| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пэрлээгийн Гандолгор |
| Хэргийн индекс | 2506000000043 |
| Дугаар | 2026/ДШМ/464 |
| Огноо | 2026-04-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/464
2026 04 20 2026/ДШМ/464
М.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Чингүүн /томилолтоор/,
Шүүгдэгч М.Б- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, Д.Саранчимэг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/573 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Б-д холбогдох 2506000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт М-ын Б-, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт ...... тоотод оршин суух, /РД:ТМ-/.
Шүүгдэгч М.Б- нь 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, М- хотхон, М- байрны 85 тоот гэртээ байхад нь хохирогч Г.Ё-т “Тоуоtа Рrius 30” маркийн Ё- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаанд тавиад, аппликейшний зээл хаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.Ё-ийн Хаан банкны 5Ё-9 дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр 9.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Ё-6 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт М-ын Б-г “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-гаас 8.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г- овогт Г-ын Ё- /РД:АГ-/-т олгож, шүүгдэгч М.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоос 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч М.Б- миний зүгээс ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, өөртөө дүгнэлт хийж байгаа байдлуудыг харгалзаж үзнэ үү. Учир нь, би ам бүл 7, 01-13 насны 5 хүүхэдтэй юм. Ялангуяа 01 настай хүүхэд маань хөхүүл ба энэ олон хүүхдүүдийг харж хандах, асран хамгаалахад эх хүний оролцоо маш чухал байна. Яг одоогоор эцэг, эх минь хүүхдүүдийг минь харж байгаа. Мөн миний эрүүл мэндийн байдал сайнгүй, олон нялх нойтон хүүхдүүддээ санаа зовж санаж байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш би хохирлоо бүрэн төлсөн байгаа учраас, мөн хохирол төлсөн, хохирогчийг гомдолгүй болгосон байдлыг харгалзан үзнэ үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Иймд миний хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдал, хохирол төлбөрөө бүрэн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогч Г.Ё- давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Г- овогтой Ё- би /РД:АГ-/ хохирогчоор оролцсон болно. Тус хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 8,900,000 төгрөгийг шүүгдэгчээс бүрэн авсан болохыг үүгээр баталж байна. Иймд миний зүгээс цаашид ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болно. Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийг ойлгож сайн дураараа хохирлыг бүрэн барагдуулсан тул түүний ар гэрийн нөхцөл байдал /5 хүүхэдтэй/ зэргийг харгалзан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
Шүүгдэгч М.Б-гын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/573 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч нь бага насны 5 хүүхэдтэй, хэрэгт 2014 онд төрсөн Ц-гийн Ч-, 2016 онд төрсөн Э-ы Э-, 2020 онд төрсөн Ц-гийн Ц-, 2023 онд Ц-гийн Т-, 2025 онд төрсөн Ц-гийн Ц- нарын төрсний гэрчилгээний хуулбар авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч бага насны хүүхэдтэй, хохирол төлбөрийг нөхөн нөлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг гэдгийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу ял тэнсэж өгнө үү, хэрвээ шүүгдэгчид ял оногдуулах бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг хойшлуулж өгнө үү” гэж санал гаргасан. Хохирол төлбөрийг Баасан овогтой М-а /аав/-ын данснаас 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 8.900.000 төгрөгийг төлж барагдуулсан. М.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Б-гын өмгөөлөгч Д.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэгт хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах нь хамгийн чухал байдаг. Хохирогч Г-ын Ё- “хохирол төлбөрийг хүлээж авсан, шүүгдэгч 5 хүүхэдтэй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж байр сууриа илэрхийлсэн. Шүүгдэгчийн хохирол төлбөрийг төлсөн байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Ц.Ч- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шинжид нийцсэн шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлгээс харахад 5 хүүхэдтэй гэдгээрээ хохирол төлбөрийг төлөхгүй байсан асуудал байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах талаар ярьж байна. Тус зүйл, заалтад зааснаар “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх” гэх нөхцөл байдалд хамаарч байна. Гэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах шаардлагагүй гэж үзэж байна. Дээрх хуулийн зүйл, заалтыг заавал хэрэглэх үүрэгтэй, императив шинжтэй зохицуулалт биш. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч М.Б- нь 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, М- хотхон, М- байрны 85 тоотод хохирогч Г.Ё-ийг гэртээ байхад очиж “Тоуоtа Рrius 30” маркийн Ё- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаанд тавиад, аппликейшний зээл хаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.Ё-ийн Хаан банкны 5Ё-9 дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр 9.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Ё-6 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч Г.Ё-ын: “...2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл таних эмэгтэй хүн өөрийн Приус 30 маркийн Ё- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ барьцаанд тавиад 7.000.000 төгрөг авсан. Тэгээд 1, 2 цагийн дараа “2 сая төгрөг нэмээд явуулчих” гэсэн. Тэгэхээр нь би тухайн мөнгийг өөрийн найз болох н.Н- гэх найзаасаа авч явуулсан. Тэгээд дахиж “сая төгрөг өгчих” гэхээр нь би өгөөгүй. Тэгээд 5, 6 цагийн үед тухайн эмэгтэй зээл бүтсэнгүй худлаа болчихлоо маргааш бүтэхээр болсон гэж хэлсэн. Маргааш мөнгөө өгөөд машинаа аваарай гэхэд “за” гэсэн. Маргааш нь буюу 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр намайг хороололд гэрийнхээ тэнд дуудсан. Тэгэхээр нь би очих гэж явж байсан чинь тухайн эмэгтэй “би өөрөө яваад очьё” гэхээр нь гэрийнхээ гадаа иртэл үл таних 3 хүн зогсож байсан. Тэгээд миний машинд залуухан эмэгтэй, хөгшин эрэгтэй хүмүүс орж ирээд суугаад “эгчийнхээ машиныг авья” гэсэн. Тэгэхээр нь би бүх учрал явдлыг тайлбарласан. Тэгсэн “бид нар машинаа аваад явна, мөнгө авсан хүнээ аваад үлд” гээд тээврийн хэрэгслээ аваад явсан. М.Б- үлдсэн, тэгэхээр нь би тухайн эмэгтэйг Баянзүрх дүүргийн М-гийн газар руу авч явж байсан чинь М.Б- надад “таны мөнгийг маргааш бүтээгээд яг өгнө” гэж хэлсэн тэгэхээр нь би явуулсан. Маргааш зааж өгсөн хаяг дээр нь очсон хуурамч хаяг зааж өгсөн байсан. Баянзүрх дүүргийн М-гийн газрын 2 дугаар хэлтсийн гадаа ирэхэд “та надад хэдэн өдөр өгөөч, би таныг хөдөө яваад ирэхэд мөнгийг чинь бэлэн болгосон байна” гэсэн. Тэгэхээр нь би буулгаад явуулсан. Би орон нутаг яваад ирээд залгасан чинь “мөнгө олдохгүй байна. Та тэр М-даа өг” гэсэн тэгээд би М-д хандаж байна...” гэх мэдүүлэг /хх 7-8/,
Шүүгдэгч М.Б-, хохирогч Г.Ё- нарын харилцах зурвас /хх 10-27/,
Хохирогч Г- овогтой Ё-ийн эзэмшлийн Хаан банкны 5Ё-9 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 29/,
Шүүгдэгч М.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 5Ё-6 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 30/,
Шүүгдэгч М.Б-гийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 39-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б-г “Бусдыг хуурч, зохиомол байдпыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч М.Б- нь өмнө нь нэг удаа хохирогч Г.Ё-аас мөнгө зээлэн буцаан төлсөн талаар хохирогч мэдүүлсэн бөгөөд дахин хохирогч “Тоуоtа Рrius 30” маркийн Ё- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавиад, аппликейшний зээл хаагаад өгье” гэж 9,000,000 төгрөгийг авсан боловч уг мөнгөөрөө зээл хаагаагүй, цахим тоглоомын данс руу мөнгийг шилжүүлсэн болох нь түүний дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авснаар түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Шүүгдэгч М.Б- нь “...ар гэрийн нөхцөл байдал, хохирол төлсөн нөхцөл байдлуудыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...”, гэх, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнээс “...Шүүгдэгч М.Б- нь анхан шатны шүүх хуралдаан болсоноос хойш хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд нийцсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана
Шүүгдэгч М.Б- нь өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, 01-13-н насны буюу бага насны 5 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогчийн “хохирлыг бүрэн гүйцэт барагдуулсан, гомдол саналгүй тул оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 720 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 720.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нь 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 төгрөгөөр тооцон дээрх 720,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлсэнд тооцож, шүүгдэгч М.Б-г нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч М.Б- нь хохирогч Г.Ё-т шийтгэх тогтоолоор оногдуулахаар заасан хохирол болох 8,900,000 төгрөгийн бүрэн төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй. /хх 155/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/573 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 720 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 720,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцож солихыг түүнд анхааруулсугай” гэсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж /720,000-720,000=0/, торгох ялыг биелүүлсэнд тооцсугай...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б- болон түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.
4. Шүүгдэгч М.Б- нь хохирогч Г.Ё-т 8,900,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР