| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2503007081154 |
| Дугаар | 2026/ДШМ/424 |
| Огноо | 2026-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/424
2026 04 10 2026/ДШМ/424
Л.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Э.Г,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Б,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2853 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Б-д холбогдох эрүүгийн ............... дугаар хэргийг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.Б нь 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03 цаг 13 минутын үед .... дүүргийн .... дугаар хороо, .... замд “Тоёото Приус 30” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас мотоциклийн жолооч Э.Г-тэй мөргөлдөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгийн хохирол 3,390,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 792,000 төгрөг, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны цалин хөлс 5,634,396 төгрөг, нийт 9,816,396 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид, 338,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн санд тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхээс эхэлж ажиллаж байна. Манай үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн байдлаар маргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдлыг “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгаар гаргасан. Шүүгдэгч Л.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Уг осол шөнийн 03 цагийн үед гарсан. Тухайн үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан, энэ үед хохирогч нь гэнэт гарч ирж осол гарсан. Мөн хохирогч нь мотоцикл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл буюу мотоцикл жолоодсон. Хохирогчийн дээрх гаргасан үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд бичгээр гаргасан гомдолдоо “шүүх хуралдаан хэлэлцэгдэхээс өмнө хохирлоос тодорхой хэмжээний хувийг төлнө” гэж тусгасан. Манай үйлчлүүлэгч нь шүүх хуралдаан орохоос өмнө боломжоороо мөнгө цуглуулж, 2,000,000 төгрөгийг хохирогчид өгөх гэсэн боловч тэрээр “хохирлоо бүтнээр нь авна” гэж хэлээд дансаа өгөөгүй тул хохирол төлж чадаагүй. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд өндөр настай, тулгуур эрхтний бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан хүн байдаг. Түүний ажил эрхлэлтийн тухайд такси, үйлчилгээнд явж амьжиргаагаа залгуулдаг хүн байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ялын санкцгүй гэмт хэрэг ба шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа тул түүний хувийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр тогтоолгох саналтай байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Э.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт итгэхгүй байна. Хэрэв тэрээр өөрийн гэм бурууг ухамсарлаж, ойлгож, гэмшиж байсан бол учруулсан хохирлоо төлөх байсан. Гэвч шүүгдэгч Л.Б өнөөдрийг хүртэл хугацаанд ямар ч хохирол төлбөр төлөөгүй. Энэ осол 2025 оны 6 дугаар сард гарсан. Хэрэг учрал болоод 1 жилийн хугацаа болох гэж байхад хохирлоо төлөөгүй байгаад гомдолтой байна. Шүүгдэгч Л.Б нь өөрийн амаар “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж хэлээгүй. Би түүнийг “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж хэлж байхыг сонсоогүй. Тэр ч байтугай тэрээр надад хандаж “танил, талаараа надад ял оногдуулсан” гэж хэлсэн. Мөн хэрэг шалгагдаж байх хугацаанд шинжээчийн дүгнэлттэй танилцах гээд зогсож байхад “чамд хохирол төлөх албатай ч биш” гэж хэлсэн. Би гомдолтой байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Б нь 2025 оны 6 дугаар сарын 11-ний шөнийн 03 цаг 13 минутын үед ..... дүүргийн .... дугаар хороо, .... замд “Тоёото Приус 30” загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас мотоциклийн жолооч Э.Г-тэй мөргөлдөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Г-ийн “...Би 2025 оны 6 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчим .... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... замд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклтой замын хөдөлгөөнд зүүнээс баруун чиглэлд зорчин явж байтал нэг тээврийн хэрэгсэл буцаж зүүн эргэх үйлдэл хийгээд гэнэт 1 дүгээр эгнээ рүү шууд дараад ороод ирсэн. Би тоормос гишгэсэн боловч руль дайвалзаад очоод нөгөө тээврийн хэрэгслийг мөргөсөн. Мөргөөд биеийнхээ зүүн талаар нүүр хэсгээрээ газар унасан. Тэгсэн нөгөө тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа гарч ирээд “хаанаас гарч ирсэн гай вэ” гээд уурлаад байсан. Тухайн үед миний ухаан бага зэрэг балартаад байсан. Хэсэг хугацаанд шоконд орсон байсан. Ослын газарт байхад нэг танихгүй хүн ирээд цагдаа болон түргэн дуудсан. Эхлээд ослын газар манай найз такси барьж ирсэн. Намайг түшээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд хөмсөг, уруул ам, зүүн гарын чигчий ядам хуруунд оёдол тавиулсан. Тэгээд бүтэн биеийн “MRI” хийлгэхэд зүүн хоёр хуруу, алганы яс зэрэг хугарсан байсан. Хөл хавдсан, нүүр тал нь хавдсан зэрэг зовуурьтай байсан. ...” /хх 17-19, 58-59/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...дүүргийн ... дугаар хорооны ..... замд 2025 оны 6 дугаар сарын 11-ний 03 цаг 13 минутын орчимд Тоёота Приус 30 загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь мотоциклтой жолоочтой мөргөлдөж, Э.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн. ...Эрүүл мэндийн даатгалын сангаас 338,000 төгрөг гарсныг Л.Б-аас гаргуулж өгнө үү. ...” /хх 32/,
шүүгдэгч Л.Б-ын яллагдагчаар өгсөн “...Тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. ...Би 2025 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед “А” Банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн Тоёота Приус 30 загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан. ... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... замаар зорчин явж байгаад зүүн эргэх үйлдэл хийгээд баруун эргээд чигээрээ хойшоо байрлуу орох гэж байгаад мотоцикль хажуу талаас ирж мөргөсөн. Тэр мотоцикльтой хүүхэд хаалга руу мөргөөд газар унасан. ...Өнөөдрийн байдлаар ямар нэгэн эмнэлгийн болон мөнгөн тусламж үзүүлсэн зүйл байхгүй. ...” /хх 74-75/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №ЕГ0725/8281 дугаартай “...Э.Г-ийн биед зүүн сарвууны 4, 5-р хурууны алганы шивнүүр ясны ил хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхи, уруул, зүүн сарвууны 4, 5-р хурууны шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, хамар, зүүн шуу, зүүн сарвууны 2, 3-р хуруу, зүүн өвдөг, зүүн тавхай, зүүн шагайны зулгаралт, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” /хх 38-39/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ЕГ0825/3213 дугаартай “...Э.Г-ийн сэтгэцэд 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. ...” /хх 52-53/ тус тус дүгнэлтүүд,
Тэнцвэр Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/01598 дугаартай “...авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг нийт 3,390,000 төгрөгөөр тогтоосон. ...” /хх 104-105/ тайлан,
Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0001432 дугаартай “...Мотоциклийн жолооч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Тоёота Приус 30 загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна. ...” /хх 64/ магадлагаа,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-14/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Л.Б-ыг тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Л.Б-ын “Тоёото Приус 30” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 10.1, 3.4а-д тус тус заасан заалтыг зөрчсөний улмаас мотоциклийн жолооч Э.Г-тэй мөргөлдөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Б “...Шүүгдэгч Л.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын тухайд 65 настай буюу өндөр настай, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Хохирол төлбөрийн тухайд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө тодорхой хэмжээгээр хохирогчид төлж барагдуулна. Иймд түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцжээ.
Анхан шатны шүүхээс хохирогч Э.Г-ийн сүүлийн 6 сарын хугацааны цалин хөлсний дундажийг тооцон 3,365,861 төгрөгийг ажлын 21,5 хоногт хуваан нэг өдрийн цалин 156,551 төгрөг болж байгаа талаар үндэслэлтэй дүгнэжээ.
Харин 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдөр осол болсноос хойш 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хохирогчийн ажилгүй байсан хугацааны ажлын хоногийг 36 гэж тооцохдоо амралтын өдрүүдийг хасч тооцоогүй алдаа гаргасныг зөвтгөн ажлын 22 хоногийг нэг өдрийн цалин 156,551 төгрөгөөр тооцож үзэхэд 3,443,242 төгрөг болж байх тул магадлалд энэ талаар өөрчлөлт оруулав.
Иймд шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2853 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгийн хохирол 3,390,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 792,000 төгрөг, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хугацааны цалин хөлс 3,443,242 төгрөг, нийт 7,625,242 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид, 338,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын төрийн санд тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР