Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2026/ДШМ/454

 

2026         04           17                                                                           2026/ДШМ/454

 

 

С.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М-,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2890 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Билгүүтэйгийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар эсэргүүцлээр С.С-д холбогдох 2503005810928 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн С-ын С-, 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, С- коллежид 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ФС-/;

Өсвөр насны шүүгдэгч С.С- нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 01 цаг 45 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Их цэнгэл” хүнсний дэлгүүрийн урд замд “тоёота аука” маркийн С- УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7. "Жолоочид дараахь зүйлийг хориглоно" а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэх дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч П.Т-ыг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Прокуророос насанд хүрээгүй шүүгдэгч С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503005810928 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, С.С-г цагаатгаж, насанд хүрээгүй шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, С.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх/-ээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор М.Билгүүтэй бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн                  3.1.3-д “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг тус тус ойлгохоор хуульчилжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан.

Тодруулбал С.С- нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1,6-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг хохирогч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулна.. гэж, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй; үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус хуульчилсан байна.

Улмаар шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт насанд хүрээгүй шүүгдэгч С.С-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр цагаатгах атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд цагаатгах тогтоолын “тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

                   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хэрэг гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд шүүгдэгч болон түүний ар гэрийнхэн манай талтай холбогдож, уучлалт гуйгаагүй. Иймд бид нөхөн төлбөрийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн хүний амь нас хохирсон атал гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан шийдвэрт гомдолтой байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос өсвөр насны шүүгдэгч С.С- нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 01 цаг 45 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг “Их цэнгэл” хүнсний дэлгүүрийн урд замд “тоёота аука” маркийн С- УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч П.Т-ыг мөргөж амь насыг хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж, насанд хүрээгүй шүүгдэгч С.С-гийн үйлдлийг Эрүүгийн эрх зүйд насанд хүрээгүй этгээдийг гэмт хэргийн субъект болгон хариуцлага хүлээлгэхэд онцгой хязгаарлалт тогтоодог. Тодруулбал, 14-өөс доош насны хүүхэд нь ямар ч тохиолдолд гэмт хэргийн субъект бус гэж үздэг бөгөөд 14-өөс 16 насны хүүхэд зөвхөн хуульд тусгайлан заасан хүн алах, хүний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулах, хүчиндэх зэрэг хүнд гэмт хэрэгт хариуцлага хүлээдэг. Иймээс 14 настай хүүхдийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн  ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үздэг. С.С- нь тухайн хэрэгт хуульд заасан насны шаардлагыг хангахгүй, эрх зүйн хувьд гэмт хэргийн субъект биш бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Харин цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт С.С- нь насанд хүрээгүй учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж зөв дүгнэсэн боловч тогтоох хэсэгт “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж шүүгдэгч “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр С.С-г цагаатгаж шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2890 дүгээр цагаатгах тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор М.Билгүүтэйгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2890 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, С.С-г цагаатгасугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хэрэгсэхгүй болгож, С.С-г цагаатгасугай.” гэж өөрчлөлт оруулж, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ

  

                                 ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                        Ц.МӨНХТУЛГА