Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/452

 

2026          04             16                                                                           2026/ДШМ/452

 

Б.Д-, Ц.Н- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Д-, Ц.Н- нарт холбогдох эрүүгийн 2502006230470 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овгийн Б-ын Д-, 1999 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажил хийдэг, ам бүл 2, эхийн хамт ......... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар НБ-/,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1039 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,

Ч- овгийн Ц-ын Н-, 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэр ахуйн бараа худалдан борлуулах ажил хийдэг, ам бүл 4, хоёр дүүгийн хамт ........ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар УЦ-/,

урьд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 996 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн;

Б.Д-, Ц.Н- нар нь бүлэглэн 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай нийт 3,301.5 грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Ц- УЕЕ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газрын прокуророс Б.Д-, Ц.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Б.Д-, Ц.Н- нарыг бүлэглэн “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар, Ц.Н-г 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хар өнгийн гялгар ууттай 700 грамм жинтэй ургамал, хар өнгийн гялгар ууттай 1092.5 грамм жинтэй ургамал, хар өнгийн гялгар ууттай 514.8 грамм жинтэй ургамал, хар өнгийн гялгар ууттай 994.2 грамм жинтэй ургамал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Д-, Ц.Н- нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдолдоо: “...би хэрэг болсон цагаас хойш гэм буруугаа маш сайн ухамсарлаж ойлгосон ба энэ зүйлийн хор уршгийн талаар сайн ойлгосон. Энэ хэрэгт ямар нэгэн хохирогч байхгүй. Миний бие 2017 оноос хойш Эпилепси буюу уналт, таталт өвчтэй гэж оношлогдон эмчийн хяналтад эм уудаг байсан. Мөн сүрьеэ өвчтэй, уушгины цооролтой гэж оношлогдож, амьсгалахад зовуурьтай хэцүү байгаагаас болж хорих ангид байх хугацаанд амьсгал давчдан толгой эргэж хууч өвчин сэдэрч таталт өгч ухаан алдсан. Надад ийм байдалтай хорих ангид удаан хугацаагаар ял эдлэх боломжгүй гэж илт мэдрэгдэж байна. Би эхтэйгээ хоёулаа амьдардаг. Саяхнаас эхийн маань биеийн байдал эрс муудсан. Өмнө нь бөөрний хагалгаанд орж нэг бөөрөө авхуулсан ба одоо ходоодны хавдартай гэж оношлогдсон. Эхэд маань миний анхаарал халамж хэрэгтэй байгаа. Би цагдан хоригдохоосоо өмнө нь эхийгээ асарч тойлдог байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа сайн ойлгож ухаарсан. Ахиж гэмт хэрэгт холбогдохгүй. Миний биеийн байдал болон ар гэрийн байдлыг минь харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлэгт сүрьеэ өвчтэй, уушгины цооролтой гэж оношлогдож, амьсгалахад зовуурьтай хэцүү байгаагаас болж хорих ангид байх хугацаанд амьсгал давчдан толгой эргэж хууч өвчин сэдэрч таталт өгч ухаан алдсан. Би эхтэйгээ хоёулаа амьдардаг. Саяхнаас эхийн маань биеийн байдал эрс муудсан. Өмнө нь бөөрний хагалгаанд орж нэг бөөрөө авхуулсан ба одоо ходоодны хавдар өвчин оношлогдсон. Эхэд маань миний анхаарал халамж хэрэгтэй байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож ухаарсан. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Миний биеийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Н- давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд ямар нэгэн хүндрэл учруулаагүй мөн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үйлдэл илрээгүй, хамаарал бүхий этгээд биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Би хорт муу зуршилгүй, аливаа эм бодисын хамааралгүй бөгөөд цаашид ч сахилга баттай, хариуцлагатай байна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Төрсөн эцэг минь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нас барж, бэлэвсэрч үлдсэн эх минь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барж би 3 дүүгийн хамт өнчирч үлдсэн. 2020 оноос 2025 онд миний бие Солонгос улсад ажиллаж өрхийн орлогын эх үүсвэрээ хангаж, ар гэрээ тэжээж, том дүүгээ БНСУ-д суралцахаар явуулж, бага насны 2 дүүгийнхээ асран хамгаалагчаар үлдэн хамт амьдарч байгаад шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хоригдоход дүү нар минь харж хандах хүнгүй үлдсэн. Мөн миний бие шулуун гэдэсний өвчний улмаас 5 удаа хагалгаанд орж байнгын эмчилгээ хийлгэдэг бөгөөд цэвэр ариун нөхцөлд тогтмол арчилгаа сувилгаа хийж байх шаардлагатай. 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Цэргийн төв эмнэлэгт шулуун гэдэсний буглааны мэс засалд, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БНХАУ-д шулуун гэдэсний буглаа авах мэс засалд орсон. Дахин 2026 оны 9 дүгээр сард төлөвлөгөөт хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан асран хамгаалах хүнгүй бүтэн өнчин 2 дүүг минь болон эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эцэг, эхээ алдаад удаагүй байгаа өнчин дүү нарынхаа хэцүү цаг үед нь ахын хувьд байж боломгүй алдаа гаргаж, дүү нарынхаа зовлон дээр зовлон нэмсэндээ гэмшиж байна. Миний эрүүл мэндийн асуудлаас илүү дүү нарынхаа сэтгэл зүйг ямар хэцүү байгаа бол гэж бодохоор сэтгэл зүрх минь шаналж, гэр бүлд минь ямар нэгэн муу зүйл болох бий гэдгээс айж байна. Амьдралын минь утга учир болсон гэр бүл хайртай хүмүүсийнхээ төлөө үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөж, сайн сайхны төлөө хичээх болно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэлсэн үгэндээ эзэн байж чадна гэдгээ бурхан болсон эцгийнхээ нэрээр андгайлж байна. Иймд хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Н-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд “Ц.Н-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гуравт авагдсан шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар гэх хэсэгт “прокуророос шүүгдэгч нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар тухайн бодисыг хаанаас түүж, яаж бэлтгэсэн нь нотлогдон тогтоогдоогүй байх тул бэлтгэсэн гэх шинжийг хэрэгсэхгүй болгож Б.Д-, Ц.Н- нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв” гэж тодорхойлжээ. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Д-, Ц.Н- нарыг бүлэглэн” хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Уг нь бэлтгэсэн гэж буруутгах үндэслэлгүй байсан. Хоёрдугаарт, шүүх ял шийтгэл оногдуулахдаа дор дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялгамжтай оногдуулна” гэх заалтын дагуу ялыг ялгамжтай оногдуулаагүй. Мөн Ц.Н-гийн хувийн байдлыг харгалзан үзээгүй. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Н- нь хэргийн талаар тогтвортой мэдүүлэг өгч, үйлдэлдээ болгоомжгүй, хайхрамжгүй хандсан төдийгүй, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үйлдэл илрээгүй, хамаарал бүхий этгээд биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Ц.Н-гийн төрсөн эцэг Э.Ц- 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, төрсөн эх Д.Н- нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан бөгөөд түүний төрсөн дүү Ц.Х-, Ц.Х-, Ц.Х- нар нь бүтэн өнчирч Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/112 дугаартай захирамжаар 9-14 настай Ц.Х-, Ц.Х-ын асран хамгаалагчаар Ц.Х-ыг тогтоосон. Гэтэл Ц.Х- нь БНСУ-д суралцахаар явсан тул Ц.Н- нь бага насны 2 дүүгийнхээ асран хамгаалагчаар үлдэн хамт амьдарч байгаад шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хоригдоход дүү нар нь гэртээ харж хандах хүнгүй үлдсэн байдаг. Одоо 3 болон 9 дүгээр ангид суралцдаг, бага насны 2 хүүхдийг ойр дотны харж хандах хүн байхгүй байгаа бөгөөд төрсөн ганц ахынхаа асрамжид амьдрах хүсэлтэй байгаа. Мөн Ц.Н- шулуун гэдэсний өвчний улмаас байнга эмчилгээ хийлгэдэг, цэвэр ариун орчин нөхцөлд тогтмол арчилгаа хийж байх шаардлагатай байдаг. Уг өвчний улмаас шулуун гэдэсний буглааны мэс засалд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Цэргийн төв эмнэлэгт орсон, БНХАУ-д 2026 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр шулуун гэдэсний бугалаа авах мэс засалд орсон, дахин 2026 оны 09 дүгээр сард төлөвлөгөөт хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж түүний харж асрах хүнгүй бүтэн өнчин хоёр дүүг болон эрүүл мэндийн хувьд өвчтэй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Н-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/112 дугаар Засаг даргын захирамжаар Ц.Х-, Ц.Х- нарын асран хамгаалагчаар Ц.Х-ыг тогтоосон. Ц.Х- Ц.Н-гийн асрамжид шилжүүлсэн. Эцэг, эхийнх нь нас барсны гэрчилгээ, дүү нарынх нь төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт, төрөл садны лавлагаа, шүүгдэгчийн эрүүл мэндийн магадлагаа зэрэг нотлох баримтыг гаргаж байна. Шүүгдэгчийн хоёр дүүг эмэг эх болох н.Ц- харж байсан. Би шүүгдэгчтэй очиж уулзахад “эмээгийн бие муу байсан яаж байгаа бол” гэж асуудаг байсан. Шүүгдэгчийн эмэг эх 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан. Шүүгдэгчийн хоёр дүүг авга талын төрөл садны хүн эргэж тойрч байна. Ц.Н-гийн эмэг эх нас барсныг хэлж чадаагүй байсан. Дээрх баримтуудтай прокурор танилцсан. Ц.Н- гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 3 дугаар заалтад шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар гэх хэсэгт “прокуророос шүүгдэгч нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар тухайн бодисыг хаанаас түүж, яаж бэлтгэсэн нь нотлогдон тогтоогдоогүй байх тул бэлтгэсэн гэх шинжийг хэрэгсэхгүй болгож, Б.Д-, Ц.Н- нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв” гэж тодорхойлжээ. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.Д-, Ц.Н- нарыг бүлэглэн” хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн” гэж ял шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна. Уг нь бэлтгэсэн гэж буруутгах үндэслэлгүй байсан. Хоёрдугаарт, шүүх ял шийтгэл оногдуулахдаа дор дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялгамжтай оногдуулна” гэх заалтын дагуу ялыг ялгамжтай оногдуулалгүй, яг адил ял оноожээ. Мөн Ц.Н-гийн хувийн байдлыг харгалзан үзээгүй. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Н- нь хэргийн талаар тогтвортой мэдүүлэг өгч, үйлдэлдээ болгоомжгүй, хайхрамжгүй хандсан төдийгүй, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үйлдэл илрээгүй, хамаарал бүхий этгээд биш гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Ц.Н-гийн төрсөн эцэг, эх нас барсан бөгөөд түүний төрсөн дүү Ц.Х-, Ц.Х-, Ц.Х- нар нь бүтэн өнчирч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/112 дугаартай захирамжаар 9-14 настай Ц.Х-, Ц.Х-ын асран хамгаалагчаар Ц.Х-ыг тогтоосон. Гэтэл Ц.Х- нь БНСУ-д суралцахаар явсан тул Ц.Н- нь бага насны 2 дүүгийнхээ асран хамгаалагчаар үлдэн хамт амьдарч байгаад шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хоригдоход дүү нар нь гэртээ харж хандах хүнгүй үлдсэн. Одоо 3 болон 9 дүгээр ангид суралцдаг бага насны 2 хүүхдийг ойр дотны харж хандах хүн байхгүй байгаа бөгөөд төрсөн ганц ахынхаа асрамжид амьдрах чин хүсэлтэй байгаа болно. Мөн Ц.Н- нь шулуун гэдэсний өвчний улмаас байнга эмчилгээ хийлгэдэг уг өвчний улмаас шулуун гэдэсний буглааны мэс засалд орсон, дахин 2026 оны 09 дүгээр сард төлөвлөгөөт хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж түүний харж асрах хүнгүй бүтэн өнчин хоёр дүүг нь болон эрүүл мэндийн хувьд өвчтэй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Б.Д- хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч ойлгосон байдал, сэтгэцэд нөлөөт бодисыг дахин огт хэрэглэхгүй гэдгээ илэрхийлж байгаа байдал зэргийг нь харгалзаад түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож болох байсан. Гэтэл заавал нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Д- нь мансууруулах төрлийн бодисоос хамааралтай болчихсон түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байна. Анх удаагаа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүнд нэг удаа боломж олгож болох байсан. Гуравдугаарт, шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага бол байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болно гэж заасан. Шүүгдэгчид ашигтай, хүмүүжлийн шинж чанартай, үр өгөөжтэй, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн эрүүгийн хуулийн эдгээр заалтын бүх шаардлагыг бүрэн хангасаар байхад эдгээр заалтыг хэрэглэлгүй заавал нийгмээс тусгаарлаж хорих байгууллагад хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Д- нь тархи толгойны суурь өвчтэй учир унаж татдаг бөгөөд хорих байгууллагад ял эдлэх нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байна. НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, ухааруулж ойлгуулах, эмчлэх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд нь эргэн оруулахыг Ч-члах нь зүйтэй" гэж заасан байна. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршгийн хир хэмжээг бага гэж үзээд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамруулжээ. Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм. Дээр дурдсан нөхцөл байдлууд, оршин суух тодорхой хаягтай болон хувийн байдал зэргийг нь харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж “зорчих эрх хязгаарлах ял” оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт түүний оролцсон оролцоо, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Б.Д- нь мансууруулах төрлийн бодисоос хамааралтай болчихсон түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байна. Анх удаагаа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүнд нэг удаа боломж олгож болох байсан. Шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага бол байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Тэрчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болно гэж заажээ. Шүүгдэгчид ашигтай, хүмүүжлийн шинж чанартай, үр өгөөжтэй, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын бүх шаардлагыг бүрэн хангасаар байхад эдгээр заалтуудыг хэрэглэлгүй заавал нийгмээс тусгаарлаж хорих байгууллагад хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Д- нь тархи толгойны суурь өвчтэй учир унаж татдаг бөгөөд хорих байгууллагад ял эдлэх нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байна. Монгол улсын эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн иргэнээ нийгэмшүүлэхэд оршдог. НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, ухааруулж ойлгуулах, эмчлэх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд нь эргэн оруулахыг Ч-члах нь зүйтэй” гэж заасан. Монгол Улс олон улсын энэ гэрээнд 1999 онд нэгдсэн орсон байна. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг бага гэж үзээд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамруулжээ. Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм. Дээр дурдсан нөхцөл байдлууд, оршин суух тодорхой хаягтай болон хувийн байдал зэргийг нь харгалзан анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж “зорчих эрх хязгаарлах ял” оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “бэлтгэсэн, хадгалсан” гэж бичсэн. Гэвч 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн захирамжаар залруулга хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хөнгөн төрлийн гэмт хэрэг боловч бусад төрлийн хөнгөн хэргээс ялгагдах онцлог шинж нь нийгэмд учруулах шинж чанар, хэр хэмжээ, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хор уршигтай гэмт хэрэг юм. Шүүгдэгч нар их хэмжээний өвсийг тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт тогтоогдсон тул ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Мөн Б.Д- “сүрьеэ өвчтэй, уушгины хоёр удаагийн цооролтой” гэсэн агуулгаар гомдол гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-д шүүгдэгч нарын гомдолд дурдсан өвчнүүд хамаарахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” тогтоогдсон. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно.”, 25.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Н-гийн 9 настай дүү болох Ц.Х-, 14 настай дүү болох Ц.Х- нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах эсэх асуудлаар өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Б.Д-, Ц.Н- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Д-, Ц.Н- нар нь бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай нийт 3.301,5 грамм ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Ц- УЕЕ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0325/6154 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 89-93/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1089 дугаартай дүгнэлт /1хх 125-126/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1017 дугаартай дүгнэлт /1хх 131-132/,

-Цагдаагийн2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн илтгэх хуудас /1хх 5/,

-2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ц- УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-14/,

-2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-19/,

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1хх 21-25/,

-2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 33-37/,

-2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр банкны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 38-60/,

-2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр утасны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 61-68/,

-эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 71-72/,

-Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт “Ц- УЕЕ машинтай 2 хүн дөрвөн хайрцаг каннабис ургамал тээвэрлэж явсныг саатуулсан.” гэх дуудлага лавлагааны хуудас /1хх 4/, зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж, прокуророос шүүгдэгч нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг “худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж ирүүлснийг бэлтгэсэн” гэх шинжийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-, Ц.Н- нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх Б.Д-, Ц.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт “...Эпилепси буюу уналт, таталт өвчтэй. ...хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг “...шулуун гэдэсний бугалаа авах мэс засалд орсон, дахин 2026 оны 09 дүгээр сард төлөвлөгөөт хагалгаанд орох шаардлагатай байгаа. ...асран хамгаалах хүнгүй бага насны 2 хүүхэд болон эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээдийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг хамааруулдаг.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

          Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон онцгой бүрэн эрх билээ.

Дээрх үндэслэл, зарчимд нийцүүлэн дүгнэхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас анхан шатны шүүх, нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Н-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/48, А/70 дугаар тушаалаар баталсан “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-д шүүгдэгч Б.Д-ын “...Эпилепси буюу уналт, таталт өвчин...”, шүүгдэгч Ц.Н-гийн “...шулуун гэдэсний бугалаа..” зэрэг өвчин хамаарахгүй тул гомдлуудад дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарт оногдуулсан шийтгэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүгдэгч нарын биеийн эрүүл мэндийн байдлын улмаас оногдуулсан хорих ялыг эдлэх боломжгүй, тухайн өвчний учир мэс заслын ажилбараар эмчлүүлэх, бусад эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага үүссэн бол хорих байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-, Ц.Н- болон тэдгээрийн өмгөөлөгч нарын тус тус гаргасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих” агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н-гийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/112 дугаар захирамжаар Ц-ын Х- /РД:УЦ-/, Ц-ын Х- /РД:УЦ-/ нарын асран хамгаалагчаар төрсөн эгч Ц-ын Х- /РД:УЦ-/-ыг тогтоосон боловч Ц.Х- нь Бүгд найрамдах солонгос улсад суралцаж байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус зааснаар Ц-ын Х- /РД:УЦ-/, Ц-ын Х- /РД:УЦ-/ нарын асрамжийн асуудлыг зохих байгууллага албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэхийг прокурорт даалгахаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Д-, Ц.Н- нарын анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт:

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар Ц-ын Х- /РД:УЦ-/, Ц-ын Х- /РД:УЦ-/ нарын асрамжийн асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэхийг прокурор Б.Саруул-Ирээдүйд даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулан өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Ц.Н-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, Ц.Н- нарын цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                 Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                       Л.ОДОНЧИМЭГ