Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/461

 

2026            04            20                                                                       2026/ДШМ/461

 

 

П.Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Намуун /цахимаар/,

шүүгдэгч П.Б- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг /цахимаар/,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/417 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор П.Б-өд холбогдох 2503012311271 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт П-ийн Б-, 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт ...... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 831 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1629 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 08 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:УП-/.

Шүүгдэгч П.Б- нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гүнтийн замд Тоуоtа Рrius маркийн П- УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7,-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт П-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-өд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 6 сар хорих ял дээр урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 сар, 02 хоног зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, 8 сар, 02 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-өд оногдуулсан 8 сар, 02 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийн урьд цагдан хоригдсон 08 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Б-өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П- овогтой Б- миний бие нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ШЦТ/417 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн тал дээр огт маргахгүй болно. Б- миний бие нь өрх толгойлсон эцэг. Миний хүү болох Б- овогтой Амар нь 11 настай асран хамгаалах хүнгүй байгаа. Мөн 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулиар анхан шатны шүүхээс өгсөн ял шийтгэлээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэв.

Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч О.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч П.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон гэж үзэж байна. П.Б- нь хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг. П.Б-өд торгох ял оногдуулбал биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Түүнд торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Э.Намуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Б-ийн хувийн байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүх улсын яллагчийн гаргасан саналыг үндэслэлтэй гэж үзэн түүнд 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч П.Б- нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүрэлцэн ирээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг нэмж, нэгтгээгүй учраас тусгайлан гаргах санал байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/417 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус зааснаас үзвэл, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, зөрчигдсөн эрхийг сэргээж, нөгөө талаас аливаа гэм буруутай этгээдийн эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах эрх зүйн хүчин чадал бүхий шийдвэр гаргадаг тул үйл ажиллагаандаа хуульд захирагдах зарчмыг удирдлага болгох үүрэгтэй.

1. Анхан шатны шүүх П.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сар хорих ялаар шийтгэж, өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1629 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 сар, 02 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 08 сар, 02 хоногийн хугацаагаар хорих ялаар шийвэрлэхдээ нэмэгдэл ялыг нэмж нэгтгэлгүй орхиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Б- нь хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хасуулснаасаа хойш 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба энэ үйлдэлд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1629 дугаар шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах  ялаас гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэрэглэсэн бөгөөд энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүгдэгч П.Б- тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байхдаа буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр П- УЕТ улсын дугаартай “Toyoto Prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүгдэгчид ял оногдуулахыг үүрэг болгосон заалт юм.

Эрх хасах ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид нийтийн албанд ажиллах, томилогдох, сонгогдох, тээврийн хэрэгсэл жолоодох, тодорхой төрлийн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах зэргээр хуульчилсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрхийг нь хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь нь шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим нь нийгмийн шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн ял завшихгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. 

Гэвч анхан шатны шүүх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1629 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Б-өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн үндсэн ялыг нэмж нэгтгэсэн боловч түүнд энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгээгүй, уг ялыг хэрхэн эдлүүлэх талаарх үндэслэлээ огт тайлбарлаагүй байна.  

Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөхөөр байх ба Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасанд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй үндэслэлд хамаарна.

Иймд шүүгдэгчийн урьд шийтгүүлсэн нэмэгдэл ялыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.  

2. Мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийг сэжигтнээр тооцсон үеэс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд зааснаар хувийн байдлыг тогтоож, хавтаст хэрэгт хавсаргах үүрэгтэй.

Шүүгдэгч П.Б- давж заалдах гомдолдоо ам бүл хоёр,  11 настай хүүхдийн хамт амьдардаг талаар дурдсан, мөн анхан шатны шүүх хуралдаанд энэ талаараа мэдүүлсэн байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенци, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүүхдийн эрхийг төр хамгаалах үүрэгтэй. Шүүдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хүүхдийн асуудлыг хэрхэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Ийнхүү Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/417 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүгдэгч П.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/417 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.        

2.Шүүгдэгч П.Б-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                   Т.ӨСӨХБАЯР  

                        ШҮҮГЧ                                                                  П.ГАНДОЛГОР