Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2017/00514

 

Т.Халтарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэр,           

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалтай,

Т.Халтарын нэхэмжлэлтэй,

Ц.Шатар, Д.Баяртогтох нарт холбогдох,

Зээлийн төлбөрт 6.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Шатарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Халтар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...би Д.Баяртогтох болон Ц.Шатар нартай зээлийн гэрээ бичгээр хийж 5.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэйгээр 2012-6-12-нд зээлдүүлсэн юм. Д.Баяртогтох болон Ц.Шатар нараас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв, шалтаг, зовлон ярьсаар хамгийн сүүлд 2012 оны 11 дүгээр сарын 11-нд хүүгийн мөнгө болох 250.000 төгрөг өгөөд ахиж уулзаагүй зугтсаар 3 жил өнгөрлөө. Нэхэмжпэгчийн мөнгөний хүүг 2012 оны 12 дугаар сараас эхлэн тооцов. 2013 оны 3 дугаар сарын сүүлээр миний хүү Х.Өнөрзаяа, Д.Баяртогтох, түүний эхнэр Ц.Шатар, охин Гансувд нартай гэрт нь очиж уулзан гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардан нэхэмжилсэн боловч өгөөгүй ба ингэж уулзахдаа нэмэлт баримт болгон видио бичлэг хийж, уулзалт ярилцлагыг баталгаажуулсан болно. Иймд хариуцагч Д.Баяртогтох болон Ц.Шатар нараас үндсэн зээл 5.000.000 төгрөг, түүний хүү 9.000.000 төгрөг, бүгд 14.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Халтар шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж, хариуцагч Ц.Шатараас үндсэн зээл 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг, хариуцагч Д.Баяртогтохоос 2.300.000 төгрөг нийт 6.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Шатар 2.700.000 төгрөг, хариуцагч Д.Баяртогтох 2.300.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг авсныг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар 1.350.000 төгрөгийн алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Ц.Шатараас үндсэн зээл 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг нийт 4.050.000 төгрөг, хариуцагч Д.Баяртогтохоос 2.300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Халтарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Шатар, Д.Баяртогтох нараас улсын тэмдэгтийн хураамж 116.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлагаас 7.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 35.750 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Шатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зээлд 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг, нийт 4.050.000 шийдвэрлэсэн бөгөөд миний бие зүрх судасны өвчтэй, хэвтрийн дэглэм барьдаг, 2018 оныг дуустал тэтгэврийн зээл авч, орон сууцны лизинг өгсөн бөгөөд одоогоор ямар нэгэн орлогогүй байгаа талаараа шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүй, их хэмжээгээр алданги гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж алдангийг багасгаж өгнө үү гэжээ.                                               

ХЯНАВАЛ

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч Т.Халтар нь хариуцагч Ц.Шатараас 4.050.000 төгрөг, Д.Баяртогтохоос 2.300.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээлийн гэрээ гэж тодорхойлжээ.           

            Зохигчдын хооронд 2011 оны 11 дүгээр 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр Ц.Шатар нь Т.Халтараас 2.700.000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба зээлийг эргүүлж төлөх хугацааг  хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон бөгөөд нэхэмжлэгч зээлийн хүүд 1.485.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрчээ /хэргийн 6 дугаар тал/.

Хариуцагч Д.Баяртогтох нь нэхэмжлэгчээс 2.300.000 төгрөг авсан, энэ талаар маргаагүй байна. 

Хариуцагч Ц.Шатар нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 2.700.000 төгрөг зээлснээ үгүйсгээгүй, харин алдангийг эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч Ц.Шатараас зээл 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг нийт 4.050.000 төгрөг, хариуцагч Д.Баяртогтохоос 2.300.000 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 3 жил болсноос гадна анзын хэмжээ хэт их гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 6.350.000 төгрөг болгон багасгасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс 7.250.000 төгрөгийн шаардлагыг шийдвэрлээгүй гэж үзэж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Шатарын гомдлыг хангахгүй орхисугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.      

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ