Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01396

 

 

 

 

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01396

 

 

 

 

 

                                      Ж.Бийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.БАТЗОРИГ даргалж, шүүгч М.Баясгалан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/01117 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Бийн хариуцагч МБШУҮЭХд холбогдуулан гаргасан урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, сонгуульт үүрэг дуусгавар болсон 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ж.Б нь МГҮЭХд зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2011-2019 оны хооронд МБШУҮЭХы даргын сонгуульт албан тушаалыг хашиж байсан. МБШУҮЭХы даргаар З.Цийг сонгож, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу 2019 оны 05 сарын 27-ны өдөр гаргасан. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 71 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг хариуг эс зөвшөөрч гомдол гаргахад МБШУҮЭХы хяналтын зөвлөлөөс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг зөрчсөн байх тул хуулийн уг заалтыг хэрэгжүүлж ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр урьд эрхэлж байсан ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчаар авч ажиллуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч уг дүгнэлтийг биелүүлээгүй. Тус холбоо ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр өнөөдрийг хүртэл Ж.Бийн хөдөлмөрлөх эрхийг хохироож байна. Ж.Б нь холбооны даргын сонгуульт үүргийг гүйцэтгэхээс өмнө тус холбоонд Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд холбооны даргаар сонгогдох үедээ зохион байгуулагчийн үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Иймд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу МБШУҮЭХы ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, сонгуульт үүрэг дуусгавар болсон 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: Тус холбооны даргаар З.Цийг сонгож, Ж.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2019 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 36 дугаар тогтоолын дагуу Ж.Бт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлж 7,122,096 төгрөг, амралтын мөнгө 1,256,359 төгрөг, 2019 оны 6 сард ажилласан 7 хоногийн цалин 407,477 төгрөг нийт 8,785,932 төгрөгийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж түүнд хүлээлгэн өгч, тооцоо дууссан байдаг. Гэтэл Ж.Б нь ажил эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлгүй. Холбооны дүрмийн дагуу МБШУҮЭХоос Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. МБШУҮЭХы 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд Ж.Б, Б.Г, Б.Хашхүү нарыг нэр дэвшүүлж, олонхын санал авсан Б.Гыг ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд томилсон ба энэ тухай нэхэмжлэгч Ж.Бт мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгч Ж.Бийн хөдөлмөрлөх эрхийг хохироосон зүйл байхгүй, ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан этгээдийг томилсон нь Хөдөлмөрийн тухай, бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн /1999 оны/ тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.28, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бийг МБШУҮЭХы Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд ажиллуулахыг хариуцагч МБШУҮЭХд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар МБШУҮЭХоос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 35,142,536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,111,854 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг МБШУҮЭХд даалгаж, нэхэмжлэгч Ж.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МБШУҮЭХоос улсын тэмдэгтийн хураамжид 403,863 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1 Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд,

Нэхэмжлэгч Ж.Б нь Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан тушаалд 2011-2019 он хүртэл 8 жил ажилласан. Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргыг сонгох сонгуульд дахин нэрээ дэвшүүлсэн боловч Холбооны дүрмийн дагуу түүнийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж, холбооны бүх гишүүдийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар холбооны даргаар З.Цийг сонгосон. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно” гэж заасан. Хуульд заасан “Захиргаа” гэдгийг хуулийн 1 дүгээр зүйл “хуулийн зорилт”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан агуулгаар ойлгоно. Үйлдвэрчний эвлэлийн холбооны дотоод сонгуульт ажилд холбооны гишүүн байгууллага, аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан нэр дэвшиж сонгогдон ажиллах тохиолдолд ийнхүү тухайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоон дахь сонгуульт ажил дуусах хүртэл тухайн байгууллага, аж ахуйн нэгж нь ажлын байрыг хадгалах, Үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажлын хугацаа дуусгавар болсон үед хуучин үндсэн ажилд нь эгүүлэн авна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллахаас өмнө Гэгээрэл Үйлдвэрчний эвлэлийн холбоонд удирдлага, зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд ажиллаж байсан нь нотлогддог учир Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалт хамаарахгүй. Иймд Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй тухайд,

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ холбогдох заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч Ж.Бийг энэ хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхэд дүгнэлт өгөөгүй. Нэхэмжлэгч Ж.Б нь Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд томилогдох хүсэлтээ хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гаргасан. Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн орон тоонд Холбооны дүрмийн 9.6.10 дахь заалтын дагуу сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн тухай хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Иймд, нэхэмжлэгч Ж.Б нь сонгон шалгаруулалт хууль бус буюу сонгон шалгаруулалтгүйгээр хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь намайг Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд авах ёстой хэмээн маргаж байгаа бол тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаар тогтоолыг мэдсэнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан нэг сарын хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Шүүх хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой маргааныг шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хугацааны талаар тухайлан заасан уг заалтыг хэрхэн дүгнэж, хэрэглэсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Ж.Б нь Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаар тогтоолыг хууль бус хэмээн маргадаг боловч энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Тэргүүлэгчдийн уг шийдвэр хүчинтэй байгаа. Үйлдвэрчний эвлэлийн холбоо Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтаар Б.Г олонхийн санал авч тус ажлын байранд томилогдсоноор нэхэмжлэгч Ж.Б нь уг ажлын байртай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах Хөдөлмөрийн тухай хуульд /1999оны/ заасан хугацаа тоологдоно. Иймд, нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзэхгүй.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд, Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд сонгон шалгаруулалтын үр дүнгээр томилогдон ажиллаж байгаа Б.Гыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т нийцээгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дотоод болон гадаад сонгууль гэж ангилсан зүйл байхгүй. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуулийн ажилтны хугацаа дуусгавар болсон тохиолдолд үндсэн ажилд нь эгүүлэн авна гэх заалт байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 2005 оноос эхэлж, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд орж ажилласан. 2005 онд Гэгээрэл үйлдвэрчний эвлэлийн холбоо, 2008 оноос эхэлж нэр нь өөрчлөгдөж, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болсон. Уг байгууллагад ажиллаж байсан талаарх баримт байхгүй гэх боловч хэрэгт авагдсан цалин хөлс тооцсон, нийгмийн даатгалын шимтгэлд төлөлт хийгдсэн. Мөн ажилд авсан тушаал шийдвэрүүдээр Ж,Б нь тухайн байгууллагад үндсэн ажилтнаар буюу Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгууллагчаар ажиллаж байсан нь нотлогддог. Боловсрол, шинжлэх ухаан үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хуулийн этгээд бөгөөд дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт ажлын албатай байна гэж заасан. Нэхэмжлэгчийн ажил нь байнгын ажлын байр бөгөөд үндсэн ажил юм. Нэхэмжлэгчийн хувьд үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж, 2 удаа сонгуульт үүргээр холбооны даргаар ажиллаж байсан. Сонгуульт үүрэг нь дууссан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн дагуу ажлын байр нь хэвээр хадгалагдаж, урьд эрхэлж байсан ажилдаа томилогдох ёстой байсан. Анхан шатны шүүх Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг зөв хэрэглэсэн. Нэхэмжлэгч 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр анх нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тайлбар гаргахдаа мөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа хөөн хэлэлцэх хугацааны талаар дурьдаагүй тул шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй буруу шийдвэрлэсэн гэх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч ажилдаа эгүүлэн тогтоогдсон тохиолдолд н.Гын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох зохицуулалттай. н.Гыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч МБШУҮЭХд холбогдуулан тус холбооны ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, сонгуульт үүрэг дуусгавар болсон 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс МГҮЭХ зохион байгуулагчаар, 2008 оноос МБШУҮЭХы ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчаар тус тус ажиллаж байгаад тус холбооны 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит IX бага хурлын тогтоолоор МБШУҮЭХы даргаар сонгогдож 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажиллажээ. /хх24-34, 112-115/

Тус холбооны 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит 13-р бага хурлаар холбооны даргаар З.Цийг сонгосон байна. Нэхэмжлэгч Ж.Бын МБШУҮЭХы даргын сонгууль хууль бус болохыг тогтоож, холбооны 13 дугаар бага хурлын даргыг батлах тухай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2019/02235 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 340 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 001/ХТ2021/01451 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээсэн байна. /хх58-60, 82-91/

4. Хариуцагчийн “нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж, амралтын мөнгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж тооцоо дууссан, холбооны дүрмийн 9.6, 9.6.10-т заасны дагуу сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтад олонхын санал авсан этгээдийг уг ажилд томилсон гэх татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна. /хх52/

Нэхэмжлэгч сонгуульт ажил дуусгавар болсон үндэслэлээр урьд эрхэлж байсан тус холбооны Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд эгүүлэн орох хүсэлт гаргасан боловч МБШУҮЭХы тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 34 дүгээр тогтоолоор уг орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэн, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 63 дугаар тогтоолоор Б.Гыг Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд томилсон байна. /хх134, 135/

Улмаар нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдолд МБШУҮЭХы хяналтын зөвлөл 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын хорооны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгээр “ ... МҮЭ-ийн холбооны харьяа ХНХДС-ийг хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр төгсөж зохион байгуулагч, салбарын даргаар ажилласан ҮЭ-ийн мэргэжлийн боловсон хүчин, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу сонгон шалгаруулалтгүйгээр өмнө эрхэлж байсан ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн албан тушаалд авч ажиллуул ... гэсэн хариу өгч байжээ. /хх3-5/

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийнх нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно” гэж, Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.7-д “хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж тус тус заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг сонгуульт ажлаасаа чөлөөлөгдсөн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахгүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халсантай адилтгаж үзнэ.

Анхан шатны шүүх ажил олгогчийг ажилтны сонгуульт хугацаа дуусгавар болсон буюу ажилдаа орохоор хүсэлт гаргахад урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь дээрх хуульд нийцсэн.  

Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бийг МБШУҮЭХы Ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагчийн ажилд ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.

5. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 35,142,536 төгрөг хариуцагчаас гаргуулан, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж  шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд нийцсэн байна. Харин уг дүнгээс нэхэмжлэгчид олгосон 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7,122,096 төгрөг хасагдаж тооцогдохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 6. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан ямар үндэслэлээр цуцалж байгаа нь тодорхойгүй, ажлаас халсан шийдвэр гаргаагүй мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 7,122,096 төгрөгийг сонгуульт ажилтны хугацаа дууссан, буцалтгүй тусламж гэх утгаар шилжүүлэн өгсөн байх ба энэ өдөр нэхэмжлэгчийг ажлаас халагдсан гэж үзэхэд учир дутагдалтай.

Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байгаагүй байна.

7. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Л.Гыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 182/ШЗ2022/05128 дугаар захирамжаар хангахгүй орхисон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна. /хх161-163/

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.28 гэснийг 128.1.2 гэж залруулсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/01117 дугаар шийдвэрийн “... 128.1.28 ...” гэснийг “... 128.1.2 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,900 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                                              А.МӨНХЗУЛ