Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01373

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01373

 

 

 

Р.Баярцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01307 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Баярцогтын хариуцагч А.Амардэлгэрт холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1 .Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр А.Амардэлгэртэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол К-105 дугаар байрны 6 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авсан. Орон сууцны төлбөрийг А.Амардэлгэрийн данс руу шилжүүлсэн боловч одоог хүртэл орон сууцыг суллаж өгөөгүй. Р.Баярцогт нь Ви эс ти финанс ББСБ ХХК-д ажилладаг бөгөөд А.Амардэлгэрийн худалдах гэж байсан орон сууцыг хямд үнээр авах боломж олдсон. Ингээд ажилладаг газраасаа 45,000,000 төгрөгийн зээл авсан. Бодит байдал дээр орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдан авсан, татвараас нуух зорилгоор худалдах-худалдан авах гэрээнд үнийн дүнг 30,000,000 төгрөг гэж бичсэн. ББСБ-д зээлийн хүү төлөх шаардлага гарсан тул зээл эргэн төлөх хуваарийг хариуцагчид өгсөн. Хариуцагч нь байраа худалдсаны дараа нэхэмжлэгчээс байраа буцааж авах хүсэлтэй гэсэн зүйлийг ярьж байсан. Хаан банкны 5176046889 тоот данс нь Ви эс ти финанс ББСБ ХХК-ийн данс, 9407-6977, 9510-6977 дугаарууд нь нэхэмжлэгч болон ББСБ-ын ажилтны дугаар болох талаар маргахгүй. Хариуцагч нийт 2,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн ба энэ нь түрээсийн төлбөр байсан. А.Амардэлгэр нь өөр байр олох хүртлээ нэхэмжлэгчид худалдсан байрыг түр түрээсэлж байсан. Ийм Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол К-105 дугаар байрны 6 тоот хаягт байрлах 57 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч А.Амардэлгэрийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцаа 30,000,000 төгрөгөөр Р.Баярцогтод худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэхдээ орон сууцаа хямдхан худалдах санаа зорилго байгаагүй. А.Амардэлгэрийн ажилладаг Хэрмэн говь ХХК-д зээл хэрэгтэй байсан учраас Р.Баярцогттой хүнээр дамжуулж танилцсан. Р.Баярцогт нь орон сууцыг өөрийнх нь нэр дээр шилжүүлбэл зээл олгоно гэж хэлсэн учраас нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн. Худалдах-худалдан авах гэрээ нь барьцааны гэрээ байсан. Р.Баярцогт нь Ви эс ти финанс ББСБ ХХК-ийн захирал бөгөөд гэрээ байгуулсны дараа 45,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, харин 45,000,000 төгрөгийг буцаан төлөх зээл эргэн төлөх хуваарийг өгсөн. Уг хуваарьт заасан Хаан банкны 5176046889 данс руу Хэрмэн говь ХХК болон хариуцагчийн нэрээр тодорхой хэмжээний төлөлтүүдийг хийж байсан. Бодит байдал дээр худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, харин зээлийн гэрээний барьцаа байсан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцаа чөлөөлж өгөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын Ү-2205024727 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, к105 байрны 6 тоот хаягт байршилтай, 57м2 талбайтай 2 өрөө орон сууцыг А.Амардэлгэрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Р.Баярцогтийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. А.Амардэлгэр, Р.Баярцогт нарын хооронд худалдах-худалдан авах гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулагдаагүй. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь талууд хууль зүйн үр дагавар үүсгэх эрмэлзэлгүй байдгаараа онцлогтой байдаг. Гэтэл худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөл бусдад шилжсэн, гэрээнд заасан төлбөр төлөгдсөн. Талууд уг гэрээний дагуу хууль зүйн үр дагавар үүсэхийг хүссэн. Гэтэл анхан шатны шүүхээс дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4.2. Хариуцагчаас гаргаж өгсөн нэхэмжлэгчийн гарын үсэггүй баримтуудыг нотлох баримтаар үнэлсэн нь шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: 2020 оны 01 дүгээрсарын 29-ний өдөр Ви эс ти финанс ББСБ ХХК-д байраа барьцаалж зээл авах тухайгаа хэлэхэд үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж зээл өгдөг. Ажил, орлоготой холбоотой бичиг баримт шаардахгүй бусад газраас илүү дүнгээр зээл гаргаж болно гэж хэлсэн учраас байраа барьцаалж зээл авахаар болсон. Зээлийн гэрээ өгөөгүй, мөнгө шилжүүлсний дараа төлөлт хийх ганц ширхэг тамга тэмдэггүй цаас өгөөд хажууд нь 2 утасны дугаараа холбогдох шаардлагатай үедээ холбогдоорой гэж бичиж өгсөн. Тухайн үед байрны зах зээлийн ханш нь 80,000,000-90,000,000 төгрөгийн ханштай байсан бөгөөд банканд барьцаалж зээл авах боломжтой байсан боловч илүү мөнгө хэрэгтэй байсан. Ви эс ти финанс ББСБ ХХК-аас 45,000,000 төгрөгөөр барьцаалах боломжтой гэсэн учраас зээл авахаар болсон. 2020 онд давагдашгүй хүчин зүйл болох цар тахлаас үүдэн ажлаа явуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Уул уурхайн салбарт шаардлагатай материалын дутагдлаас үүсэж олон уурхай ажилгүй өнөөдрийг хүртэл зогссоны нэг нь манай компани юм. Зээлээс нийт 18,000,000 төгрөг төлсөн. А.Амардэлгэр, Ч.Батзориг гэсэн хоёр нэрээр ээлжлэн төлөлт хийсэн. Зээл олгосон газар шүүхэд хандахдаа надад мэдэгдэж зээл авсан гэж огт хэлж болохгүй зарсан гэж хэлээрэй гэж аминчлан захиж байсан. Би хуулийн мэдлэг тааруухан ч өөрийнхөө эсрэг худал мэдэгдэл хийхийг хүсээгүй үнэн зүйлийг хэлсэн. Ингэж хэлбэл эвлэрлийн гэрээ байгуулна гэсэн. үгэнд нь орж худлаа хэлээгүй учраас Р.Баярцогт эвлэрлийн байгуулахаас татгалзсан. Авсан зээлээ эгүүлэн төлж компанийг хохиролгүй болгохоо удаа дараа хэлж байсан. Цар тахлаас болж хүнд байдалд байгаа, зээлийн хүүг зогсоож өгөхийг хүссэн ч хүлээж аваагүй. Карантинд байх хугацаанд байрны түрээс өгөөгүйн улмаас байрыг чөлөөлөх тухай хууль бус мэдэгдэх хуудас хүргүүлж дарамтлах болсон. Тодорхой үнийн дүнд хүрч чадвал хоёр байраа зээлээс чөлөөлж авахаар хичээж байгаа. Зайлшгүй шалтгааны улмаас хуралд оролцож чадахгүй болсон тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Р.Баярцогт Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-105 дугаар байр, 6 тоот 57 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч А.Амардэлгэрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч А.Амардэлгэрийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... өөрийн ажилладаг Ви эс ти финанс ББСБ-аас 45,000,000 төгрөгийн зээл авч А.Амардэлгэрийн орон сууцыг худалдан авсан, татвар бага төлөх зорилгоор орон сууцны үнийн дүнг гэрээнд 30,000,000 төгрөг гэж бичсэн, хариуцагч өөр байр олох хүртлээ орон сууцыг түрээсэлж байсан ... гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь нотлогдсон байх шаардлагатай. Зохигчид орон сууцыг худалдаж, худалдан авах гэрээг бодитоор байгуулаагүй, 45,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд тус орон сууцыг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан нь буруу байна. Зүй нь зохигчид зээл, барьцааны гэрээг Иргэний хуулийн 281, 156 дугаар зүйлд заасан журмын дагуу байгуулах байжээ. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хориглосон.

5. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр А.Амардэлгэр, Л.Содбилэг, Р.Баярцогт нарын хооронд байгуулагдсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-105 дугаар байр, 6 тоот 57 м.кв талбайтай орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн өдөр Р.Баярцогтын маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан. Хариуцагч нь бодит байдал дээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй .., 45,000,000 төгрөгийн зээл авахын тулд нэхэмжлэгчид хандсан, байрны өмчлөх эрхийг шилжүүлбэл зээл олгоно гэсэн .., зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийн төлөлтийг хийж байсан .., гэж тайлбарласан. /хх33-34/

Хэргийн 44 дүгээр талд авагдсан зээл эргэн төлөлтийн хүснэгтэд үндсэн зээлийн үлдэгдэл 45,000,000 төгрөг, жилийн хүү 34,80 хувь, эргэн төлөх огноо 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, үндсэн төлбөр болон зээлийн хүү, зээл төлөх дансны дугаарыг Хаан банк 5176046889 Ви эс ти финанс ББСБ ХХК, Баярцогт 94076977, Лхагваа 95106977 гэж бичигдсэн байна.

Мөн хэргийн 57-68 дугаар талд авагдсан Ви эс ти финанс ББСБ ХХК-ийн Хаан банкны 5176046889 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад хариуцагчаас Амардэлгэр хүү төлөлт, Амардэлгэр шилжүүлэв гэх утгатай орлого орсон байна. Түүнчлэн, 94016977, 95056977 дугаарын утаснаас зээлийн эргэн төлөлтийн талаар зохигчид харилцан зурвас илгээж байсан байна. Нэхэмжлэгч нь уг баримтуудад тусгагдсан агуулгын талаар утасны дугаар нь Ви эс ти финанс ХХК-ийн ажилтных, тус компаниас авсан зээлийг би хувиасаа төлөх ёстой боловч хариуцагч байрыг чөлөөлж өгөөгүйн улмаас түрээсийн төлбөр төлж хохирсон. Иймд А.Амардэлгэрээс миний зээлийг авч болно гэж Ви эс ти финанс ХХК-д хэлсэн гэж тайлбарласан байна.

6. Анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгээгүй нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, хариуцагч А.Амардэлгэрийн бодит байдал дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа байсан гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь орон сууц зээлийн үүргийг хангуулах зорилготой барьцаа хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нотлох баримтын үнэлгээ болон хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ