүлэн өгсөн. Т.О- бид хоёр хоорондоо тохиролцоод 17.000 доллар нь монгол төгрөгөөр 54.000.000 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд рубль болгоод монголд зарах байсан бол ашиг нь 26.000.000 төгрөг байх байсан тэрийгээ 50:50 хувааж авна гэж тохироод би найзаасаа мөнгө зээлж өгсөн.” /1хх 27/,
...Тухайн үед би Т.О-тай долларыг хонгконг улсаас рубль болгож солиулаад монголд зарах зорилгоор хамтран ажиллахын тулд н.М- гэх найзаасаа 20.000 доллар авсан ба Т.О- доллароо солиулаад 14.000 доллар нь болно хоёулаа 3.000, 3.000 доллароор ашиг нь авна гэж хэлээд надад 3.000 долларыг нь өгсөн байдаг. Би тухайн үедээ Т.О-т гүйцэт итгэхгүй байсан тул мөнгө зээлж авсан найз н.М-од буцаагаад өөрийнхөө ашиг гэж авсан 3.000 доллароо өгчихсөн юм. Тэгээд Т.О- нь надад би өөрөө таньдаг хүнээрээ дамжуулаад явуулчихна гэж хэлээд 17.000 долларыг нь бэлнээр аваад явсан. Үүнээс хойш н.М- мөнгөө нэхээд байсан тул яг тодорхой хугацааг нь санахгүй байна нэлээн олон сарын дараа тул Т.О- бид хоёр ядаж хүүг нь өгч байя гээд хоёр талаасаа 1.000, 1.000 долларыг нийлүүлээд 2.000 долларыг буцаан өгсөн. Тэгээд Т.О- нь монгол улсад баригдаж ирснээсээ хойш хохирлоосоо 25.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн байдаг. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр долларын ханш монгол төгрөгөөр 3,120.5 төгрөг байсан тул надаас анх авсан 17.000 доллар нь 53.048.500 төгрөг болж байгаа юм. Тэгээд үүнээс 1.000 доллар болон 25.000.000 төгрөгийг буцаан өгсөн гэхээр надад одоо 24.928.000 төгрөгийн үлдэгдэл мөнгө өгөх ёстой байгаа.” /1хх 83/,
гэрч Р.М-ын “Миний багын найз Д.О- надаас мөнгө зээлье валют худалдаж авах гэж байгаа тухай хэлээд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай гэр болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны гадна Т.О-ын хамт ирсэн. Тэгээд тэр хоёр надаас 30.000 доллар бэлнээр аваад явсан. Удалгүй 10.000 долларыг нь Д.О- буцаагаад надад авчирч өгсөн. Сүүлд нь сонсоход Т.О- 20.000 долларыг нь таньдаг хүнээрээ дамжуулаад шимтгэл багатай мөнгийг нь гадаад улс руу шилжүүлээд өгье гээд авсан юм байна лээ. Үүний дараа Д.О- надаас 3.000 долларыг нь буцааж өгөөд 17.000 долларын үлдэгдэлтэй болсон. Үүнээс Д.О- бага багаар цувуулаад надад мөнгийг минь өгч байгаа. Анхнаасаа би Т.О-т итгэхгүй Д.О-д мөнгө зээлсэн, гэхдээ Т.О- цуг мөнгийг нь авсан болохоор бид 3 гэрээ байгуулсан байдаг ба гэрээг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Т.О- анхнаасаа Д.О-г залилах санаа сэдэлтэй байсан гэж бодож байна. Т.О- нь яг энэ аргаараа өөр олон хүнийг залилсан байсан.” /1хх 29/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 23-24/, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Р.М-, Д.О-, Т.О- нарын байгуулсан зээлийн гэрээ /1хх 30-31/, Монгол банкны 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б-10/609 дугаар албан бичиг /1хх 61-63/ зэрэг баримтуудаар,
-2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн хооронд иргэн Д.Ч-ийг “зүсээгүй ам долларын дэвсгэрт олж өгнө, Хонгконгоос бэлэн 10.000 ам доллар олж өгнө, мөнгийг чинь өсгөж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс нийт 37,456,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Д.Ч-ийн “Т.О-ын ажилладаг “М-” ХХК манай гадаадаас орж ирсэн долларын аюулгүй байдлыг хангаж манай төрийн банкны төв оффис дээр хүлээлгэн өгөх ажлыг хариуцан ажиллаж байсан тэр утгаараа Т.О-тай урьд өмнө уулзаж байсан. Манай төрийн банк их хэмжээний доллар гаргахгүй лимит тогтоосон байсан болохоор 2022 оны 5 дугаар сарын 18-нд би Т.О-тай доллар авах зорилгоор уулзахад “би 2018 онд ажлаасаа гарсан М- LLC компани байгуулсан манай үйл ажиллагаа болохоор гадаад банкнуудтай зуучилж гадаадаас доллар оруулж ирж байгаа тийм болохоор гадаад банкнуудтай зуучилж гадаадаас доллар оруулж ирж байгаа. Тийм болохоор би чамд хамгийн багадаа 10 мянган ам доллар буюу монгол мөнгөөр 30,000,000 сая төгрөг олж өгч чадна” гэж надад хэлж байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 23-нд Т.О- 9М- дугаараас залгаад “надад зүсээгүй ам долларын дэвсгэрт 64 ам доллар буюу 10 ширхэг буюу 640 ширхэг байгаа” гээд тухайн үедээ 1 долларыг 3200 төгрөгөөр бодоод Т.О-ын Худалдаа хөгжлийн банкны 4М-9 данс руу 1.024.000 мянгаар 2 удаагийн гүйлгээ хийж нийт 2.0480.000 төгрөгийг н.У-ийн Төрийн банкны 4У-0 тоот данснаас шилжүүлсэн. Би н.У-иас 09 дүгээр сарын 02-ныг хүртэл түр хугацаанд зээлсэн байсан. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Т.О- над руу дахин залгаад нэмэлтээр 640 ширхэг доллар олж өгч чадах юм байна чи миний 4М-9 данс руу 2.048.000 төгрөгийг дахин шилжүүлчих гэхээр нь би Төрийн банканд хамт ажилладаг С-ээс 2.048.000 төгрөгийг зээлээд Т.О-ын данс руу мөнгө хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 17-нд Т.О- залгаад “би чамд урьд нь өгсөн мөнгөтэй чинь нийлүүлээд 10 мянган ам доллар олж өгч чадна 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр олон улсын нислэгээр мөнгө ирнэ. Тэгэхээр өгье гээд урьдчилгаа мөнгө над руу шилжүүл” гэж хэлэхээр нь би 10 дугаар сарын 25-ны өдөр манай эхнэр н.О-ийн найз н.А-өөс 30.000.000 төгрөгийг 10 дугаар сарын 25-нд эргүүлэн төлнө гэж хэлээд эхнэрийн Хаан банкны 5А-7 тоот дансанд авчаад Т.О-ын 4М-9 данс руу 3.000.000 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд маргаашаас нь хойш Т.О- над руу залгаад “үлдэгдэл мөнгө болох 27.000.000 төгрөгөө хурдан шилжүүл” гээд шахаад байхаар нь 10 дугаар сарын 28-ны өдөр Т.О-ын Худалдаа хөгжлийн банкны 4М-9 данс руу 27.000.000 төгрөгөө өөрийн Төрийн банкны 34А-7 данснаасаа шилжүүлсэн. 11 дүгээр сард Т.О- над руу дахин залгаад “би валют арилжаа хийж байгаа тийм чиний мөнгийг өсгөөд өгнө надад 1250 доллартой тэнцэх хэмжээний мөнгө болох 3.360.000 төгрөгийг өгчих” гэхээр нь би 3 удаагийн гүйлгээгээр буюу 11 дүгээр сарын 08-нд 1.050.000 төгрөг, 11 дүгээр сарын 09-нд 2.310.000 төгрөгийг Т.О-ын данс руу шилжүүлсэн. Тэгээд Т.О- надтай холбогдоод 11 дүгээр сарын 11-ний нислэгээр бүх мөнгө чинь ирнэ тэгэхээр чамд өгнө гээд надад худлаа яриад байгаа. Т.О- надад 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлэн ам доллар өгөх байсан боловч одоог хүртэл надад төгрөг ч өгөөгүй, доллар ч өгөөгүй.” /1хх 145, 148/,
гэрч Д.О-гын “ “А-" ХХК нь 2018 оноос гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Манай компани Хонконг улсад үйл ажиллагаа Англи улсын "А-" компанийн Монгол дахь Ложистик буюу тээвэр зуучийн гэрээт төлөөлөгчийн ажил үйлчилгээ үзүүлдэг компани юм. Өөрөөр хэлбэл банкны үйл ажиллагааг түргэвчилсэн зуучлагч хийдэг юм. Манай компани бол бэлэн мөнгөтэй харилцдаггүй юм.” /1хх 151-152/,
гэрч Д.У-ийн “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 34 минутад Худалдаа хөгжлийн банкны 4М-9 тоот данс руу 1.024.000 төгрөгийг шилжүүлж байсан. Энэ нь болохоор Д.Ч- нь 2 долларын дэвсгэрт захиалж авах уу. Надад захиалгаар авчирч өгөх хүн байна гэж асуухаар нь 2 долларын дэвсгэрт олдохгүй ховор байдаг болохоор захихаар болоод 160 ширхэг 2 долларын дэвсгэрт худалдаж авахаар болсон. Над руу шилжүүлээд яах юм тэр хүний данс руу шилжүүлчих гээд О- нь өөрөө дансаа өгч байсан. Тэгэхдээ над руу дансаа явуулаагүй. Ч- ах руу О- нь дансаа явуулж байсан.” /1хх 232/,
гэрч Б.О-ийн “2022 оны 10 сард санагдаж байна. Манай нөхөр хямд үнээр доллар авна гээд Т.О- гэх хүнд залилуулсан талаар мэдэж байгаа. Тухайн үед 2022 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Миний хаан банкны 5А-7 данснаас 3.000.000 төгрөгийг Т.О-ын худалдаа хөгжлийн банкны 4М-9 гэсэн данс руу шилжүүлсэн. 10 сарын 27-ний өдөр нөхрийнхөө данс руу 20.000.000 төгрөгийг 10 дугаар сарын 28-ны өдөр 7.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд манай нөхөр миний шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг Т.О-ын худалдаа хөгжлийн банкны данс руу нь шилжүүлсэн юм. Тухайн үед нөхөр бид хоёр хямд үнээр доллар авна гээд ярилцчихсан байсан ба өөрсдийн мөнгөнөөсөө шилжүүлсэн юм. Би тэр О- гэх хүнийг танихгүй Манай нөхөр л тэр хүнээс доллар авах гэж байгаа гээд мөнгө шилжүүлсэн." /1хх 234/,
гэрч Х.С-ийн: “2022 оны намар санагдаж байна. Тэр үед Д.Ч- бид хоёр нэг өрөөнд суудаг байсан ба Д.Ч- нь таньдаг хүнээсээ хоёртын дэвсгэрттэй доллар худалдаж авах хүн байна уу миний таньдаг хүн хоёртын доллар зарна гэнээ гээд тэгээд манай ажилчид бөөнөөрөө авах болоод Д.Ч-ид мөнгөө өгөх нь өгөөд захиалга өгч байсан. Харин би тэр үед хайчлаагүй гэж ярьдаг нэг бүтэн хуудастай 64 ширхэг хоёртын доллар байдаг ба тэрнээс 6 ширхгийг захиалаад тухайн үеийн ханшаар 1.000.000 гаран төгрөг өгч байсан санагдаж байна. Би тэр мөнгийг шууд Т.О- гэх хүний данс руу шилжүүлсэн санагдаж байна. Би энэ талаар банкнаас лавлагаа авч өгье. Тэгээд тухайн Т.О- гэх хүн нь ерөөсөө доллар өгөөгүй ба залилангийн шинж чанартай болоод явчихсан. Гэхдээ Д.Ч- нь бүх доллар захиалсан хүмүүстэй өөрийнхөө мөнгөөрөө буцааж бүх хохирлыг барагдуулсан ба надад бас 1.228.800 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буцааж өгсөн." /1хх 236/ гэсэн мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 124/, Д.Ч-ийн эзэмшлийн Төрийн банкны 4А-7 тоот, Б.О-ийн эзэмшлийн хаан банкны 5А-7 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 129-138, 2хх 118/ мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.О-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Д.О-, Д.Ч- нарыг хуурч, бусдад 90.504.500 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.О- “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.О-т хорих ял оногдуулахдаа харгалзах хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Д.Ч- нь “хохирлын нийт төлбөр болох 29.656.000 төгрөгийг барагдуулж авсан тул цаашид нэхэмжлэх төлбөр, гомдолгүй” гэх тайлбарыг бичгээр илэрхийлсэн, мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Т.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.”,
3 дахь заалтыг “нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.”,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Т.О- нь хохирогч Д.Ч-ид 29.656.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О- нь 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ
Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА