Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 297

 

 “Х” ХХК, “М” ХХК-иудын нэхэмжлэлтэй, “Дулааны гуравдугаар

 цахилгаан станц” ТӨХК, Тендерийн үнэлгээний

 хороонд холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           Х.Батсүрэн,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа,

                                                    Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: ““Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2049 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-2019-01-1/02 дугаартай зөвлөмжийг хүчингүй болгуулах, мөн М-ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, тус тендерт манай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах, “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК болон “К”, “Э” ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр  сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0246 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.С, гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Г, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр  сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0246 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1, 30.1., 30.1.1, 30.4.3, 34.2-т тус тус баримтлан “Х” ХХК, “М” ХХК-иас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, түүний Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-аас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2019 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулж, тус тендерт мнай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмж”, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК болон “К”, “Э” ХХК-уудын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг тус тус баримтлан “Х” ХХК, “М” ХХК-иас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, түүний Тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ““Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2049 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-2019-01-1/02 дугаартай зөвлөмж хүчингүй болгуулах, мөн өдрийн М-ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, тус тендерт манай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах, “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК болон “К”, “Э” ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. “Х”, “М” ХХК-уудын нэхэмжлэлтэй, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, түүний Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0246 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-аас 2019 онд зарласан “Үнсэн сан шинээр барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах” ТЗБАХ-2019-01 дугаартай тендерт анхнаас нь нэхэмжлэгч нар оролцож баримт, саналаа хүргүүлж байсан ба тендерийн үнэлгээний хорооноос удаа дараа нэхэмжлэгч нарын тендерээс татгалзаж, түүнийг нь Сангийн яамнаас хууль зөрчсөн болохыг тогтоож байсан.

5. Тендерийн үнэлгээний хороо “ТОӨЗ 5.3 /а/- “Борлуулалтын хэмжээ. Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна/ гэж заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компаниудын тендерээс татгалзсан.

6. Түншлэлийн хувьд нэгнийхээ хангахгүй байгаа шаардлагыг нөгөө нь хангах замаар хамтран оролцох бөгөөд энэ боломжийг ТОӨЗ-д “Түншлэл” гэж тухайн тендерийн шаардлагыг хангахын тулд хамтран орж байгаа этгээдүүдийг ойлгохоор заасан. Энэ агуулгаар уг тендерт заагдсан шаардлагыг хангахын тулд “Х” ХХК болон “М” ХХК-ууд нь хамтран оролцож, “түншлэл” болсон зорилгынхоо дагуу хамтран нэгнийхээ жилийн борлуулалтын орлого бага байгаа хэсэгт нөгөө нь боломжит борлуулалтын орлогоо нэмэгдүүлэн шаардлагыг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Х” ХХК-ийн 2017 оны борлуулалтын орлого болон “М” ХХК-ийн 2018 оны борлуулалтын орлогын нийлбэрээр нийт 10,84,444,167 төгрөг буюу тендерт санал болгосон үнийн дүн болох 10,793,901,109 төгрөгөөс илүү борлуулалтын орлоготойгоор нэг жилүүдийнхээ нийлбэр дүнгээр хангаж байгаа болно. Үүнтэй адилаар бусад тусгай зөвшөөрөл, ажлын туршлага гээд бусад шаардлагыг ч хэн алиныхаа боломжит шаардлагаар хангаж оролцдог.

7. Түүнчлэн, энэ заалтыг тайлбарлуулахаар Тендерийн үнэлгээний хороо Сангийн яаманд хандсан бөгөөд ТБОНӨХБАҮХАтХ-ийн 52 дугаар зүйлийн 52.1.2 “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах” бүрэн эрхийнхээ хүрээнд аргачлалыг тодорхойлон нэхэмжлэгч компаниудын тендер шаардлагыг хангасан болохыг 2019.11.06-ны өдрийн 6-1/7393 дугаартай албан бичгээрээ тогтоож өгсөн.

8. Иймд, нэхэмжлэгч компаниуд тендерийн шаардлагыг хангасан байхад татгалзсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т "27.3-т зааснаас бусад Тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчсөн. Улмаар ТҮХ-оос дээрхээс бусад шаардлагыг хангасан гэж үзсэн байгаа тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул татгалзсан шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын тендерийг үнэлэх буюу бусад тендертэй харьцуулан сонгох шатанд шалгарах бөгөөд энд өөр шаардлага хангасан тендер үгүй байгаа тул шалгаруулсан дүгнэлт гаргаж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрх, ашиг сонирхлыг хаасан тул дээрх шийдвэрийг гаргуулахаар даалгах хуулийн үндэслэлтэй болно. Энэ тендерт оролцон татгалзагдсан “Нутгийн буян” ХХК нь ТҮХ- ны шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй.

9. Дээрх хууль бус шийдвэрийг “Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дээрх шийдвэрүүдэд үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/316 дугаартай тушаал гарган Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийг томилж, уг хэсэг нь 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдан А-01 дугаартай шийдвэр гаргаж, “К”, “Э” ХХК-уудтай манай компанийн санал болгосон үнийн дүнгээс 3 тэрбум гаруй төгрөгөөр /23 хувиар/ илүү дүнтэйгээр гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмжилсөн.

10. “К” ХХК болон “Э” ХХК-ууд нь санхүүгийн болон техникийн чадавхи, туршлагын шаардлага, мөн тухайн тендерийг гүйцэтгэх этгээдэд тавигдсан шаардлагыг дараах байдлаар хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Үүнд: ТОӨЗ 5.3 /е/ алдагдалгүй ажилласан байх жилийн тоо 3 жил /2016, 2017, 2018/ “К” ХХК-ийн ирүүлсэн материалд байгаа санхүүгийн баримтуудаас үзэхэд сүүлийн 3 жил алдагдалтай ажилласан. 2016 он -104,734,941 төгрөгийн алдагдалтай, /“К” ХХК хавтас-266/, 2017 он - 1,168,112,288 төгрөгийн алдагдалтай, /КИ Х-226/, 2018 он -226,201,036 төгрөгийн алдагдалтай, /КИ Х-200/

11. ТОӨЗ 5.3 /а/-д заасан /Нэхэмжлэгч нарын хангаагүй гэх заалтыг/ гүйцэтгэх ажлын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний орлоготой байх

 

2016 он

2017 он

2018 он

ТОӨЗ шаардлага

“К” ХХК

4.457

тэрбум

7.345

тэрбум

8,221 сая

 

“Э” ХХК

2.427 тэрбум /ЭК Х-44/

2.453 тэрбум /ЭК Х-76/

2,345 сая /ЭКХ-113/

13,8 тэрбум төгрөгийн 25% Хангахгүй />3.4 тб/

Үнийн

дүн

6.884

тэрбум

9.798

тэрбум

10.566

тэрбум

 

12. ТОӨЗ 4.4 /в/ зайлшгүй шаардлагатай Тусгай зөвшөөрөл 2.3.2 /БА-3.2/ К /КИ Х-30 /ар// -Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг болон газар шорооны тусгай ажил /туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл /КИ Х-521/ 2.8.9 Үерийн хамгаалалтын далан барих - мөн уг тусгай зөвшөөрөл байхгүй. Туслан гүйцэтгэгч “Т” ХХК-д ТЗ 2.3.2 байгаа боловч 2.8.9 гэсэн зөвшөөрөл аль алинд нь байхгүй. Гол шаардлагатай тусгай зөвшөөрлийг туслан гүйцэтгэгчид байж болно гэж үзсэн боловч нэхэмжлэгч нарын санхүүгийн чадавхийг хамтран хангаж болохгүй гэж хариуцагч, анхан шатны шүүх үзсэн. ТОӨЗ 5.3 /д/ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн 13 тэрбум төгрөгөөс багагүй. “К” ХХК олгох боломжтой зээлийг 2019.11.29 өдрийн албан бичгээр 6.5 тэрбум /КИ Х-12/, 2019.07.04 өдрийн албан бичгээр олгох боломжтой зээл 8 тэрбум төгрөгийн /КИ Х-13/

13. Харин “Э” ХХК нь 2019.11.29-ний өдрийн Хас банкны албан бичгээр 3.25 тэрбум төгрөгийн боломжит зээлийн хэмжээтэй байгаа бөгөөд нийлбэр дүнгээр тухайн заагдсан хэмжээнд хүрэх боломжгүй буюу санхүүгийн чадавхийн шаардлагыг хангахгүй. Энэ нь мөн ТОӨЗ 5.4-д заасан түншлэлийн эзлэх хувийн 40 % /8,4 тэрбум байх ёстой/, 25 % /5,5 тэрбум байх ёстой/ заалтыг зөрчсөн. ТОӨЗ 5.3/б/ ижил төстэй гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаар мэдээлэл - Үнсэн сан, түүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага байхгүй. Баримтууд дунд Х-106 “К” ХХК өмнө нь шууд гэрээ байгуулах үед санал ирүүлж байсан “Х...” ХХК-тай хамтран ажиллаж байсан болох нь харагддаг бөгөөд хамтран ажилладаг компаниудад шууд гэрээ байгуулах үедээ гэрээний саналыг хүргүүлсэн нь шударгаар тухайн ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй юм. “Э” ХХК нь шүүхийн төрөлжсөн архиваас авсан лавлагаагаар иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар оролцож байсан болох нь тогтоогдсон. ТОӨЗ 5.2/ЭК Х-9/

14. ТБОНӨХБАҮХАтХ 43 дугаар зүйлийн 43.2 “Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана. 43.4.3ахиалагч дор дурдсан нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг гүйцэтгэгчээс шаардана: 43.4.1. 150 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил худалдан авах гэрээ байгуулах” болон ТОӨЗ 40.1 Гүйцэтгэлийн баталгаа болгон гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх мөнгийг гэрээнд гарын үсэг зурахаас өмнө байршуулахаар заасан бөгөөд энэ тохиолдолд 13.8 тэрбум төгрөгийн 5% болох 690 сая төгрөгийг баталгаанд байршуулаагүй байна.

15. Ажлын гүйцэтгэлийг графикаар харуулсан бөгөөд үүнд үнсэн сангийн гүйцэтгэлийн ажлыг 4 сараас 4 тэрбум төгрөгийн бараа материалын худалдан авалт эхлэхээр заасан байхад гуравдагч этгээдүүд болон хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан тайлбаруудад ажил хийгдэж байгаа худалдан авалтуудад их хэмжээний хөрөнгө зарцуулсан зэрэг нь үндэслэлгүй болохыг харуулж байна.  “К” ХХК нь уг тендерт оролцон ТҮХ-ны 2019.08.21-ний шийдвэрээр тендерээс нь татгалзсан байдаг. Эдгээрээс гадна, хариуцагч нар гэрээ байгуулах үедээ тогтоосон байх шаардлагатай иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж өгсөн нь шийдвэр гаргахдаа шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй болохоо нотолсон.

16. Дээрх байдлаар “К” нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу “...захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах...” гэж заасан шууд гэрээ байгуулах гол шаардлагуудыг зөрчсөн.

17. Уг заалтын дагуу шууд гэрээ байгуулж байгаа тохиолдолд саналаа ирүүлсэн этгээдүүд шаардлага хангахгүй бол тендерийн шаардлагыг хангасан, гүйцэтгэх чадавхитай, техникийн тодорхойлолт, нөхцөл шаардлагыг хангасан этгээдтэй тохиролцон гэрээ байгуулахаар байна. Энд тендер зарлагдах үеэс л тухайн ажлыг гүйцэтгэх хүсэл зоригоо илэрхийлсээр байсан этгээдүүдийг эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэх боломжгүй. Гэтэл хариуцагч үүнийг буруугаар тайлбарлан ашиглаж, бүх тендерээс татгалзсан бол олон зөрчилтэй, нөхцөл чадавхи хамааралгүйгээр 3 тэрбум илүү үнийн дүнгээр гэрээ байгуулах эрх олгохоор тайлбарлаж байгаа нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчимд нийцэхгүй. Мөн нэхэмжлэгч нарын тендерээс хууль бусаар татгалзаагүй бол шууд гэрээ байгуулагдах нөхцөл бүрдэхгүй байсан.

18. Иймд дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

19. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

20. Нэхэмжлэгчээс “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-иас зарласан “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2049 тендерийн үнэлгээний хорооны шийдвэр буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-2019-01-1/02 дугаартай зөвлөмжийг хүчингүй болгуулах, мөн М-ТЗБАХ-130/ДҮ-1-01/2019 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, тус тендерт манай компаниудын түншлэлийг шалгаруулсан дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах, “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн гарсан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-01 дугаартай Гэрээ шууд байгуулах ажлын хэсгийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК болон “К”, “Э” ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гарган, “...тендерийн үнэлгээний хорооноос удаа дараа нэхэмжлэгч нарын тендерээс татгалзаж, түүнийг нь Сангийн яамнаас хууль зөрчсөн болохыг тогтоож байсан, ...хариуцагч нь бидний тендерээс үндэслэлгүйгээр татгалзсан атлаа  ашиг сонирхлын зөрчилтэй компаниудыг шалгаруулсан...” гэж маргажээ.

21. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-аас “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2019 тендерийг зарлаж, тус тендерийн Үнэлгээний хороо нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нээхэд, 4 компани тендерийн материалыг ирүүлснээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасныг үндэслэн “Э” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн боловч “Х” ХХК-иас гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас хянаж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо нь тендерийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр үнэлэхэд “Э” ХХК дахин шалгарчээ. Гэвч Сангийн яамнаас, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №6-1/5602 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу Үнэлгээний хороо 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тендерийг үнэлж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д заасны дагуу “шаардлагад нийцсэн нэг ч материал ирээгүй” гэж үзэж бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээртэй маргаагүй байна.

22. Хариуцагч тендерийн Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд дахин зарлаж, уг тендерт “Х” ХХК, “М” ХХК-уудын түншлэл болон “Нутгийн буян групп” ХХК оролцсон байх бөгөөд Үнэлгээний хороо тендерийг үнэлж, “Х” ХХК, “М” ХХК-уудын түншлэл 10,793,901,109 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн нь ТОӨЗ-ны 5.3 (а)-д заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, тэдний ирүүлсэн тендерийг хянан үзэх шатанд хасч шийдвэрлэсэн, Сангийн яамнаас үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үнэлж “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

23. Нэхэмжлэгчийн “...“Х” ХХК-ийн 2017 оны борлуулалтын орлого болон “М” ХХК-ийн 2018 оны борлуулалтын орлогын нийлбэрээр нийт 10,84,444,167 төгрөг буюу тендерт санал болгосон үнийн дүн болох 10,793,901,109 төгрөгөөс илүү борлуулалтын орлоготойгоор нэг жилүүдийнхээ нийлбэр дүнгээр хангаж байгаа. ...нэхэмжлэгч компаниуд тендерийн шаардлагыг хангасан байхад татгалзсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчсөн” гэсэн тайлбар, хяналтын гомдол  үндэслэлгүй байна.

24. Тус тендерийн ТОӨЗ-ны 5.3(а)-д “Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн гүйцэтгэсэн ажлын борлуулалтын орлогын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК, “М” ХХК-уудын түншлэл 10,793,901,109 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэнийг, тус тендерийн Үнэлгээний хорооноос тендерийн ТОӨЗ-ны 5.3 (а)-д заасан нөхцөл буюу 2016, 2017, 2018 онуудын аль нэг жилд нь 10,793,901,109 төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, тус компанийн тендерийг хянан үзэх шатанд хассан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасныг зөрчөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс “...тендерийн ТОӨЗ-ны 5.3(а)-д заасан “сүүлийн 3 жилийн аль нэг жилийн гүйцэтгэсэн ажлын борлуулалтын орлогын хэмжээ...” гэсэн шаардлага буюу “10,793,901,109 төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байх” гэдгийг хэд хэдэн оны нийлбэр бус, гагцхүү тухайн аль нэг оны борлуулалтын орлогын дүн гэсэн агуулгаар ойлгоно, ...нэхэмжлэгч “Х” ХХК болон “М” ХХК-иуд хамтран оролцож “түншлэл” болсон, иймд мөн ялгаагүй дурдсан 2016, 2017, 2018 оны аль нэг онд энэхүү шаардлагыг хангасан байх ёстой” гэж зөв дүгнэжээ.

25. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана: 30.1.1.шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй”, ...30.4.3-д “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Гэрээ шууд байгуулах аргыг зөвхөн дараахь нөхцөлд хэрэглэж болно, 34.1.1.энэ хуулийн 30.4.3, 36.18-д заасан тохиолдолд”, 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж тус тус заасан.

26. Дээрх байдлаар хариуцагч “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Үнэлгээний хороо нь “Үнсэн сан шинээр барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТЗБАХ-01/2019 тендерийг Сангийн яамны шийдвэрийн дагуу дахин үнэлэхэд, өмнө гаргасан шийдвэрт дурдсан үндэслэлээр шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул хуульд заасан журмын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТЗБАХ-2019-01-1/02 дугаартай Үнэлгээний хорооны дүгнэлтээр, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангасан гуравдагч этгээдтэй шууд гэрээ байгуулах шийдвэрийг захиалагчид өгч, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК болон “К”, “Э” ХХК-иудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-3-400/19 дугаартай “Үнсэн сан шинээр барих ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцсэн, анхан болон давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдэл хуульд нийцсэн байна.

27. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт агуулгын өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 338 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА