Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Б, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 1820001710098 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, 7 настай хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороонд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай засмал зам дээр буюу Замын-Үүд сумаас хойш 68 км-т Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн З.С-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        - Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04 цагийн орчимд хүү 3.С, 3.Ч нарын хамт өөрийн эзэмшлийн Тоёота Аллион маркийн автомашинаар Замын-Үүд сум руу гарсан. Тухайн үед манай үеэл Ө-н хүүхдийн үсний найр болох гэж байсан ба би тэр найранд оролцчихоод, БНХАУ-ын Эрээн хот руу хүүхдүүдийнхээ хамт гарч хичээл сургуулийнх нь юмыг бэлдээд буцах зорилготой явсан юм. Ингээд би автомашинаа жолоодож, 2 хүүхэд маань машины ар талын суудал дээр зорчиж явсан. Замын-Үүд сум руу нилээд дөхөж ирж байтал би гэнэт машинаа замын хажуу тал руу дарснаас болж машин маань өнхөрсөн. Би машиныг агаарт хөөрч байсныг мэдэж байгаа ба газарт буусныг мэдэхгүй байна. Учир нь би ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэргэхэд бага хүү Ч маань өөр хүний машинд суучихсан, харин том хүү маань машинаас нилээд зайтай газарт хэвтэж байсан. Би мөлхөөд том хүү дээрээ очиход хүү маань амьсгаатай байсан. Ойролцоогоор 20-30 минутын дараа байх эмнэлгийн түргэн тусламжийн машин ирсэн. Тэгээд миний талийгаач хүүг Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг рүү, харин бага хүү бид хоёрыг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Осолд орсон талаар нөхөртөө тэр өдөртөө хэлээд нөхөр маань Монгол Улсад ирсэн. Хажуугаар машин гарснаас болж би цочоод замын хажуу тал руу машинаа дарсан болов уу гэж бодож байна. Гэхдээ яг машин өнгөрсөн үгүйг би сайн мэдэхгүй байна. Миний хөдөлгөөнд саад учруулсан хүн, тээврийн хэрэгсэл, мал байхгүй. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би анхаарал болгоомжгүйгээс ийм зүйл боллоо. Би маш их харамсаж, гэмшиж байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 119-121/,

      - Хохирогч С.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа эхнэр, хүүхдүүдтэйгээ өдөр бүр холбогдож утсаар ярьдаг байсан. 2018 оны 07 дугаар сард осол болохоос хэд хоногийн өмнө эхнэр маань надад хэлэхдээ 2 хүүгээ аваад Замын-Үүд сум руу явж ирнэ. Ч-н хүүхэд даахиа авахуулна гэнэ. Тэнд оччихоод БНХАУ-ын Эрээн хотод очиж 2 хүүхдийнхээ хичээл сургуулийн юмыг бэлдээд ирье. 2 хүүхдэдээ гадаад паспорт авчихсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд яг Замын-Үүд сум руу явдаг өдрөө надад явж байгаа талаараа хэлээгүй. 2018 оны 07 дугаар сарын 17-ны орой би ажлаа тарчихаад гэртээ ирээд эхнэр рүүгээ залгатал “Бид гурав Замын-Үүд сум руу явж байгаад осолд орчихлоо. Одоо эмнэлэг дээр байна” гээд болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд би маргааш нь өнжөөд, нөгөөдөр нь Монгол Улсад ирсэн. Би осол болох үед байгаагүй болохоор яг юунаас болж осол болсон талаар мэдэхгүй байна. Энэ талаар эхнэртэйгээ тухтай ч ярилцаагүй байгаа. Миний хүүгийн биеийн байдал зүгээр, ямар нэг зовиур байхгүй байгаа. Осолд орсны улмаас духан дээр нь жаахан шалбарсан өөр гэмтэл учраагүй. Эмчид үзүүлэхэд биеийн байдал нь зүгээр байна гэсэн. Би Замын-Үүд сум руу дагуулж ирэх гэсэн боловч “явахгүй, би айгаад байна” гээд байсан тул хүүгээ дагуулж ирээгүй, Улаанбаатар хотод үлдээчихсэн. Хүү маань сэтгэл санааны хувьд мэдүүлэг өгөх боломжгүй байгаа. Манай эхнэр 2014 онд Улаанбаатар хотод жолооны дамжаа төгссөн. Би Тоёота Аллион маркийн автомашиныг жолооны дамжаа төгссөнийх нь дараа эхнэртээ авч өгч байсан. Түүнээс хойш 2 хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх, ар гэрийн ажил амжуулах зэрэгт байнга машинаа жолооддог байсан. Бид хоёрын хоорондын харилцаа зүгээр, хэвийн байгаа. Нэгэнт ийм зүйл болсон болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөөч л гэж хуулийн байгууллагуудаас хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/,

      - Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу эхнэр Ц.С, хадам ээж Т.Х, хадам эгч Ц.Э түүний хоёр хүүхдийнх нь хамт 11 цагийн орчим санагдаж байна өөрийн машинтайгаа явж байсан юм. Би Замын-Үүд сумаас 75 орчим км яваад наяын цайны газар буюу Улаанбадрах  сум руу салдаг уулзварын ойролцоо ирж байхад цаад тал буюу Улаанбаатар хот талаас Замын-Үүд  сум руу ирж байсан ба намайг явж байхад саарал өнгийн Аллион маркийн тээврийн хэрэгсэл өөдөөс ирж байсан ба гэнэт замын баруун гар тал руугаа дараад хоёроос гурван удаа эргэлдээд унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

      - Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр Б.Б, эгч Ц.Э, ээж Т.Х нарын хамт манай нөхрийн машин болох гранд марк-2 маркийн авто машинтай Сайншанд руу ажлаар явж байсан юм. Би Замын-Үүд сумаас хойд зүгт явсаар яг хэдэн км-т явж байсан эсэхийг мэдэхгүй 80-ын гуанз гэж нэрлэдэг байшингийн орчим явж байтал зам дагуу хөдөлгөөн багатай эсрэг талаасаа буюу Сайншанд сумаас ирж байгаа чиглэлд 400-500 метр зайд ганцаараа явж байсан саарал өнгийн жижиг суудлын авто машин замын хажуу тал руугаа шороо манаргаад онхолдсон, тэгээд бид хөөе тэр машин онхолдчихлоо гээд машинаа зогсоох үед бидний араас ирж байсан Соната-7 маркийн авто машин мөн зогсоод тухайн хүмүүст очиж туслая гээд очсон чинь саарал өнгийн Аллион маркийн авто машин 4 дугуй нь дээшээ харчихсан дотор ээжтэйгээ бололтой 2 бага насны эрэгтэй хүүхэд байсан. 7-8 насны гэмээр хүү биднийг амдаж гүйж ирээд “Ээж, ах 2 байгаа туслаачээ” гээд уйлаад гүйж ирсэн манай нөхөр Б онхолдсон машин руу очсон. Тухайн үед автомашин ганцаараа явж байсан, түүнтэй ойролцоо өөр машин тэрэг байгаагүй, түүний араас болон урд талд ойрхон машин техник байгаагүй тухайн Аллион маркийн автомашиныг шахаж хажуугаар машин гараагүй. Цаанаас эсрэг талын урсгалаар засмал замаар явж байсан болохоор хурд нь мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-21/,

      - Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед төрсөн ээж Х, хүргэн Б, төрсөн дүү С, дүүгийн хоёр хүүхэд, манай хоёр хүүхэд нарын хамт Б-н гранд марк-2 маркийн машинаар Дорноговь аймгийн Сайншанд сум руу гараад явж байгаад Замын Үүд сумаас Сайншанд явах чиглэлд байдаг “70 цайны газар” гэх нэртэй газар явж байхад Сайншанд сумын чиглэлээс ирж яваа саарал өнгийн жижиг суудлын автомашин засмал замаас ертөнцийн зүгээр баруун тийшээ тоос манараад нөгөө жижиг суудлын автомашин онхолдох шиг болсон. Тэгээд тухайн осол болсон газраас нилээд хол зогсоод бид нарын ард явж байсан саарал өнгийн Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг зогсоогоод жолоочоос нь бид нарын урд талаас ирж байсан суудлын жижиг автомашин замаасаа гараад онхолдчихлоо очиж бүгдээрээ туслах уу гэж асуухад за тэгье гээд тухайн осол болсон газар очих гээд явж байхад засмал зам руу 7-9 орчим настай зүүн талын духны хэсгээс цус гарсан эрэгтэй хүүхэд гүйж гарч ирээд манай ээж, ахыг авраарай туслаарай гээд уйлаад байхаар нь Соната-7 маркийн машинд явж байсан 3 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 5 хүн явж байгаад тэд нар хүүхдэд ус уулгаад манай төрсөн дүү С өөрийн гар утсаар Замын-Үүд нэгдсэн эмнэлэг, цагдаа руу залгаж дуудлага өгч Соната-7 маркийн машины жолооч нэг эрэгтэй залуу, манай хүргэн тэр гурав засмал замын баруун тал саарал өнгийн жижиг суудлын автомашин 4 дугуй нь дээшээ харсан, машины наад талд эрэгтэй хүүхэд газар хэвтэж, машин дотор явж байсан хүүхдийн ээжийг осол болсон газар нөгөө гурав очиж машинаас гаргахад машины наад талд газар хэвтэж байсан эрэгтэй хүүхдийн хажуу талд ирээд түргэн, цагдаа дуудсан уу гэж хашхираад байсан.Тэгээд бид нар түргэн, цагдаа дуудаад байж байхад Эрдэнэ сумын цагдаа, эмч нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Шинжээчийн 2018 оны 07 сарын 25-ны өдрийн дүгнэлтэд:

1. Г.Г нь МУ-ын ЗХД-ийн 9-р бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалт зөрчсөн байна.

2. Хурдыг тогтоох боломжгүй байна.

3. Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд лавлаж үзэхэд Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох ... тоот В ангиллын хүчинтэй, эрхийн үнэмлэхтэй байна.

4. Г.Г нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гарах шалтгаан нөхцөл байна.

5. Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 32/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 04/014 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Талийгаач З.С-н биед хавсарсан хүнд гэмтэл: гавал тархины далд гэмтэл баруун чамархайгаас зүүн дагзны хэсгээр гавлын ар хонхор нугасны том нүх рүү чиглэсэн хугарал, орой хэсгээс баруун дагз руу чиглэж гавлын ар хонхрын ирмэгээр нугасны том нүх рүү чиглэсэн хугарал, зүүн чамархайн ар хэсгээс гавлын дунд хонхрын ар ирмэгээр нугасны том нүх рүү чиглэсэн бяцарсан хугарал, тархины аалзан бүрхүүлийн баруун чамархай болон суурь хэсэг дэх цус хуралт, тархины эдийн няцрал, баруун эрүүний дунд хэсгийн зөрсөн хугарал, үүдэн 4 шүдний булгарал, уруулын баруун дээд талд зулгаралт, баруун чихний дээд талд үстэй хэсгийн заагт ангайсан шарх, зулгаралт, баруун чихний дээд талд эдийн дутагдал бүхий шарх, баруун эрүүнд ангайсан шарх, зүүн чихний ар талд зулгаралт, духны зүүн талд цус хуралт, нурууны доод хэсгээр, хүзүүний ар хэсэгт, зүүн далны хэсэгт зулгаралт, баруун эгмэнд, өвчүүний дээд хэсгээр 2-р хавирганы түвшинд цус хуралт, баруун шууны гадна хэсэгт зулгаралт, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт гэсэн гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, дарагдах, шахагдах, шидэгдэх үед үүснэ.

3. Талийгаач З.С нь хавсарсан хүнд гэмтэл: гавал тархины далд гэмтэл баруун чамархайгаас зүүн дагзны хэсгээр гавлын ар хонхор нугасны том нүх рүү чиглэсэн хугарал, орой хэсгээс баруун дагз руу чиглэж гавлын ар хонхрын ирмэгээр нугасны том нүх рүү чиглэсэн хугарал,зүүн чамархайн ар хэсгээс гавлын дунд хонхрын ар ирмэгээр нугасны том нүх рүү чиглэсэн бяцарсан хугарал, тархины аалзан бүрхүүлийн баруун чамархай болон суурь хэсэг дэх цус хуралт, тархины эдийн няцрал гэсэн амь тэнссэн гэмтлүүдийн улмаас нас баржээ.

4. Талийгаач З.С-д үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 52-54/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02/0255 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Г.Г-н биед сээрний 3-5 дугаар нугалмын шахагдсан хугарал, баруун 5-9 дүгээр хавирганы хугарал, тархины эдийн няцрал, нүүр, баруун зүүн нүд, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Г.Г-н биед учирсан сээрний 3-5 дугаар нугалмын шахагдсан хугарал, баруун 5-9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт. Нүүр, баруун зүүн нүд, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх-ийн 59-60/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02/0256 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд З.Ч-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.  Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 68/,

- Г.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 71-72/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-13/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.  

Дээрх нотлох баримтуудаар 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчим Г.Г нь Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай засмал зам дээр буюу Замын-Үүд сумаас хойш 68 км-т онхолдож машин дотор сууж явсан З.С нас барж, зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Г.Г-г 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай засмал зам дээр буюу Замын-Үүд сумаас хойш 68 км-т Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн З.С-н амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Г нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.З-н “...2018 оны 07 дугаар сарын 17-ны орой би ажлаа тарчихаад гэртээ ирээд эхнэр рүүгээ залгатал “Бид гурав Замын-Үүд сум руу явж байгаад осолд орчихлоо. Одоо эмнэлэг дээр байна” гээд болсон явдлын талаар хэлсэн...” гэсэн, гэрч Б.Б-н “...Улаанбаатар хот талаас Замын-Үүд  сум руу ирж байсан ба намайг явж байхад саарал өнгийн Аллион маркийн тээврийн хэрэгсэл өөдөөс ирж байсан ба гэнэт замын баруун гар тал руугаа дараад хоёроос гурван удаа эргэлдээд унасан...” гэсэн, гэрч Ц.С-н “…зам дагуу хөдөлгөөн багатай эсрэг талаасаа буюу Сайншанд сумаас ирж байгаа чиглэлд 400-500 метр зайд ганцаараа явж байсан саарал өнгийн жижиг суудлын авто машин замын хажуу тал руугаа шороо манаргаад онхолдсон... саарал өнгийн Аллион маркийн авто машин 4 дугуй нь дээшээ харчихсан дотор ээжтэйгээ бололтой 2 бага насны эрэгтэй хүүхэд байсан. 7-8 насны гэмээр хүү биднийг амдаж гүйж ирээд “Ээж, ах 2 байгаа туслаачээ” гээд уйлаад гүйж ирсэн манай нөхөр Б онхолдсон машин руу очсон...” гэсэн, гэрч Ц.Э-н “...Сайншанд сумын чиглэлээс ирж яваа саарал өнгийн жижиг суудлын автомашин засмал замаас ертөнцийн зүгээр баруун тийшээ тоос манараад нөгөө жижиг суудлын автомашин онхолдох шиг болсон... тухайн осол болсон газар очих гээд явж байхад засмал зам руу 7-9 орчим настай зүүн талын духны хэсгээс цус гарсан эрэгтэй хүүхэд гүйж гарч ирээд манай ээж, ахыг авраарай туслаарай гээд уйлаад байхаар нь Соната-7 маркийн машинд явж байсан 3 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 5 хүн явж байгаад тэд нар хүүхдэд ус уулгаад манай төрсөн дүү С өөрийн гар утсаар Замын-Үүд нэгдсэн эмнэлэг, цагдаа руу залгаж дуудлага өгч Соната-7 маркийн машины жолооч нэг эрэгтэй залуу, манай хүргэн тэр гурав засмал замын баруун тал саарал өнгийн жижиг суудлын автомашин 4 дугуй нь дээшээ харсан, машины наад талд эрэгтэй хүүхэд газар хэвтэж, машин дотор явж байсан хүүхдийн ээжийг осол болсон газар нөгөө гурав очиж машинаас гаргахад машины наад талд газар хэвтэж байсан эрэгтэй хүүхдийн хажуу талд ирээд түргэн, цагдаа дуудсан уу гэж хашхираад байсан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 04/014 дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3-т заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.. 

 Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б овогт Г.Г-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Б.Н