| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2508035722148 |
| Дугаар | 2026/ДШМ/425 |
| Огноо | 2026-04-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2026/ДШМ/425
2026 04 10 2026/ДШМ/425
М.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.А,
шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Х.Г,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр М.О-т холбогдох эрүүгийн ....... дугаар хэргийг 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр .... дүүргийн ... дугаар хороо, “В” баарны гадна “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Ц.Н-ын эзэмшлийн “.....” загварын гар утсыг авч, 856,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.О-т оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.О торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.О баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.О-ээс 856,000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Н-т олгохоор шийдвэрлэжээ.
Прокурор Г.Мөнхтүвшин бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.8 дахь заалтад “Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй” бол “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” зөрчилд хамруулахаар зохицуулсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.О-ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршигт зөв дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж зөв дүгнэсэн атлаа, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн аль гэмт хэрэгт ял оногдуулж байгаа нь ойлгомжгүй буюу “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр бичигдсэн байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/338 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор М.А тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ...” гэв.
Шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Х.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтад техникийн шинжтэй алдаа гаргасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолыг гардаж авсны дараа дээрх алдааг шүүгчийн туслахад мэдэгдэж байсан. Гэвч тухайн үед уг хэргийг шийдвэрлэсэн шүүгч ажлаасаа чөлөө авсан байсан тул залруулгын хуралдаан хэлэлцэгдээгүй нөхцөл байдал үүссэн. Өмгөөлөгч миний зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, “В” баарны гадна “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хууран хохирогч Ц.Н-ын эзэмшлийн “......” загварын гар утсыг авч, 856,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Н-ын “...Би ...... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “В баар”-ны гадна 2025 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 21 цагийн үед явж байхад нэгэн үл таних эмэгтэй хүн “гар утсаараа түр яриулаач, би ярьчихаад өгье” гэж хэлсэн. Тэгээд өөрийн гар утсаа өгсөн ба тухайн эмэгтэй “В баар”-ны үүд рүү булан тойроод алга болохоор нь би хойноос нь очоод утсаа нэхэхэд “ямар утас, би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 10-11, 14-15/,
гэрч Г.Ж-ын “…Тухайн өдөр би авто эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаад ..... дүүргийн ...дугаар хороо, “В баар”-ны орчимд машин дотроо дуудлага мэдээллийн жагсаалтаа хараад сууж байтал үл таних эрэгтэй хүн архи, согтууруулах ундаа үнэртүүлсэн байдалтай ирээд цонх тогшихоор нь онгойлгоход “миний утсаар нэг эмэгтэй хүн ярьж байгаад аваад явчихлаа” гэхээр нь би тухайн хүнтэй хамт “В баар” орчмоор тэр хавийн архи уудаг хүмүүсээс асууж сураглаад явж байтал “Си Юу” дэлгүүрийн орчмоос гараад ирсэн. Ингээд хохирогч тухайн хүнийг шууд таниад энэ хүн гэж хэлэхээр нь очиж уулзахад тэр эмэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. М.О гэх эмэгтэй байсан. Тэгээд тэр хавийн хүнээс гар утас авч явсан талаар асуухад зарах гээд явж байсан гэж хэлсэн. Ингээд хохирогчийг хэлтэс дээр авч ирж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. М.О-ийг Дэнжийн мянгын эрүүлжүүлэх байранд аваачиж өгсөн. ...” /хх 47-48/,
шүүгдэгч М.О-ийн яллагдагчаар өгсөн “…Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ажил хийж байгаад хохирлыг нь яаралтай барагдуулна. ...” /хх 55/ тус тус мэдүүлгүүд,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “......” загварын гар утас 850,000 төгрөг, С сим карт 3,000 төгрөг, М сим карт 3,000 төгрөг, нийт хохирлын дүн 856,000 төгрөгөөр тогтоож байна. ...” /хх 20-22/ тайлан,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 4-7/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч М.О-ийг хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, шүүгдэгч М.О-ийн “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч хохирогч Ц.Н-ын гар утсыг авч, түүнд 856,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах зарчимд нийцжээ.
Прокурор Г.Мөнхтүвшин “...Шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж зөв дүгнэсэн атлаа 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж хуулийн заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр бичигдсэн байх тул шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.О-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйл баримт, зүйлчлэл, ял шийтгэлийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зөв дүгнэж бичсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин есдүгээр бүлэгт заасан эрх хэмжээний хүрээнд зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.
Иймд прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Г.Мөнхтүвшингийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР