Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1052

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Пийн М, Бын Бэ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

“Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн хавсралтад тус тус заасан Нгийн Цд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох;

-Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дугаар захирамжийн Аын Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох;

-П.М, Б.Бэ нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, гуравдагч этгээд А.Ч, гуравдагч этгээд  Н.Ц, М.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэг. Нэхэмжлэгч П.М, Б.Бэ нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн П.М, Б.Бэ нар бид 2004 онд 16 хорооноос заалгаж авч, 2005 онд тус дүүргийн 16 дугаар хороо, тухайн үеийн Бэлхийн 33-ын Задгай буюу одоогийнхоор 16 дугаар хороо, Бэлхийн *******-60, *******-60А тоот хаяг бүхий газарт явган хашаа хатган хорооны Засаг даргад хандаж уг газрыг өмчилж авах хүсэлтэй байгаагаа дүүргийн Засаг даргад уламжлуулах өргөдөл гарган цохолт хийлгэж Сүхбаатар  дүүрэгт өгсөн ба шийдэж өгөхгүй болохоор нь 2014 он хүртэл хэд хэдэн удаа өргөдөл өгч байсан.

Тухайн үед газрынхаа тойм зургийг хийж хавсаргадаг байсан тул гар зураг хийж, улмаар кадастрын зураг хийдэг газарт хандан кадастрын зураг хийлгэж нэгдсэн санд оруулахаар өгсөн боловч бидний өргөдлийг шийдэж өгөхгүй, зургийг нэгдсэн санд оруулсан эсэх нь мэдэгдэхгүй очиж асуух болгонд сүлжээгүй гэдэг үгийг хэлж хойшлуулсаар олон жил болсон. Бид газраа айлаар харуулдаг байхдаа тог цахилгаанаа н.Бийнхөөс татаж хэрэглэдэг байсныг тэднийх мэдэх ба мөн хогийн дэвтэр нээлгэж мөнгө тушааж байсан баримт ч байгаа болно. 

Гэтэл 2011 онд Н.Ц гэдэг хүн газар чөлөөлүүлэх нэхэмжлэл иргэний шүүхэд өгөх үед П.М миний өргөдөл өгсөн газрын зургыг ашиглан хууль бусаар газрын гэрчилгээ гаргуулсан болохыг мэдээд өөрт  байсан бичиг материалаа өгч, шүүхэд тайлбар гарган, үнэн зөвийг олж өгөхийг хүссэн боловч албадан нүүлгэх шийдвэр гаргасан. Н.Ц хуурамч бичиг баримт бүрдүүлсэн асуудлаар шалгуулахаар цагдаагийн газар хандахад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж олон жил болсон. Шүүхий шийдвэр гүйцэтгэлийн байгууллага Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 тоот захирамжаар Цд өмчлүүлсэн, СБД-ийн 16 хороо, Бэлхийн *******-38 тоотод байрлах гэх газраас Мгийн эд хөрөнгийг албадан нүүлгэх тухай шийдвэр авч ирж  Сүхбаатар дүүргийн 16 хороо, Бэлхийн *******-60 тоотод байрладаг бидний амьдарч байгаа огт өөр газраас хүч хэрэглэн нүүлгэж Н.Ц нь эд хөрөнгөө авчирч тавьсан нь ойлгомжгүй байдаг. 

Ингээд эрүүгийн хэргийн асуудал олон удаа хэрэгсэхгүй болж, буцаж сэргээж шалгуулж байх үед Н.Цгийн иргэний хэргийн шүүх хуралд ажиглагчаар оролцож байна гээд орж сууж байсан А.Ч гэдэг хүн 2012 оны 05 сард Б.Бийн өргөдөл гаргасан газар дээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 тоот захирамжийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулчихсан түүндээ үндэслэн яг Н.Цгийн аргаар иргэний шүүхэд нэхэмжлэл гарган, газар чөлөөлүүлж нүүлгэх шаардлага хүргүүлсэн.

Уг асуудалд шүүх мөн хэрэг үүсгэсэн боловч Н.Ц, А.Ч хоёртой холбоотой хуурамч баримт бичиг бүрдүүлсэн асуудлаар Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож  байсан. Эрүүгийн хэргийг шалгаж байх хооронд А.Ч газраа М.О гэдэг хүнд бэлэглэж, М.О нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж П.М намайг нүүлгэх шаардлага тавьсан ба шүүх Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосоныг дээд шатны прокурор хянаж байх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гаргасан болно.

Бид иргэний болон эрүүгийн хэргийн шалгаж шийдвэрлэх явцад үнэн зөв нь олдохыг хүлээсэн боловч хууль бусаар авсан газар өмчлөх гэрчилгээнд үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд байгааг ойлгож, уг асуудлаар хандах газар нь захигааны хэргийн шүүх гэдгийг мэдээд нэхэмжлэл гаргаж байна. 

А.Ч нь Бэлхийн *******-37 тоот хаяг бүхий 700 м2 газар гэх бидний хүсэж өргөдөл гаргаж байсан Бэлхийн *******-60А тоот хаяг бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дугаартай захирамжаар өмчилж авсан гэдэг боловч тус Засаг даргын “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр”-ийг иргэний хэргийн шүүхэд Засаг даргын гарын үсэггүйгээр гаргаж өгч байсан. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 дугаартай захирамж нь уг газар дээрээ амьдарч байсан айл өрхөд тухайн газрыг нь 0,07 га-аар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, нэг удаа, үнэгүй, давуу эрхээр нь өмчлүүлсэн (980 өрх) шийдвэр юм. 2005 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооноос бидэнд зааж өгсөний дагуу өргөдөл гаргаж, хорооны Засаг даргаар цохолт хийлгээд байсан бөгөөд хаягжилтын дараа Бэлхий тоот хаягтай болсон газрыг А.Ч эзэмшиж, амьдарч байгаагүй атлаа 2006 онд уг захирамжаар өмчилж авсан байж таарахгүй юм.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн *******-37 гэх хаяг бүхий газартаа А.Ч нь 2007 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах үедээ Бэлхийн *******-59 болгон хаягаа өөрчилсөн гэх боловч энэ нь 16 дугаар хорооноос авсан хаягийн лавлагаагаар аль аль нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл Бэлхийн *******-37  гэх хаяг бүхий газар нь А.Ч Сүхбаатар дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан гэх 2006 оны 05 дугаар сарын 22-ноос Нийслэлийн Засаг даргын 354 тоот захирамж гарах үе буюу 2006 оны 07 сарын 20-ны байдлаар байгаагүй тул тэр хаяг өөрчлөгдөн Бэлхийн *******-59 тоот болсон асуудалгүй болохыг 16 дугаар хорооноос тодорхойлж байгаа болно.

М.О 2009 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн *******-59 тоот хаяг бүхий газрыг А.Чгээс бэлэглэлийн гэрээгээр авсан гээд одоо манай амьдарч буй Бэлхийн *******-60А тоот бүхий газрыг өөрийн өмчлөлийн газар хэмээн маргаж иргэний хэргийн шүүхэд газар чөлөөлж, албадан нүүлгэх шаардлага гарган М намайг хариуцагчаар татсаныг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус юм. 

А.Ч нь Цгийн нэгэн адил одоо амьдарч буй Бэлхийн *******-60А тоот хаяг бүхий газрын кадастрын зургийн ашиглахдаа газрын нэгж талбарын дугаарыг өөрийн өмчлөлийн гэх Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32, 1 дүгээр гудамж, задгай тоот хаягт 186453187461 гэж, Бэлхийн *******-37 хаягт 186453187446 гэж, Бэлхийн *******-59 тоот хаягт 18 гэж өөрчилж нэг газрыг 3 өөр нэгж талбарын дугаартай болгосон, захын солбилцлын цэгүүд өөр  өөр, 2004 онд Ч ямар ч газар өмчилж авсан баримт байхгүй  байхад түүний өмчилж байгаа гэх 2004.12.07-ны огноотой 186453187461 гэсэн нэгж талбарын дугаартай Бэлхийн 32, 1-р гудамж, задгай тоот хаяг бүхий газрын кадастрын зураг хийсэн зэргээс үзэхэд кадастрын зураг ч худал ташаа хууль бус болох нь тодорхой байна. 

Н.Цд Бэлхийн 16 хороо, *******- тоот хаяг бүхий газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тухай Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 сарын 29-ний өдрийн 186 тоот захирамжийн хавсралтын 596-д заасан байдаг. Н.Цд 186 дугаар захирамж гарахаас 9 хоногийн өмнө газар өмчлөхийг хүссэн өргөдөлдөө 16 дугаар хорооны Бэлхийн *******-37  тоот хаяг бүхий газрыг хүссэн байхад Нийслэлийн Засаг даргын 186 дугаар захирамжаар Бэлх 16 хороо, *******-- тоот хаяг бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Н.Цд 16 дугаар хорооны Бэлхийн *******- хаяг бүхий газрыг өмчлүүлэх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 сарын 29-ний өдрийн 186 тоот захирамж нь урьд өмнө амьдарч байсан газрыг нь эзэн эзэнд нь үнэгүй өмчлүүлэхээр 50 өрхөд олгосон шийдвэр байдаг ба Н.Ц тухайн хаяг бүхий газрыг эзэмшиж байсан болон амьдарч байсныг нотолсон баримт байдаггүй юм. Харин ч Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн *******- тоот хаяг бүхий газар 2005 онд байгаагүй, анх 2009 онд хаягжилт хйигдсэн ба *******- хая бүхий газарт Чо******* Май-Эрдэнэ гэх айл амьдарч байгаа, 16 дугаар хорооны Бэлхийн *******-38 гэдэг хаяг бүхий газар огт байхгүй талаар тус хорооноос тодорхойлсон байдгаас үзвэл Цгийн дурдсан хаягууд бүхий газрын өмчлөл хууль бус болох нь тодорхой байна.

Мөн Н.Цгийн өмчилж авсан гэх газрын мэдээллийн сангийн зураг 2005 оны 04 дүгээр сарын 22, мөн оны 05 дугаар сарын 09, 2006 оны 06 дугаар сарын  22, 2012 оны 09 дүгээр сарын 11 гэх мэт олон янзын огноотой, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн-32, 1 дүгээр гудамж, задгай 38 тоот гэсэн 186 дугаар захирамж болон 2004 оны эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаас өөр хаягтай, нэгж талбарын дугаар нь 18*******, 186453187649 гэж өөр өөр байдаг нь кадастрын зураг хууль бус болохыг харуулна. Түүнчлэн өмгөөлөгчийн хүсэлтээр 16 дугаар хорооноос авсан хаягийн лавлагаанд Бэлхийн-32, 1-р гудамж, задгай-38 гэсэн хаяг бүхий газар байхгүй, Бэлхийн 1-32-38 гэх хаяг 2009 оноос хийгдсэн ба уг хаяг бүхий газарт дээр дурьдсан өрх бүртгэгдэн амьдарч байгаа гэдгийг тодорхойлсон байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд “Газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах” тухай заасан байдаг ба мөн зүйлийн 20.1 дэх хэсэгт заахдаа иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд “...оршин суугаа хаяг, газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших  эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар, хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, сум, дүүргийн засаг дарга өргөдлийг хүлээж аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэн зурсан байх” хуулийн шаардлагыг зохицуулсан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 186 дугаар захирамжаар иргэн Н.Цд  өмчлүүлсэн газрын хувийн хэргээс тус бүрт 5 хуудас материалыг нотлох баримтын шаардлага хангуулж иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн байдаг ба уг материалд буй Ч, Ц нарын өргөдлийг хэн  хэзээ хүлээн авсан, хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутын тэмдэглэл байхгүй, гарын үсэг зурагдаагүйгээс гадна газар эзэмших гэрээний хуулбар, газрын хэмжээг харуулсан тойм зураг байхгүй, 2005 оны өргөдөлд цаг хугацааны хувьд сүүлд хийсэн огноотой, нэгж талбарын дугаар зөрүүтэй, хаяггүй кадастрын зураг хавсрагдсан байгаа нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” асуудлыг зохицуулсан ба мөн зүйлийн 21.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсоны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга хуулийн шаардлага хангаагүй өргөдөл болон хавсаргасан материалд үндэслэн хүссэн хаяг бүхий газраа давуу эрхээр өмчлөх болон эзэмших эрх үүссэн болохыг нотлохгүйгээр 2005 оны 04 сарын 29-ний өдрийн 186 захирамжийн хавсралтын 569-д Н.Цд, 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 354 тоот захирамжийн хавсралтын 512-д А.Чд газар өмчлүүлсан хууль бус байх тул тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.” гэжээ. 

Хоёр: Нэхэмжлэгч П.М, Б.Бэ нарын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

“...Нийслэлийн Засаг даргад хандаж Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар хүссэн тухай өргөдлийг дарагдуулж шийдэхгүй байгаа талаар өргөдөл гаргахын зэрэгцээ хуурамч баримт бүрдүүлсэн асуудлаар шалгуулахаар цагдаагийн  газар хандахад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж олон жил болсон. 

Нийслэлийн Засаг дарга бидний удаа дараа гаргасан өргөдлийг шийдэж өгөөгүй ба өргөдөлд дурдагдсан асуудал шүүх, цагдаа зэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгч байсан болно. Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргад  хандан өмгөөлөгч хүсэлт гаргаж тодруулахад бидний өргөдөлд дурдагдсан асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгч байсан талаар бичгээр мэдэгдсэн болно. 

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамжаар А.Ч тус дүүргийн 16 дугаар хорооны Ойчдын Задгай-37 хаягт, 0,04 га газрыг хашааны зориулалтаар 6 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Тэрээр 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дээрхи захирамжинд үндэслэн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн *******-37 тоот хаяг бүхий 400м2 газрыг амины хашааны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших 01******* дугаартай гэрчилгээг А.Чд олгосон байх ба газар эзэмших гэрээ байгуулаагүй байдаг.

...Өөрөөр хэлбэл, газар эзэмших хүсэлт гаргасныг хүлээн авч бүртгээгүй байхад А.Чд газар эзэмшүүлэх захирамж гаргасан, газар эзэмших гэрээ байгуулаагүй байхад гэрчилгээ олгогдсон, эзэмших хаяг бүхий газар болон хугацаа нь зөрүүтэй, гэрчилгээний үнэ болон газрын төлбөр төлсөн баримтгүй тул хууль бус болох нь тодорхой байдаг.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн *******-37 гэх хаяг бүхий газартаа А.Ч нь 2007 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах үедээ Бэлхийн *******-59 болгон хаягаа өөрчилсөн гэх боловч энэ нь тус дүүргийн 16 дугаар хорооноос авсан хаягийн лавлагаагаар аль аль нь нотлогддоггүй, өөрөөр хэлбэл Бэлхийн *******-37 гэх хаяг бүхий газар нь А.Ч Сүхбаатар дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан гэх 2006 оны 05 сарын 22-ноос Нийслэлийн Засаг даргын 354 тоот захирамж гарах үе буюу 2006 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар байгаагүй тул тэр хаяг өөрчлөгдсөн Бэлхийн *******-59 тоот болсон асуудалгүй болохыг 16 дугаар хорооноос тодорхойлж байгаа болно.

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжаар Н.Цд тус дүүргийн 16 дугаар хорооны Бэлх *******-38 хаягт 0,04 га газрыг амины зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Цгийн хэзээний, ямар хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь тодорхойгүй, Н.Цд тус дүүргийн Засаг дарга 16 дугаар хорооны Бэлх *******-38 хаягт 0,04 га газрыг амины зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх дугааргүй гэрчилгээ олгосон, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, гэрчилгээний үнэ болон газрын төлбөр төлсөн  баримтгүй, уг 62 тоот захирамж хавсралтгүй болох нь иргэний шүүхэд газрын албанаас ирүүлсэн баримтнаас тодорхой харагддаг. 

Засаг даргын захирамжинд заасан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Бэлхийн *******- тоот гэх хаяг бүхий газар 2005 онд байгаагүй, анх 2009 онд хаягжилт хийгдсэн ба тус хорооны Бэлхийн *******- хаяг бүхий газарт Чо******* Б******* гэх айл амьдарч байгаа, 16 дугаар хорооны Бэлхийн *******-38 гэдэг хаяг бүхий газар огт байхгүй талаар тус хорооноос тодорхойлсон байдгаас үзвэл Н.Цгийн дурдсан хаягууд бүхий газрын эзэмшил хууль бус болох нь тодорхой байна.

Мөн Н.Цгийн эзэмшиж байгаад өмчилж авсан гэх газрын мэдээллийн сангийн зураг 2005 оны 4 дүгээр сарын 22,  мөн оны 5 дугаар сарын 09, 2006 оны 6 дугаар сарын 22, 2012 оны 9 сарын 11 гэх мэт олон янзын огноотой, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32, 1 дүгээр гудамж, задгай 38 тоот гэсэн 186 дугаар захирамж болон 2004 оны эзэмших эрхийн гэрчилгээнд зааснаас өөр хаягтай, нэгж талбарын дугаар нь 18*******, 186453187649 гэж өөр өөр байдаг нь кадастрын зураг хууль бус болохыг харуулна. 

Түүнчлэн өмгөөлөгчийн хүсэлтээр 16 дугаар хорооноос авсан хаягийн лавлагаанд Бэлхийн 32, 1 дүгээр гудамж, задгай 38 тоот гэсэн хаяг бүхий газар байхгүй, Бэлхийн 1-32-38 гэх хаяг 2009 оноос хийгдсэн ба уг хаяг бүхий газар дээр дээр дурдсан өрх бүртгэгдэн амьдарч байгаа, Бэлхийн 1-32-38 гэх хаяг бүхий газар Н.Цгийн эзэмших эрхийн гэрчилгээ авсан үе болох 2004 оны байдлаар байгаагүй гэдгийг тодорхойлсон байх тул уг газрыг Н.Цд эзэмшүүлсэн гэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот захирамж хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Н.Цд уг газрыг эзэмших эрх үүсэгүй болохыг харуулж байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлт гаргах талаар заасан ба 32.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргах”-аар зохицуулсан байхад Ч, Ц нар хэзээ ямар өргөдөл гаргасан түүнийг нь хэн,  хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээ эзэмшүүлнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ...дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заасан. 

Энэ бүхнээс үзвэл А.Ч, Н.Ц нар газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад хуулийн дагуу гаргаж, хэн, хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй байхад Сүхбаатар дүүргийн засаг дарга дээр дурдсан газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, А.Ц, Н.Ч нартай газар эзэмших гэрээ байгуулж энэ талаар эрх, үүрэг үүсээгүй байхад гэрчилгээ  олгосон нь хууль бус тул хүчингүй болгох үндэслэлтэй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжийн хавсралтын 3-т заасан А.Чд холбогдох хэсгийг, 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот захирамжийн хавсралтад заасан Н.Цд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, бидний Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү.” гэжээ.  

Гурав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжаар иргэн А.Чд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 32 дугаар гудамж, 1-37 тоот хашааны 700м2, 9.240.000 (есөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн үнэ бүхий газрыг,  иргэн Н.Цд  Бэлхийн 32 дугаар гудамж, 1-38 тоот хашааны 700м2, 9.240.000 (есөн сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийн үнэ бүхий газрыг тус тус үнэгүй өмчлүүлсэн.

Тухайн нэр бүхий иргэдэд газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын дээрх  шийдвэр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгууллатын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, ...тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”,  5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж заасныг үндэслэсэн болно.

Н.Цд өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар, А.Чд өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжууд нь холбогдох хууль тогтоомжийг дагуу гарсан бөгөөд хэн нэгэн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирлыг хөндөөгүй байна. Түүнчлэн 2005, 2006 онд гарсан захирамжид 2016 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1.-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзнэ. 

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэжлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.” гэжээ. 

Дөрөв. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Маргаан бүхий газрыг тус дүүргийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай 62 дугаар захирамжаар Н.Цд, 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 171 дүгээр захирамжаар А.Чд тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

1. Дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг “...Засаг даргын тавьсан хоригийг Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар хүлээж аваагүй нөхцөлд уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ ...дүүргийн Засаг дарга аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж болно.” гэж заасныг баримтлан захирамж гаргаж өөрт олгогдоогүй буюу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээг хэрэглэсэн захиргааны акт байна.

2. Дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21.5.3 дахь хэсэг “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасныг баримталсан боловч 2005 онд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын 2005 оны төлөвлөгөө батлагдаагүй нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн.

Иймд тус захиргааны хэргийн нэхэмжлэлийн гурван шаардлагын хувьд дээр дурдсан хоёр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасанчлан илт хууль бус захиргааны акт мөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн 2003 оны 62, 2005 оны 171 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, газар эзэмших эрх олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.” гэжээ. 

Тав. Гуравдагч этгээд Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“...Н.Ц би 1999 онд Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Бэлхийн *******-38 тоот хаягт байрлах газрыг эзэмшиж байгаад, 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу газраа өмчлүүлэх хүсэлтийг 2005 онд гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг 2005.04.29-ний өдөр өмчилж авсан. 2007 онд хороодын зохион байгуулалт хийхэд хаягаа өөрчлөөгүй. 2011 онд Улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

П.М, Б.Бэ нар нь 2004 онд тус газар дээр нүүж ирээд хашаа хатгасан зүйл байхгүй, харин 2010 онд Н.Ц миний өмчлөлийн газар дээр дур мэдэн гэр барьж амьдарч байсан учраас 2011 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд П.Мг албадан нүүлгэн газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас түүнийг албадан нүүлгэсэн юм. Миний өмчлөлийн газраас чөлөөлсний дараа П.М нь хөрш М.Оын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж 2 давхар байшин барьж, Н.Ц намайг болон М.Оын эгч А.Ч бид хоёрыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст ямар ч үндэслэлгүйгээр шалгуулж 2015 онд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас түүнийг албадан нүүлгэсэн байхад П.М 2013 онд дахин миний өмчлөлийн газар дээр  гэж барьж амьдарч байхад нь ШШБЕГазар болон НШШБА-нд гомдол гаргаж дахин газраа чөлөөлүүлж авсан.

...Иймд Н.Ц би хууль зөрчөөгүй хуулийн дагуу газраа өмчилж авсан өмчлөх захирамж гарсан 2005 оноос хойш одоо 10 жил болсон шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн эрүүгийн журмаар хэрэгсэхгүй болгосон, Иргэний шүүхээр П.М нь хууль бусаар газар эзэмшиж байгааг тогтоосон тул П.М, Б.Бэ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

П.М, Б.Бэ нарт хуулийн дагуу олгогдсон газар эзэмших, өмчлөх тухай нотлох баримт байхгүй тул Иргэний хэргийн бүх шатны шүүхийн шийдвэр, газар өмчлөх эрх олгосон Засаг даргын захирамж, кадастрын зураг, газар өмчлөх Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 186 дугаар захирамжийн Н.Ц надад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээд М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“М.О би нагац эгч А.Чгээс 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн *******-59 тоот өмчилсөн газрыг бэлэглэлийн гэрээгээр хүлээн авч 2010 оны 01-р сарын 9-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж 00004896 тоот гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон. Нэхэмжлэгч П.М нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргатай хуйвалдаж, Бэлхийн *******-60А тоот гэж байхгүй хаяг бичүүлж аваад үндэслэлгүй зүйлээр маргаж байна.

2010 оноос хойш хөрш Н.Цгийн өмчлөлийн газар дээр хууль бусаар эзэмшиж байгаа тул шүүхээр П.Мг албадан нүүлгүүлэх нэхэмжлэл гаргаж газраа чөлөөлүүлсний дараа П.М нь миний өмчлөлийн *******-59 тоот хаягт байгаа газар дээр 2013 онд шилжин хууль бусаар амьдарч улмаар 2 давхар тоосгон байшин барьж намайг хохироосон. Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргахад таны өмчлөлийн газар тус дүүргийн  16-р хороо, Бэлхийн *******-59 тоот байна. Шүүх, хуулийн байгууллагад ханд гэсэн хариу өгч байсан.

2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад П.М нь нагац эгч А.Ч, Н.Ц нарыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа гэсэн үндэслэлээр шүүхээс миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. 2015 онд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нь аваад 2015 оны 10-р сард М.О би шүүхэд нэхэмжлэл гаргаж П.Мг хууль бусаар эзэмшиж байсныг тогтоолгож 2 шатны шүүхээс түүнийг албадан нүүлгэж газар чөлөөлүүлэх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.22-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2016.04.22-ны өдрийн 779 дугаар магадлал гарсан.

Иймд М.О би хууль зөрчөөгүй, хуулийн дагуу газар бэлэглэлээр шилжиж хууль ёсны өмчлөгч болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул П.М, Б.Бэ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Долоо. Гуравдагч этгээд А.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“...1. Нэхэмжлэгч П.М, Б.Бэ нарын гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй, нэхэмжлэлд дурьдаж буй нэхэмжлэгч нарын 2004 онд 16-р хорооноос заалгасан гэх Бэлхийн 33-ын задгай гэх газар нь манай эзэмшил, өмчлөлийн газарт ямар ч хамааралгүй. А.Ч миний 1999-2005 онд ашиглаж байсан Бэлхийн *******-р гудамжны тоот хашаа нь Сүхбаатар дүүргийн 15-р хороонд харьяалагдаж, эхлээд Ойчдын-1, Бэлхийн *******-ийн задгай нэртэй байсан. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007.01.17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор тус газар нь Сүхбаатар дүүргийн 16-р хороонд харьяалагдах болж, Бэлхийн *******-59 тоот болж өөрчлөгдсөн ба нэгж талбарын дугаар өөрчлөгдөөгүй болно. (Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014.09.01-ний өдрийн 1/1198 тоот) 

2. Нэхэмжлэгч П.М, Б.Бэ нарын цуглуулсан гэх баримт болох Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Засаг даргын тодорхойлолт нь мөн ямар ч үндэслэлгүй байна. Тухайн хорооны иргэнийн үнэмлэх, хашааны хаягийг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгодог, Монгол Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн дүүргийн өмчийн харилцааны газраар баталгаажсан газрын кадастрыг үндэслэн олгодог байхад П.М, Б.Бэ нарт ямар үндэслэлээр иргэний үнэмлэх олгож, Бэлхийн *******-59 тоот хашааны хаягыг үгүйсгэсэн баримт хийж өгсөн нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна.

3. Нэхэмжлэгч П.Мг өөрийн өмчлөлийн газраас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг М.О нь Сүхбаатар дүүргийн шүүхэд 2012.04.25-нд анх өгсөн бөгөөд тэрээр 5 удаа дараа шүүх хурлыг хойшлуулж, дараа нь зохиомол эрүүгийн хэрэг үүсгүүлж, Иргэний хэргийг түдгэлзүүлж, 2012-2015 онд Прокурорын газраар шалгуулж, бусдын өмчийн газарт дураараа аашлах нь хирээс хэтэрсэн байдаг. П.Мгийн энэ бузар, хууль бус дураараа аашилахад нь төрийн албан хаагч нар, нотариатч оролцсон байдаг. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2013.03.15-ны өдрийн прокурорын 4 тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тогтоолын дараа П.М нь 59 тоот хашааны илүү 100м2 талбайд хуурамч кадастр хийлгэж, түүнийгээ М.Оын өмчилсөн газрын нэгж талбарын дугаар зөрүүтэй мэтээр тайлбарлаж, нотариатч Н.Аюурзанаар баталгаажуулж, прокурорын газарт өгсөн байдаг. Дараа нь Дүүргийн иргэний анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.04.02-ны 10633/с тоот шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байсан хэргийг сэргээж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.04.16-ны өдрийн 10701/с тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүний дараа 2014 оноос 2 давхар байшин барьж байна.

Хууль ёсны өмчлөгч М.О нь бусдын өмчилсөн газарт байшин барих ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 онд өгсөн бөгөөд ямар ч арга хэмжээ авсангүй, харин тус дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014.09.16-ний өдрийн 1/1198 тоот албан бичгээр шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн байдаг. Бэлхийн *******-р гудамжны 30 гаруй айлын хашааны газрыг 1999 оноос Нийслэлийн Хот байгуулалтын хүрээлэн (хуучин нэрээр)-ийн ажилтнууд ашиглаж, эзэмшиж, өмчилж байгаа бөгөөд энэ талаар тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг нь Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014.10.08-ны 2405а дугаар тогтоолд дурдсан байдаг. Түүнчлэн, А.Ч, М.О, Н.Ц нарын хашааны газрын эх бичиг баримтанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын мэргэжилтэн Н.Б*******ыг байлцуулан, мөрдөн байцаагч Б.Мөнхзулын 2013.02.25-ны өдөр үзлэг хийсэн тухай Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2013.03.15-ны 4 дүгээр тогтоолд дурдсан байдаг. Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015.04.15-ны 301 тоот тогтоолд Бэлхийн *******-59 тоот газар нь А.Чгийн хууль ёсны өмчлөлийн газар болохыг тогтоож, П.Мгийн эзэмшлийн газар биш болохыг тогтоосон байдаг.

П.М, түүний өмгөөлөгч, хамсаатнуудын хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс болж татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хуулийн байгууллагынхны ажлыг хүндрүүлж /П.Мгийг үйлдлийг таслан зогсоох 4 мөрдөн байцаагч, 4 прокурор, 4 шүүгчийн санал, тогтоол, шйидвэр гараад байна./ хуулиа хүндэлдэг, ёс журамтай шударга иргэдийг хохироож буй тул ...нэхэмжлэлийг нэн даруй хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн хавсралтад заасан Нгийн Цд холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжийн Аын Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг;” ойлгохоор хуульчилсан байна.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь: 

нэгд, маргаан бүхий 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар захирамжийг  үндэслэн гуравдагч этгээд Н.Цд 2004 оны 6 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг;  

хоёрт, маргаан бүхий 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамжийг  үндэслэн гуравдагч этгээд А.Чд 2006 оны 5 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийг гэрчилгээг  тус тус олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Гэтэл гуравдагч этгээд Н.Цд холбогдох хариуцагчийн маргаан бүхий 2003 оны 62 дугаар захирамж нь “Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” захирамж бөгөөд уг захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу Н.Цд газар эзэмшүүлэх тухай “хууль ёсны шийдвэр” гараагүй байхад хариуцагчаас тус захирамжийг үндэслэн 010404417 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон нь хууль бус байна. 

Харин гуравдагч этгээд А.Чд холбогдох хариуцагчийн маргаан бүхий 2005 оны 171 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, ...байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.” гэсэн заалтыг үндэслэж газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргасан боловч 2005 онд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын 2005 оны төлөвлөгөө батлагдаагүй байхад А.Чд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн гэсэн хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын өөрийнх нь гаргасан тайлбараар  хууль зүйн үндэслэлгүй тушаал гарсан болох нь нотлогдож байна. 

Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу “засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг хангах ажлыг хариуцах” эрх бүхий албан тушаалтан мөн байтал Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх  заалтад заасан “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” гэсэн заалтыг тус тус зөрчиж:

-гуравдагч этгээд Н.Цд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гараагүй, 34 дүгээр зүйлд заасан газар эзэмших гэрээ байгуулаагүй байхад түүнд  газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож; 

-гуравдагч этгээд А.Чд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байхад хууль зөрчиж шийдвэр гаргасан, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан газар эзэмших гэрээ байгуулаагүй байхад түүнд  газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож; 

тус гэрчилгээнүүдийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар  Н.Ц, 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 354 дүгээр захирамжаар  А.Ч нар нь маргаан бүхий газруудыг тус тус өмчилж авснаар нэхэмжлэгч П.М, Б.Бэ нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дараах байдлаар тус тус тогтоогдож байна. Үүнд:

нэгд, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсангаас  2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/3050 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн “...маргаан бүхий газрыг тус дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжаар Н.Цд, 2005 оны 171 дүгээр захирамжаар А.Чд тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна, ...Дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамж нь ..., 2005 оны 171 дүгээр захирамж нь ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасанчлан илт хууль бус захиргааны акт мөн бөгөөд ...нэхэмжлэлийн 2003 оны 62, 2005 оны 171 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч” байна гэсэн тайлбараар;

хоёрт, маргаан бүхий хариуцагчийн 2003 оны 62 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /1992 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасан “Засаг дарга, эрх хэмжээнийхээ дотор хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэсэн заалтыг үндэслэсэн бөгөөд гуравдагч этгээд Н.Цд газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар;

гуравт, тус шүүхээс хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/13245 дугаар албан бичгээр  “...Н.Цд холбогдох газрын хувийн хэрэг болон бусад баримт бичгүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэх”-ийг шаардсан боловч хариуцагчаас “...Н.Цгийн хувийн хэрэг хадгалагдаагүй байна.” гэсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/3295 дугаар албан бичгээр;

дөрөвт, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжаар гуравдагч этгээд А.Чд тус дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын задгай-д 0.04 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, харин Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн ******* дүгээр гудамжны тоот, 700 м2 газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэгд, тус хугацаанд Ойчдын задгай тоот хаяг бүхий газар Бэлхийн *******-37 тоот болж өөрчлөгдөөгүй, мөн тус хаяг дээр өөр иргэд оршин суудаг бүртгэлтэй  гэсэн тус дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт , хоёрт, 0.04 га газрыг 700.м2 болгож газрын хэмжээг ихэсгэх тухай өргөдлийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг байхгүй , мөн нэгж талбарын кадастрын зурагт газрын албаны мэргэжилтэн болон хянасан газрын албаны даргын гарын үсэг тус тус байхгүй  болох нь хариуцагчаас нотлох баримтаар гаргасан А.Чгийн газрын хувийн хэрэгт  авагдсан баримтуудаар тус тус нотлогдож байна. 

Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, ...байгууллагатай газар эзэмшүүлэх, ...асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, ...газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад ...гаргана.”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1-д заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ...дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана.”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ...дүүргийн газрын алба тухайн иргэн ...байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж гаргасан:

-гуравдагч этгээд Н.Цд газар эзэмшүүлэх үндэслэл  болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамж болон газар эзэмших эрхийн 010404417 дугаар хууль бус гэрчилгээг үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн  Н.Цд холбогдох хэсгийг;

-гуравдагч этгээд А.Чд газар эзэмшүүлэх үндэслэл  болсон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамж болон газар эзэмших эрхийн 010410993 дугаар гэрчилгээг үндэслэн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжийн  А.Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Учир нь, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх;” гэж заасан байна. 

Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3-т “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/ ...”, 20.3.4-т “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг;”, 20.4-т “...дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна.” гэсэн заалт бүрээр гуравдагч этгээд Н.Ц, А.Ч нараас гаргасан газар өмчилж авах тухай өргөдөл, холбогдох баримт бичгийг хуульд заасны дагуу хянахгүйгээр маргаан бүхий 2005 оны 186, 2006 оны 354 дүгээр захирамжуудыг шууд гаргасан болох нь хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд гаргасан Н.Ц  болон А.Ч  нарын газар өмчлөх хувийн хэрэгт авагдсан дээр дурдсан хуулийн бүх заалтуудыг “зөрчсөн” нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотлосны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж хуульд тусгайлан заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй гуравдагч этгээд Н.Ц, А.Ч нарт маргаан бүхий 2005 оны 186, 2006 оны 354 дүгээр захирамжаар тус тус газар өмчлүүлэх тухай хууль бус шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч П.Мгийн шүүх хуралдаанд “...яагаад Монгол Улсын нэг иргэн нь ингэж давуу эрх эдлээд, ...нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй  болон гарын үсэггүй  захирамжуудаар болон хууль бус газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар өмчлүүлэх тухай шийдвэр гарч, ...нөгөө иргэн нь 8, 9 жил газар эзэмших хүсэлт гаргасан боловч хүлээж авдаггүй, ...шүүх, цагдаа гэж 10 жил явж байгаа, ...9 удаа прокурор эрүү үүсгэдэг, ...яагаад ингээд хохироод яваад байдаг юм, ...” гэсэн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар үндэслэлтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. 

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”.

Иймд нэхэмжлэгч П.М, Б.Бэ нарын гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн хавсралтад заасан Н.Цд холбогдох хэсгийг, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжийн А.Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох гэсэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

Хоёр. “П.М, Б.Бэ нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, өргөдлийг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...П.М, Б.Бэ нарт газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахыг даалгах” бус гагцхүү “...Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гаргасан газар хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэ хүрээнд маргааныг хянаж, Үндэслэх хэсгийн Нэгд дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, мөн хариуцагчид нэхэмжлэгч нараас газар эзэмшүүлэх тухай хүсэлт, өргөдлүүд удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Тодруулбал, нэхэмжлэгч П.М, Б.Бэ нар нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид 2005 оны 7 дугаар сарын 31-ний өдөр , 2006 оны 6 дугаар сарын 25-ны өдөр , 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр , 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр , 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр , 2012 оны 3 дугаар сарын 08-ны өдөр , 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр   газар эзэмших хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй байсан эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зөвлөх Д.Батмөнхөөс 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/4193 дугаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хүргүүлсэн албан бичгээр  тус тус нотлогдож байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.М, Б.Бэ нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 20 дугаар зүйлийн 20.3.3, 20.3.4, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч П.М, Б.Бэ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 62 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжийн хавсралтад заасан Нгийн Цд холбогдох хэсгийг, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжийн Аын Чд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, П.М, Б.Бэ нарын гаргасан газар эзэмших тухай хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                    ШҮҮГЧ                                    Л.ӨЛЗИЙСАЙХАН