Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/451

 

2026          04             16                                                                           2026/ДШМ/451

 

С.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Н.Наранбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т-,

шүүгдэгч С.Н-, түүний өмгөөлөгч А.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-, түүний өмгөөлөгч А.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Н-д холбогдох эрүүгийн 2410028761789 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө- овгийн С-ын Н-, 2002 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, “С-” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ВС-/;

С.Н- нь “С-” ХХК-д 2024 онд худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд “С-” ХХК, “С-” ХХК-д тушаагдаагүй борлуулалтын орлого 39.751.398,08 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос С.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-аас нийт 39.751.398 төгрөгийг гаргуулж хохирогч “С-” ХХК, “С-” ХХК-иудад тус тус олгож, хохирогч “С-” ХХК, “С-” ХХК-иуд, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Т- нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10.132.210 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Н- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би “С-” ХХК-аас 39.800.000 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн нь үнэн. Би байгууллагаас авсан мөнгийг төлж барагдуулна. Би эхнэр, 2 настай болон 5 сартай хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд манай эхнэр ажил хийдэггүй. Иймд миний хувийн байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Н-гийн өмгөөлөгч А.Анхбаяр давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Миний үйлчлүүлэгч тус хэрэгт цагдаагийн байгууллагад гомдол гаргасанаас эхлэн өөрийн үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж ирсэн. Мөн шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, ажил эрхэлдэг, өөрийн нэр дээр 2 ширхэг тээврийн хэрэгсэл байгаа зэргийг харгалзан хохирол төлбөр төлөх саналаа илэрхийлсэн боловч шүүх хүлээн аваагүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн тухайд Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил эрхэлдэг, бага насны 2 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч С.Н-гийн өмгөөлөгч А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс өнөөдрийн байдлаар нийт 39.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “С-” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Үлдэгдэл 19.751.000 төгрөгийг төлж барагдуулахаар тус байгууллагатай гэрээ байгуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Н- 20.000.000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгчийн эцэг, эх манай байгууллагад ирж хохирол төлбөр барагдуулах талаар удаа дараа уулзсаны үндсэн дээр үлдэгдэл 19.751.000 төгрөгийг төлөх талаар гэрээ байгуулсан. Эхний 2-3 сарын төлбөрийг ар гэрээс нь төлөхөөр тохиролцсон. Шүүгдэгч хорих ангиас гарч ажил, хөдөлмөр эрхэлж үлдэгдэл хохирлыг төлөх боломжтой.” гэв.

Прокурор Н.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Ял шийтгэл хөнгөрүүлэх эсэх асуудал шүүх бүрэлдэхүүний бүрэн эрхийн асуудал учраас тусгайлан гаргах санал байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т-ийн “...С.Н- нь 2023 оны 08 дугаар сард өдөр манай “С-” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байх хугацаандаа байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан барааг борлуулж 54.995.354 төгрөгийг хувьдаа завшиж компанид хохирол учруулаад 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр компаниас чөлөөлөгдсөн. С.Н- харилцагч нараас захиалсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг хувийн дансаар болон бэлнээр авч завшсан нь харилцагч нарын хийсэн тооцоо болон компанийн тайлангуудаар нотлогдож байгаа...” /1хх 12-13, 3хх 119-120/ гэсэн,

-гэрч В.У-гийн “...Манайх сар болгон худалдааны төлөөлөгч нартайгаа тооцоогоо шахаад тайлангаа гаргадаг. Гэтэл С.Н- гэх худалдааны төлөөлөгч тооцоогоо дутаагаад тооцоо нийлж өгөхгүй байсан. 2023 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл манай компанийн 39.083.208 төгрөгийн тооцоог дутаасан. Үүний дагуу худалдан авагч байгууллагуудтай харилцахад С.Н-д бэлнээр болон дансаар тооцоогоо төлсөн талаарх баримтуудаа гаргаж өгч байсан юм. С.Н- нь зарим тооцоог нь хүлээн зөвшөөрөхгүй байгаад байна. ...С.Н-гийн хүргэлт борлуулалт хийдэг хүнсний дэлгүүрүүд С.Н-г ажиллаж байх хугацаанд ганцхан С.Н- хүргэлт борлуулалт хийхээр зохицуулсан байсан. ...9.005.800 төгрөгийн баримт ирүүлээгүй гэдэг дээр бол тухайн үед борлуулалтын баримтаа авах талаар С.Н-д хэлж байсан бөгөөд С.Н- надад худал хэлж баримтыг тэр үедээ өгөөгүй. Үүнээс болж Шүүх шинжилгээний ерөнхий газарт 9.005.800 төгрөгийн баримтыг гаргаж өгч чадаагүй. Одоо үнийн дүнгийн зөрүү гараад байна...” /1хх 15-16, 3хх 140-141/ гэсэн мэдүүлгүүд,

“Пийк Ом Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн тайлан /2хх 24-46/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0040125/022 дугаар “...“Пийк Ом Аудит” ХХК-ийн С.Н-д холбогдох дутагдлыг 49.833.603,03 төгрөг гэж тогтоосноос шинжилгээгээр 39.751.398,08 төгрөг нь тогтоогдож байна. Харин 1.126.410,00 төгрөгийн тушаагдаагүй борлуулалтын орлого нь Нанжид гэсэн борлуулагчийн баримт байх тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Мөн 9.005.800 төгрөгийн борлуулалтын тушаагдаагүй орлоготой холбоотой баримтыг шинжилгээнд ирүүлээгүй учраас хасаж тооцсон. “С-” ХХК-ийн худалдааны төлөөлөгч С.Н- нь Эдийн засгийн шинжилгээгээр завшсан гэх үйлдэл тогтоодоггүй. Харин шинжилгээнд ирүүлсэн баримтаар С.Н- “С-” ХХК, “С-” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилласан 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28- ны өдрийн хоорондох хугацаанд нийт 119.640.472,48 төгрөгийн барааг борлуулахаар хүлээн авснаас 2.551.050,92 төгрөгийн барааг буцаасан, 54.459.424,28 төгрөгийн борлуулалтын орлого харилцагчдаас харилцах дансаар төлөгдсөн, 22.878.599,20 төгрөгийн борлуулалтын орлого Төв касс /Явуул/-д тушаагдсан байна. Иймд С.Н- нь “С-” ХХК, “С-” ХХК-д тушаагдаагүй борлуулалтын орлого 39.751.398,08 төгрөгийг /дутагдуулсан/ байна. “С-” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сард хийгдсэн борлуулагч Нанжидийн 1.126.410,00 төгрөгийн тушаагдаагүй борлуулалтын орлогыг С.Н- хариуцах эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хэрвээ тогтоогдвол С.Н-гийн хариуцах дутагдал дээр нэмэгдэж тооцогдоно...” /3хх 61-73/ гэсэн дүгнэлт,

“С-” ХХК-ийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /1хх 21-22/,

“С-” ХХК-ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар /1хх 23/,

“С-” ХХК-аас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол /1хх 27/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

С.Н- нь “С-” ХХК-д худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд “С-” ХХК, “С-” ХХК-иудад тушаагдаагүй борлуулалтын орлогыг хувьдаа авч, 39.751.398 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

Эдгээрээс завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой.

“Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих” гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгоно.

“Итгэмжлэн хариуцсан этгээд” гэж аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг албан тушаалын хувьд хариуцсан, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд юм.

Анхан шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж, С.Н- нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тус “С-” ХХК, “С-” ХХК-иудад ажилтнаар холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулсан буюу С.Н-г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүхээс шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч С.Н-, түүний өмгөөлөгч А.Анхбаяр нар бичгээр “...хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Шүүгдэгч С.Н- нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин, давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н- нь “...хохирогч “С-” ХХК-д 20.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа болон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр “...үлдэгдэл 19.751.000 төгрөгийг төлж барагдуулахаар хохирогч байгууллагатай “Төлбөр барагдуулах” гэрээ байгуулсан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан байдлыг харгалзан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ...болно.” гэж заасны дагуу 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-гийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч С.Н-г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, давж заалдах шүүхийн шатанд шүүгдэгч С.Н- нь хохирогч “С-” ХХК-д 20.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж байна.

Иймд, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан ял хөнгөрүүлэх агуулга бүхий давж заалдсан гомдлыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.Н-г нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч С.Н-д мэдэгдсүгэй.” гэсэн, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-гийн цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцсугай.” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-г нэн даруй сулласугай.

4. Шүүгдэгч С.Н- нь гэмт хэргийн хохирлоос 20.000.000 төгрөгийг хохирогч “С-” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн болохыг дурдсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                           Л.ОДОНЧИМЭГ