Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01409

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01409

 

 

 

 

 

                                      Д.Мийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/01558 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Мийн хариуцагч “К СТМ ББСБ” ХХК, Д.Ц, З.Э нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, Д.Ц, З.Э нараас .............од байрлах, 138,3 м.кв талбайтай, орон сууцны гэрчилгээг Д.Мийн нэр дээр шилжүүлэх, хариуцагч "К СТМ ББСБ ХХК-аас тус орон сууцыг З.Этай байгуулсан зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх, Д.Ц, З.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох үндсэн, орон сууцыг Д.Цгийн эзэмшилд шилжүүлэхгүй байгаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй Д.Мийн үйлдлийг зогсоож, албадан нүүлгэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлээ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чинхүсэл, хариуцагч З.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч К СТМ ББСБ ХХК, Д.Ц нарын өмгөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:  Д.М нь .............. 138.3 м.кв талбайтай орон сууцыг 2018 оны 09 дүгээр сард З.Эаас 248,940,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор урьдчилгаа төлбөр 101,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 147,940,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг Д.Мийн нэр дээр шилжүүлэх үед банкны зээлээр төлөхөөр тохиролцон байранд нүүж орсон. Уг байр нь “ЭК” ХХК-ийн нэр дээр байсан ба З.Э байрыг өөрийн нэр дээр шилжүүлсний дараа худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар тохиролцсон. З.Э 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “ЭК” ХХК-аас тус орон сууцыг шилжүүлэн авч, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Үлдэгдэл төлбөрийг Голомт банкны зээлээр төлөхөөр гэрээнд тусгасан боловч банкны зээл олгох боломжгүй гэсэн. З.Э зээлийнхээ судалгааг сайн хийлгээд бэлдээд хүлээх, эргээд холбогдоно гэсэн хариу өгсөн. Улмаар тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “К СТМ ББСБ” ХХК-тай 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр орон сууцыг нь барьцаалсан. Ингэхдээ Д.Цтой 80,000,00 төгрөгийн дүр үзүүлэн худалдах худалдан авах гэрээг байгуулж, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон байсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссахаар байхад зээлээ графикийн дагуу төлөөгүй гэдэг үндэслэлээр гэрээний хугацаа дуусахаас өмнө 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.Ц орон сууцыг нэр дээрээ шилжүүлэн авсан. Иргэний хуулийн 453.2 дахь заалт нь үл хөдлөх эд хөрөнгөд хамаарахгүй бөгөөд орон сууцыг хууль бусаар нэр дээрээ шилжүүлэн авсан. “К СТМ ББСБ” ХХК-аас анх З.Эд зээл гарах боломжгүй гэсэн атлаа үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг түрүүлж байгуулбал зээл өгөхөөр болсон. ЗГ20/09/029 дугаартай зээлийн гэрээ, БГ 20/09/029 дугаартай барьцааны гэрээ, Д.Ц, З.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэг нотариатч дээр бүртгүүлсэн, мөн зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийн нэр дээр шилжүүлж авснаас үзэхэд тус орон сууцанд өөр хүн амьдарч байгаа гэдгийг мэдсэн байх боломжтой. Хариуцагчид байрны үлдэгдэл төлбөрийг бэлнээр өгөх боломжтой талаар мэдэгдсэн. Мөн хариуцагч талаас 4 талт гэрээ байгуулах санал тавьсан. Хэдийгээр гэрээ байгуулагдаагүй ч харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч тал байрны үлдэгдэл төлбөрийг З.Эд шилжүүлж, тэрээр "К СТМ ББСБ” ХХК руу зээлийн төлбөрт шилжүүлснээр нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөрөө 100 хувь барагдуулсан. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, Д.Ц, З.Э нараас .............од байрлах, 138,3 м.кв орон сууцны гэрчилгээг Д.Мийн нэр дээр шилжүүлэх, хариуцагч “К СТМ ББСБ” ХХК-аас тус орон сууцыг З.Этай байгуулсан зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх, Д.Ц, З.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч З.Эы татгалзал, тайлбарын агуулга:  2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах 4 өрөө орон сууцыг Д.Мд худалдсан нь үнэн. 248,440,000 төгрөгөөр худалдсан ба Д.М нь 101,000,000 төгрөгийг гэрээ байгуулахдаа өгч, үлдэгдэл төлбөрийг өнгөрсөн хугацаанд төлж дуусгасан. Тухайн үед З.Эд яаралтай мөнгөний хэрэг гарч банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахдаа үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад заавал нэр дээр нь шилжих шаардлагатай байдаг тул Д.Цтой дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ч бодитоор 80,000,000 төгрөг хүлээж аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

3. Хариуцагч Д.Цгийн татгалзал, тайлбарын агуулга: “К СТМ ББСБ" ХХК 1 хувьцаа эзэмшигчтэй, 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн хорооны хурлаар иргэн З.Эы 200,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг хэлэлцээд олгохоос татгалзсан. З.Эы гаргасан саналын дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулж, зээлийн дүнг бууруулан 175,000,000 төгрөг олгосон. Журмын дагуу  зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэн зээл олгосон. Давхар зээлдэгчийн хүсэлтээр тус барьцаа хөрөнгийг З.Э болон Д.Ц нар худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл З.Э нь зээл авснаас хойш зээлээ төлөхгүй 2021 оны хагас жил өнгөрсөн тул Эрсдлийн хорооны хурлын шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орон сууцыг Д.Цгийн нэр дээр шилжүүлж авсан. Тэрээр зээлийн төлөлт гэж 5,633,115 төгрөгийн хүү төлсөн. Үүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй, зээлийн хугацаа хэтрээд нийт 412 хоног болж байна. Энэ хугацаанд олон удаа З.Этай биеэр уулзаж, утсаар ярьж шаардлага хүргүүлж байсан боловч зээлээ төлөөгүй. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 89,3 м.кв байр, дулаан зогсоолын хамт бартераар авч байгаа үүнийг зараад хагас жилээс өмнө төлөлт хийнэ, энэ үүргээ биелүүлэхгүй бол өргөдлийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдэг өргөдөл бичиж өгсөн. Уг байрыг 3.Эы өөрийнх нь хүсэлтээр гэрээний дагуу шилжүүлж авсан. Гэрээний үүргээ биелүүлбэл орон сууцыг буцаагаад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Мөн талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой гэвэл оролцох хүсэлтэй байна. Талуудын маргааны зүйл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэдэг тул эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцохгүй. Иймд Д.Ц, “К СТМ ББСБ” ХХК нь хариуцагч биш тул холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Хариуцагч “К СТМ ББСБ” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: З.Э нь “К СТМ ББСБ” ХХК-тай 2020 оны 09 сарын 17-ны өдөр ЗГ20/09/029 дугаартай гэрээ байгуулан 175,000,000 төгрөгийг 365 хоногт 45.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлж авсан. “К СТМ ББСБ” ХХК 2020 оны 09 сарын 17-ны өдөр ЗГ20/09/029 гэрээний дагуу 175,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо зээлээс зээл судалсны шимтгэл 875,000 төгрөгийг суутган, үлдэгдэл 174,125,000 төгрөгийг зээлдүүлэгчийн Хаан банкан дахь ............ тоот данснаас 99,500,000 төгрөгийг З.Эы Хаан банкан дахь ............ тоот дансанд, Худалдаа Хөгжлийн банкан дахь ............ тоот данснаас 74,625,000 төгрөгийг З.Эы Худалдаа Хөгжлийн банкан дахь ............ тоот дансанд тус тус шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг олгосон. ЗГ20/09/029 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 09 сарын 17-ны өдрийн БГ20/09/029 дугаартай барьцааны гэрээгээр З.Эы өмчлөлийн ............, Ү-............ улсын бүртгэлийн дугаартай, ............ тоот гэрчилгээний дугаартай 138.3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалуулж, тус барьцааны гэрээг 2020 оны 09 сарын 17-ны өдөр нотариатчаар гэрчлүүлж, Улсын Бүртгэлийн газарт бүртгүүлсэн. “К СТМ ББСБ” ХХК-ийн 2020 оны 09 сарын 17-ны зээлийн хорооны хурлын шийдвэрээр З.Эд зээл олгохоос татгалзсан шийдвэр гарсан хэдий ч зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор зээлийн барьцаа хөрөнгийг З.Э болон Д.Ц нар худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй 292 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2021 оны 07 сарын 06-ны өдөр зээлийн хүүнд 4,947,197.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 685,917.26 төгрөг, нийт 5,633,114.96 төгрөг төлсөн. ЗГ19/09/029 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 сарын 04-ний өдөр дууссан. Зээлдүүлэгчийн зүгээс З.Эд зээл төлөгдөхгүй байгааг удаа дараа утсаар болон биечлэн уулзаж мэдэгдэж, зээл төлөхийг сануулж, мэдэгдэх хуудас гардуулж байсан. Тухай бүрт зээл төлөхөөр худал амлалт өгч цаг хугацаа алдсан. Зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж, зээлийн ангилал муудаж, зээлдүүлэгчийн эрх ашгийг хохироох болсон тул зээлдэгчтэй харилцан тохиролцож зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөлийг худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Цгийн өмчлөлд шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүүгийн төлбөр нийт 152,222,519.84 төгрөг төлөгдөөгүй байна. “К СТМ ББСБ” ХХК иргэн З.Эд зээл олгож, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох З.Этай байгуулсан. Тухайн үед зээлдэгч нь дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд бусдад худалдах болон бусад төрлийн хэлцэл хийсэн талаар мэдээлэл зээлдүүлэгчид өгөөгүй, тус үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэл шаардах, өмчлөлд өөрчлөлт оруулах зэрэг ямар нэгэн бүртгэл байхгүй байсан гэжээ.

 5.Хариуцагч Д.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн хариуцагч Д.М нь ............, Ү-............ улсын бүртгэлийн дугаартай, ............ тоот гэрчилгээний дугаартай 138.3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Цгийн эзэмшилд шилжүүлэхгүй өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоож албадан нүүлгэх шийдвэр гаргаж өгнө үү. Д.Ц З.Эы өмчлөлийн дээрх 4 өрөө орон сууцыг 2020 оны 09 сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой Улсын бүртгэлийн газарт үүргийн гүйцэтгэл шаардах, өмчлөлд өөрчлөлт оруулах зэрэг ямар нэгэн хүсэлт, маргаан байхгүй, хууль ёсны цорын ганц өмчлөгч нь З.Э байсан. Уг орон сууцыг өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр очиход Д.М орон сууцыг суллах боломжгүй гэсэн гэжээ.

 6. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Д.Ц, Д.М нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас тус байрыг танайд өгөхөд бэлэн, төлбөрөө төлчихвөл өгнө гэж хэлсээр байгаад 148,940,000 төгрөгийг З.Эаар дамжуулаад авсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн өмчлөгч буюу Д.Мийн нэр дээр байх ёстой үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус, халхавчилсан хэлцэл хийж, ямар нэгэн банк бус санхүүгийн байгууллагад өр, авлагагүй байж тус хөрөнгийг шилжүүлж авсан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1,106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Ц, З.Э нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг, ............од байрлах, 138,3 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............ дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Д.М болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Ц, З.Э нараас орон сууцны гэрчилгээг Д.Мийн нэр дээр шилжүүлэх, хариуцагч "К СТМ ББСБ ХХК-иас тус орон сууцыг З.Этай байгуулсан зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцыг Д.Цгийн эзэмшилд шилжүүлэхгүй байгаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй Д.Мийн үйлдлийг зогсоож, албадан нүүлгэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Мөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,030,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, З.Эаас 1,681,625 төгрөг, Д.Цгоос 278,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Мд олгох, Д.Цгоос сөрөг шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

8. Хариуцагч Д.Ц болон “К СТМ ББСБ” ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

8.1. Хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, Д.Ц З.Э нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсэх нь маргаан бүхий байрны өмчлөгч Д.М болох эсэхийг шууд тодорхойлохгүй бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр эсэх, талуудын тайлбар нь бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа эсэхт дүгнэлт хийхдээ Д.М, З.Э нарын ашиг сонирхол нэгтэй байдлыг харгалзан үзээгүй, нотлох баримтанд тулгуурлалгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хэрэгт авагдсан тайлбар нотлох баримтуудаар З.Э нь “К СТМ ББСБ” ХХК-тай 2020-09-17-ны өдөр БГ20/09/20 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-............ тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Гэтэл зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байхад шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсан. Шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд хэрхэн нөлөөлөх ёстой талаар дүгнэлтийг хийгээгүй ба барьцааны эрх хэвээр хадгалагдах ёстой гэж үзэж байна.

8.2. Нотлох баримтыг буруугаар үнэлж, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаараагүй тухайд, талуудаас гаргасан тухайд, Д.М, хариуцагч З.Э нар шүүхээс гарах шийдвэрийн хувьд ашиг сонирхол нэгтэй байж болох учир тэдний гаргаж байгаа тайлбар болон нотлох баримтууд нь заавал эргэлзээгүй нотлогдсон байх ёстой. З.Э, Д.М нарын гаргасан баримт, тайлбарыг бусад зохигч нар хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран эргэлзээтэй үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан эрхийнхээ хүрээнд нэмэлт нотлох баримт гаргуулж болох байхад Д.М, З.Э нарын гаргасан нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан. Д.М нь 2018 онд З.Этай маргаан бүхий байрыг худалдаж авахаар тохиролцсон эсэх, нүүж ороод өнөөдрийг хүртэл амьдарч байгаа эсэх, тухайн үедээ урьдчилгаа төлбөрөө төлсөн гэх баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Урьдчилгаанд төлсөн гэх тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ нь нэг талаас иргэний маргаанд хамааралгүй атал уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.М үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт авсан мэтээр шүүхийг төөрөгдүүлсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн. Хариуцагч З.Э болон нэхэмжлэгч нар ашиг сонирхол нэгтэй анхнаасаа үгсэн тохиролцож гэрээ хэлцэл хийсэн, маргаан бүхий орон сууцыг хоёр хүнд зарсан, эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлөхийн тулд нэхэмжлэгч нартай үгсэж тохиролцсон байдлаа нотлон гэрээг хийхдээ мэдсээр байж хуурч зориуд дүр үзүүлэн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Д.М болон З.Э нар нь ажил хэргийн холбоотой Д.Мийн төрсөн ах Д.Г (РД:............) З.Э нар нь найзууд бөгөөд хэрэгт авагдсан ажил хэргийн холбогдолтой иргэдийн хооронд хийсэн гүйлгээний утга нь тодорхойгүй нотлох баримтыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэж буруу үнэлсэн. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрөөсөө 101,000,000 төгрөгийг төлсөн атлаа Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар бүртгэлийн үнэн зөвтэй маргах, бүртгэлд урьдчилан тэмдэглэгээ хийлгэх эрх нь нээлттэй байсаар байхад огт маргаагүй үйл баримтыг шүүх үнэлээгүй.

8.3 “К СТМ ББСБ” ХХК-аас З.Э зээл олгохдоо барьцаа хөрөнгийн талаар судалгаа хийсэн. Зээлдэгч З.Эы хамт очих, тэрээр маргаан бүхий орон сууцны хаалганы кодыг хийж оруулсан ба эд хөрөнгийн байдалтай танилцаж гэрэл зураг дарахад энэ байрыг “ЭК” ХХК-аас авсан өмнөх айлууд одоо нүүж байгаа гэж тайлбарлаж байсан. Харин энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч биднийг лагерт гарсан хойгуур очсон байсан гэж тайлбарладаг. Гэвч бодит байдал дээр Д.М, Б.Гэрлээ нар нь маргаан бүхий байранд амьдарч байсан бол ББСБ-ын зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Д.М нарт мэдэгдэлгүй байранд орох ямар ч боломжгүй. З.Эы хувьд 2018 онд уг байрыг нэхэмжлэгчид зарсан байсан бол хаалганы кодыг мэдэх боломжгүй ба нэхэмжлэгч нар 2018 оноос хойш уг байранд амьдарч байснаа, урьдчилгаа төлбөр төлснөө хөдөлбөргүйгээр нотолж чадаагүй. Шүүхээс нэхэмжлэгч З.Э нарын хооронд байгуулсан гэрэээг хүчин төгөлдөр гэж дүгнэн өмчлөгчөөр тогтоох гэж байгаа бол харилцан ашиг сонирхол нэгтэй зохигч нарын тайлбарыг эргэлзээгүй нотлох, шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх үүднээс өгсөн гэх машины талаар дэлгэрэнгүй лавлагаа авах, тухайн хаягтаа түр оршин суугчаар бүртгэгдсэн эсэх, ус дулаан цахилгааны төлбөрөө төлж байсан эсэх зэрэг баримтуудыг гаргуулж дээрх эргэлзээ бүхий байдлуудыг эцэслэн тогтоох ёстой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Маргаан бүхий орон сууцанд 2018 оноос хойш амьдарч байна. Бид 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө 101,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан нийтдээ 7-8 удаа болсон. Тухайн үед шаардсан бүх баримтуудыг манай зүгээс гаргаж өгсөн. З.Э, Д.М нарыг ашиг сонирхол нэгтэй гэж гомдолдоо дурдаж байгаа боловч тус хүмүүс гэрээ байгуулах үедээ 1 удаа уулзсан гэв.

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч З.Эы тайлбарын агуулга: З.Э нь К СТМ ББСБ ХХК-аас зээл авах гэтэл тус орон сууцын нэрийг Д.Ц руу шилжүүл гэх шаардлагыг тавьсан. Тус шаардлагын дагуу дүр үзүүлсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Д.Мтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Мөөс үлдэгдэл төлбөрөө авч, авсан өдрөө ББСБ-ын зээл рүү шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзээд хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.М үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Д.Ц, З.Э нараас .............од байрлах, 138,3 м.кв орон сууцны гэрчилгээг Д.Мийн нэр дээр шилжүүлэх, Д.Ц, З.Э нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч "К СТМ ББСБ” ХХК-аас тус орон сууцыг З.Этай байгуулсан зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч З.Э хүлээн зөвшөөрч, хариуцагч "К СТМ ББСБ” ХХК, Д.Ц нар эс зөвшөөрч, хариуцагч Д.Ц өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоож албадан нүүлгэх сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Маргаан бүхий .............. 138.3 м.кв талбайтай орон сууцыг дараах байдлаар зохигчид эзэмшиж, өмчилж байна.

3.а. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр .............. 138.3 м.кв талбайтай орон сууцыг 248,940,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг З.Этай байгуулж 101,000,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн үлдэгдлийг төлж, гэрээ байгуулсан өдрөөс өнөөг хүртэл эзэмшиж байна.

3.б. Хариуцагч З.Э “К СТМ ББСБ” ХХК-тай 2020 оны 09 сарын 17-ны өдөр орон сууцыг барьцаалж, 175,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилд 45.6 хувийн хүүтэй зээлдэн авч, зээл, барьцааны гэрээ байгуулсан байна. Мөн өдөр “К СТМ ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Цтой орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, зээлийг буцаан өгөх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч Д.Ц 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авчээ.

4. Хариуцагч З.Э, Д.Ц нарын хооронд хийгдсэн орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн гэж хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хэн алинд орон сууцыг бодитоор худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, 80,000,000 төгрөгийг тухайн гэрээний худалдагч хүлээн аваагүй,  хариуцагч “К СТМ ББСБ” ХХК-аас зээлдэн авсан 175,000,000 төгрөгийн үүргийг хангуулах зорилгоор уг гэрээг байгуулсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. “К СТМ ББСБ” ХХК барьцааны зүйлийг худалдах худалдан авах гэрээ байгуулах замаар өмчлөлдөө шилжүүлэн авч зээлийн үүргийг хангуулж байгаа нь хууль зөрчсөн байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зөвхөн хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж болохоор заасан байна. Уг үйл баримт болон талуудын хоорондох эрх зүйн харилцааны талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч Д.М нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 Д.М, З.Э нар орон сууцны урьдчилгаа төлбөр 101,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 147,940,000 төгрөгийг Голомт банкны зээлээр төлөхөөр тохирсон боловч хугацааг тогтоогоогүй байна. Гэрээний талуудын төлбөрийн үлдэгдлийг төлөх хугацааг тохиролцон тогтоогоогүй, нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл төлбөрийг төлсөн нөхцөл байдалтай харьцуулан үзсэн шүүхийн дүгнэлт зөв. Хариуцагч тал Д.М, З.Э нарыг нэгдмэл ашиг сонирхолтой гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. Урьдчилгаа төлбөр төлсөн дансны хуулга, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтууд хэргийн 1 дүгээр хавтасны 119-129 дүгээр талд авагджээ.  

Худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлсөн бол худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, холбогдох бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй болно. Д.Мийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй. 

 Хариуцагч "К СТМ ББСБ” ХХК-аас тус орон сууцыг З.Этай байгуулсан зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл хуульд нийцсэн, үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.  Нэхэмжлэгч Д.М орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг төлсний үндсэн дээр эзэмшиж байсан, үлдэгдэл төлбөр төлөгдсөн байхын зэрэгцээ хариуцагч Д.Цгийн өмчийн эзэн  З.Этай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул шаардах эрхгүй.

Энэ магадлал нь "К СТМ ББСБ” ХХК-ийг бусдаас зээлийн гэрээний үүрэг шаардахад саад болохгүй.

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2022/01558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,101,000 /2,100,000+1,000/  төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

                                           ШҮҮГЧИД                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                              А.МӨНХЗУЛ