| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0100/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Н.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,
Шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Х-д холбогдох эрүүгийн 1820001990103 тоот хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т.Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Ерөнхий боловсролын 2-р сургуулийн замын эсрэг талд буюу Зоосын 1-р гудамжны үзүүрт Н.М-тай маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 09 сарын 01-ний өдөр 17 цаг өнгөрч байхад найз Э-н хамт зааланд тоглохоор 2 дугаар сургууль дээр очсон. Хүмүүс тоглож байсан 6 цаг гээд тарна гэхээр нь хүлээгээд байж байтал нэг хүүхэд ирээд М ах дуудаж байна гэсэн тэгэхээр нь хамт тоглоё гэж дуудаж байна гэж бодоод очтол намайг заамдаж бид хоёр хоорондоо маргалдаж намайг зодсон бид хоёр хэд хэдэн удаа маргалдсан. Тэгээд Э бид хоёр манайд очсон манай амбаарт жижиг хутга байсан миний уур хүрээд байсан болохоор айлгах санаатай хутгыг аваад Э-с нуугаад ханцуйндаа хийгээд гарсан. Гараад явж байгаад М-тай таарсан. Э надаас хутгыг авах гээд зууралдсан. Би гараа татаж авахдаа эрчиндээ М-г хутгаараа хатгачихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэгт холбогдохгүй...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... Тэгээд би заал руу орж хувцасаа солиод гэр рүүгээ харих гээд замын хажууд алхаад явж байхад замын эсрэг талаас Х Ж нааш ир гээд дуудахаар нь найз охиныхоо хамт очоод Х-д жаахан дөхөөд очиход үзүүртэй юм барьсан байхаар нь чи наад гартаа байгаа зүйлээрээ яах гээд байгаа юм бэ хаячих гэхэд өөдөөс чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд ирэхэд нь би 2 гарыг барьж аваад хутгыг салгах гэхэд гар хүрэхгүй байсан. ... Тэгээд Э 2 гарыг барьсан ба тэр үед би 2 гараа тавьсан. Гарыг тавьсны дараа манай найз охин араас татаад байхаар нь эргэж хартал Х миний хэвлийн хэсэгт барьж байсан хутгаараа хутгалсан. ...Миний буруутай үйлдлээс болсон учраас би ямар нэг гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Х намайг байхгүй хооронд гэрээсээ хутга авч цамцандаа нуусан байсан. Ж-тэй гудамжны үзүүрт таарахад Х Ж-г дуудсан ба тухайн үед би Х-н 2 гарыг барьчихсан зогсож байсан. Ж Х-н гарт байгаа хутгыг ав гээд над руу хэлэхээр нь би Х-н хутгатай гарыг 2 гараараа барьж байгаад нэг гараараа хутгыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь 2 гараараа дахин бариад зогсож хартал Х миний гараас өөрийнхөө гарыг хүчтэй мултлан татахад урдаа зогсож байсан Ж-н гэдсэнд хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 282 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
1. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд Н.М-н биед хэвлийн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 60/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/,
- Нас тоолсон тэмдэглэл болон хувийн байдлын талаарх /хх-ийн 60-66/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч Т.Х-г 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүд сумын 3-р баг Ерөнхий боловсролын 2-р сургуулийн замын эсрэг талд буюу Зоосын 1-р гудамжны үзүүрт Н.М-тай маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Н.М, Т.Х нар нь маргалдаж улмаар шүүгдэгч Т.Х нь Н.М-н хэвлийн тус газар хутгалсан үйл баримт болсон.
Шүүгдэгч Т.Х нь хохирогч Н.М-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Н.М-н “...Х-д жаахан дөхөөд очиход үзүүртэй юм барьсан байхаар нь чи наад гартаа байгаа зүйлээрээ яах гээд байгаа юм бэ хаячих гэхэд өөдөөс чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд ирэхэд нь би 2 гарыг барьж аваад хутгыг салгах гэхэд гар хүрэхгүй байсан... Тэгээд Э 2 гарыг барьсан ба тэр үед би 2 гараа тавьсан. Гарыг тавьсны дараа манай найз охин араас татаад байхаар нь эргэж хартал Х миний хэвлийн хэсэгт барьж байсан хутгаараа хутгалсан...” гэсэн, гэрч Э.Э-н “...Х Ж-г дуудсан ба тухайн үед би Х-н 2 гарыг барьчихсан зогсож байсан. Ж Х-н гарт байгаа хутгыг ав гээд над руу хэлэхээр нь би Х-н хутгатай гарыг 2 гараараа барьж байгаад нэг гараараа хутгыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь 2 гараараа дахин бариад зогсож хартал Х миний гараас өөрийнхөө гарыг хүчтэй мултлан татахад урдаа зогсож байсан Ж-н гэдсэнд хутгалсан...” гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Т.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирогч Н.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Т.Х нь насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т.Х-г 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д оногдуулсан 120 /нэг зуун хорь/ цагийн нийтэд тустай ажлыг өдөрт 3 цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н